Д.Ухаанзаяа: Хүмүүн урт наслах, насны авшиг даллан дуудах тухай лекц уншина


Б.ТУУЛ

Бурхан урлаач Д.Ухаанзаяа жил бүр сар шинийн баярын дараа өөрийн гэсэн сэдэвчилсэн лекцийг олон түмэнд хүргэдэг. Тэрээр энэ удаа бие, сэтгэлийг эрүүл байлгах идээ ундааны зан үйл, хүмүүн буян хишиг, аз хийморьтой урт удаан наслах тухай лекцийг уншиж, насны авшиг даллан дуудах аргуудаас зааж сургах юм байна. Энэ тухай “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяатай ярилцлаа.

Сар шинийн дараа монгол түмэндээ зориулж, та тун сонирхолтой лекцийг хөтлөн явуулдаг. Энэ жилийн лекц өнөөдөр “Бөхийн өргөө”-нд болно. Ямар сэдвээр үргэлжлэх вэ?

-Жил бүр сар шинийн баярын дараа шинийн 8-нд багтаад тусгайлан сэдэвчилсэн лекцийг олон түмэндээ хүргэдэг. Энэ нь ес дэх удаагийн лекц. Бүгд өөр өөр сэдэвтэй, өөр өөр бурхны ном сургааль, ёс уламжлалыг тайлбарлан таниулах зорилготой хөтлөн явуулдаг. Өмнө нь бурхны сургааль хүмүүний аж төрөх ёс, ханийн тэнгэр, үрийн буян гэсэн сэдвээр уншиж байлаа. Мөн “Хийморь-13” гээд хийморь лундаагаа засахын тухайд хүмүүс юу анхаарах вэ, үйлийн үр ба мөнх бусыг ухаарах тухай уншиж байлаа. Буян хишгийг даллан тогтоох, хилэнцэт хор, шуналын сэтгэлээ дарах, буян хишгээ даллан тогтоох аргыг зааж байсан. Энэ удаагийн лекц нь хүмүүн хийморьтой байгаад буян хишигтэй урт наслах ёстой. Урт наслахын тухайд юу анхаарах ёстой вэ. Насны цөвийг амирлуулах тал дээр юу анхаарах вэ гэдгийг хэлж өгнө.

Хүмүүний амьдралд зуурдаар нас барах тохиолдол цөөнгүй байдаг. Энэ лекцийн үеэр нас цөвтөхийн учир шалтгаан, түүнийг зүүд нойр, явдал мөрөөр шинжих, судар номын хүчээр засах аргыг зааж өгнө гэж байсан. Энэ тухай мэдээлэл дуулгаач?

-Цаг цөвүүн болохын тухайд VIII Богд Жавзандамба хутагтын бошго, лүндэнгүүдэд тодорхой заасан байдаг. Цөвүүн цаг ирэхэд амьтан, хүмүүний нас их цөвтөнө. Үүнд идээ ундаагаар, амьтан, үзэл бодол, нас гээд цөвтөх олон гэм үйл байдаг. Үүнээс насны цөв суух, нас цөвтөх учир шалтгааныг тайлбарлан таниулах юм. Хүн, амьтны нас цөвтөх гэдэг нь хүмүүн наслах насаа насалж чадахгүй цаг бусаар нас барах.Эхийн хэвлийд нас барах, эхээс төрөнгүүтээ нас барах, идэр залуугаараа эндэх, өтөл насыг зооглоод буянаараа урт удаан наслах хүн ховор болно. Энэ бүхэн юутай холбоотой вэ гэдгийг нарийн заасан байдаг. Юм болгон өөрийн шалтгаантай. Буян хишгээ барахын шалтгаан бол өглөг өгөхгүй байх, хүнд юм өгөхгүй, хармын сэтгэл их байхаас үүдэлтэй. Нас цөвтөхийн гол шалтгаан бол амьтны амь таслах, шүтээн байгуулаад тахил өргөсөн, түүнд даган баяссан. Амьтны амийг зугаа цэнгэл маягаар хороох, амьтныг зодож тамлах, өвчтөнд эм тан барихгүй байх, эцэг эхийгээ үл хайхрах, асарч тойглохгүй байх шалтгаан нь насыг ахар болгодог. Үүнээс гадна нас ахар болох олон шалтгаан бий. Үүнийг бурхны ном сургаальд хэрхэн заасан байдаг вэ гэдгийг хэлж өгнө.

Насыг уртасгах зан үйлд зөв, буруу хооллох гээд олон асуудал дагалддаг. Үүнийг та лекцдээ хэрхэн тусгасан бэ?

-Энэ үеэр идээ, ундааны соёл, мацаг барихын ач тусын талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Монголчууд бид уламжлалт хоол хүнснийхээ талаар мэдээлэл муутай байдаг. Тиймээс хооллох хэм хэмжээ, цаг хугацааг нарийн хэлж өгнө. Хоолыг өдөрт нь цаг хугацаа, хэм хэмжээг нь тохируулж хэрэглэхгүй бол найруулсан хор лугаа адил болно гэдэг. Хоол бол хүний таван бие махбодийг тэтгэх эм, рашаан болох ёстой. Гэтэл одоо хор болгож хэрэглэх нь элбэг байна. Тохирохгүй хоол хүнсийг хоршуулж хэрэглэх, хэмжээг нь хэтрүүлэх, цаг бус үеүдэд хооллох, хоолыг удаан хадгалж, шим тэжээлийг нь барагдуулах зэргээр буруу хооллох нь элбэг байна. Тиймээс хоолыг улиралд нь, цагт нь тохируулж хэрхэн хэрэглэх вэ гэдгийг хэлж өгнө. Хооллох соёл, идээ ундааны зүйл дээр архины хэрэглээг бас дурдана. Архи тамхийг бид эрүүл мэндэд хортой гэж хэлдгээс биш цаад номын утга санааг нь мэддэггүй. Тамхи архинаасаа илүү хортой байдаг. Тухайлбал, Ядам бурхад хүмүүнийг нас барах үед нь авралыг үзүүлье гэтэл тамхины утаанд нь түйтгэрлэгдэж, төөрөөд муу заяанд зуурдаар гацдаг. Үхэхийн цагт биеэс сүнс жам ёсоороо юүлэгдэхэд тамхины утаа саад болох, хамт төрсөн заяаны тэнгэр биеэс зайлах, гурван эрдэнээс зайлуулах гэх мэт тамхины гэм нүгэл их. Энэ бүхний нарийн учир шалтгааныг дурдана. Мөн мацаг барихын ач тус, мацаг барихыг буян хураах арга болгох талаар өгүүлнэ.

Нас цөвтөх, цагаасаа өмнө нас барах учир шалтгааныг хүмүүс урьдчилаад мэдэх боломжтой юу. Мөн засч болох уу. Та тэр аргыг нь нарийвчлан зааж өгөх үү?

-Насанд цөв суухыг хүмүүс мэдэхгүй. Гэхдээ үүнийг зүүдээр, явдал мөрөөр шинжиж болдог. Түүнээс гадна олон төрлийн зүүдээр, явдал мөрөөр шинжих арга бий. Өдөр солонго харах, шөнө тэнгэрийн заадас харагдахаа болих, шөнө шар шувуу, хар хэрээ хоёр хамт нисэхийг харах. Хумсны ягаан толио алга болох, толинд дүрсээ харахад нүүр таллаж харагдах, нарыг гараараа таглахад ядам хуруу доогуураа тасархай харагдах зэрэг аргаар шинжиж болдог. Энэ бүх нарийн учир шалтгааныг лекцээрээ тайлбарлан таниулж хэлэх юм. Мөн нас уртасгах заслын ном, унших судар, зүрхэн тарнийг хэлж өгнө. Миний бие жил бүр лекцтэйгээ холбогдуулан шинэ ном гаргадаг. Энэ удаа гурван жилийн хөдөлмөр шингэсэн “Насны авшиг даллах нандин увдисууд”, “Зэндмэнэ хүрдэт Цагаан дарь эхийн насны авшиг оршвой” хоёр номоо сүсэгтэн олондоо зориулан гаргасан. Лекц дээр энэ номоо хөтөлдөг учраас дэлгэрэнгүй бүх мэдээллийг энэ хоёр номоос авах боломжтой.

Жил бүрийн лекц тань буян хишгийн даллагатай, урлагийн цэнгүүнтэй болдог. Цэнгүүнд оролцох уран бүтээлчид болон энэ үеэр унших засал номын айлдваруудаас сонирхуулаач?

-Лекц маань өнөөдөр буюу Дашнямтай өдөр 19:00 цагт “Бөхийн өргөө”-нд болно. Лекцийн үеэр дээрх хоёр номын нээлт болно. Энэ номонд заслын судар номууд, зүүдний зөн ёрыг засах аргууд, Цагаан дарь эхийн нууц хоёр судрын орчуулга, Цэнд-Аюушийн хураангуй судар, Өндөр гэгээний гурван гүрмийн хураангуй, “Эвтэй дөрвөн амьтан”-ы намтар гээд нас уртасгах бүх гарын авлага бий. Мөн “Самяа” хийдийн лам хуврагууд ирж жилийн заслын ном уншиж, буян хишгийн даллага авна. Цагаан дарь эхийн даллага авах, Чивэл гээд үхлийг хуурах увдисын зан үйлийг бодитоор үйлдэнэ. Лүүжин тавина. Шашин урлагийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн бүх хүнд ороход нь Цагаан дарь эхийн сахиусан хүрд өгнө. Гарахад нь цагаан дарь эхийн насны үрэл тарнидаж өгнө. Уртын дууч Г.Хонгорзул, Ардын дууч Д.Бурмаа, гавьяат жүжигчин Н.Чулуунхүү нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөнө.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-02-23 09:45
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ