Монгол суу ухааны ишлэлүүд
Монгол суу ухааны ишлэлүүд


      
      Нүүдлийн мал аж ахуй
      
      1.Ертөнцийн ухаан хүнд
      Хүний ухаан эрдэмд.
      2.Монголчуудын орчлонгийн болон байгалийн тухай мэдлэгийн бодит тусгал нь тэдний бий болгосон нүүдлийн монгол мал сүрэг юм.
      3.Нүүдлийн мал сүрэг
      -нэгдүгээрт, байгаль, экологид гойд дасан зохицсон, түүнд ямар ч сөрөг      нөлөөгүй
      -хоёрдугаарт, монгол хүний хэрэгцээг тэдний мэдлэг, хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийг дайчлах замаар хангадаг
      -гуравдугаарт, айл бүрийг мал аж ахуйтан болгосноор хүн бүрийг, өрх бүрийг   үйлдвэрлэгч болгож, улмаар бүтээлч хөдөлмөрийн явцад хүн бүрийг хөгжүүлж боловсруулсан.
      4.Нүүдлийн мал аж ахуй нь ийнхүү гурван тийшээ тэгш хэмт нөлөөлөлтэй байдаг учир аливаа хүн, өрх бүл, гэр бүлийн төдийгүй улс орны оршин тогтнох үндсийн үндэс болдог.
      5.Нүүдлийн мал сүрэг нь “байгаль – монгол хүн - монгол мал” гэсэн гурвалсан хэлхээ холбоог бий болгосон. Тэрхүү хэлхээ холбоо нь хүн, өрх бүл, улс орны оршин тогтнох бүхэл бүтэн тогтолцоог бий болгосон. Энэ тогтолцоо нь хамгийн зөв, оновчтой, ухаалаг, эрчимлэг, тогтвортой, тэнцвэртэй тогтолцоо юм.
      6.Монгол нүүдлийн мал аж ахуй нь эгэл жирийн юм шиг атлаа нарийн нандин тогтоц, бүтэцтэй, төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй, тэгш хэмт зарчимтай, арвич хямгач мөн чанартай. Түүнийг эрхэлж ирсэн өвөг дээдэс маань эрдэм оюун төгс, эгэл жирийн байж, нүүдэлчдийн оюуны болон эд өлгийн соёлыг бий болгосон байдаг нь нүүдлийн мал аж ахуйгаас эх сурвалжтай.
      7.Байгаль ертөнцийн нууцыг танин мэдэх үйл явц нь тийм ч амар хялбар биш. Байгаль ертөнцийн хуулийг өөрчлөх, зөрчих, байгалийг гартаа оруулах, санааныхаа зоргоор өөрчлөх гэсэн аливаа мөрөөдөл, бодлого, үйл ажиллагааг монголчууд үл тэвчдэг. Тиймээс байгальд зохицон, байгалийг аргадаж амьдрах аргыг монголчууд олсон нь нүүдлийн мал аж ахуйд суурилсан нүүдлийн соёл иргэншил билээ.
      8.Монгол мал нь эрт цагт бэлчээрээс 1500 – аад төрлийн өвс ургамал иддэг байсан бөгөөд түүнийх нь 80 – аад хувь нь эмийн ургамал байжээ. Эдүгээ цаг үеийн байдал, цаг агаарын өөрчлөлтөөс хамаарч монгол мал нь бэлчээрээс 600 гаруй төрлийн өвс, ургамал иддэг, түүнийх нь 60 хувь нь эмийн ургамал байдаг байна.
      9.Монгол мал сүрэг өдөр болгон бэлчээрт явж дунджаар 500 - аад төрлийн цэвэр өвс, ургамал иднэ. Харин монголчууд малынхаа сүү, махаар дамжуулж тэрхүү өвс ногоог иднэ.
      10.Мал бол байгалийн амьд үйлдвэр. Мал хэмээх байгалийн амьд үйлдвэрийн боловсруулж, бүтээсэн зүйлсийг монголчууд хэрэглэдэг.
      11.Нүүдлийн мал аж ахуй бол мянган хүнсч аж ахуй болой.
      12.Эдүгээ цагт мянган хүнсийг гаргаж авах гэж хичнээн олон үйлдвэр ажиллуулж, хичнээн их зардал гаргаж, хичнээн их хог хаягдал гарч, тэр нь хүн, байгаль, нийгэмд хичнээн их хор хохирол учруулах билээ. Гэтэл нүүдлийн мал аж ахуй бол дээд зэргийн арвич хямгач, цомхон, цэвэрхэн мөртөө дээд зэргийн үр ашигтай аж ахуй юм.
      13.Нүүдлийн мал аж ахуйн хамгийн дэвшилтэт, хүмүүнлэг чанар нь түүний байгаль, экологи, хүн болон нийгмийн оршихуй амьдрахуйд ямар нэг сөрөг нөлөөгүй өөрөөр хэлбэл, хүн, байгаль, нийгэмд хамгийн зохистой юм.   
      
      Нүүдлийн соёл иргэншил
      
      14.Монголчуудын өнө эртнээс түүхийн урт удаан хугацаанд үүсгэн бий болгож, хөгжүүлж төгөлдөржүүлж ирсэн хоёр зүйл байдаг нь нүүдлийн мал аж ахуй, нүүдлийн соёл билээ.
      15.Нүүдлийн мал аж ахуй болон нүүдлийн соёл бол амьд байгалийг хайрлах хамгийн зөв харилцаа. Байгаль бол амьд. Байгалийг амьдаар нь хайрлана гэдэг бол агуу үзэгдэл.
      16.Эргэж нүүх хорвоод
      Суухуйн жам байхгүй
      Нүүхүй нь жам юм
      Суухуй нь зам юм.
      17.Нүүдэл нь оршихуй
      Суудал нь тэсэхүй.
      18.Суухуй бол жам биш
      Устгах ертөнцөд баригдсан
      Ухаан билэгтэй хүмүүний
      Тэсэхүйн зам баймой.
      19.Мөнхийн хөдлөхүйг нүүхүй гэмой
      Нүүхүйг оршихуй гэмой
      Нүүлгэхүйг тэнгэр гэмой.
      20.Байр шилжвээс сэлгээ гэмой
      Амин чанар шилжвээс нүүхүй гэмой.
      21.Намааржаанаас өвөлжөөнд, өвөлжөөнөөс хаваржаанд, хаваржаанаас зусланд буух бол зөвхөн байр сэлгэх үйл явц. Харин байр сэлгэх явцад аливаа амин чанар янз бүрийн төлөв байдалд шилжих нь нүүхүй юм.
      22.Аливаа материйн оршин тогтнох арга нь хөдөлгөөн байдаг. Нүүдэл гэдэг бол хөдөлгөөн. Бие болоод оюуны хөдөлгөөн нэгдсэнээр хүн санаачлагатай, эрч хүчтэй, өөдрөг үзэл бодолтой, бүтээлч, сэтгэл санаа ариун, ажил үйлс бүтэмжтэй, алдар нэр дуурсгалтай болдог.
      23.Суусан цэцнээс
      Явсан тэнэг дээр.
      24.Тарган хүн
      Тал бүрийн өвчтэй.
      25.Нүүдэл нь өөрийн эрчим хүчийг байнга шинэ бөгөөд эерэг эрчим хүчээр нөхөн сэргээж байдаг. Тиймээс монголчууд асар их хурд, хүчтэй байсны зэрэгцээ тэдний сэтгэх хурд, оюуны хурд маш өндөр түвшинд хүрчээ.
      26.Монголчууд нүүдэл, суудлын зааг ялгааг тов тодорхой ойлгон ухаарч, нүүхийн утга агуулга, мөн чанар, ач тусыг өндөр түвшинд мэдэж, түүнийг хамгийн оновчтойгоор хэрэгжүүлж ирсэн нь нүүдлийн соёл юм.
      27.Нүүдлийн соёл бол монголчуудын гэгээрлээс гэгээрэлд зоригдон амьдарч байсны гэрч нотолгоо билээ.
      
      Монгол гэгээрэл
      
      28.Хүмүүсийн дунд гэгээрлийг бурхан багш шиг ууланд сууж, мацаг барьж, бясалгах замаар олж авдаг гэсэн өрөөсгөл ойлголт ихээр түгжээ. Энэ бол буддын шашинд хамаатай ойлголт. Өндөр зиндааны лам, хувраг хүмүүс буддын гүн ухаанд сайн суралцаж, тархиа элдэв эрдэм мэдлэгээр сайн цэнэглэсэн байдаг. Ийнхүү тархи нь хангалттай эрдэм мэдлэгтэй үед ууланд гарч, амьдралаас тасарч тархиндаа буй мэдээллүүдийг эргэлдүүлэн бодож, эргэцүүлэн ухаарваас тархинд шинэ шинэ оюун дүгнэлтүүд төрөх замаар орчлонгийн хийгээд амьдралын үнэнийг таньж, гэгээрэлд хүрдэг байна.
      
      29.Эрдэм мэдлэггүй - хоосон тархийг яаж ч ажиллуулаад гэгээрлийг олж чадахгүй. Тиймээс бясалгал бол шашнуудын мухардал юм. Чухамхүү ийм учраас монгол суу ухаанд бясалгал бол тархийг найман оюун, есөн ухаанаар хоосруулагч сургажээ.
      
      
      30.Монголчуудын гэгээрлийн тухай уламжлалт ойлголт өөр байв. Монгол суу ухаанд сургаснаар гэгээрэл гэдэг нь гэгээг гэрэлтүүлэх юм.
      
      31.Орчлон болон орчлонгийн юмс үзэгдлийн үүсэл, бүтцийг дорнын гүн ухаанд арга билгийн шүтэн барилдлага буюу хоёроор тайлбарладаг. Өрнийн гүн ухаанд эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцлээр буюу бас хоёроор тайлбарладаг. Харин монголчууд гурваар тайлбарладаг. Түүнийг гурвалын онол гэдэг.
      
      32.Гурвалын онолоор шинэ хүн төрөхөд ээж аав хоёроос гадна гуравдагч хүчин зүйл байдаг нь тухайн хүн өөрөө буюу тухайн хүний оюун санаа - сүнс юм.
      
      
      33.Аливаа хүний сүнс нь цээжний аюулхай буюу аймхай хэсэгт орших эрхий хурууны хумсны хэмжээтэй хуралдсан эрчим хүч бүхий оюун санаа юм.
      
      34.Хүний нүдэнд харагдаж, гарт баригддаг махан бие бол энэ дэлхийн буюу байгалийн бүтээл өөрөөр хэлбэл, ил ертөнцийн бүтээл юм. Харин хүний нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригддаг оюун санаа буюу сүнс бол далд ертөнцийн бүтээл юм.
      35.Хүний махан биеийг цогцсон бие гэж нэрлэдэг. “Цогцсон” гэж нэрлэсний учир нь тэрээр махан бие, цусан бие, ясан бие, гадаад эрчим бие, дотоод эрчим бие гэсэн таван биений цогцлол болон бүрдсэн учир цогцсон бие гэж нэрлэжээ.
      
      36.Байгалийн ямар ч амьтны бие нь хүнийхтэй адил ийм таван биений цогцлол юм. Иймд хүн бол цогцсон биений хувьд амьтдаас огтхон ч ялгаагүй. Харин хүнийг амьтдаас ялгаатай болгодог зүйл нь далд ертөнцөөс илгээгдэж ирдэг оюун санаа буюу сүнс юм.
      
      
      37.Хүний цогцсон биеийн хэрэгцээтэй холбоотойгоор уух юмсан, идэх юмсан, өмсөх юмсан, гоёх юмсан, мөнгөтэй болох юмсан, баяжих юмсан, машинтай болох юмсан, орд харштай болох юмсан, тансаглах юмсан, амрах юмсан, цэнгэх юмсан гэсэн сэрэхүй дагалддаг. Үүнийг араатан сэрэхүй гэдэг. Харин сүнсний хэрэгцээтэй холбоотойгоор сурах юмсан, мэдэх юмсан, боловсрох юмсан, хөгжих юмсан, гэгээрэх юмсан, хайрлах юмсан, өрөвдөх юмсан, асрах юмсан, халамжлах юмсан, уучлах юмсан, өршөөх юмсан гэсэн сэрэхүй дагалддаг. Түүнийг хүн сэрэхүй гэдэг.
      
      38.Хүн сэрэхүй багасаж, араатан сэрэхүй нэмэгдэх хэрээр хүнд зэрлэг, бүдүүлэг чанарууд бүрэлдэж амьтанлаг, араатанлаг болно. Хүн сэрэхүй үгүй болж, араатан сэрэхүй дангаар ноёлох үед хүн нь албин тийрэн, буг чөтгөр болно. Харин араатан сэрэхүй, хүн сэрэхүй хоёр яг тэнцэж байж хүн чанар болно. Цаашид араатан сэрэхүй багасаж, хүн сэрэхүй нэмэгдэх хэрээр хүний гэгээрлийн түвшин болон хүн чанар нэмэгдэж жинхэнэ хүн болно.
      
      39.Хүн сэрэхүйг агуулдаг сүнсийг гэгээ гэнэ. Гэгээг сурах, мэдэх, боловсрох, хөгжих, хүмүүжих, төлөвших, ажиллах, хөдөлмөрлөх, асрах, халамжлах, хайрлах, хүндлэх, уучлах, өршөөх, туслах, дэмжих замаар гэрэлтүүлэхийг гэгээрэл гэмой.
      
      40.Гэгээрэл гэдэг бол сүнснийхээ гэрлийг нэмэх явдал юм.
      
      41.Гэгээрэл гэдэг бол гэгээг гэрэлтүүлэх юм. Гэгээ гэдэг нь тухайн хүний сүнс, сүнсний гэрэл. Хүмүүсийн сүнс гэрэлтэй ирдэг. Амьдралын явцад хүн зөв, үнэн, шударга, ариуныг сурч эзэмших, хөгжиж боловсрох, ухаарч сэхээрэх замаар сайн сайхан бүхнийг өөртөө цогцлоодог. Эдгээр нь сүнсний гэрлийг улам нэмдэг. Ингэж сүнсний гэрлээ нэмэхийг гэгээг гэрэлтүүлэх буюу гэгээрэл гэдэг.
      
      
      42.Гэгээрэл гэгээрлийн дундаас чухамдаа мэдлэгээр олж авсан гэгээрэл бол соён гэгээрэл юм.
      
      43.Аливаа хүн эхээс төрөхдөө биеийн хувьд хүн төрдөг ч сэтгэл, оюуны хувьд амьтан шиг төрдөг. Амьтан шиг гэж хэлж байгаагийн учир нь ямар ч ухамсарт, оюунлаг үйлдэл хийх чадваргүй байдлыг хэлнэ. Ийнхүү амьтан шиг төрсөн хүнийг бие, сэтгэл, оюуны хувьд бүрэн бүтнээр нь ухамсарт, ухаант, хүмүүжилт хүн болгоход сурган хүмүүжүүлэх ухааны гол зорилго оршино.   
      44.Хүн эхийн хэвлийд олдсон өдрөөсөө, эхээс төрсөн цагаасаа эхлэн сурах, хөгжих, боловсрох замаар оюун, сэтгэлээ хөгжүүлж, боловсруулан жинхэнэ хүн болдог. Сэтгэл, оюунаараа хөгжиж боловсрохын дээд оргил цэг нь гэгээрэл юм.
      
      45.Хүнийг сэтгэл, оюунаар нь гэгээрүүлэх үйл явц бол хүнээр хүн хийх ухаан болой.
      
      46.Гэгээрэл гэдэг бол төгс мэдлэгт хүрэх явдал. Төгс мэдлэг гэдэг бол аливаа хүний дэлхийд зөв, үнэн, шударга, ариун орших; зөв, үнэн, шударга, ариун амьдрах; зөв, үнэн, шударга, ариун хөгжих; зөв, үнэн, шударга засах ба засаглах мэдвэл зохихуй юм.
      
      47.Зөв, үнэн, шударга, ариунаар орших, амьдрах, хөгжих, засах ба засаглах мэдвэл зохихуй гэдэг нь орчлонгийн оршихуйн үндсэн хуульд буюу жамд зохицох мэдлэг болой.
      
      48.Гэгээрэл буюу төгс мэдлэг гэдэг нь дэлхий дээр амьдрахдаа хүн төрөлхтөн санаснаараа, зоргоороо байх биш, харин орчлонгийн буюу тэнгэрийн хуулинд захирагдана гэсэн үг.
      
      49.Монголчууд орчлонгийн оршихуйн нэгдмэл хууль буюу тэнгэрийн хуулийг таньж мэдсэн учир түүнд зохицон зөв, үнэн, шударга, ариунаар орших, амьдрах, хөгжих, засах, засаглах мэдвэл зохихуйг олж нээжээ. Түүнийг монгол суу ухаан гэж нэрийджээ.
      
      50.Орчлонгийн үнэнг таньж, орчлонгийн нууцад нэвтэрч, орчлонгийн оршихуйн нэгдмэл буюу түгээмэл хуулийг л олж мэдэх нь гүн ухаануудын туйлын зорилго юм. Түүнийг олж мэдсэний дараа түүнд зохицон эх дэлхий дээр зөв, үнэн, шударга, ариунаар орших, амьдрах, хөгжих, засах, засаглах нь суу ухаан юм. Үүнийг энэ дэлхийд анх удаа монголчууд л олж нээсэн учир монгол суу ухаан гэж нэрлэжээ.
      
      51.Хүн өөрийн биеэр боловсрон гэгээрэхийн үндэс суурь нь сурах, хөгжих, хүмүүжих явдал юм. Хүн хөгжиж, хүмүүжиж, гэгээрэхийн тулд юуны өмнө аливаад суралцах ёстой. Жишээ нь, сууж сурах, мөлхөж сурах, явж сурах, гүйж сурах, өнгө ялгаж сурах, дүрс ялгаж сурах, ярьж сурах, дүрс ялгаж сурах, ярьж сурах, бичиж сурах, уншиж сурах, бодож сурах, англи хэл сурах, тоо бодож сурах, хөдөлмөрлөж сурах, худлаа ярьж сурах, хулгай хийж сурах, харааж сурах, хэрэлдэж сурах, зодолдож сурах гэх мэт.
      
      52.Хүн сайн зүйлийг ч сурч болно, муу зүйлийг ч сурч болно. Иймд сурах гэдэг эерэг, сөрөг хоёр талтай үзэгдэл юм. Ямартай ч сурах гэдэг бол чаддаггүй зүйлээ чаддаг болохын төлөөх үйлдэл юм.
      
      53.Чаддаггүй зүйлээ чаддаг болсон нь хөгжил. Чадвар бол хөгжил юм. Хөгжих нь сурахын адил эерэг, сөрөг хоёр талтай. Хүн сайн тал руугаа ч хөгжинө, муу тал руу ч хөгжинө. Уншиж сурч байгаа нь сайн талын хөгжил бол худлаа хэлж сурч байгаа нь муу талын хөгжил. Хөгжлийн сөрөг буюу буруу, муу талыг гээж, эерэг буюу зөв, сайн сайхан тал руу хөгжих нь хүмүүжил юм.
      
      54.Бусдад ямар ч муу зүйл хийдэггүй хүнийг сайн хүн гэдэг. Энэ бол гэгээрэл.
      
      55.Зөв хүн бусдад төвөг болохгүй. Үнэн хүн бусдад гэм хор хүргэхгүй. Шударга хүн бусдад гай тарихгүй. Ариун хүн бусдад зовлон учруулахгүй. Харин эсрэгээр зөв хүн бусдад дэмээ үзүүлнэ. Үнэн хүн бусдад тусаа өгнө. Шударга хүн бусдад зүтгэлээ өгнө. Ариун хүн бусдад ач буянаа өгнө. Энэ бол гэгээрэл.   
      
      56.Иймд аливаа хүн хүмүүжих явцдаа хөгжлийн эерэг үзүүлэлтүүдийг өөртөө дадуулан хэвшүүлэх бөгөөд энэ нь зөв, үнэн, шударга, ариун, сайн сайхан юм. Энэ бүхэн гэгээрэл болой.
      
      57.Идэхийн тулд бусдыг булаагаагүй, тэр гэгээрэл
      Цаг бусаар үхэж, цагдуулж яваагүй, тэр гэгээрэл
      Ууж идэх биш, амьдрахыг зоривол тэр гэгээрэл
      Ус өвсийг хамгаалж хэрэглэвэл тэр гэгээрэл
      Уул усандаа уягдвал тэр гэгээрэл
      Учирсан нөгөөгөө амар байлгавал тэр гэгээрэл
      Унаган байгалийн жаягт зохицвоос тэр гэгээрэл
      Ураг төрлөө хамтаар хариуцваас улам гэгээрэл.
      
      58.Гэгээрэл нь хүний зүгээс өөртэйгээ, байгальтайгаа, эх дэлхийтэйгээ, сансар огторгуйтайгаа болон бусад бүх зүйлтэй зохицон зохилдож, эвсэн нэгдэж орших, амьдрах явдал юм.
      
      59.Ийнхүү хүрээлэн буй бүхий л юмс үзэгдэлтэй зөв зохицон амьдарч чадсан, чадаж байгаа хүмүүс бол нүүдэлчид болой.
      
      60.Зуун жилийн өмнөхөн шоронгүй, цагдаагүй, эмнэлэггүй дэлхийн цорын ганц улс байсан нь Монгол улс юм. Шоронгүй, цагдаагүй байна гэдэг бол монголчууд хэрхэн хүмүүжилтэй, гэгээрэлтэй байсны баталгаа. Эмнэлэггүй байна гэдэг бол монголчууд хэрхэн эрүүл чийрэг байсны нотолгоо билээ.
      
      Монгол гэр
      
      61.Монголчуудын ахуй, амьдрал тэр чигтээ эерэг энергийг хураан хуримтлуулах, улмаар үйлдвэрлэн түгээх тогтолцоо байсан.
      
      62.Монголчууд бол бүхнийг энергийн онол, энергийн хуулинд тулгуурлан хийж, бүтээж ирсэнээс гадна энергийн хуулинд зохицон оршиж, амьдарч ирсэн буй.
      
      63.Монгол гэрийн тооно нь нарны туяаг гэрийн бүх хэсэгт тусгадаг бөгөөд ингэснээр монгол айл өрх ямар ч улиралд гэртээ өдөржин нартай байдаг.
      
      64.Нар, нарны туяа бол тэр чигээрээ эрчим хүч буюу энерги. Тоононы ачаар монголчууд нарны туяа, түүний эерэг эрчим хүчийг өөртөө шингээж авдаг байжээ.
      
      65.Монгол гэрийн тооноор цэвэр бөгөөд хүйтэн агаар орно, хаалга буюу хаяавчаар халуун буюу бохир агаар гарна. Монгол гэр нь агаар солилцооны оролт, гаралтын тусгай сувгуудтай.
      
      66.Дулаан цагт монгол гэрийн хаалга, хаяа байнга нээлттэй байх бөгөөд тооноор орж ирсэн цэвэр агаар гэр доторх бүх зай талбайд жигд, хүртээмжтэй тархаж, муу бохир агаар бүх зүг чиглэлд жигд гарч одно. Ингэж монголчууд бүхий л цаг мөчид агаар солилцооны зөв хэмнэлд, эерэг нөлөөлөлд оршсоноор мөн л өөрсдөдөө эерэг энергийг хуримтлуулж чаддаг байжээ.
      
      67.Монгол гэрийн тооно гэрийн орой дээр байрладаг нь санамсаргүй тохиолдол биш. Монголчууд бол мөнх тэнгэрийг оройдоо дээдэлсэн тэнгэр шүтлэгтэй ард түмэн. Гэрийн тооно монголчуудыг тэнгэртэй, мөнх тэнгэртэй, дээд шүтээнтэй нь холбодог.
      
      68.Гэрийн оройд тооно байрласнаар монголчууд амьдралынхаа бүхий л үйл, үйлдлийг тэнгэрийн мэлмий дор, тэнгэрийн хяналтан дор ил болгосон. “Тэнгэр таалахгүй”, “Тэнгэр хилэгнэнэ” гэсэн ухаарал эгээрлийн дор амьдралынхаа бүх зүйлийг зөв бодож, зөв хэлж, зөв үйлдэж, зөв болгож, зөв байлгаснаар ёс суртахууны болон ухамсар, оюун санааны хөгжлийн өндөр түвшинд хүрчээ.
      
      69.Монголчууд нэн эртнээс гэрийнхээ тооноор дамжуулж дээд шүтээн болсон тэнгэртэйгээ харьцаж, тэнгэр шүтлэг, тэнгэр үзлийн дор өөрсдийгөө болон үр хойчоо хүмүүжүүлж, хөгжүүлж, боловсруулж, гэгээрүүлж чадсанд монголчуудын тэнгэрлэг агуу чанар оршдог. Тиймээс монголчууд гэрийнхээ тооныг юунаас ч илүү хүндэтгэн дээдэлдэг.
      
      70.Эрт үед монгол гэр нь эсгий хаалгатай байсан. Хаалга, үүд гэдэг нь зүгээр нэг гэрт орж гарах хэрэгсэл төдийгүй айлд буян хишиг орж гарах, тогтох шингэх суваг байжээ.
      
      71.Монголчууд
      
      Хөх мөнгөн тэнгэр эцэг минь
      Хөрст алтан дэлхий эх минь
      Энэ цагаан хаалгаар минь
      Орсон гарсан бүхнийг
      Цайлгаж байлгаж өгөөч
      гэж хэлээд хаалган дээрээ сүү дусаагаад, шар тос түрхдэг байжээ.
      72.Айлын хаалга үүд хэдий чинээ ариун цагаан байна түүний даллан дуудаж, хурааж оруулах буян хишиг төдий чинээ ариун цагаан, элбэг дэлбэг байхын дээр түүний тогтож шингэх нь хүртэл төдий чинээ сайн байна. Учир иймд монголчууд эрт үеэс гэрийнхээ хаалгыг цагаан эсгийгээр хийдэг байжээ. Ийнхүү монгол хүний үүд хаалгаа дээдэлдэг ёсыг үүдэн тэнгэрийн тахилга гэж нэрлэдэг.
      
      73.Монгол гэрт шал байдаггүй. Өвлийн цагт эсгий дэвсдэг. Энэ нь санамсаргүй тохиолдол биш. Дэлхий болон дэлхийн цөмөөс цахилгаан соронзон эрчим хүч ялгарч, тэр нь хүнд үйлчилнэ.
      
      74.Хүн хэрэглэсэн хасах цэнэг буюу муу энергиэ өөрөөсөө ялгаруулж, дэлхийгээс нэмэх цэнэг буюу эерэг энерги авдаг. Ингэж дэлхийтэй цэнэгийн болон энергийн байнгын солилцоонд оршдог байна.
      
      75.Дэлхийтэй цэнэг, энерги, эрчим хүчний зөв солилцоонд идэвхтэй орж, энергиэ байнга цэвэрлэж, сэлбэж, хуримтлуулж байх үүднээс монголчууд эртнээс гэрээ шалгүй барьж хэрэглэдэг.
      
      76.Модыг хүнд нөлөөлдөг энергийн нөлөөллөөр нь эерэг нөлөөтэй, сөрөг нөлөөтэй гэж ангилдаг. Хүнд сөрөг нөлөөтэй модонд улиангар, улиас зэрэг мод орно. Эерэг нөлөөтэйд бургас, хус, хуш, нарс, агар, зандан зэрэг мод орно.
      
      77.Монголчууд гэрийнхээ модон эдлэлийг хийхдээ хүнд энергийн эерэг үйлчлэл, нөлөөтэй модуудыг ашигладаг.
      
      78.Монгол гэрийн зарим бүрдэл хэсгийг эсгийгээр хийнэ. Эсгийг хонины ноосоор хийнэ. Ноосны химийн гол бүтэц нь кератин хэмээх хүхэр ихтэй уургийн нийлмэл бодис юм. Ноосонд хүхэр их байх тусам ээрэгдэх чанар нь улам нэмэгдэнэ.
      
      
      79.Хонины ноос нь даахирах чанар сайтай, дулаан хадгалах чанар ихтэй, чийг ус бага нэвтрүүлдэг чанартайг монголчууд олж мэдсэн учир ахуй амьдралынхаа олон зүйлийг эсгийгээр хийдэг.
      
      80.Эсгий бүрээстэй гэр нь хүйтэн сэрүүн цагт дулаанаа удаан хугацаагаар хадгална, халуун дулаан цагт сэрүүн байхын зэрэгцээ орчиндоо тохирон зохицох уян хатан шинжтэй.
      
      
      81.Монгол гэр нь байгалийн болон уур амьсгалын ямар ч байдалд дасан зохицох өндөр чадвартай - уян хатан байдгаараа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Харин бүх талаар хүний болон хүний эрүүл мэнд, эерэг энерги хуримтлалын зөв нөлөөллийг агуулсан байдгаараа шалгарсан сууц юм.
      
      82.Монгол гэрийн үндсэн бүтцүүд бүгд тодорхой харьцаа, хэмжээнд захирагдана. Багана ба хананы өндрийн харьцаа 1.6 байдаг. Энэ нь аливаа байгууламжийн хамгийн тогтвортой орших харьцаа болсон алтан харьцаа буюу 0.618 юм. Энэхүү алтан огтлол буюу алтан харьцааг хангаснаараа монгол гэр нь маш тогтвортой оршдог. Египетийн суваргууд ч ийм харьцаан дээр бүтээгдсэн байдаг.
      
      83.Монгол гэр бол суварга юм. Гэхдээ бүр амьд суварга болой.
      
      84.Суварга хэлбэртэй барилга байгууламж дотор амьдралыг тэтгэгч эрчим хүч ихээр хуримтлагддаг. Ийм орон зайд төмөрлөг эд зэвэрдэггүйгээс гадна жимс ногоо амархан мууддаггүй, хүний цусанд агуулагдах хорт бодис цэвэршдэг ажээ.
      
      85.Суварганд хэд хонуулсан мохоо мэсний ир сэргэдэг. Суварганд хадгалсан мах болоод жимс ногоо, үр тариа, өндөг гэх мэт бүх хүнсний зүйлс мууддаггүй. Орчин үед суваргыг элдэв төрлийн өвчнийг анагаах болон биеийн эрчим хүчийг сэргээхэд өргөн хэрэглэж байна.
      
      86.Монгол гэрийн ерөнхий хэлбэр нь суварга бөгөөд монгол гэр нь суварганд байдаг бүх агуу чанаруудыг өөртөө бүрэн агуулна.
      
      87.Монгол гэр онгорхой шалаараа дэлхий, дэлхийн цөмийн энерги, эрчим хүчийг татан авна, задгай тооноороо сансар огторгуйн энерги, эрчим хүчийг хураан авна. Монгол гэр нь газар, тэнгэрийн энерги, эрчим хүчийг өөртөө хураан нэгтгэдэг.
      
      88.Суваргын бас нэг нууц бол нас барсан хүний сүнсийг тэнгэрт гаргадаг оньс болдог. Тиймээс эртний хөгжингүй улс үндэстэнүүд ихэс дээдсийнхээ сүнсийг тэнгэрт гаргаж, жаргалангийн оронд аваачихын тулд суваргуудыг барьж ашиглажээ.
      
      89.Монголчууд эсгий гэр хэмээх ариун цагаан, амьд суварганд мэндэлж төрж, насаараа амьдрах бөгөөд амьсгал хураахын цагт хүн бүрийн сүнс шууд тэнгэрт гардаг байжээ. Энэ нь монголчуудын тэнгэр шүтлэг, тэнгэр заяаг давхар батлана.
      
      90.Монгол гэр нь түүнд амьдрах хүмүүсийн бие махбодь, эрүүл мэнд, эрүүл чийрэг байдал, энерги, эрчим хүч, ухаарал эгээрэл, хүмүүжил төлөвшлийн зөв эргэлт, зөв нөлөө, зөв тогтолцоог бүрдүүлсэн хамгийн сонгодог орон зайг үүсгэдэг.
      
      91.Гэр бол гэгээрүүлэгч орон зай.
      
      92.Монгол гэр нь дугуй, бөөрөнхий хэлбэртэй. Монголчууд дугуй дүрсийг онцгойлон үздэг бөгөөд тэр нь төгс дүүрэн бялхан байхыг болон нягт цул, нэгдмэл барилдлагыг билэгддэг.
      
      93.Дугуй дүрс бол дүрсийн хаан. Дугуй дүрс нь өнцөг, талгүй байдаг учир зай багтаамж ихтэйн дээр орон зай, зүг чигийг хувааж тасалж, эрэмбэлдэггүй бөгөөд энэ чанараараа ертөнцийн зүг бүхнээс эрчим хүчийг өөртөө хураан хуримтлуулдаг давуу талтай. Дугуй дүрс нь мөн ертөнцийн бүх зүг чигт тэгш хэмт чанартай. Тэрчлэн дугуй дүрс нь хүний хувьд тэгш эрхт байдал, эв нэгдлийг үүсгэж чаддаг. Энэ бүх чанараараа дугуй нь дүрсийн хаан байдаг.
      
      94.Монгол гэр дугуй хэлбэртэй байдаг нь тал, хээрийн бүс зонхилсон Монгол орны газар зүйн бүтэц, жилийн дөрвөн улиралд байнга салхи, шуургатай байдаг цаг агаарын онцлог зэргийг харгалзаж үзээд гэрийн гадаргуунд үйлчлэх салхи, шуурганы хүч болон цас, борооны усны нөлөөг тооцсон, түүнээс урьдчилан хамгаалсан, салхи шуурганы хүчийг сарниаж сааруулсан, түүнийг эсэргүүцэл багатайгаар хагалан өнгөрөөхөд зохицсон бүтэц юм.
      
      95.Сансрын гариг эрхэс бүхэн дугуй, бөөрөнхий хэлбэртэй. Гариг эрхэс бүхэн тойрог замаар хөдөлдөг. Гариг эрхэс бүхэн тэнхлэгээ эргэх эргэлдэх хөдөлгөөн хийдэг. Орчлон бүхэлдээ тойрог, дугуй, бөөрөнхий хэлбэр болон эргэлдэх хөдөлгөөн дээр оршин тогтнодог. Тэд орчлонгийн бүх зүг чигээс эерэг эрчим хүчийг хураан хуримтлуулаад, хуримтлуулсан тэр эрчим хүчээ дотооддоо тэгш хэмтэй, жигд түгээн оршдог хуультай.
      
      96. Монгол гэр ч гадаад болон дотоод эерэг эрчим хүчээр бялхан байх бөгөөд түүнийг орчиндоо буй бүх зүйлд тэгш, жигд түгээн хүргэдэг учир монгол гэрийн гадна болоод дотор бүх зүйл өнгөлөг өөдрөг, бүлээн дулаан, өөдлөн дэвжиж, амар мэнд, амгалан тайван байдаг.
      
      97.Өнцөгөөр муу эрчим, муу энерги, муу мэдээлэл урсаж орж ирдэг. Өнцөгөөр дамжиж шөнийн цагт муу хүчнүүд, муу сүнснүүд орж ирдэг. Өнцөгт гэрэл гэгээ бага тусдаг учир харанхуйдуу байдаг. Тиймээс тэнд муу үнэр, муу эрчим, муу энерги, муу мэдээлэл, муу хүчин үүрлэж орогнодог.
      
      98.Өнцөгийн цаадах мөн чанарыг нэн эртнээс таньж мэдсэн монголчууд орон гэр, малын хашаа хороо гэх мэт бүхий л зүйлээ дугуй хэлбэртэй бүтээхийн сацуу аливаа зүйлийг өнцөгдөж суудаггүй, өнцөгдөж байрладаггүй.
      
      99.Аливаа өнцөг, тал нь ертөнцийг хувааж хуваарилдаг бөгөөд энэ нь хүний сэтгэлгээнд тасралттай, тусгаар сэтгэхүйг бий болгоно. Дугуй, тойрог нь аливаа бүхнийг хураан нэгтгэх мөн чанартай тул хүний сэтгэлгээнд буюу нил, үргэлж сэтгэхүйг бий болгодог.
      
      100. Монгол гэр нь зай багтаамж ихтэй, эвлэлдэн нэгдэх боломж нөхцлийг хангасан, чийг бага, халуун дулаан, бүлээн сэрүүн, дуу чимээ зохистой, эрүүл мэндэд ач тустай, энерги эрчим хүчний эерэг зөв хуримтлалтай гэх мэтчилэн олон сайхан төгс шийдлүүдийг өөртөө агуулдаг.
      
      101.Монгол гэр нь монголчуудын амьдрах сууц, амьдрах орчин болохын зэрэгцээ хүүхдэдээ сэтгэн бодох чадвар эзэмшүүлж, зохион бүтээх ур дүйд сургахад онцгой үүрэг гүйцэтгэдэг.
      
      102.Уран барилгын дэлхийн алдартай эрдэмтэд “Монгол гэр нь хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн учир цаашид өөрчлөх ямар ч боломжгүй” гэж дүгнэснээс гадна бас “Монгол гэр нь архитекторын төгс шийдэл юм” гэж хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн эрдэмтэд сар болон бусад гариг дээр ирээдүйд барих сууцны ерөнхий төсөлд монгол гэрийн хийцийг олон талаар авч ашиглах боломжтойг нэгэнт хүлээн зөвшөөрчээ.
      
      Монгол эдлэл хэрэглэл
      
      103.Монголчууд эртнээс модон орыг нийтээрээ хэрэглэдэг. Зарим тохиолдолд газар унтаж хэвтэнэ. Тэдгээр нь хатуу бөгөөд хүний яс бэхжихэд сайн нөлөөтэйн дээр нурууны хэлбэр алдагдахаас сэргийлэн хамгаална.
      104.Газар хэвтэх, унтах үед хүн дэлхийгээс цэнэг, энергиэ сэлбэн тайван амарч, шинэ эрч хүчийг олж аах таатай нөхцөл бүрдэнэ.
      
      105.Монголчууд гэрийнхээ хоймор болон ном судар, шүтээн тахил руугаа хөл жийдэггүй. Энэ заншил нь монгол хүнийг толгойгоо заавал гэрийнхээ хоймор руу буюу ертөнцийн хойд зүг рүү харуулж, хөлөө гэрийнхээ үүд рүү буюу ертөнцийн урд зүг рүү жийж хэвтүүлнэ.
      
      106.Ертөнцийн хойд зүгт толгойгоо хандуулж, урд зүгт хөлөө хандуулж хэвтэх нь хүний биеийн соронзон урсгалыг дэлхийн соронзон урсгалын чигтэй тохируулж өгдөг. Хүний биеийн соронзон урсгал толгойгоор орж хөлөөр гардаг. Энэ урсгалтай дэлхийн соронзон урсгал давхцана.
      
      107.Хүний биеийн соронзон урсгалыг дэлхийн соронзон урсгалтай нэг чиг, нэг урсгал, нэг хэмнэлд оруулснаар хүн эрчим хүчний алдагдлаа нөхөх таатай боломж нөхцөл юм.
      
      108.Монголчууд ийнхүү соронзон үйлчлэл, солилцоонд идэвхтэй ордог. Энэ нь хүний энерги, эрчим хүчийг нөхөхийн зэрэгцээ хүний цусны эргэлтийг сайжруулах, цусан хангамжийг нэмэгдүүлэх, цусны даралтыг бууруулах, ихэсгэх, зүрхний үйл ажиллагааг дэмжин тэтгэх, идэвхжүүлэх, судасны ханыг өргөсгөх, толгой эргэх, өвдөх зэрэг олон өвчний үндсийг таслан зогсоодог байна. Хамгийн чухал нь биогүйдлийг эрчимжүүлж, хүний мэдрэл, мэдрэхүйг сэргээдэг байна.
      
      109.Монголчууд хэвтэж, унтахдаа эсгий гудас, хонь ба тэмээний ноосон болон хөвөнтэй хөнжил хэрэглэдэг. Хонины ноосоор хийсэн эсгийний дулаан хадгалах чадвар, чийг шингээх чадвар өндөр. Тиймээс хүнийг дулааны тэнцвэргүй байдалд орж даарч хөрөх, доороосоо даарах, мөч жиндэх, чөмөг царцах, улмаар өвчлөх явдлаас урьдчилан сэргийлнэ.
      
      110.Монголчууд сандал, сэнтийг төрийн болон албаны хүн, үйл хэрэгт хэрэглэдэг байсан. Энгийн малчин ард сандал хэрэглэдэггүй байсан. Эрэгтэйчүүд нь завилж сууна, эмэгтэйчүүд нь явган буюу гал манах суудлаар сууна. Хүүхдүүд бохирч сууна.
      
      111.Монгол уламжлалт суулт нь тус бүрдээ утга учиртай, дэг жаягтай бөгөөд эцэстээ хүний биеийн бүсэлхийнээс дооших биеийг байнгын идэвхтэй хөдөлгөөнд оруулах, үе хоорондын шингэн буюу шар усыг тараах, үе мөчний өвчин болон ясны сийрэгжилтээс сэргийлэх зэрэг олон ач холбогдолтой ажээ.
      
      112.Монгол ахуй бол байнга босож суух, орж гарах, морь тэмээ унах, морь малтай ноцолдох гэх мэт байнгын хөдөлгөөнтэй орчин. Энэ нь хүнийг хөдөлгөөний дутагдалд оруулан таргалахаас хамгаалж, зүрх судасны элдэв өвчнөөр өвдөх, цусны даралт ихдэх, хурд ба хүчээ алдах, тамирдах, уян хатан чанараа гээх, ядрах, бие сулрах сульдах зэрэг элдэв өвчин, эмгэгээс сэргийлнэ.
      
      113.Морь унах нь хүний бүх биед нэгэн хэмийн доргилт өгч, нэг ёсны доргиох дасгал болдог учир саа өвчтэй хүний биеийг чийрэгжүүлдэг. Бие махбодь сайтай, эрүүл чийрэг хүмүүс ч оюуны их ачааллын дараа ядарч, толгой нь хүндрэх явдал гардаг. Энэ бол тархи ядарсаных. Тэр нь морины арилдаг.
      
      114.Монгол ахуйн янз бүрийн үйлдэл нь хүний биед янз бүрээр үйлчилж, монгол хүний бие бялдар, эрүүл мэнд, яс чанар, тамир тэнхээ, уян хатан байдал, хүчтэй, тэнцвэртэй байдлыг өв тэгш бүрдүүлнэ.
      
      115.Хус модонд А, С, Е амин дэмүүдээс гадна дотор эрхтэнд сайн үйлчлэлтэй бодис, элементүүд ихээр агуулагддаг учир монголчууд хус болон хусны үйсээр ихэвчлэн ус, сүү, хоол хүнсээ агуулдаг сав суулгыг хийж ашигладаг.
      
      116.Монголчуудын дунд сав суулгаа төмрөөр хийж хэрэглэх явдал хожуу дэлгэрсэн. Сав суулгыг голцуу мөнгө, зэс, гуулиар хийж хэрэглэсэн. Мөн зэс гуулин бугуйвч бөгж, зүүлт ч хийж ашигласан буй.
      
      117.Зэс, гууль нь хүний биед цус төлжүүлэх, цусны улаан бөөмийг олшруулах, үе мөчний өвчнөөс сэргийлэх, цусан дахь сахрын хэмжээг хэвийн байлгах, хоргүйжүүлэх, үс ба хүүхэн харааны өнгө алдагдахгүй байлгах, нүд өөхлөх, булингартах, ходоод, элэг, цөс гэх мэт дотор эрхтнүүдийг цэвэрлэх, хамгаалах, бүдүүн шулуун гэдсийг цэвэрлэх, биеийн эрчмийг барих, дулааныг хадгалах зэрэг олон талын ач холбогдолтой.
      
      118.Шинжлэх ухаан, тэр тусмаа химийн шинжлэх ухаан хөгжөөгүй үед химийн элементүүдийн ийм нарийн нөлөөллийг мэдээд амьдрал ахуйдаа хэрэглэж байсан нь монголчуудын эрдэм мэдлэг эрт үед ямар өргөн цараатай, гүн агуулгатай байсныг гэрчилнэ.
      
      119.Монголчууд зэс, гууль, мөнгөн бугуйвч бөгж зэргийг бие, эрүүл мэндээ хянах таних тэмдэг болгон ашиглаж байсан. Дотор муудвал бугуйвч харлана, бие өвдвөл бөгжнөөс бал гарна, эрчим энерги бохирдож бузартвал бөгж, бугуйвчны өнгө сааралтана.
      
      120.Монголчууд ингэж тавилга хэрэгсэл, сав суулга, бэлзэг бугуйвчаа хүнийн эрүүл мэндэд эерэг, сайн нөлөөлтэй мод, модны ур, үйс болон металаар хийж ашигладаг байсан нь нэгдүгээрт эерэг энергийн зөв нөлөөлөлд байх, хоёрдугаарт цэвэр байгалийн бүтээгдэхүүнүүдийг ашигласнаар дотор нь агуулж буй зүйлсийн хадгалалт, хамгаалалт болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээр үл барам хүний эрүүл мэндийг тэтгэх, сэргээх, хамгаалах давуу талуудтай байжээ.
      
      Монгол гал голомт
      
      121.Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг зүйлийн нэг бол гал голомт. Эрт үеэс монголчууд гал голомтоо гурван чулуун тулж асаан бадрааж ирсэн. Нэлээн хожуу үед чулуун тулга нь гурван хөлтэй, нэг хасагтай төмөр тулга болсон байна.
      
      122.Монголчууд орчлон ертөнцийн бүх зүйл гурваар бүтдэг түгээмэл хууль, зүй тогтлыг таньж нээсэн. Түүнийг гурвалын онол гэдэг. Гурвалын онолын геометр дүрс нь гурвалжин. Бүхнийг үүсгэгч, бүтээгч амин чанарыг нь таньж мэдсэн учир монголчууд гурвалжинг “дүрсийн хатан” гэж нэрлэдэг.
      
      123.Орон зай урт, өргөн, өндөр гэсэн гурван хэмжээстэй. Цаг хугацаа өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван дэнстэй. Хүн бүхэн эцэг, эх, өөрийн сүнс гэсэн гурван бүтэцтэй. Монгол тулга гурван хөлтэй, монгол гэр гурван бүслүүртэй, нялх хүүхдийн монгол өлгий гурван бүстэй байдаг гэх мэт.
      
      124.Математиктийн ухаанд “Oгторгуйн дурын гурван цэгийг дайруулж хамгийн тогтвортой хавтгай цор ганцыг татаж болно” гэсэн аксиом бий. Энэ нь гурвалын онолоор бүтсэн аливаа зүйл бат оршдогийг таньсан монголчуудын эртний мэдлэгийг шинжлэх ухаанаар баталж өгсөн хэрэг.
      
      125.Тулга гурван хөлтэй байдгийн учир нь үүсгэсэн гал голомт, гэр бүл, ахуй амьдрал нь бат тогтвортой оршихыг билэгдэнэ. Тулган дахь гал нь гэр бүл, амьдрал ахуй, ажил үйлс, үр хүүхэд, хойч үе нь гал шиг ариун бөгөөд өнгөтэй цогтой, асаж бадарч, өөдөлж дэвшиж байхыг билэгдэнэ.
      
      126.Монголчуудын тулга задгай байсан бөгөөд задгай тулганд ил гал түлнэ. Галын утаа гэрийн тооноор шууд дээшээ гарна. Тиймээс утаа гэрээр тархахгүй.
      
      127.Монголчууд эртнээс галыг орон гэрээ дулаацуулах, хоол цайгаа хийхэд ашиглахаас гадна галын ариусгагч чанарыг таньсан учир түүнийг гэр доторх агаар, орчин болон эд зүйлсийг, өөрсдийн биеэ ариулж ариусгахад ашигладаг заншилтай.
      
      128.Гал бол эрчим хүч, энерги. Задгай тулган дахь ил галын дэргэд байснаар монголчууд өөрийн эрчим энергийг ариусгахаас гадна эрчим энергийг ихээр хураан авдаг уламжлалтай.
      
      129.Сүүлийн үед суурин иргэншлийнхэн байшиндаа ил гал түлдэг зуух тавьж, унаган төрхөөрөө байгаа байгаль руу тэмүүлж, аливаа юмсыг байгалийн унаган байдлаар нь их таашаах болсон. Энэ нь байгаль болон байгалийн хуулийн эсрэг сөрж зогссон соёл иргэншил биш, харин түүнд зохицсон соёл иргэншлийг байгуулах ёстойг дөнгөж ухаарч эхэлж буйн илрэл юм.
      
      130.Байгальд зохицсон, байгалийн хуулинд зохицсон малчин амьдрал, нүүдлийн соёл иргэншлийг байгуулж, түүнийг түүхийнхээ бүхий л үед баримталж, ягштал хэрэгжүүлж ирсэнд монголчуудын агуу гэгээрэл бүхлээрээ оршдог.   
      
      131.Монголчууд аргал, хомоол, хорголыг түлшиндээ өргөн хэрэглэдэг байсан нь санамсаргүй явдал биш. Аргал гэдэг бол үхрийн баас. Үхэр нь бэлчээрээс 90 гаруй төрлийн өвс иддэг бөгөөд тэдгээрийн 70 гаруй хувь нь эмийн ургамал байдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон.
      
      132.Эмийн ургамал давамгайлсан хоол тэжээлийн боловсролтоос ялгарсан аргал нь хөдөөгийн цэвэр агаар, хөрс, нар, салхи, цас бороонд хатаж гандаж, ариусаж цэвэршинэ. Ингэж гурван жил хөдөө хэвтсэн аргал, хомоолыг хөх аргал, хөх хомоол гэнэ.
      
      133.Хөх аргалаар ил гал түлэхэд түүний үнэр ямар ч арц, гангатай зүйрлүүлшгүй ариун тансаг болсон байдаг. Хөх аргал бол галтай адил ариусгах чанартай болсон байдаг.   
      
      134.Аргал, хомоолын шаталтаас ямар нэг химийн хорт бодис ялгардаггүй учир хүний эрүүл мэндэд, байгаль экологид, агаар орчинд ямар нэг сөрөг нөлөөгүй, хор гэмгүй. Аргал, хомоол нь байгаль экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.
      
      135.Аргалын утаа нь агаар дахь 300 гаруй төрлийн нян бактери, вирусыг устгадаг болохыг Япон улсын эрдэмтэд шинжлэх ухааны судалгаагаар тогтоосон. Энэ нь аргал, хомоолоор түлш хийх нь ямар нэгэн хор нөлөөгүй, харин ч ашигтай болохыг харуулна.
      
      136.Галын болон аргалын ариутгагч чадварыг монголчууд амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэглэж, ашиглаж иржээ. Халуун дулааны улиралд махаа муутгахгүй хадгалахын тулд түүнийг аргалын утаагаар утаж, түүнд агуулагдаж буй нян, бактерийг устгана. Нас барагсдыг оршуулаад буцахдаа аргалаар түлсэн хоёр ил галын дундуур хүмүүсийг оруулдаг нь тэрхүү оршуулгын үйлийн, оршуулгын газрын сөрөг энергиэс хүмүүсийг ариутган цэвэрлэж байгаа хэрэг. Энэ мэтчилэн монголчуудын ил галтай, аргалтай холбоотой ариутгах зан үйлээс олныг дурьдаж болно.
      
      137.Галын дөл, аргалын утаа нь хоёул ариутгагч чанартай, мөн хүний эрчим хүчийг цэвэрлэдэг, ариусгадаг, нэмдэг. Нарны туяа болон галын дөл нь хүний эрчим хүчийг нөхдөг, сайжруулдаг, идэвхжүүлдэг сайн нөлөөтэй.
      
      138.Монголчууд ган, зудны үед өеөдөж дордсон малыг аргал, хомоолын утаагаар утаж сэхээхээс гадна хамарт нь аргал, хомоолын утаа үнэрлүүлж сэргээдэг. Энэ нь аргал, хомоолны утааны ариутгагч чанарыг ашиглан малын эрчим энергийг эрчимжүүлж, идэвхжүүлж буй хэрэг юм.
      
      139.Аливаа монгол хүн өвчин эмгэг болон зовлон зүдгүүртэй учирсан үедээ аргал, арц, гангын утааг үнэрлэн, биеэ утдаг нь өөрийн эрчим энергийг ариусгаж, нөхөж, сэргээж, идэвхжүүлж буй хэрэг.
      
      140.Аргалын утаа сайхан үнэртэй бөгөөд аргал асаж, утаа нь тархсан газраас муу эрчим энерги, муу бүхэн зайлан оддог байна.
      
      141.Шөнийн цагт газрын шороон давхаргаас муу эрчим, муу сүнс, муу хүч, муу бүхэн босож ирдэг байна. Тэд хамгийн муухай газраар явж, хамгийн муухай газар хоргодон үүрлэж, хамгийн муухай үнэрээр хооллон хүч авдаг аж. Эсрэгээр хамгийн сайхан газар болон гэрэл гэгээнээс дайжиж, хамгийн сайхан үнэр авахаараа хүчээ алддаг байна.
      
      142.Шөнийн цагт муу бүхэн босож, сэргэдгийг танин мэдсэн монголчууд эртнээс гэр орон, аяга таваг, дээл хувцас, малын хороо зэрэг бүхий л зүйлээ ямагт цэвэр ариун байлгахын сацуу өглөө босоод задгай тулгандаа аргалаар ил гал түлэхэд муу бүхэн гэр болон ойр хавиас дайжин оддог ажээ.
      
      143.Ийнхүү монголчууд эртнээс энергийн хар хүчнүүд болон энергийн сөрөг үйлчлэл, муу нөлөөнөөс ил гал, аргалын утааны тусламжтайгаар орон гэр, малын хороо болон өөрсдийгөө, бүхий л зүйлээ байнга хамгаалдаг чаддаг байжээ.
      
      
      
      Монгол хувцас
      
      144.Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн томоохон төлөөлөл нь хувцас бөгөөд хувцасны соёл юм. Монголчууд түүхийн урт удаан хугацаанд өөрийн түүх соёлыг бүтээх явцдаа үндэсний өвөрмөц хувцас, гоёлыг бий болгожээ.
      
      145.Монгол хувцас нь монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон, хүн ардын эрхэлдэг аж ахуйн онцлогт тохирсон байх нь мэдээж. Хамгийн гол нь монголчуудын тархи сэтгэхүйн онцлог, оюун ухааны цараа, мэдлэг боловсролын хүрээ, ёс хүндэтгэлийн илрэл, зан заншлын илэрхийлэл, соёлын хэмжүүр, шүтлэгийн байдал зэрэг монгол үндэстний оюун санааны хөгжлийн олон давтагдашгүй амжилтыг өөртөө нэгтгэн шингээсэн байдаг.   
      
      146.Монгол хувцас нь зохион бүтээлт, загвар төрх, өнгө будаг, ур хийц, утга учир гээд олон зүйлээрээ монгол гэртэй адил бас л төгс бөгөөд шилдэг шийдэлтэй шалгарсан хувцас юм.
      
      147.Монгол хувцасны оёо, залгаа бүхэн өөр өөрийн утга учиртай бөгөөд тэнд утга учиргүй нэг ч зүйдэл, зураас үгүй.
      
      148.Монгол хувцас нь ерөнхийдөө гутал, дээл, бүс, хантааз, ууж, малгай гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Энэ нь улирлын байдлаас хамаараад өөр өөр хэлбэртэй, хийцтэй, агуулгатай болж улам баяждаг.
      
      149.Монгол хувцас нь байгалиас шууд гаргаж авсан бүтээгдэхүүнээр хийдэг тул хүний биед эвтэй, чөлөөтэй, хөдөлгөөнд саадгүй, хөнгөн дулаан, биед наалдацтай, бүх биеийг нөмрөх боломжтой байдгаараа онцлог бөгөөд дулаан хадгалах ба солилцоход нэн тохиромжтой, ямар ч насны ямар ч хүн өмсөх бололцоотой, хүний бие цогцос, гадаад үзэмжийг өргөж, жавхаатай сайхан харагдуулдаг.
      
      150.Монгол хувцас нь монголчуудын аливаа зүйлийг олон талын нарийн, гүн мэдлэг дээр тулгуурлан олон талаас нь нарийн сайн бодож болгоож, донж маяг ба ур хийцийг нь тааруулж, нарийн мэдрэмж, арвич хямгач, хэмнэлттэй олон талтай байх зарчмуудыг нэг доор, нэг зүйл дээр цогцлоож чаддагийн баталгаа билээ.
      
      151.Монгол дээл нь бүтцийн хувьд өмнөөс үлээх жавраас хамгаалсан энгэр, гар даарахаас хамгаалсан урт ханцуй, бүс бүслэхэд халаасны үүрэг гүйцэтгэдэг өвөр, морь унахад зориулсан өргөн хормойтой. Монгол дээл нь ийнхүү олон бүтцийн нэгдлээр бүтдэг.
      
      152.Монгол дээл нь нэгэн нэгдмэл – бүхэл зүйл мэт зохион бүтээгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, монгол дээл нь битүү хувцас. Энэ чанар нь хүний биеийн бүхий л өө сэвийг дарж, бүхэлд нь төгс сайхан харагдуулдаг гоо сайхны төгс шийдэлтэй.
      
      153.Гутал бол тулах төрийн билэгдэл
      
      Дээл бол дэвжих төрийн билэгдэл
      Бүс бол бүтэх төрийн билэгдэл
      Малгай бол мандах төрийн билэгдэл
      Хүрэм бол хан төрийн билэгдэл
      Хантааз бол хаан төрийн билэгдэл
      Ууж бол ухаант төрийн билэгдэл.
      
      154.Монгол хувцас нь өөрийн орны байгаль, цаг уурын онцлогт тохирсон, хүний бие цогцсыг гадны нөлөө нөлөөллөөс маш сайн хамгаалдаг байхаас гадна хүний биеийн гоо сайхныг улам бүр тодотгож, улам бүр гоо сайхан, сүрлэг сайхан харагдуулдаг давуу талтай.
      
      155.Монгол хувцас нь олон талын шалгуурыг давж тэсэж үлдэж чадсан учир хийц бүтээц нь ч, хэв загвар нь ч олон мянган жилийн турш тогтвортой хадгалагдсаар ирсэн байдаг.
      
      156.Монгол хувцас нь зөвхөн хүний биеийг хаах, хамгаалах үүрэгтэй төдийгүй цаанаа бүрэн бүтэн байх, бүлээн дулаан харагдах, бүгээн зүгээн байх утгыг агуулахаас гадна бас босож тэнцэж, болж бүтэж, дэвжиж дээшилж, мандаж бадарч, ухаарч сэхээрч, гэгээрч гэрэлтэж, засаж төвшитгөж явах утга агуулга болон билэгдлийг давхар давхар агуулдаг. Тиймээс монгол хувцсыг бүтнээр нь бүрэн өмссөн хүн бүтэн сайхан харагдахаас гадна юугаар ч дутамгүй, юугаар ч доголдомгүй, тэгш дүүрэн харагдана.
      
      157.Монгол хувцсыг эсгэдэг монгол аргын нэг онцлог нь хэмжээ авах юм. Хүний биеийн хэмжээ тогтмол байдаг тул тухайн хүний төө биеийнхээ аль хэсэгт хэд багтдагаар хэмжээлдэг учир дээлний хэмжээ алдагддаггүй. Энэ нь монголчууд хүн судлал, хүний бие судлалын ямар өндөр түвшний эрдэм мэдлэг, ухааныг эзэмшсэн байсан нь харагдана.
      
      158.Бүс нь хүний биед хэд хэдэн төрлийн ач холбогдолтой: хүний биеийг чангалж, тэвхгэр жавхаатай харагдуулна, гэдэс хавиар таргалахаас сэргийлж, харвин суухаас хамгаална, хүний хэвлийн хөндийн эрхтнүүдийг доргилтоос хамгаалдаг бөгөөд ингэснээр бөөр сунах гэх мэт ямар нэг эрхтний суналтаас урьдчилан сэргийлдэг, нэг л агшвал дахиж тэлдэггүй бөөрний судсыг агшихаас хамгаалдаг бөгөөд ингэснээр монголчуудыг бөөрний элдэв өвчнөөс хамгаална, ууц нурууг даарч хөрөх, жиндэхээс хамгаална.
      
      159.Монгол гутлын ээтэн хоншоор хөрс шороог сэндийлж гэмтээдэггүйн зэрэгцээ эсгий ултай тул дулааныг хадгалж, чийгийг гутал руу нэвтрүүлдэггүй. Тэрчлэн хөл, гутал хоёрын үрэлтээс ялгарсан дулаан урд ээтгэр хоншоорт байрлах учир хөлийг дааруулдаггүй.
      
      160.Монгол хувцас нь хүний бие махбод болон эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, тааламжтай байх нөхцлийг бүрдүүлдэг. Мөн байгаль, цаг уурын нөхцөлд нэн зохицсон хөрс, шороо, агаар мандал, экологид учруулах хор хохиролгүй зэрэг олон давуу бөгөөд дэвшилт талтай.
      
      161.Монгол хувцас нь бас үндэсний онцлог, уламжлал, зан заншлыг нэвт шингээсэн, түүгээрээ соёлын томоохон өв цогцлол буюу дурсгал болдогт оршино. Монгол хувцас нь өөртөө монгол ардын урлалын бүх салбарыг нэгтгэсэн, сэтгэх, бодох, урлах бүтээхийн дээд түвшинд, дээд цогцлол болон бүтсэн үнэт өв юм.
      
      162.Монголчуудын чимэг зүүлт болгон хэрэглэдэг байсан зүйлс ч олон учир шалтгааныг өөртөө агуулдаг. Бөгж, бэлзэг, бугуйвчийг утга учиргүйгээр дуртай цагтаа гоёл чимэглэлийн зүйл болгон хэрэглэж байгаагүй.
      
      163.Аливаа хүн энергийг баруун гараараа авдаг, зүүн гараараа гаргадгийг монголчууд маш сайн танин мэджээ. Гаднаас авах энергийг түгжих тул бөгж, бугуйвчийг баруун гартаа хэзээ ч зүүдэггүй байжээ.
      
      164.Монголчууд бөгж, бугуйвчийг байнга зүүж хэрэглэдэггүй байжээ. Энерги, эрчим хүч багасах, зүүд зөн муудах, эд баялаг алдагдах, гарз хохирол учрах зэрэгт байдал аятай болтол хэсэг хугацаанд зүүж хэрэглэдэг байжээ.
      
      165.Зүүд зөн болон зөн билэг муудах, өгөгдлийг тогтоож чадалгүй алдах, аливаа эд зүйл алдагдах зэрэгт гарз хохирлын энергийг хаан бөгжилж зүүн гарын эрхий хуруунд бөгж зүүнэ.
      
      166.Аав ээж, ах дүү, хань ижил, үр хүүхэд, ураг төрлийн дотор хэн нэгний эрүүл мэнд муудах болон амь насны гарз ойртоход зүүн гарын долоовор хуруунд бөгж зүүж алдагдаж буй амь нас, эрүүл мэндийн энергийг хаана.
      
      167.Гэр бүл буюу хань ижилтэйгээ үл ойлголцож, санаа бодол нэгдэж чадахгүй үед зүүн гарын ядам хуруунд бөгж зүүж үл ойлголцохуйн энергийг хаана.
      
      168.Үхэл хагацал тохиолдоход зүүн гарын чигчий хуруунд бөгж зүүж өнчрөл хагацлын үндсийг хаахаас гадна аливаа муу совин татах, муу юм мэдрэгдэх, муу ёр татах зэрэгт бас бөгж зүүнэ.
      
      169.Өөрийн болон ойр дотны хүмүүсийн хэн нэгний бие өвдөх, үхэл хагацал тохиолдох, гарз хохирол учрах, бусадтай ойлголцохоо болих явдал зэрэг зэргээр давхцан тохиовол алдагдаж буй энергийг ерөнхийд нь хааж, тэнцвэржүүлэн тогтворжуулах зорилгоор зүүн гарын дунд хуруунд бөгж зүүнэ.
      
      170.Амьдралд тохиолдож буй үйл явдлуудын онцлогт тохируулан тухайн цаг мөчид нь бөгжийг зөвхөн зүүн гарт, зөвхөн зүүх хуруунд л зүүнэ. Байдал хэвийн болоход бөгжөө авна. Энерги хэтэрхий ихээр алдагдвал нэг хуруунд хоёр давхар бөгж зүүнэ.
      
      171.Бэлзэгний зориулалт бөгжнийхөөс арай өөр. Бөгжийг алдагдаж буй энергийг хааж бөгжлөх зориулалтаар хэрэглэдэг бол бэлзэгийг бэлэг дурсгал, дурсгалт явдал, гоёл гэдэг утгаар хэрэглэнэ. Тиймээс монголчууд бэлзэгийг зөвхөн зүүн гарын дунд болон ядам хуруунд зүүдэг ажээ.
      
      172.Бугуйвч нь мөн энергийг оруулж, хаах суваг болно. Энергийг алдахгүй байя гэвэл зүүн гартаа бугуйвч зүүнэ. Бариа, бариа засал, эмчилгээ, дом заслын үед гаднаас энерги авах ч үгүй, гадагшаа гаргах ч үгүй тохиолдолд хоёр гартаа бугуйвч зүүдэг байна.
      
      173.Монголчууд ээмэгний тухай маш нухацтай уламжлалт ойлголттой байсан. Монголчууд эмэгтэй хүүхдийн чихийг нөхөрт гартал нь цоолдоггүй байжээ. Гэрлэх үед нь чихийг нь цоолдог аж.
      
      174.Эмэгтэй хүний бэлгийн сэрлийн цэгүүд нь чихэнд, чихний гэдсэнд ихэвчлэн байдаг байна. Эмэгтэй хүүхдийг нас биенд хүрээгүй байхад нь чихийг нь цоолбол бэлгийн сэрлийн цэгүүд идэвхждэг байна. Ингэснээр охидууд айлын гэргий болохоосоо өмнө бэлгийн харьцаанд орох дур хүсэл нь ихэсч, тогтворгүй болдогийг мэддэг байсан монголчууд охин хүүхдээ гэрлэхэд нь чихийг нь цоолж өгдөг байжээ.
      
      175.Монгол гэр, монгол эдлэл хэрэглэл, монгол хувцас, монгол чимэг зүүлт зэрэг монгол ахуй амьдрал дахь аливаа зүйл нь монголчуудын маш өндөр түвшний олон талт мэдлэг ухаан, сэхээрэл гэгээрлийн үр дүн билээ.
      
      Монгол хоол хүнс
      
      176.Монголчуудын уламжлалт хоол хүнс нь сүү, сүүн бүтээгдэхүүн буюу цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн буюу улаан идээ, үр тариа, ногоо, жимс жимсгэнэ буюу ногоон идээ, цай, ундаан зүйлс гэсэн үндсэн дөрвөн төрөл юм.
      
      177.Таван хошуу мал сүргийг монголчууд оюун ухааныхаа чадамжаар маллаж, хариулж чадсанаар үндэсний уламжлалт хоол хүнсний иж бүрэн тогтолцоог бий болгожээ. Эл тогтолцоо нь монгол хүний бие махбодийн эд эрхтэн, тэдний үйл ажиллагаа ялангуяа, хоол шингээх эрхтэн системийн болон бодисын солилцооны онцлог, амьдарч буй экологийн уур амьсгал, улирлын байдалд гайхамшигтай зохицсон байдаг.
      
      178.Монгол үндэсний хоол унд нь монгол хүний бие махбодийн тамир тэнхээ, эрчим хүч, чалх, сэтгэн бодохуй, авхаалж самбаа, хурд хүчийг тэтгэх эх сурвалжийн нэг төдийгүй элдэв өвчнийг эсэргүүцэн сэргийлэх, анагааж эрүүлжүүлэх гайхамшигт увдистай.
      
      179.Хүн бол хоол тэжээлийн гинжин холбооны адагт байдаг учир тэр холбоосын аль ч цагирагт орсон хүн дээр хамаг хор буудаг. Иймээс хүнийг бүх асуудлын төв болгож дээдлэхдээ түүнийг байгаль хэмээх нэгэн их цогцсын нэгээхэн хэсэг нь гэдгийг ухаарах ёстой.
      
      180.Дэлхийн хүнсний байгууллагаас хамгийн шалгарсан хоол хүнсийг тогтооход 15000 жилийн шалгуурыг давсан ганцхан хоол хүнс байсан нь монголчуудын үндсэн хоол хүнс болох цагаан идээ шалгарчээ.
      
      181.15000 жилийн шалгуурыг давсан хоол хүнсээр тодорсон цагаан идээ нь монголчуудын оюуны чадвар, багтаамж, өргөн цар хүрээтэй сэтгэхүй, сэтгэлгээ, гүн гүнзгий мэдлэг, оновчтой арга технологи, үйлдвэрлэлээр бүтсэн бөгөөд энэ нь эргээд монголчууд гэр сууц, хувцас хунар, эдлэл хэрэглэл төдийгүй хоол хүнсээ ч яаж хүний биед зохистой, эрүүл мэндийг тэтгэн дэмжигч, энерги, эрчим хүчийг зөв чигт эргүүлж хуримтлуулах, хор нөлөөгүй байх гээд олон асуудлын цогц хариулт болгож шийдэж, шийдвэрлэж чадсан гэрч юм.
      
      182.Монгол хүний хоол хүнсний дээд нь буянт малын сүү, шим юм. Тэнгэр газар, хангай дэлхий, уул ус, тахил шүтээндээ монголчууд эн түрүүнд сүү, цагаан идээгээ өргөж, хамгийн хүндтэй зочиндоо ариун цагаан сэтгэлийн билэгдэл болгон цагаан сүүнийхээ дээжийг барьдаг заншил өнө эртнээс нааш уламжилж ирсэн. Тиймээс сүүг асгаж цутгахыг монголчууд ихэд цээрлэдэг.
      
      183.Сүү болон сүүн бүтээгдэхүүнийг монголчууд хүний шүдний бүтэцтэй ижил бүтэц найрлагатай учир хүний үндсэн хоол хүнс төдийгүй нар, сартай адил хүний амин эрчимээ нөхөх нэгэн хүчин зүйл хэмээн үеийн үед түүгээр зонхилон хооллож, эрүүл мэнд байх, урт наслахын уг сурвалжаа болгон хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж, тэдгээрийн алив өвчнөөс урьдчилан сэргийлэх болон анагаах шид увдисыг танин мэдэж, баялаг туршлага хуримтлуулсан байдаг.
      
      184.Сүү, сүүн идээ буюу цагаан идээ нь гэгээрлийн идээ, гэгээрлийн хүнс болой.
      
      185.Монголчуудын байнгын хоол хүнс болсон сүү, сүүн идээ нь хүний бие, эд эс, эрхтэн болоод эрчим энергийг цэвэрлэх, цайруулж цагааруулахын хамт хүний бие цогцсыг сэргээх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эмчилж анагаах шид увидастай.
      
      186.Ухаант хүн үүсэхэд гал, мах, хөдөлмөр гурав шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг олон орны эрдэмтэд судалгаа, шинжилгээнийхээ ажлаар тогтоосон. Мах идсэнээр хүн уургийн хэрэгцээгээ хангана. Янз бүрийн жимс, ногооноос биеийн уургийн ерөнхий хэрэглээг хангах ч уураг тархийг уургаар хангаж чаддаггүй болохыг Японы эрдэмтэдийн судалгаа тогтоосон.
      
      187.Хүний гавлын ясан доторх уураг тархи нь өөрөө тэр чигтээ уураг бөгөөд тэрээр махнаас авах уургаар тэжээгддэг, тэтгэгддэг байна. Тиймээс мах нь ухаант хүн үүсэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.
      
      188.Хүний уураг тархи бол мах, цусан бүтцийн хамгийн энгийн бөгөөд агуу, хамгийн нэгдмэл бөгөөд нууцлагдмал бүтэц. Уураг тархи бол мах ч биш, өөх ч биш, яс ч биш, булчирхай ч биш, булчин ч биш, судас ч биш, шөрмөс ч биш. Гэвч тэдгээрийн бүгдийнх нь амин чанарыг өөртөө нэгтгэн агуулна.
      
      
      189.Монголчууд махыг ямар цаг үед, ямар орчин нөхцөлд, ямар хэмжээ тунгаар, хэрхэн зөв зохистой хэрэглэх мэдлэг ухааныг тэртээ олон арван мянган жилийн өмнө олж авчээ.   
      
      190.Зөв зохистой хэрэглээ гэдэг бол огт хэрэглэхгүй байна гэсэн үг биш. Тэр бол туйлшрал. Зөв зохистой хэрэглээ гэдэг бол хэзээ, хаана, хэрхэн хэрэглэхээ мэднэ гэсэн үг.
      
      191.Монголчууд шиг төв Азийн өндөрлөг цээжинд оршдог, хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай газар амьдардаг хүмүүс мах идэхгүй байна гэдэг байгалийн болон нийгмийн, эдийн засгийн аливаа шалгуурыг давах дархлаагаа сулруулж, тэсэж магад гарах чадвараа алдах үндсэн нөхцөл болно.
      
      192.Монголчууд 11 сарын 20 – ны үед өвөлжөөндөө буугаад өвлийн идшээ бэлтгэнэ. Түүнийгээ хавар 3 сарын 20 – ны үе хүртэл идэж дуусгана. Мах дуусах үед мал төллөж сүү сааль, цагаан идээ гарч эхэлнэ. Энэ үеэс идээ цагаагаар хооллоно. Борцоо хааяа хааяахан иднэ. Зургаан сараас эхлэн өвөлжөөнд буутал зөвхөн сүү цагаан идээгээр хооллоно.
      
      193.Монголчууд өвлийн эхэнд идшээ хийж мах идэж эхэлнэ. Хаврын эхэнд мах дуусна. Хавраас өвөл эхэлтэл сүү, цагаан идээгээр хооллоно. Зундаа хаа нэгхэн борцтой хоол хийж идэх юмуу хүндтэй зочин гийчин ирэхэд хорхог хийнэ.
      
      194.Ийнхүү монголчууд зөвхөн өвөл болон хаврын эхэнд мах иддэг байж. Бусад цагт сүү, сүүн идээгээр хооллодог байжээ.
      
      195.Монголчуудыг ногоон хүнс бараг хэрэглэдэггүй гэж боддог. Монголчууд ногоон хүнсийг малаараа дамжуулан боловсруулж хэрэглэдэг.
      
      196.Мал бол амьд боловсруулах үйлдвэр. Монгол мал бэлчээрээс 1000 – аад өвс, ургамал иднэ. Түүнийгээ өөрийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоогоор дамжуулж боловсруулаад хортой хэрэггүйг нь ялгаруулд, шим тэжээлт сайныг нь мах, сүүндээ шингээнэ.
      
      197.Монголчууд малынхаа мах, сүүг хэрэглэх үедээ түүнтэй хамт малын бэлчээрээс идсэн өвс, ургамлын шим тэжээлийг хэрэглэдэг.
      
      198.Монгол идээ ундаа нь хоол хүнсний үүрэг гүйцэтгэхээс гадна эм, эмчилгээ болтлоо хөгжсөн. Тийм учраас 1870 – аад он хүртэл Монгол эмнэлэггүй дэлхийн цорын ганц улс байсан. Энэ бол монголчуудын хоцрогдол биш, харин хөгжлийг илтгэнэ.
      
      199.Монголчуудын хувьд хоол хүнс бол зөвхөн гэдэс цатгах зүйл биш, харин эм, эмчилгээ, сувилгаа байжээ. Энэ нь монголчуудын агуу мөртөө энгийн байх, арвич хямгач хэмнэлттэй байх, эрдэм мэдлэг хийгээд амьдрал практикийг зөв хослуулах зэрэг олон талт чадварууд цогцолсны баталгаа юм.
      
      Монгол гэр бүл
      
      200.Өрх бүл гэдэг бол ганц айл. Нэгэн эцэг эхээс төрсөн ах дүүсийн өрх бүлүүд нийлээд гэр бүл болно.
      
      201.Гэр бүл нь өөрийн гэсэн материаллаг болон оюунлаг үйл ажиллагаатай, зорилго чиглэл, хайр халамжтай, өөрийн гэсэн дотоод зөрчил тэмцэл, эвлэрэл нэгдэлтэй, өөрийн гэсэн удирдлага, урамшуулал, хяналт шалгалт, шийтгэлтэй нийгмийн хамгийн жижиг бүтэц юм.
      
      202.Гэр бүл нь эр эмийн харьцаагаар цогц болсон, эцэг эх болон үр хүүхдийг багтаасан гэр төрлийн хоорондох харилцааны нийгмийн зохион байгуулалтын хэлбэр юм. Эр, эмийн харьцааг бэхжүүлэх, үр хүүхэд төрүүлэн хүмүүжүүлэх, настныг асран тэжээх явдал бол гэр бүлийн үндсэн чанар юм.
      
      203.Гэр бүл нь хүн төрөлхтний нөхөн үржихүйн ухамсартай дээд хэв маяг төдийгүй удам угсаа, удамшил, уламжлалыг цэвэр ариун авч явах тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний оршихуйг цэвэр ариун сахин хамгаалах тогтолцоо юм.
      
      204.Монгол гэр хоёр баганатай. Баруун багана нь эр хүнийг төлөөлдөг бөгөөд түүнийг хаан багана гэдэг. Зүүн багана нь эм хүнийг төлөөлдөг бөгөөд түүнийг хатан багана гэнэ.
      
      205.Монгол гэр бүлийг эр, эм буюу эхнэр, нөхөр хоёр хослон авч явна. Эр, эм хоёр хичнээн сайн хосолж өрх гэрийг үүсгэж чадлаа ч үр хүүхэдгүй бол амьдрал утгаа алдана. Тиймээс монголчуудын гурвалын онолоор гэр бүлийн гуравдагч бүтэц нь үр хүүхэд юм.
      
      206.Эртнээс нааш монголчууд ялангуяа, монгол эрчүүд ээжийгээ болон эхнэрийгээ асар их хүндэлж дээдэлдэг байсан нь цаанаа учиртай байжээ. Монгол эмэгтэйчүүд маш ухаантай байсан учир гэр бүлийн ч, улс орны ч нэгэн тулгуур багана болдог байв.
      
      207.Гэр бүл нь үр хүүхэд төрүүлж өсгөх, сургаж хүмүүжүүлэх нийгмийн нэгж мөн. Гэр бүл бол хүүхдийн өсч бойжих, хүмүүжих гол орчин, ахуй юм. Хүүхэд эрүүл мэнд бойжих, сайн сурч боловсрох хийгээд үзэл санаа, зан суртахууны төлөвшил нь гэрийн хүмүүжилтэй шууд холбоотой. Тиймээс үр хүүхдээ өсгөн бойжуулах, сурган хүмүүжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх нь гэрийн хүмүүжлийн чухал үндэс суурь юм.
      
      208.Монголчууд сурч мэдэж, хөгжиж боловсорч, илүү давуу талууд нь төрж, тодорч, ил болсон хэмжээгээр хүүхдэдээ 3 удаа нэр өгдөг байжээ. Эхний удаад хүүхдийг эхээс салах буюу мэндлэх үед нэр өгнө. Дараа нь хүүхдийг төрөх үед нэр өгнө. Эцэст нь хүүхдийг тодрох үед нэр өгнө.
      
      209.Хүүхэд эхээс салах буюу мэндлэх мөчид тэр хүүхдийн ямар зан чанартай, ямар авир араншинтай, оюун сэтгэхүйн ямар хөгжилтэй, ямар авъяас чадвартай гэх зэрэг нь илэрч мэдэгддэггүй. Энэ тохиолдолд хүүхдийнхээ бие цогцсыг харж байгаад түүнийх нь онцлогоор нэр хайрладаг байжээ. Үүнийг мэндэлсэн нэр гэдэг.
      
      210.Амьдралын явцад хүүхэд өсөж бойжиж, ухаарч сэхээрэхийн зэрэгцээ элдэв зовлон бэрхшээл туулах бөгөөд тэр явцад хүүхдийн дотоодоос ухаантай, зоригтой, няцашгүй, үнэнч гэх мэт олон амин чанарууд нь шинэ шинээр төрж гарч ирдэг. Энэ үед тэрхүү амин чанарт нь тохирсон нэр хайрлана. Түүнийг төрсөн нэр гэнэ.
      
      211.Амьдрал, үйл хэрэгт суралцан туршлагажиж, ухаажин хэрсүүжихийн хэрээр тухайн хүнээс өөр хүмүүст төдийлөн элбэг байдаггүй ховор нандин чанарууд товойн, тодрон гарч ирдэг. Энэ үед тэрхүү амин чанарт нь таарсан алдрыг хайрлана. Түүнийг тодорсон нэр гэдэг.
      
      212.Чингис хааны мэндэлсэн нэр нь Нүдэн, төрсөн нэр нь Тэмүчин, тодорсон нэр нь Чингис байжээ.
      
      213.Эр гэдэг нь удамшил, эм гэдэг нь уламжлал гэсэн утга. Удамшил ба уламжлалын харилцан шүтэлцээнд монголчууд хүнийг хүн болгож, хүнээр хүн хийж байжээ.
      
      214.Эцгийн цагаан дуслаар эцэг болоод эцгийн удмын бүх сайн, муу мэдээ, мэдээлэл хүүхдийн мах, цус, ясанд болон генд дамжина. Эхийн улаан дуслаар эх болоод эхийн удмын бүх сайн муу мэдээ, мэдээлэл хүүхдийн мах, цус, яс болон генд дамжина.
      
      215.Эцгийн цагаан дусал, эхийн улаан дуслаар хүүхдийн мах, цус, яс болон генд дамжиж байгаа бүх мэдээ, мэдээллийг удамшил гэнэ. Үүнд эцгийн үүрэг давамгайлдаг. Эцэг эхийн хүүхдийнхээ тархи, зүрхэнд зааж сургаж, мэдүүлж таниулж, дамжуулж өвлүүлж өгч байгаа бүхэн уламжлал. Үүнд эхийн үүрэг давамгайлна.
      
      216.Эцэг эх хоёр үр хүүхдийнхээ дотроос нь удамшил, гаднаас нь уламжлалыг өвлүүлснээр удам бий болно. Удамшил, уламжлалын нэгдэл бол удам болой.
      
      217.“Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэсэн монгол ардын ухаант үг бий. Эцэг нь ямар байна хүү нь яг тийм байна, эх нь ямар байна охин нь яг тийм байна гэсэн үг.
      
      218.Эцэг эхийн аливаа үг яриа, үйл хөдлөл, зан ааш, мэдлэг чадвар, арга ухаан, алдаа оноо бүгд хүүхдийн нүдэн дээр ил байдаг тул монголчууд үр хүүхдэдээ буруу нөлөө үзүүлэлгүй зөв хүмүүжүүлэхийн тулд хүүхдэд өөрийн биеэр дандаа зөв үлгэр дууриалал үзүүлэхийг эрхэмлэдэг байв. Өөрийн биеэр, өөрийн үйлдлээр зөв үлгэрлэх нь хүүхдийн хүмүүжилд хамгийн хүчтэй нөлөөлөх, хамгийн шилдэг арга байжээ.
      
      219.Гадаах ажлыг эр нь мэднэ
      Гарах, орохыг эм нь мэднэ
      Саадаг нумыг эр нь мэднэ
      Сааль савыг эм нь мэднэ
      Аян жинг аав нь мэднэ
      Ааль аашийг ээж нь мэднэ
      Ардаг догшныг аав нь мэднэ
      Авах гээхийг ээж нь мэднэ.
      
      220.Эр төвшин бол эм төвшин
      Эм төвшин бол гэр төвшин
      Гэр төвшин бол төр төвшин.
      
      221.Эрийн бузар эмд
      Эмийн бузар үрд
      Үрийн бузар удамд.
      
      222.Идэх хоолтой гэрт хүүхэд сөөм өсдөг
      Инээд баясалтай гэрт хүүхэд төө өсдөг
      Итгэл найдвартай гэрт хүүхэд тохой өсдөг
      Эрдэм номтой гэрт хүүхэд алд өсдөг.
      
      223.Өсөх насандаа хүн ээж аавыгаа боддог
      Идэр насандаа хүн дурлалт хүнээ боддог
      Өтөл насандаа хүн үр хүүхдээ боддог.
      224.Хүүхэд таван нас хүртлээ гэгээнтэн байдаг
      Арван хоёр нас хүртлээ суутан байдаг
      Арван гурван наснаас жирийн л газрын хүн болдог.
      
      225.Монгол гэрт өрхийн тэргүүн эр хүний суудал нь зүүн хойд зүг байдаг. Монголчууд хойд зүгийг хар муу зүйл ирдэг “хар зүг” гэж үздэг. Гэрийн эзэн гэрийнхээ зүүн хойд зүгийг авч гэр орноо болон гэр бүлээ хар муу бүхнээс хааж, хамгаалж сууна.
      
      226.Монголчууд зүүн зүгийг наран ургах буюу “хөх зүг” гэж нэрлэдэг. Хөх зүгээс ирэх нарны элч энерги, гэрэл гэгээ, дулаан нь эмэгтэй хүнээр дамжиж, гал голомтонд шингэнэ. Ийнхүү монгол эмэгтэй нь гал голомтоороо дамжуулан гэр орон болон гэр бүлээ ариусган хамгаалж суудаг аж. Тийм учраас монгол эзэгтэй гал манах суудлаар суудаг ажээ.
      
      227.Монголчууд баруун зүгийг “цагаан зүг” гэж нэрлэдэг. Баруун зүгээс дандаа сайн сайхан эрчим энерги ирдэг тул монгол гэрийн баруун хэсэгт хүүхдүүд болон зочид гийчдийг суулгана.
      
      228.Монголчуудын үзлээр урд зүг нь “улаан зүг” байдаг. Улаан бол харын хар. Тиймээс улаан бүхнийг хааж цагаан эсгийгээр үүд, хаалга хийдэг байна.
      
      229.Монгол гэр болон монгол гэр доторх зүг чиг, байр суудал болгон утгатай. Монгол гэр бүлийн гишүүн бүр хоорондоо ил ба далд ямар нэгэн маш нарийн учир зүйгээр нягт холбогдсон байдаг. Тэр бүх учир зүйг нэвтэрхий мэддэг, ухаарч ойлгосон байсанд монголчуудын гэгээрэл бас нэгэн утгаараа оршино.
      
      Монгол боловсрол
      
      230.Боловсрол гэдгийг олон талын мэдлэг, чадвар төдийхнөөр ойлгож ухаарч ирсэн. Тэр бол оюуны боловсрол. Монголчууд боловсролыг орон зайндаа эзэгнэх ур чадвар гэж эртнээс ойлгож ухаарч, тодорхойлж, томъёолж иржээ.
      
      231.Хатуу, шингэн, хий гэсэн гурван зүйлийн хамаг бодис нь нар, сар, сүү гурваас эрчим дулаан аваад, түүнийг шингээснийхээ хэмжээ, чанараар орчноо эзэгнэдэг жамтай.
      
      232.Алив амьтан орчноо эзэгнэвээс эзэгнэл нь боловсрол аж. Тугал цадаж янцаглаж, өлсөж мөргөлдөх мөрд гүн болвоос боловсрол нь үхэр бөгөөд тэрээр бэлчээрт эзэгнэнэ. Бэлтрэг амьтан барих мөрд гүн болвоос боловсрол нь чоно бөгөөд тэрээр хөвч хангайд эзэгнэнэ. Авгалдай цус шүүсийг сорж үржих мөрд гүн болвоос боловсрол нь ялаа бөгөөд тэрээр өвс, чийг, цусанд эзэгнэнэ. Мал, араатан, авгалдай гэх эдгээр амин эхт аль ч амьтанд орчноо эзэгнэх мөргүн боловсрол байдаг ажгуу.
      
      233.Ямар ч угсаатан, үндэстэн, ястанд амь, амь зуулга, амьдрал гурвыг хоол, хор, тархи гурваар эзэгнэдэг таван түвшний боловсрол байдаг. Тэдгээрийг монголчууд өөрсдийн түүхэн хөгжлийн урт удаан хугацааны явцад амьдралаас эзэмшиж, хойч үедээ уламжлуулсаар иржээ.
      
      234.Монгол боловсролын хамгийн эхний түвшин бол өтүгэ боловсрол. Өтүгэ боловсрол нь буган бичигт ардын хамтын эзэрхэл билээ. Хүмүүс өөр өөрийн сэтгэхүйтэй ч тэр нь ний тархи буюу нэгдмэл тархинд захирагдахгүй аваас зургаан толгойтой, нэг биетэй могой мэт хүчгүйдэнэ. Энэхүү аюулыг монголчууд буган бичгийн соёлын үед буюу одоогоос арван түмэн жилийн өмнөөс ойлгож сэхээрч, ний тархины боловсрол буюу ний тархинд удирдуулах, захирагдах боловсролыг хүн бүрт эзэмшүүлж эхэлжээ.
      
      235.Өтүгэ боловсрол нь дөрвөн түмэн жилийн өмнө жинхэнэ утгаараа хэрэгжжээ. Өтүгэ боловсролын ачаар сүргээрээ амьдарч байсан хүмүүс гэр бүл, овог омгийн зохион байгуулалтанд шилжсэн ажээ.
      
      236.Мянган сэтгэхүйт ний тархины өтүгэ боловсролын ачаар хүмүүс зургаан толгойтой нэг биетэй могой биш, харин нэг толгойтой зургаан биетэй могой мэт эвсэж найрамдан ухамсартайгаар гэр бүл, овог омог болон амьдарчээ.
      
      237.Гэвч өтүгэ боловсролд дутагдалтай тал байв. Өрх бүл, овог омгоороо тус тусдаа орших нь мянган сэтгэхүйт ний тархийг улам хөгжиж, хүчирхэгжихэд учир дутагдалтайг олж мэдээд отог болж нэгдэж, амьдралын орон зайг эзэгнэснээр кижи боловсрол, кижи боловсролтон бий болжээ.   
      
      238.Өрх бүл, овог омгууд нэгдэж отог үүссэн. Отог бол ойролцоогоор мянган өрх, түмэн хүнийг нэгтгэсэн зохион байгуулалт.
      
      239.Мэдэж байгаа бүгдийгээ отогоороо хариуцаж, булаацалдахуйг жаягаар хааж, мэдэхгүйгээ нар, сар, долоон өвгүн одонд харъяалан ухаарч, хорлохгүйг жаяглаж, болохын хилд нэгэн толгойт зургаан биет могой сүлдийг тайлж тахин соёрхож, болохгүйн хилд орохдоо хазаартай морин сүлдийг жаяглаж тайлж тахин соёрхож, хаяа харагдвал хариуцаж, хамар үзэгдвэл тохиролцдог кижи боловсролыг олжээ.
      
      240.Буруу бүхнийг хуульчлан хориглож, сайн сайхан бүхнээ хамтаараа хариуцаж, удирдах удирдуулах ёс хийгээд захирах захирагдах ёсыг тогтоож, эвтэй нэгдлийг эрхэмлэж, мэдэхгүй чадахгүйдээ болгоомж сэрэмжтэй байж, байгаа бүхнээ хариуцаж, байгаа бүхэнтэй эвсэн зохицдог болсон нь кижи боловсрол болой.
      
      241.Хүн бүхнийг отгийн захиргаанд захирагдаж, удирдуулдаг болгож, бусадтай эв зүйгээ хичээн, эв эеэ ололцон, харилцан зохицож хамтран оршин амьдрахын зэрэгцээ харагдсан бүхнээ хариуцдаг хариуцлагыг хүн бүхэнд эзэмшүүлснээр хувиа бодож амиа хичээх явдлыг таслан зогсоож, хүн бүхнийг ухаант хүн болохынх нь хувьд бусдыг хамаарагч агуу хүчин болгох чиглэлд хөгжүүлж боловсруулсан нь кижи боловсрол болой.
      
      242.Орон зайнд үржихийн хүрдээр эзэн эрхт бологч, дэлхийчлэн гэгээрүүлэгч күэн боловсрол.
      
      243.Хаяа харагдвал хариуцсанаар хар буруу бодол үүсэх байсан толгой нь ариусаж, бөө гэгээн тархийг олж, тэнгэрийг олж, амь зуулгаас оршин амьдрахуй руу өтүгэ, кижи боловсролоор тэмүүлсэн бөгөөд тэр нь үржихүйн хүрдээр олны дунд тархан дэлгэрч, булаацалдахгүйн тулд мэдэж байгаагаа хамтаар хариуцахыг амьдралаараа таньж ойлгож, мэдэхгүйгээр оролдох нь сохроор мал зүслүүлэхээс дор болохыг гарзнаасаа ухаарч, мэдвэл зохихуй үгүй болвоос мунхаглал руу явдагийг гай гэмээсээ мэдэрч, болохын хилд хоригдвоос оршихуйн боломж нь барагддагийг ган зудаас тайлж, болохгүйн хилд туранхай тугал шиг мэдлэгээр орвол амьд ирэхгүйг зуурдаас сэхээрч, ойлгон ухаарч, мэдэрч, таньж, тайлж, сэхээрч өргөнөөс өргөн гүнээс гүнд бат нэвчиж, өнөр отгийн хамтын хариуцлагын орон зайг байгуулснаар күэн боловсролтон төрмү.
      
      244.Күэн боловсролын амин чанар нь хамтын хариуцлага. Хамтын харицлага нь отгийн бүх зүйлээ бүгдээрээ хамтдаа хариуцана гэсэн үг.
      
      245.Хамтдаа байна гэдэг бол бие, сэтгэл, оюун, ухаан, эрдэм мэдлэг, арга туршлага, санаа бодол гэх мэт бүх зүйлээрээ маш гүн нэгдэн нийлэхийг хэлнэ.
      
      246.Баавгайг хэн ч хариуцдаггүй учир баавгай хэнд ч үнэгүй
      
      Аалзыг хэн ч хариуцдаггүй учир аалз хэнд ч үнэгүй
      Хонь хургыг хариуцдаггүй учир хонинд хурга үнэгүй
      Хургыг хүн хариуцдаг учир хүнд хурга үнэтэй
      Нэг хүн хариуцвал нэг үнэ цэнэ
      Зуун хүн хариуцвал зуун үнэ цэнэ
      Үнэтэй байлгая гэвэл олноороо хариуц
      Үхүүлэе гэвэл бүү хариуц.
      
      247. Хүний үнэ цэнэ гэдэг бол өрх бүл, отог бүл, айл бүл, улс бүлд хариуцагдах ёстой. Энэ бол хүний үнэ цэнэ.
      248.Зөвхөн хүн ч биш, отог бүлд байгаа бүхнийг хамтаараа хариуцаж байж үнэтэй болно. Отог бүлээ ч хамтаараа хариуцах ёстой. Хариуцахгүй аваас отог бүл ч, өрх бүл ч, хүн ч бүгд үнэгүйдэнэ, үхнэ, мөхнө. Иймд үхэл, мөхөлгүй оршин амьдрахын тул бүгдээр хамтын хариуцахуйд суралцан боловсорно. Энэ бол күэн боловсрол.
      
      249.Күэн боловсрол буюу хамтын хариуцлага, хамтын шаардлагын үндсэн дээр монголчууд аливаа хүнийг нийтээр дагаж мөрддөг хэм хэмжээнд сургаж нийхэмшүүлснээр ир буюу тэсэж магад гарах чадвар нь гүн болсон иргүнийг хөгжүүлдэг байжээ.
      
      250.Өтүгэ, кижи, күэн боловсрол нь хүнийг ний тархинд захирагдаж, удирдуулж сургахын зэрэгцээ нийтээр баримтлах хэм хэмжээ буюу нийгмийн шаардлагыг мөрдөж хэрэгжүүлж, бусадтай эвсэн зохицож, хамтран эв эетэй, мэдлэг чадвартай, анхаарал халамжтай, хариуцлагатай амьдарч сургахыг зорилго болгосон.
      
      251.Хан боловсрол нь айл бүлийг хэрхэн үүсгэн байгуулах, хөгжүүлэн дэвшүүлэхэд зориулагдсан төр барих, төр удирдахад зориулагдсан анхан шатны боловсрол юм. Гэхдээ хан боловсрол нь иргүнийг төлөвшүүлэгч өмнөх гурван боловсрол дээр үндэслэдэг онцлогтой.
      
      252.Отог бүлүүд нэгдэж айл үүснэ. Ойролцоогоор нэг түмэн өрхтэй, арван түмэн хүнтэй зохион байгуулалтын бүтэц бол айл. Айл нь өөртөө таван тусгаар тогтнолтой бие даасан бүтэц болой.
      
      253.Улс гэрийг үүсгэн байгуулж, удирдан жолооддог төрийн гурван онол буй. Улсыг байгуулдаг гэрийн онол, улсын ахуйг бүрдүүлдэг уялгын онол, улсыг хөгжүүлдэг моны онол болой.
      
      254.Төрийн гурван онолыг эзэмшиж, хэрэгжүүлэх нь хан боловсрол болой.
      
      255.Хаан боловсрол нь өмнөх дөрвөн боловсрол дээрээ үндэслэх бөгөөд тэрээр мөн л улс гэрийг хэрхэн удирдан жолоодох, таван тусгаар тогтнолыг хэрхэн баталгаажуулах, гадаад ба дотоод аюулаас хэрхэн хамгаалах гэх мэт улс гэрийн аюулгүй, тогтвортой байх, хөгжин дэвших нөхцлийг хангахтай холбоотой эзэмшдэг боловсрол юм.
      
      256.Хаан боловсролын хүрээнд гэрийн онол, уялгын онол, моны онолоос гадна хаан 35 эрдэм, улсаа өмөөрөн босоо орших 9 ухаан, 8 оюун, 12 зөн болон хаан 73 суу ухааныг эзэмшинэ.
      
      257.Монголчуудын хувьд улсын хаан бол нэгэн хүчирхэг хүн биш юм. Хаан бол хаан боловсролыг эзэмшсэн хүн байна. Өөрөөр хэлбэл, хаан эрдэм, хаан ухаан, хаан оюун, хаан зөн, хаан суу ухааныг бүрэн, сайн эзэмшсэн хүн байдаг. Улсыг захиран удирдах, авч явах мэдлэг ухаан, арга туршлага, боловсрол гэгээрэл нь цогцолсон хүн хаан болно.
      
      258.Монголчуудын хувьд боловсрол нь аливаа хүний нийхэмтэй хэрхэн зохицон зохилдож, эв эетэй, эзэн эрхийн орон зайтай, үүрэгтэй хариуцлагатай, үнэтэй цэнэтэйгээр орон зайгаа эзэгнэн оршиж амьдрах ур дүй юм.
      
      259.Чоно уул талаа эзэгнэж, чадсанаар хоолоо олж иднэ. Энэ бол чонын хувьд боловсрол. Ажлын байран дээрээ орон зайгаа эзэгнэж чадаж байгаа нь чанартай бүтээл гаргана. Энэ бол тухайн мэргэжилтний боловсрол. Нийгэм, гэр бүл, ажлын газар, хамт олон, орчин ахуй гэх мэт өөрийнхөө байгаа орон зайг эзэгнэж байгаа нь тэр хүний боловсрол болно. Тиймээс монголчууд боловсролыг цогц байдлаар түгээж, цогцоор нь өвлүүлж уламжлуулж иржээ.
      
      
      Монгол эрдэм ухаан
      
      260.Чадвартай хүн юм бүхнийг өөрийн биеэс гуйна
      
      Мунхаг хүн цөмийг хүнээс гуйна.
      
      
      261.Сураад барагдашгүй эрдмийн далай
      Судлаад барагдашгүй бодисын далай.
      
      262.Эрдэнэ ховор боловч олж болдог
      Эрдэм гүн боловч сурч болдог.
      
      263.Жаргалыг хүсвэл эрдмийг ухаар
      Эрдмийг хүсвэл жаргалыг ухаар.
      
      264.Хичээсэн хүн сурна
      Залхуурсан хүн турна.
      
      265.Номын ёсыг мэдвэл номхон төлөв болдог
      Төрийг ёсыг мэдвэл төлөв төвшин болдог.
      
      266.Ухаан эрдэм сурахгүй бол
      Удахдаа мал шиг тэнэг болно.
      
      267.Үр дагавал ухаантай болдог
      Үлгэр дагавал цэцэн болдог.
      
      268.Ахмадаас айх цэцний тэмдэг
      Айхгүй байх тэнэгийн тэмдэг.
      
      269.Дотроо нинжин сэтгэлгүй бол
      Тоолшгүй эрдэмтэй боловч тусгүй.
      
      Монгол сурган хүмүүжил
      
      270.Эрхэм ёсон бол засахуй юм
      Хууль ёсон бол засаглахуй юм.
      
      271.Ном, номхон хоёрын аль алиныг нь сур
      Номы нь сурахгүй бол номхоныг нь сур.
      
      272.Уруудах хүний унтаж, идэх их
      Өөдлөх хүний сэрж, санах их.
      
      273.Төрийн ёсыг сахиж явбал
      Хүндэт их нэртэй болдог
      Төв журмыг дагаж явбал
      Түмэн зүйлийг мэдэж болдог.
      
      274.Хашийг эс засвал сав болохгүй
      Хүнийг эс засвал эрдэм сурахгүй.
      
      
      275.Ухаантай хүн үгээрээ сургадаг
      Ууртай хүн нударгаараа сургадаг.
      
      276.Үгээр нь үнэлэхээр
      Үйлээр нь үнэл.
      
      277.Ороо морийг уургаар барьдаг шиг
      Ууртай хүнийг аргаар сургадаг.
      
      Монгол танин мэдэхүй
      
      278.Тоос, чийг, хий, дэнс бол газар, огторгуйн төбэ бодис
      Урт, өргөн, өндөр бол газар, огторгуйн сүлжээ.
      
      279.Үүсэх, орших, шилжих газарт амьтай
      Өнгөрсөн, одоо, ирээдүй газарт дэнстэй
      Гүн, мандал, хаяа газарт хэмжээтэй.
      
      280.Хатуу шингэн хийд нүүх
      Нүүдлийн жам тоос, чийг, хийд буй.
      
      281.Ургахуйн үндэс газарт
      Ургахуйн иш, цоморлиг нь огторгуйд байдаг
      Ургуулахын сүнс огторгуйд
      Ургуулахын эзэн нь газарт оршдог.
      
      282.Агаар, тоос, чийг гурваас амь үүссэн байдаг
      Амьсгалж өсөж, үржиж, үхэж байвал амьтан болдог
      Орчлонгийн амин чанарыг онож үйлдвээс амьдрал болдог
      Амьдрахын тулд агаар, газар, ус гурвыг хариуцах хэрэгтэй
      Цаг уур, орон зайд ээлтэй зохицохыг амьдрал гэмү.
      
      283.Хөрс, ус, агаар гурав газарт амь үүсгэнэ
      Өвс, ус, агаар гурав амьтанд нас өгнө
      Сүү, мэдлэг, их засаг гурав хүнд амьдрал өгнө.
      
      284.Гурваар бүтнэ
      Дөрвөөр амилна
      Таваар цогцолно
      Зургаагаар төгс болно
      Долоогоор тэнгэрт цойлно.
      
      285.Аливаа хүн оршихуйн таван хүрдэнд амьдарму
      Нарнаас удамшил зөв хүчин аваад амин хүрдэндээ хурааж
      Сарнаас удамшил зөв хүчин аваад үржихүйн хүрдэндээ хурааж
      Мэдлэгээс удамшил зөв хүчин аваад гавлын хүрдэндээ хурааж
      Их засгаас удамшил зөв хүчин аваад мон амин чанарыг олно.
      
      286.Газарт амь орших амин хүчин нарнаас эхтэй
      Огторгуйд амьтан оршихуйн амин хүчин сарнаас эхтэй
      Үржиж өсөхүйн амин хүчин сүүгээр дамждаг
      Амьдрахын амин хүчин мэдвэл зохихуйгаар олгогддог
      Амьдралын амин хүчин их засгаар хадгалагдана.
      
      287.Амь зуулгыг хороор эзэгнэнэ
      Амьжиргааг хоолоор эзэгнэнэ
      Амьдралыг тархиар эзэгнэнэ.
      288.Тоос, чийг, хий, дэнс
      Хорвоогийн уг
      Хорвоо амьдралын уг
      Хөх нуруутууд хүмүүний уг.
      
      289.Цусыг үүсгэгч эрхтэн нь элэг
      Дамжуулагч эрхтэн нь тархи
      Татагч эрхтэн нь цус
      Түлхэгч эрхтэн нь зүрх.
      
      290.Газар огторгуйгаас удамшил зөв хүчин авахад
      Ганцхан сүү л амин хүчин болдог хоол билээ
      Мал өсгөж, өвс ургуулахыг хүсүүлдэг сүү
      Байгалийн бодит ба бодит бус хүчээр арвиждаг
      Мянган хүнсний эх булаг болдог удамшил зөв хоол билээ.
      
      291.Хаан байвч харцаас тасарвал хүчгэнэ
      Хатан байвч шивэгчнээс холдвол зарц
      Ноён гээд номхоныг дарлаваас тэнэг
      Ноомой гээд мэргэнийг дуурайж чадахгүй нохой мэт болбоос шалз
      Билэгтэн байвч мэргэнийг билгээр эс дуурайваас үхэр.
      
      292.Би байвч чи үгүйд өнчин
      Чих байвч авиа үгүйд дүлий
      Хэл байвч үг үгүйд дутуу
      Хөл байвч суугаа буйд мунж
      Мэргэн байвч дэмч үгүйд худалч
      Сэтгэхүй байвч эс шийдвээс сэрэхүй биш
      Бодол байвч биелэхгүй аваас зүүд.
      
      293.Байгаа бүхнийг хорвоо гэмой
      Байгааг таньсныг ертөнц гэмой
      Байлгахыг тэнгэр гэмой.
      
      294.Амьтдыг энэ дэлхий дээр татан тогтоож, оршин амьдруулах гэж бүтээгдсэн хамгийн чухал зүйл нь тархи.
      
      295.Аливаа ард түмний
      Үүслийн үндэс нь ураг төрөл
      Ургахуйн иш нь улс, төр
      Бадрахуйн цоморлиг нь засаг.
      
      296.Зарлиг бол тэнгэрийн хууль
      Жаяг бол орчлонгийн хууль
      Жам бол байгалийн хууль
      Ёс бол амьдралын хууль.
      
      297.Огторгуйд гэгээрч
      Газарт боловсорч
      Орон зайд мэргэшинэ.
      
      298.Гэгээрэл гэдэг бол зөв оршин амьдрах төгс мэдлэг.
      Боловсрол гэдэг бол орон зайндаа эзэгнэх ур дүй.
      Мэргэшил гэдэг бол олз хураах чадвар.
      
      299.Аливаа амьтанд мэргэшил байдаг
      Харин аль ч амьтанд гэгээрэл огт байхгүй, бүгд харанхуй билээ
      Гэгээрэл үгүй бол боловсрол, мэргэшил нь сүйрэл.
      
      300.Алив амьтанд амьдрал байдаггүй, амьд явах л байдаг
      Хүнд бас амьдрал байхгүй, идэж өмсөж яваад л үхдэг
      Хүний бусад амьтнаас ялгарах ялгаа нь ижил төрлөө алдаг
      Эсвэл би үлдэнэ, үгүй бол чи үлдэнэ хэмээх
      Ийм муухай мунхаглал хүнд л байдаг
      Алах юмуу алагдах гэж эхээс төрдөг
      Адгийн амьтан хүнээс өөр ямар ч төрөлд байхгүй
      Энэ зэрлэг араншингаас зөвхөн гэгээрлээр л сална.
      
      
      
      
      
      
      
      
      
      
      
      
      
      
      
      
      
      1.Урьдын түүхийг эс мэдвээс өнөөгийн явдлыг зөвөөр үл үйлдмой.
      2.Үндэсний сэтгэхүй, үндэсний ухамсар, үндэсний х
Нийтлэгч: shine
Нийтлэсэн цаг: 2018-05-10 16:26
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ