Г . Лерукс--ДУУРИЙН ТЕАТРЫН ХИЙ ҮЗЭГДЭЛ (26)

Хорин зургаадугаар хэсэг

Сүнсний дурлалын төгсгөл

Өмнөх хэсгүүдэд Перс хүний бичиж үлдээсэн түүхүүдийг тэр хэвээр нь танд хүргэсэн билээ.

Ноён Шанэ, Перс хүн тэндээс гарах ямар аргагүйгээ ойлгон найдвар тасарч байтал Кристин Дае ирж тэднийг аварчээ. Перс хүний амнаас би энэ бүхнийг сонссон юм.

Намайг түүнтэй уулзахаар очиход тэр Туйлерисийн эсрэг талын Риүдэ Риволли дахь жижигхэн сууцандаа амьдарсан хэвээр байж билээ. Түүний өвчин хүндэрсэн байсан ч түүхийн үнэнийг мэдэх гэсэн миний хичээнгүй оролдлого урьдын эмгэнэлт түүхийг дахин ярьж өгөх хүч түүнд өгсөн юм. Түүний үнэнч зарц, хөгшин Дариус намайг дагуулж явав. Перс хүн намайг Туйлерисийн цэцэрлэгт хүрээлэн рүү харсан цонхтой өрөөндөө хүлээж авав. Түүний нүд нь хурц сэргэлэн ч царайд нь ядрангуй төрх тодорчээ. Тэр үсээ хусаад хурган малгай тавьчихсан, урт цувныхаа ханцуй дотор эрхий хуруугаа эргэлдүүлж зугаацна. Ухаан санаа нь гойд сэргэг байсан болохоор өөрийн түүхээ тун чиг тодорхой ярьж өгсөн сөн.

Перс хүн нүдээ нээхэд өөрөө орон дээр, ноён Шанэ хажуугийн буйдан дээр хэвтэж байжээ. Сахиусан тэнгэр, чөтгөр хоёр тэдний харан зогсож байж. Хуучин маягаар хувцасласан багтай хүн Перс хүн рүү тонгойж, чихэнд нь:

- Дээрдэж байна уу, дарога? Миний тавилгуудыг ажиглаж байна уу? Хөөрхий ээжээс минь үлдсэн бүхэн энэ дээ гэв.

Кристин Дае үг дуугарсангүй. Тэр эгээ л дуугүй байх сахил авсан гэлэнмаа шиг алгуур хөдөлнө. Бүсгүй тэдэнд уух юм авчирч өгөв. Ноён Шанэ унтсаар л байлаа. Эрик дарс хундагалж, Перс хүнд өгөөд, виконт руу зааж:

- Тэр зүгээр ээ, унтаж байгаа юм. Сэрээх хэрэггүй гэлээ.

Эрик удалгүй өрөөг орхиход, Перс хүн тохойлдон өндийвөл Кристин Дае ил галын дэргэд сууж байлаа. Үнэхээр амгалан нойрсож буй ноён Шанэ руу Кристин огт харахгүй байв. Өмнө дурдсанчлан тэрээр сахил авсан гэлэнмаа шиг зуухны хажуугийн сандал дээр чимээгүйхэн суусаар.

Эрик шилэн лонхтой зүйлс барьсаар буцаж ирээд тэднийгээ ил галын дэргэд тавив. Дараа нь Перс хүний дэргэд ирж суугаад түүний судсыг барьж үзсэнээ, ноён Шанэг сэрээхгүйн тулд аяархнаар:

- Та хоёр одоо хоёулаа аюулгүй ээ. Удахгүй би эхнэрийнхээ хүсэлтээр та хоёрыг дээшээ гаргах болно гэж хэлчихээд буцаад гарч одов.

Перс хүн удалгүй унтаж орхиж. Нэг сэрэхдээ үнэнч зарц Дариусынхаа дэргэд өөрийнхөө орон дээр хэвтэж байжээ. Өнгөрсөн шөнө түүнийг үл таних нэгэн гэрийнх нь гадаа авчирч орхичихоод яваад өгсөн гэнэ. Перс хүн ухаан санаа нь сэргэж, урьдын хэвэнд оронгуутаа виконтын биеийг асуулгахаар Филипп гүнгийх рүү хүн явуулжээ. Түүний элч Филипп гүнг нас барсан, харин залуу виконт сураггүй байгаа гэсэн мэдээ авчрав. Гүнгийн цогцсыг m- театрын зоорин доорх нуурын эргээс олсон гэнэ. Нуурын сайрен, Эрикийн сайрен л түүний аминд хүрсэн байх гэдэгт Перс хүн эргэлзсэнгүй. Тэр энэ тухай цагдаад мэдэгдэв. Гэвч цагдаагийн газар түүний ярьсанд итгэсэнгүй. Тэгэхээр нь энэ бүхнийг сонинд бичиж нийтлүүлье гэж хүсчээ.

Өмнөх хэсгүүдэд уншигч танд хүрсэн хүүрнэлүүдийг Перс хүн бичээд дуусаж байх үед гэрийнх хаалгыг хэн нэг нь тогшжээ. Нэрээ хэлэхийг үл хүссэн, нүүрээ нуусан тэр хүн, Перс хүнтэй уулзахаас нааш эндээс явахгүй гэдгээ Дариуст хэлсэн байна. Перс хүн түүний хэн гэдгийг гадарлаад зарцдаа зочныг оруулахыг хүсэв. Тийм ээ, Эрик өөрийн биеэр иржээ.

Тэр маш ядрангуй харагдаж байлаа. Хариугүй унах гэж буй мэт хана түшин зогсоно. Түүнийг хаалгаар орж ирэхэд Перс хүн ууртай гэгч нь:

- Филипп гүнг алсан алуурчин чи! Түүний дүү, Кристин Дае хоёрыг яасан бэ? хэмээн асуув.

Эрик үг хэлэх гэж түгдчин хэсэг зогссоноо, сандал дээр суугаад уртаар санаа алдав. Тэгснээ их л амьсгаадан байж:

- Дарога, надтай битгий… Филипп гүнгийн талаар яриач дээ… Намайг тэнд эзгүй хойгуур… тэр үхчихсэн байсан… Энэ бол осол… Маш харамсалтай осол… Тэр сайрены дуунд автаад л… нууранд живчихсэн… гэлээ.

- Худалч! хэмээн Перс хүн хашхирав.

- Би энд… Филипп гүнгийн талаар ярихаар ирээгүй ээ… Харин удахгүй… үхэх гэж буйгаа л… хэлэх гэж ирлээ…

- Рауль, Кристин хоёр хаана байна?

- Би үхэж байна.

- Рауль, Кристин Дае хоёр хаачсан бэ?

- Дарога… би хайр дурлалынхаа төлөө… үхэж байна… Түүнд дэндүү их… хайртай болохоор тэр… Би түүний төлөө үхэж байна… Түүнийг үнсэхэд ямар сайхан… амьд… Дарога, би анх удаа л… бүсгүй хүн үнсэж үзсэн… Амьд хүнийг…

Перс хүн Эрикийн гарыг сэгсэрч,

- Тэр одоо амьд үгүйг чи надад хэлэх үү, үгүй юу? гэв.

- Яагаад намайг ингэж сэгсэрнэ вэ? Би үхэж байгаагаа л хэлж байна… Тийм ээ, түүнийг амьдаар нь үнссэн…

- Тэгээд тэр одоо үхчихсэн гэж үү?

- Би түүний духан дээр нь үнссэн… Харин тэр надаас айж зугтаагүй… Ээ, тэр хэчнээн эелдэг охин билээ дээ… Үгүй ээ, үгүй, тэр үхээгүй! Хэн ч түүний үсэнд ч болтугай хүрэх ёсгүй. Тэр бол үнэнч, шударга охин. Дарога, бас таны амийг аварсан. Усанд живээд галзуурсан мэт орилж байхад чинь, Кристин над руу ирээд, үзэсгэлэнт цэнхэр нүдээрээ харж байгаад, миний жинхэнэ эхнэр болохоо амласан…Тэр мөч хүртэл би, түүний нүднээс зөвхөн хуурамч эхнэрийг л хардаг байлаа. Анх удаагаа би жинхэнэ эхнэрээ олж харсан даа. Тэгээд л би бүх усыг нуур луу урсгасан.

- Шанэгийн виконтыг чи яасан бэ?

- Өө дарога, би түүнийг тань шиг гаргаад тавьчихаж чадахгүй шүү дээ. Бас нуурын дэргэдэх байшиндаа байлгаад байж чадахгүй. Би түүнийг зоорины хамгийн доод тавдугаар давхрын, хэн ч очдоггүй “Коммунист гяндан”- д эвтэйхэн цоожилчихсон. Тэгээд л би Кристин руугаа очсон доо.

Эрик ингэж хэлээд боссоноо, орж ирсэн шигээ чичирсэн хоолойгоор:

- Тийм ээ, тэр минь намайг хүлээж байсан… Жинхэнэ, бодит сүйт бүсгүй шиг… тэр хүлээж байсан… Тэр хаашаа ч зугтаагүй үнэнчээр… хүлээж байсан… Тэгээд тэр надад духаа өгөхөд… би… би… түүнийг үнссэн… Ээ дарога, хэн нэгний духан дээр үнсэх… хэчнээн сайхан гээч!… Хөөрхий муу ээж минь хүртэл… өөрийг нь үнсэхийг зөвшөөрдөггүй байсан юм… хэзээ ч!… Намайг хэчнээн жаргалтай байгааг ойлгосон уу? Би түүний хөлд сөгдөөд… түүний хөөрхөн хөлийг үнсээд… уйлаад л байсан… Тэр ч бас… сахиусан тэнгэр минь ч бас… уйлсан… гэж хэлээд Эрик сэтгэл өвдөм гунигтайяа мэгшив.

- Тиймээ, дарога… түүний нулимс миний духан дээгүүр… миний духан дээгүүр… урсахыг би мэдэрсэн… Хэчнээн зөөлөн… хэчнээн амттай!… Дусал нулимсыг нь ч алдахгүй гэхдээ би багаа тайлсан… Тэр зугтаагүй… айгаагүй… Надтай хамт уйлсаар л байсан… Энэ дэлхий дээрх хамгийн том аз жаргалыг би амссаан.

Эрик сандал дээр сууж, хоолойгоо засаад:

- Би арай л үхээгүй байна… гэхдээ удахгүй ээ… Сонсооч дарога… Түүний хөлд сөгдөөд сууж байхад… “Хөөрхий, золгүй Эрик” гэж хэлэхийг нь сонссон… Тэгээд тэр миний гарыг атгасан!… Гартаа би түүний алга болгосон бөгжийг… олсноо атгачихсан байсан юм… Хуримын алтан бөгжөө түүний хөөрхөн хуруунд зүүж өгөөд… “Үүнийг ав даа! Өөрийнхөө төлөө болон… түүнийхээ төлөө ав! Энэ бол хөөрхий, золгүй Эрикээс… та хоёрт өгч буй хуримын бэлэг! Чамайг түүнд хайртайг мэднэ… дахиж битгий уйл даа…” гэхэд тэр намуухнаар… энэ юу гэсэн үг болохыг асуусан… Би бол түүний төлөө үхэж чадах… үнэнч нохой гэдгээ хэлсэн…Бидний нулимс нүүрэн дээр минь уулзаж… хамт урссан болохоор… одоо хайртай хүнтэйгээ гэрлэж болно оо гэж би хэлсэн…

Эрикийн сэтгэл үнэхээр их хөдөлжээ. Дарога босож очоод цонхоо онгойлгож, мангасын нүүрийг харахгүй гэсэндээ Туйлерисийн цэцэрлэгийн моддыг харан зогсоно.

- Би очоод залууг сулласан. Түүнийг дагуулан Кристин дээр аваачсан. Луй-Филиппийн өрөөнд тэд миний өмнө үнсэлцсэн. Кристинд миний бөгж байгаа. Намайг үхсэний дараа ирж, тэр бөгжтэй цуг намайг чандарлахыг хүссэн. Намайг хаанаас олохыг, юу хийх ёстойг би бүгдийг хэлсээн. Тэгээд Кристин намайг анх удаагаа, энд, духан дээр үнссэн. Би ганцаараа уйлсаар үлдсэн. Дарога, хэрэв Кристин амласандаа хүрвэл, тэр удахгүй ирнэ ээ!

Перс хүн түүнээс юу ч асуусангүй. Рауль, Кристин хоёрын хувь заяа түүнд тодорхой байлаа. Эрикийн уйлан байж хэлсэн тэр үгэнд хэн эргэлзэх билээ.

Эрик гарахынхаа өмнө, өөрийг нь үхсэний дараа залуу хосуудад мэдэгдэхийн тулд “Эпок” сонин дээр зарлал тавихыг хүсэв. Зарц Дариус түүнийг гадагшаа гаргаж өгөв. Түүнийг хөлсний тэрэг хүлээж байлаа. Эрикийг тэргэнд суух үед хөл цонхны дэргэдээс буцсан Перс хүний чихэнд “Дуурийн театр руу” хэмээн жолоочид хэлэх нь сонсогджээ.

Хөлсний тэрэг харанхуйд уусан замхарлаа.

Перс хүн хөөрхий, азгүй Эрикийг сүүлийн удаа ингэж харсан юм. Гурван долоо хоногийн дараа “Эпок” сонин дээр нэгэн зар хэвлэгдсэн байв:

Эрик нас баржээ.”

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-05-23 13:03
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ