Монгол хатад ба тэдний гэрэл зурагчид



Монгол хатад охид бүсгүйчүүлийн зургуудыг онцлон хүргэж байна.


ХIX зууны сүүлч XX зууны эхэн үед ИхХүрээнд Орос, Хятадын зэрэг гэрэл зурагчны газрууд, тэр бүү хэл хөдөө орон нутагт ч зураг авдаг газар байсан тухай түүхийн зарим ном зохиолд бичсэн байдаг билээ.
Дэлхийд гэрэл зураг анх үүсч бий болоод төдий л удаагүй, бас гэрэл зургийн хөгжил суурин байдлаас дөнгөж салж, гадагшаа гудам аян замд гарч байсан үе гэхэд Монголдирсэн, дайрч өнгөрсөн эрдэмтэн, судлаач, аялагч зэрэг гадаадын хүмүүсийн авсан гэрэл зураг санаснаас хавьгүй их байдаг юм билээ. Зуу гаруй жилийн өмнө авсан зургууд өнөөдөр нийтэд ил болж олон түмэн сонирхон шагшиж, түүх судлаачдын судалгаа шинжилгээний чухал хэрэгсэл болж буй нь эдгээр хүмүүсийн туурвисан гэрэл зургууд он цагийг туулсан нандин бүтээл, оюуны өв болсны гэрч болой.
Энэ үед Хүрээнд Оросын худалдаачинАлександр ДмитриевичЩапов гэрэл зургийн газартай байжээ. Оросын худалдаачид Хүрээнд мал, малын гаралтай түүхий эд цуглуулахаас гадна зүйл бүрийн ажил наймаа эрхэлж байсны нэг нь шинэ тутам гэрэл зургийн үйлчилгээ юм. Түүний гэрэл зургийн газрын тамгатай гэрэл зургууд нь Польшийн нэрт монголч эрдэмтэн В.Л.Котвичийн хувийн архивын гэрэл зургууд дунд нэлээд бий.
М. Г.Торновскийн “Монголуудтайгаа би Лиссабон ч хүрнэ” Барон Унгерн/орчуулсан Ж.Нэргүй. Улаанбаатар хот. 2011 он/ номондоо энэ хүний тухай “...эзэмшил газартаа суудаг оросууд улс төрөөс алс хол эд хөрөнгөө баяжуулсан шигээ, амгалан тайван өдөр хоногийг өнгөрөөсөөр байлаа. Би ч гэсэн Өргөөгийн худалдааны хэсэгт Щаповын /Өргөөд байсан Оросын том худалдаачин/ байшинд суусаар, өмнөө буй гэрэлт ирээдүйг төсөөлдөг байснаа нуух юун...
... 1920 оны 11дүгээр сарын 5-аас 6-нд шилжих шөнө Щаповын байшинг бүхэл суман хятад цэрэг бүслэн аваад, намайг баривчлахаар 10-аад цэрэг, нэг дарга орж ирэв... Дараачийн өдрүүдэд 30 орчим оросыг баривчлан хорьсны дунд...манай байшингийн эзэн Щапов ч байлаа...” гэж дурдсан байдаг.
А.Д.Щаповын авсан зургууд 1912-1913 онд Оросын сонин сэтгүүлд нийтлэгдэж байжээ. Монгол улсын Гадаад хэргийн сайд Чин ван Ханддорж Хаант Оросын засгийн газрын Гадаад явдлын яамны сайд Сазоновтой уулзаж, Манжийн дарлалаас чөлөөлөхөд туслалцуулах талаар Оросын засгийн газартай хэлэцээр хийхээр ирсэн тухай мэдээлж А.Д.Щаповын “Оросууд Монголд” гэрэл зургийн сурвалжлагыг нийтэлжээ.

А.Д.Щаповын зургууд Хүрээний аж байдлыг харуулсан байхаас гадна тухайлбал Мэгжид жанрайсэгийн дуган баригдаж байгаа болон Хүрээнд анхны орос эмийн сан нээгдэж буй зэрэг Монголын түүхэнд чухал ач холбогдолтой зургууд байдаг.


Түүний өөрийнхөө гэрэл зургийн студид авсан жирийн болон язгууртан монгол хүмүүсийндүр төрхийг харуулсан гэрэл зургууд элбэг байдаг юм. Эдгээр зургууд өдий хүртэл хүртэл эх хувиараа улсын архивын газарт хадаглагдан үлджээ.
Энэ зургуудаас өнөөдөр монгол хатад охид бүсгүйчүүлийн зургуудыг онцлон хүргэж байна.
Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэч яамны тэргүүн сайд Далай ван Галсаннамжилын Гомбосүрэнгийн хатантайгаа авхуулсан зураг юм.
Энэ зургийн ард А.Д.Щаповын тамга байна.


“Монголд өнгөрүүлсэн есөн сар” номондоо И.Я .Коростовец бичихдээ “... хоёрдугаар сарын 10....өнөөдөр цэргийн яамны сайд Далай вангийнд үдийн зоог барив... Далай ван час улаан өнгөтэй гоёмсог хоргой дээл, манай сурвалжит хатан нар өмсдөг шиг загвартай шар торгон хантааз, хоёр талдаа маш том сэргэр эвэртэй малгай өмссөн насан залуу үзэсгэлэнт хатантайгаа хаалган дээрээ угтаж авлаа. Хатны малгайд жижиг жижиг сувд хэлхсэн үй олон унжуурга бэхэлсэн нь толгойн эргэн тойронд битүү савсан бүрхсэн байх аж. Далай ван 35 настай, эхнэр нь 22-той гэнэ. Хоёулаа эрүүл саруул, залуу хүмүүс боловч хүүхэдгүй ажээ...” гэсэн байдаг.


Мөн л энэ студид Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны анхны тэргүүн сайд, Эрдэнэ засаг, Жүн ван М.Намсрай хатантайгаа болон хатан нь ганцаараа даруулсан зураг байна. Орой дээрээ чулуун шигтгээ, мөнгөн гоёлог, эрдэнийн чулуун нүдтэй дүгрэг хилэн малгай тавьсан, толгойн мөнгөн боолт, мөнгөн шанаавч, гурван холбоос бүхий сийхтэй, цардсан үстэй, цардсан үсэндээ гурван мөнгөн хавчаартай, гэзгээ гурваар сүлжиж, гэзгэндээ мөнгөн бөөрөлж, шахлаг хийж, хацартаа энгэсэг тавьсан, баруун, зүүн гарын долоовор, ядам хуруундаа алтан бэлзэг зүүж, дөрвөлжин догол энгэртэй торгон богино ууж, ботгон мөртэй, одон хээ бүхий хоргой ханцуйтай, салбан нударгатай, эргэн тойрон таваар эмжээрлэсэн торгон дээл, угалзтай монгол гутал өмсжээ.

Хүрээний язгууртан монгол эмэгтэйн хэв шинжит төрхийг эндээс харж болно.


Хоёр дугуйтай орос хөнгөн морин тэрэг хөлөглөн яваа бүсгүйчүүлийн зурагт орой дээрээ мөнгөн гоёлогтой, эрдэнийн чулуун нүдтэй, дүгрэг хилэн малгай тавьсан, толгойн мөнгөн боолт, мөнгөн шанаавч, цардсан үстэй, цардсан үсэндээ гурван мөнгөн хавчаартай, гэзгээ гурваар сүлжсэн, ботгон мөртэй, салбан нударгатай, одон хээтэй монгол дээл ижилсүүлэнөмссөн хоёр бүсгүйн баруун талынх нь жолоо барин суужээ.
Зүүн гар талд мөөмөн оройтой малгай духдуулсан, чихэндээ ээмэгтэй, энгийн монгол дээл өмссөн охин зэрэгцэн суужээ.
МөнөөхИ.Я .Коростовец “...Чинээлэг хүмүүс, ноёд дээдэс нь Оросоос худалдаж авсан сүйх тэрэг, хөнгөн тэргэнцэр унана. Зарим нь бүр Орос моьдтой гээч...” хэмээн дуу алдан бичсэн байдаг



Гэрэл зургийн студийн зурмал арын баруун дээд өнцөгт Оросын үнэн алдартны шашны гуутай бурхны зураг эх хүү хоёрын зурагт санамсаргүй орсон бололтой.


М. Г.Торновскийн “Монголуудтайгаа би Лиссабон ч хүрнэ” Барон Унгерн/орчуулсан Ж.Нэргүй.Улаанбаатар хот. 2011 он/ номондоо
...Монголчууд гадаад төрх нь их аятайхан. Ихэнх нь гоолиг цэх нуруутай, туранхайвтар, боровтор өнгийн арьс, зөв сайхан /элдэв согог гажиггүй/ нүүр царай, зөөлөн уянгалаг дуу хоолойтой. Эмэгтэйчүүдийн нь дунд европ маягийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ч байх ажээ. Эрчүүд нь дээл, тэрлэг болон залаа бүхий жижгэвтэр малгай өмсөнө. Зуны хувцас нь даалимба, чисчүү болон бусад нимгэн даавуугаар хийсэн хоёр давхар дээл байдаг. Цамцаа цуу ямбуу, даалимба, цагаан ямбуу зэргээх хийнэ. Ихэвчлэн шар цагаан өнгөтэй эдээр өнгөлнө. Чинээлэг монголчууд ногоон, улаан зэрэг тод өнгийн торго, цэмбэ илгээр хувцсаа өнгөлдөг, ер нь тэд тод өнгөнд дуртай, хувцас хэрэглэлээ нэлээд мөнгө үрнэ. Монгол хувцас их сүртэй гоё харагдахаас гадна хэрэглэхэд тун ч эвтэйхэн ажээ. хатуу ширүүн цаг агаарт тохирсноос гадна байнга морь унаж явахад зохицсон, гарын бээлий өмсөх шаардлагагүй халхгар өргөн, урт ханцуйтай. Өвөл тэд нэхий өмд өмсөх бөгөөд гутал нь дээшээ эргэсэн ээтэн хоншоортой.
Эмэгтэйчүүднь бараг эрэгтэйчүүд шигээ хувцаслана. Нөхөртэй хүүхнүүд нь өндөр сэргэр мөртэй хоргой торгон дээл өмсөж, алт мөнгө, шүр , сувд, оюу, номин шигтгэж чимэглэсэн маш нарийн төвөгтэй хйицтэй хувцас малгай өмсөнө. Морь унаж явах агаад заримдаа нэг морин дээрээ гурвуулаа сундалласан явах нь олонтоо. Бахим бүдүүн хигээстэй хоёр дугуйтай тэргэнд саваг үсэндээ баригдсан мухар голдуу сарлаг хөллөж, тээвэрлэлтээ хйинэ. Ийм мухлаг тэрэгнээс гадна илжиг юм уу, адуу хөллөсөн хятад тэргийг ч ашиглана. Орос тэрэг дамнуурга бүхий тэргэнцрийг иорьтой хүн чирч явах нь ч бий. Манай худалдаачдын хэрэглэдэг оросын гурвалсан морь, тэрэг ч тааралдана. Чинээлэг хүмүүс, ноёд дээдэс нь Оросоос худалдаж авсан сүйх тэрэг, хөнгөн тэргэнцэр унана. Зарим нь бүр орос морьдтой гээч.
Монголчууд /гаднаас нь харахад / ихээхэн сул чөлөөтэй биеэ авч явах бөгөөд ихэс дээдэстээ дулдуйдсан, аргаа ядаж аргадан царайчилсан байдал огт үл гаргана... гэж бичсэн байдаг.

Америкийн эрдэмтэн Рой Чапмэн Эндрюс 1922 онд Нийслэл Хүрээнд ирж, Майдар эргэж байгаа үзэж зураг авсан билээ. Энэ тухайгаа “Эртний хүний мөрөөр” Монголд хийсэн аялал, номондоо Монгол хатдын тухай ингэж бичсэн байна.

… Майдар бурхны ард мянга мянган лам нар хүзүүндээ сувдан хэлхээтэй зүүлт бүхий гоёмсог хувцас өмсөж, үнэт чулуу шигтгэсэн малгайн алтан хэрэгсэл зүүсэн эмэгтэйчүүд явна.
Хатад болон дээд хэргэм зэрэгтэй авгай нар өмссөн зүүсэн зүйлсээрээ олныг алмайруулна. Тэднээс хамгийн сайхан толгойн чимэгтэй хатдын нэг нь гайхалтай. Тийм гоёмсог эмэгтэйг би өөр хаана ч харж байсангүй. Монголын хойд талын нутгийнхнызаншил ёсоор үсийг нь алтан ялтсаар чимсэн аргалын эвэр шиг дугуйрсан эхнэр үсний чимэглэлд оруулж сүлжжээ. Эхнэр толгойн чимгийн төгсгөлийг үнэт чулуу шигтгэсэн алтаар бүрсэн агаад суран ташуур мэт сүлжсэн үсий нь битүү эрднэс шигтгэсэн алтан ялтсан ороомог дундуур оруулжээ. Хоёр эврийн дунд магнайн дээр нь угалз хээтэй, бадмаараг, номин чулуун шигтгээтэй алтан өмсгөл байх ба ар дээрх ирмэгийг нь булганы арьсаар захалсан дийзэн малгай тавьжээ. Магнайн алтан өмсгөлөөс нь хоёр чихний дээхнээс зүүсэн хараа булаам сувдан унжлага бүсэлхий хүртэл нь унжина. Цамц хантаазыг өнгө алагласан торгоор хийж товгор мөр бүхий хоргойгоор гангалсан нүд гялбам хүрэм давхарлаж өмсчээ. Хатад өмссөн зүйлдээ таарсан намбалаг төрх үзүүлнэ. /89-р тал/
Шивэгчнээ дагуулж олон хүний дунд сүр жавхлантай алхана. Үе үе зогсож найзтайгаа хэдэн үг солилцох буюу цугларсан олны зарим руу хариу дохин мэхийж үл ялиг инээмсэглэх ажээ. /90-р тал/
Нийтлэгч: salhin
Нийтлэсэн цаг: 2018-04-26 12:05
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ