Э.Бүрэнтөгс: Гарчиг нь зохиолын нүд гэвэл нүдийг ээж маань надад өгсөн


      


      Дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатны 20-р зууны уран зохиолын шилмэл бүтээлийг кирил бичгээр 20 боть болгон гаргах зорилготой “Монгол туургатны сонгомол номын сан” төслийг манай эрдэмтэд хэрэгжүүлж эхэллээ. Энэ төслийн анхны номыг Өвөр Монголын утга зохиолын түүхэнд тодоор бичигдсэн “Дэлгэрхангай” романаар саяхан нээсэн юм. Уг романы зохиолч Эрхэмбаярын Бүрэнтөгсийг Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд болон кирил бичгээр хэвлэгдсэн анхны романаа нээх ёслолд оролцохоор хүрэлцэн ирээд байхад нь олзуурхан хөөрөлдсөн юм. Тэрээр 40 гарсан хойноо зохиол бичиж эхэлсэн ч ид онгод хийморьтой үедээ тэтгэвэрт гарч, манай "Цайз" зах дээр 10 гаран жил арьс ноосны ченж болж явсан гээд сонин түүхүүдээ илэн далангүй хуваалцвай.
      
      -“Монгол туургатны сонгомол номын сан”- төслийн анхны ботийг таны “Дэлгэрхангай” романаар нээлээ. Сайхан байна. Өөр нэг романыг тань хэвлэж байгаа гэв үү?
      -Тийм. 1991 онд бичсэн “Хан дэлхийн буян” гэдэг романыг “Түшээ” дээд сургууль хэвлэжээ. Оршлыг нь Дөнгөтийн Цоодол бичсэн. Тэр бол монгол бичигтэй хүн байна билээ.Тиймэнэс бас хянасан байх.
      -Дэлгэрхангай гэхээр дотно санагдлаа. Учир нь манай Дундговь аймагт ийм нэртэй сайхан уул бий. Төрийн шагналт, ардын уран зохиолч С. Дашдооров агсан “Дэлгэр хангайн уулан дээрээс дэлхий харагддаг” гээд шүлэглэсэн нь буй. Харин таны романы нэр уулсын нэр мөн үү?
      -Манай тэнд зоо хөндий, тал газар. Ээж маань “Дэлгэрхангай” гэдэг ардын дуу их дуулдаг хүн байв. Би Баяннуур аймгийн Дундгүн хошуунд нутагтай, 1966 онд анх зэргийн дунд сургууль төгссөн юм. Манай дундад улсад Соёлын хувьсгалын 10 жилд сургуулиуд үүдээ хаасан. Тэгээд би хөдөө, Өмнөговийн Ханбогд сумтай хил залгадаг нутагт адуучин болсон. Мал хариулаад 10-аад жил болж, нас ч 30 дөхлөө. 1974 оны намрын 10 сард баруун гүнгийн хошуу надад ажил олж өгнө гэж, би нэг улсын алба хаахаар боллоо. Ямар ажил юм даа гэхээр, намайг бөхийн дасгалжуулагч болгоно гэнэ.
      -Та тэгэхээр бас барилддаг байжээ?
      -Өвөр монголын залуучуудын бөхөд 16, 17 настай барилдаж байсан. Тэгээд ажил олж өгнө гэхээр баярлаад, гэртээ ирсэн. Би ээжийнхээ гар дээр өссөн. Ах дүү 10 –уул, би хоёрдах нь юм.
      Цас бутарч шөнө болсон байна. Ээж ээ, “Би баруун хошуунд ажил оллоо хөтөлгөө морьтой явлаа” гэхэд “ Миний хүү хоноод яв” гэнэ. Би гэдэг 20 хэдтэй залуу, гэрт тогтохоо байсан нас. Юу гэж хонох юм бэ. “Морины идэнгэ болохгүй” гэж хэлчихээд гарлаа. Ээж маань гарч ирээд “Дэлгэрхангай” гэдэг дууг дууллаа. Энэ дуунд,
      “Хүрэн бор морь чинь
      Хүзүү мундаагаа ганхуулна аа
      Хөгшин буурал ээжийнхээ
      Хүслэн санаанд нь хүргээрэй ...” гэдэг үгтэй. Ингээд гараад гүйн алдаад мориныхоо жолоог татаад явж чадахгүй нь. “Ээж намайг хоноод яв гэж хэлж байна шүү, гомдсон байна” гэж бодлоо. Эр хүн гэдэг тийм л юм даа. Санаандаа нэг үедээ ойлгосон боловч, эргэж харна гэж байдаггүй, цаашаа л “чүх” гээд явав. Хэзээд хойно болтол, уран зохиол туурвиж эхлэх хүртэл яг энэ үзэгдэл надаас салдаггүй. “Дэлгэрхангай” роман эхлэхэд “адуу Ёндон” баруун гүнийг зорьж явдаг. Гэхдээ хөтөлгөө морьтой биш, нойтон үрээ унаж, эмээл үүрэх шахуу эгч цагаан Занданаа эрэхээр, амьдрахын төлөө явж байна гэж эхэлдэг.
      Амьдрал гэж хүнд уран зохиолыг ингэж өгдөг. Нүдтэй нь, чихтэй нь, дотортой нь, хүнтэй нь бүгдийг өгвөл амьдралаас сэдсэн уран зохиол болно гэж би боддог.
      -Ээжийн тань дуу нэгэн сайхан романы нэр болжээ. Та өөрөө “Дэлгэрхангай” дууг дуулдаг уу?
      -Би сайн дуулна. Уг нь тэр дуу нь Дэлгэр сайхан хангай гэж дуулдаг юм. Би сайхан гэдгийг нь аваад “Дэлгэрхангай” гэж болгоод романаа гарчигласан. Ээждээ өртэй хүү гэж бодохоор санаанаас гардаггүй. Тэгээд л бичсэн. Өөрөөр хэлбэл, гарчиг нь зохиолын нүд гэвэл нүдийг ээж маань надад өгсөн. Би нэг түүх хэлэе.
      1924 онд энэ Өмнөговиос ч юм уу хаанаас ч юм хоёр хар хүн нэг өлгийтэй хүүхэд тэврээд Дундгүний нутагт Баянцагаан гэдэг өвгөнийд очжээ. Тэгээд “манай энэ хүүхдийг байлгаж бай, хоёр хоногоос ирж авая” гээд явжээ. Тэр хоёр хүн тэгээд ирээгүй. Тэгэхээр, ээж маань халх ястай хүн. 89 насандаа бурхан болсон. Дууч, зовохыг мэддэггүй тийм нэг малчин хүн байв. Ардын дуу, тэр дундаа “Дэлгэрхангай”, мөн “Хоёр хангайн нутаг” гэдэг дууг их дуулдаг байсан.
      Манай өвөр Монголд ээжээс маань өөр энэ дууг дуулдаг хүн байхгүй. Учир нь 1940-1950 оны үест халх, хятад гэдэг хилийн дээс байсангүй. Гамшигтай жил нүүдэллэж ороод хутгалдаад суудаг байсан, тийм л цаг үе байж. Бодвол, өөрөө дуучин хүн байсан учир тийм үед л сурсан байх.
      -Та тэгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ганц модны боомтын ойролцоо нутагтай байх нь ээ?
      -Тэр боомтоос гараад явахаар Цонж гэдэг хошуу байна. Би тэр нутгийн хүн.
      -Романыг хаана хөрвүүлсэн юм бэ?
      -Өвөр Монголын их сургуульд монгол бичгийг кирил бичиг болгодог нэг програм байна. Хагасыг програмаар, хагасыг нь би өөрөө хянаад гаргасан. Тэр програмд ижил бичлэгтэй үсгийг, тухайлбал, “мэ ма –г, да та”-г ялгахгүй. Өвөр Монголын их суруульд багшилж байгаа халх багш нараар уншуулж байгаад, би өөрөө нэг бүрчлэн шалгасан.
      -Ер нь хэдэн оноос зохиол бичиж эхлэв?
      -“Дэлгэрхангай” романыг 31 жилийн өмнө 1986 онд бичсэн. Харин зохиол бичиж эхэлсэн нь, 1980-аад оны эхээр юм. Хүний олонх нь нэг насандаа өөрийгөө таньж мэдэхгүй насаа үрдэг байна шүү. Удмаас заяасан ур авьяас заавал байж таарна. 1984 он болоход би 40 шүүрсэн хүн боллоо. Тэгэхэд би зохиол бичээгүй л байсан. Ном унших дуртай, номыг яг мөлжинө. Хөдөө мал харулахад байнга ном үүрээд явдаг байлаа. Манай нэг ангийн хүүхдийг өвөр монголын залуу зохиолч гээд Өвөр Монголын багшийн их сургуулийн доктор Гэрэлтхүү гэдэг хүн “Цэцэгмаагийн хувь заяа” гээд үнэлсэн байв. Үзсэн чинь, энэ яагаад зохиолч болчихдог байна гээд дотор арзас гээд босоод ирлээ. Намайг шүлэг, өгүүлэл, найруулал оролдоод явж байхад энэ хүүхэд “нойл” байсан шүү.
      -Уран бүтээлийн цагаан атаархал төржээ дээ?
      - Үгүй ээ. Гол нь тэр хүний амьдрал дотроос, надад уран бичдэг ур авьяас байна, би бичвэл болно гэдгийг олж харсан байхгүй юу.
      Тэгээд “Мотор Данзан” гэж өгүүлэл бичсэн минь, сургуулийн сурах бичигт орсон. Мотоцикл унаад давхидаг Данзан гэдэг хүний тухай анхны өгүүлэл маань тэр. Маш өндөр эхэлсэн. Удмын малчин байсан хүн болохоор би хэл, амьдралдаа сайн. Тэгээд өөрөө олон ном уншсан хүн. Тиймээс, надад багш байсангүй, хэрэв “багш байна” гэвэл ардын уран зохиол юм. 1984 он болоход арвин өгүүлэл бичлээ. “Мундаг бичдэг хүн” гээд Өвөр монголд цуурхаад, Өвөр Монголын багшийн дээд сургуулийн судлах ангид намайг орж суралц гэсээр 1984 онд 39 насандаа утга зохиолын хоёр жилийн боловсрол хүртлээ. Энэ хугацаанд юутай танилцаж байв гэхээр, 1982 онд хүрэн гадартай “Тунгалаг тамир” романы хамгийн анх дээд бүлэг нь хэвлэгдсэн байв. Байрны дэн оройн 11 цаг болсоор унтардаг байсан. Дэнг унтарснаас хойш, орой орныхоо толгой дээр гурван лаа асаавал үүр цайна. Тэгээд “Тунгалаг тамир” роман уншиж барна. Өглөө босоод сурлагадаа ордог ийм л хүн байсан. Намайг уран зохиолын замд оруулсан нь “Тунгалаг тамир”, өөрөөр хэлбэл монгол соёл гэсэн үг.
      -Тэгээд төгсөөд хаана очив?
      -Төгсөөд Урадын дунд хошуундаа очсон. “Утга урлагийн холбоо” байгуулж, өөрөө тэргүүлэгч нь болов. 1990 он болоход би нэгэнт дөрөвхөн жилд зургаан роман, хоёр өгүүллэгийн түүвэр, найман номтой болсон байв. Номыг шөнө өдөргүй бичсэн. Нэг роман бол хамгийн урт нь зургаан сар. 50 түмэн үсэгтэй “Дэлгэрхангай” номоо бол зургаан сар, бусад романыг гурван сар суувал гаргачихна. 1990 он болохтой зэрэг засгийг цомхотгох төрийн бодлогоор илүүц байгууллага хасахаар болов. Урадын дунд гүний хошуу манай утга урлагийн холбоог илүүц, Соёлын товчоотой нийлүүлнэ гэв. Тэгээд тэнд байгаа улсыг тэтгэвэртээ гарч болно гээд гурван жилийн хугацаа өглөө. Анхны жил 100-ны 70 хувийн цалинтай, удаах жил нь 50 хувийн, гутгаар жил нь 20 хувийн цалин олгоно хэмээв.
      Тэгээд би боджээ, эрт ч өвдөнө, орой ч өвдөнө, эртхэн салая даа. Оройтвол цалин өгөхөө байчихвал амьдарч чадахгүй шүү дээ. Тэгээд би 1990 он гэхэд 40 хэдхэн настай, утга зохиолын яг онгод орсон үе байв. Дугуйгаа унаад албан гэрээсээ гараад явахад, дандаа зохиолын баатар яриад, дотор архалзаад байна шүү.
      Тэгээд тэтгэвэртээ гарчихаад Эрээнд суугаад хил худалдаа, танай энэ Улаанбаатарт 1990-2005 он болтол арьс, ноосны ченж болж явлаа. Тэр 15 жил бичиг бичээгүй, ганцхан ном үздэг. Ном үзэхдээ хэр баргийн ном тоохгүй. Гэвч монгол бичгээр хэвлэгдсэн танай халхын ном болгоныг уншсан. Харин дэлхийн нэртэй “Цаазын тавцан”, Толстой ч байдаг юмуу, “Улааныхан ба харынхан” ч байдаг юм уу тэр зохиолуудыг дэмий тоохгүй.
      Уран зохиол бол дүрээрээ шуугдаж босдог юм бишээ, зөвхөн хүний хайр сэтгэл, хүн ёсон дээр босох ёстой юм. Тухайлбал, “Тунгалаг тамир” романд “Долгор хөөрхий хүүгээ эргэхээр очсон. Хүү нь эзгүй, Эрдэнэ түүнийг ганц түлхэж унагачихаад давхиад явдаг. Тамирын голын усанд орчиход нь Ч. Лодойдамба “Хорвоо чи хүний зовлонд ханах болоогүй юу” гэдэг. Энэ үгийг зохиолч өөрийнхөө зохиолын баатар, хүний амьдрал хорвоогийн хувь заяанд харамсаад хэлсэн байна. Үүнийг хэн хэлдэг юм бэ гэхээр, зохиолын баатрыг харсан уншигч хэлдэг. Үүнийг урьдаар тайлбарлаад гаргасан. Уран зохиолд бас ийм учир гарна. Би бол ингэж ойлгосон. Учир нь, надад заасан хүн байхгүй шүү.
      -Олон ном гаргасан байхдаа, арьсны наймаачин болжээ. Шалтгаан нь юу байв?
      -Нэг нь бол, Засгийг цомхотгоно гэсэн улс намын шийдвэр байна. Хоёрдугаарт, хорвоо зах зээл рүү шилжиж байгааг би олоод харчихаж. Тухайн үед цалин 29 юань. Би түүгээр авгай хүүхэдтэйгээ яаж амьдрах вэ. Би талхны мөнгө олох гэсэн. Тэгээд амьдрал дээрээ хөлжөөд 2000 онд унах унаатай суух оромжтой болоод, хоёр охин маань Чинхуа их сургууль, нөгөө нь Бээжин их сургууль гэсэн улсынхаа хамгийн том хоёр сургууль төгссөн. Хүүхдүүд ажилд орцгоов. Тэгээд 2004 он гэхэд хамгийн сүүлийн удаа эндээс салж явахдаа, би хорвоо дээр мөнгөний төлөө амьдрахгүй, ямар ч байсан өдөртөө идэх хоолтой, уух цайтай бол болоо шүү дээ. Манай дээдүүдийн, Богд Чингисийн сургаалд, “Дундуур хоолтой дулаан хэвтэртэй бол жаргал” гэдэг. Дундуур хоолтой гэдэг гэдэг чинь цадталаа идэж болохгүй, дулаан хэвтэр гэдэг бол орчин дулаан гэсэн үг биш. Нутаг ус чинь дулаан байх хэрэгтэй гэсэн санаа гэж би ойлгодог. Ингэж санаад нутагтаа хария, хүний өмнө бардам цээжээ алгадаж явах юм маань бол миний хоёр зохиол. Түүнээ бичиж чадаж байхад, би хүнээс гуйхгүй, хүний ард суухгүй, дандаа өмнө нь явна гэж боддог байхгүй юу. Тэгээд буцаж хариад гурав дөрвөн роман гаргасан.
      -“Дэлгэрхангай” романаас өмнө Өвөр Монголд роман байсан уу?
      - Хагас роман байсан. “Шар мөрний долгион” гэж гараад, дээд, доод дэвтэр хэвлэнэ гээд дээдийг нь хэвлэчихээд, доодохыг хэвлээгүй байсан. Соёлын хувьсгалын үед хэдэн роман гарчээ. Ард түмэн түүнийг уншихгүй. Уран зохиолыг хэн үнэлдэг юм? ард түмэн. Тэд чинь уншихгүй бол судлаач ч магтаад болохгүй шүү. Тэгээд романгүй байсан. Нэг үндэстэн ястан соёлоороо босоход хэрэв роман байхгүй бол үүнийг ямар соёлтой үндэстэн гэх юм бэ, Роман бол түүхийн огтлоос учир монгол ястан үндэстнийг толь шиг харуулдаг зүйл гэдгийг би өвөр Монголын их сургуульд суралцаж байхдаа хамгийн өмнө олж үзсэн. Хэлийг соёлын өв дээр толь шиг тэмдэглэдэг зүйл нь роман учраас би өгүүллэг бичихээ байсан, би кино бичиж өнгөрсөн. Өгүүллэг гэдэг юм бол амьдралын дээд охийг сонгож аваад хамгийн сайныг, жишээ нь, миний дээл оёх үйтэн хуар байсан бол өгүүллэг гэдэг юм чинь хамжаар оёх шиг дундаас нь хамгийн охийг нь, сайныг нь эсгээд авчихдаг. Хүний нэг насанд хүнд олзорхсон урлагийн дүр болох тийм амьдрал ховорхон шүү.
      -Уламжлалт түүхэн роман бол үнэ цэнэтэй зүйл л дээ. Өвөрлөгчид маань номыг сайн уншиж байна аа даа?
      -Энэ хоёр жил муудлаа гэж ярьж байна. Нэг жишээ хэлэе. “Тунгалаг тамир”-ыг 10 түм хэвлэж байна. Айл болгонд “Тунгалаг тамир” байна. “Дэлгэрхангай” романыг зургаа долоон удаа хэвлэсэн.
      -Манай улсын зохиолч найз олон уу?
      -Танилцаад, найзархаад, ханилаад явсан зохиолч тун ховор. Хамаг анх 1990 оны үесээр “Хонины морь”-ийг бичсэн, Дашзэвэгийн Банзрагчтай уулзлаа. Эрээний зах дээр явж байгаад яруу найрагч гэж хэлж байна. “Чи юу гэж бичдэг юм” гэсэн. Би бол юу ч мэдэхгүй ээ, хаягдал төмөр, ноос, банз л мэднэ. Харин чи “Хонины морио” уншчихдаа гэсэн. Тэгсэн чинь манай хүн уншлаа л даа. Сонсоодохтоо зэрэг давхиж босоод гарыг нь атгаад ”За, чи яруу найрагч хүн мөн байна” гэлээ. Над руу “Чи яаж мэдсэн юм” гэх маягтай харж байна. Тэгж танилцсан. Хоёрдугаар нь 1991 онд энэ Улаанбаатарт ирэхэд Д.Банзрагч гэртээ залав. Би очиж чадсангүй. Тэгээд над дээр “Хар Түмэнжаргал” гэдэг нөхөр авчирлаа. Шал согтуу. Би Оросын ямар ямар гэнэ үү, их сургууль төгссөн гэж байна. Би сонсоод тоосонгүй. Тэгсэн чинь тэр надад “Очоод золгоно доо” дуугаа дууллаа. Би бас л тэссэнгүй, босоод л үнсчихлээ ....
      Ярилцсан. Б.Хандмаа, Б. Элбэгзаяа

Нийтлэгч: shine
Нийтлэсэн цаг: 2018-04-25 15:01
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ