Фото: Тэд залуудаа ИЙМ байсан...
Фото: Тэд залуудаа ИЙМ байсан...

Ардын хүүхдийг хүмүүжүүлэх багшийн мэргэжил эзэмшсэн ч 1963 оноос хойш гэрэл зурагтай амьдралаа холбож, 55 жилийг үдсэн МОНЦАМЭ-гийн Гэрэл зургийн сурвалжлагч Д.Цэрэннадмидийн “Гэрэл зураг, Гэгээн дурсамж” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээгдлээ.

Юуны өмнө 55 жилийн нөр их хөдөлмөрөө ард түмэнд толилуулж буйд талархал илэрхийлье. Та хэдийнээс гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөсөн бэ?
Баярлалаа. “Хөрөг” зурагчин гэж алдрыг зүүгээд 55 жил болжээ. Мэдээж өөрийн цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлэх санаа өмнө нь байсан ч төдийлөн тохироо нь бүрдэж өгөхгүй байсан. Харин таван сарын өмнөөс ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэн минь надад тусалж, санал тавьснаар архиваа цэгцлэх амаргүй даваатай тулгарсан шүү.

Таны олон сайхан гэрэл зургийг хананд өлгөжээ. Анхны гэрэл зургаа авсан мөчийг, сүүлд авсан зурагтайгаа харьцуулж харахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?
Би зурагчны гараагаа хүүхдээр эхэлж, хүүхдээр дуусгасан. Анх “Кристаль” гэдэг жижигхэн, орос зургийн аппарат олж аваад хүүгийнхээ зургийг өхөөрдөн авдаг байлаа. Хүүхэд гэдэг цагаахан, муухай авлаа, авахуулахгүй гэж гомдлохгүй зураг авахад урамтай шүү дээ. Одоо бол ач гучийнхаа сахилгагүйтэж, инээж хөхрөх төрхийг гэрэл зургийн хальсанд буулгаж сууна даа.

МОНЦАМЭ агентлагт ажиллаж байх хугацаандаа ямар хүмүүсийн хөргийг голчлон авч байсан бэ?
Ер нь би соёл урлагийнхан, зохиолчид, хүүхдийн хөргийг хамгийн их авч байсан юм байна. Үзэсгэлэнгийн бэлтгэлийг хангаж, архиваа ухаж байхдаа үнэхээр ч намайг “Хөрөг”-ийн Цэрэннадмид гэж авгайлах нь онож дээ гэж бодсон шүү. Сэтгүүлч болсноор хөрөг зургаа ч авна, ярилцлагаа ч хийнэ. Тухайн хүндээ тааруулж зургийг нь авахдаа давхар яриа хийж тэмдэглэл хөтөлнө гэдэг хүнд ажил. Гэхдээ би амжуулж явахыг хичээдэг байлаа. Монгол орныг хөндлөн гулд тойрч, олон хүний давтагдашгүй ертөнцөөр аялж, хөргийг нь мөнхлөх боломж олдсонд баярладаг.

Хөрөг зургийн мастер, ахмад зурагчны хувьд шинэ залуу уран бүтээлчдэд зөвлөх зүйл бий юу?
Аливаа зургийг авахдаа хүлээцтэй хандах хэрэгтэй. Гэхдээ мэдээж үйл явдлын мэдээнээс бусад чөлөөт гэрэл зураг авах үеийг хэлж байна л даа. Сэтгүүлч хүн үйл явдлын мэдээ бэлтгэхдээ хүлээцтэй байна гэж байхгүй. Торгон мөчийг амжиж авах ёстой. Харин хөрөг зургийг тэвчээртэй хүн л хамгийн сайхан авдаг юм болов уу гэж боддог.

Таны хамгийн сүүлд ямар зураг авсан бэ?
Би Хэнтий аймгийн Батноров сумын хүн. Сая гурван сард нутагтаа очоод “Нутгийн эрдэмтэд” гэдэг зураг авсан нь миний хамгийн сүүлийн үеийн бүтээл юм уу даа.

Ярилцсанд баярлалаа.

Уг үзэсгэлэнгээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Зүүн гар талаас МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Дугаржавын Цэрэннадмид                                             
Өглөөний дасгал 1978 оны Азийн хүүхдүүд ОУ-ын тэмцээний Гран При шагналт

Адуучин 1985 оны Права сонины нэрэмжит ОУ-ын тэмцээний 2-р байрны шагналт

100 кг хүрч үү (Интерпресс фото-77 ОУ-ын тэмцээний 3-р байрын шагналт)

Д.Чойжамц 1990 он, Зохиолч П.Бадарч 1991 он, Зохиолч судлаач С.Дулам 1993 он                                             
Ш.Чимэдцэеэ 1979 он                                             

Хөгжмийн зохиолч Г.Бирваа 1996 он                                             
Зохиолч С.Эрдэнэ 1992 он                                             

Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ж.Чулуун 1994 он, Зохиолч Э.Оюун 1980 он, Б.Явуухулан 1980 он                                             
Д.Цэрэнтогтох 1979 он

                                              Анхны хүү, анхны зураг голд байгаа нь

                                             
Сэтгүүлч, судлаач Г.Аким 1981 / 2018

                                             
Ардын жүжигчин А.Долгор 1992 он

                                                       Б.Минжин
Нийтлэгч: qinghas
Нийтлэсэн цаг: 2018-05-10 11:12
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ