Г . Лерукс--ДУУРИЙН ТЕАТРЫН ХИЙ ҮЗЭГДЭЛ -- Төгсгөл

Төгсгөл

Дуурийн театрын сүнсний тухай цорын ганц үнэн түүхийг би өгүүллээ. Эрик гэдэг хүн бодитоор амьдарч байгаагүй гэж няцаах ямар ч аргагүй билээ. Учир нь түүний хачирхалтай илбэ, зан араншин, Шанэгийн ах дүүсийн эмгэнэлт түүхийн талаар хангалттай баримт үлджээ. Гэвч Перс хүн л энэ бүх түүхийн нарийн ширийнийг мэдэх ганц хүн билээ. Энэ романыг бичиж дуусгахад гагцхүү түүний тусламж л хамгийн чухал үүрэгтэй байсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр Дуурийн театрт очилгүй олон жил болсон боловч энэ гайхамшигт барилгын нүх сүв бүрийг, хамгийн нууц өрөө хонгилыг хүртэл марталгүй санаж байсан юм. Тэр намайг илүү мэдээлэл авахыг хүсвэл ноён Полинитой уулзахыг зөвлөлөө. Гэвч хөөрхий тэр хөгшин надтай үг солих ч тэнхэлгүй үхлүүт хэвтэж байж билээ.

Ноён Полинитой уулзах оролдлого минь үр дүнгүй болсныг Перс хүнд хэлэхэд:

- Полини хэзээ ч Эрикийн арга залийг мэдэж чадаагүй хоцорсон доо. Түүнийг мухар сүсэгтэй гэдгийг Эрик мэддэг байсан болохоор өөрийгөө үнэхээр тэнгэрийн элч хэмээн итгүүлэхэд хялбар байсан биз гэв.

Сүүлд томилогдсон менежер ноён Моншармин өөрийн “Менежерийн дурсамж”- даа Дуурийн театрын сүнсний тухай ялгаатай хандлагаар бичсэн тухай Перс хүнээс асуухад, тэрээр“Дурсамж”-ийг өөрөө бичсэн мэт нэгд нэгэнгүй мэдэж байсан бөгөөд хоёрдугаар хэсэгт хорин мянган франкийн талаар маш энгийн бичсэн байдаг нь сонирхолтой хэмээв.

Энэхүү дурсамжийн эхний хэсэгт элдэв сонин ид шидийн гэмээр үйлдлүүдээрээ биднийг гайхшируулсан Дуурийн театрын сүнс маань эцэстээ миний хамтрагч бид хоёрын хооронд үүссэн үл ойлголцлыг эвтэйхэн зохицуулсан юм. Кристин Дае алга болсны маргааш Ричардын ширээн дээрээс нэг дугтуй олсон юм. Биднээс дээрэмдсэн мөнгөө тэр бүгдийг нь дугтуйн дотор хийчихсэн байлаа. Ингээд Ричард бид хоёр ч учир зүйгээ олж, бүх зүйл сайхнаар төгсөж билээ.

Сүнс ямар аргаар сүлбээр зүүгээр үдчихсэн Ричардын халааснаас тэрхүү хорин мянган франкийг авсан болохыг би Перс хүнээс асуулаа. Гэтэл тэр энэ мэтийн нарийн ширийнийг мэдэхгүй юм, чи өөрөө театрт очоод менежерүүдийн өрөөнд орж сайн ажиглавал учрыг олж чадах байлгүй дээ гэв. Би түүнд энэ бүхнийг нууцыг олох болно гэж амласан юм.

Би Дуурийн театртай холбоотой бүхий л намтар дурсамжийг уншиж, тэрхүү нууц байгууламжийг өөрийн биеэр очиж судалсан юм. Рауль, Перс хүн хоёрын зоорь руу нэвтэрсэн сөхдөг хаалга, Раулийн хоригдож байсан “Коммунист гяндан”-г ч олсон. Тэрхүү гяндангийн ханан дээр Р. Ш хэмээн сийлсэн байсан нь Рауль Шанэ гэсэн үг биз ээ. Харин нуурын дэргэдэх Эрикийг байшинг олж чадаагүй. Эрик тийшээ орох бүх нууц гарцыг бөглөчихсөн байсан.

Эрик театрын аль дуртай газраа хэрхэн сүнс мэт очиж чаддаг байсны учир нь театрын гол гол багануудыг хоёр хүн багтчихаар зайтай барьсан ажээ. Тиймээс л баганын дотуур дамжин, дуртай газраа очиж, үл үзэгдэх мөртөө хүмүүстэй ярилцдаг байж л дээ. Харин менежерүүдийн өрөөний шал, хананд зөвхөн гар орох зайтай нууц таглаа хийсэн байна. Дээрээсээ бол хэнд ч анзаарагдамгүй энэ жижигхэн тагийг онгойлгоод л сандалд өлгөөтэй түүний хүрмийн халааснаас дугтуйг авчихсан хэрэг.

Перс хүний өгүүлснээр Эрик Роуэнээс холгүй нэг жижигхэн тосгонд уран барилгачны хүү болон төржээ. Түүний үзэшгүй муухай төрхийг тэвчиж чаддаггүй байсан эцэг эхийнхээ дэргэдээс тэр бүр залуудаа зугтаж оджээ. Эрик хаа сайгүй тэнүүчилж, энд тэндхийн яармаг худалдаан дээр өөрийгөө “Амьд цогцос” хэмээн хүмүүсийг зугаацуулдаг байж. Европыг хөндлөн туулж, яармагаас яармагийн хооронд хэсүүчилж явахдаа илбэчид, уран бүтээлчдээс их зүйл сурч авсан гэдэг. Тэрээрэнэ дэлхийд хэнд ч байхгүй тийм уянгалаг хоолойгоор дуулдаг байлаа. Түүний алдар цуу дэлхийн өнцөг булан бүрд тархаж, Мазендераны ордонд хүртэл дуулджээ.

Энэ бол Мазендераны хөгжин цэцэглэж байсан үе юм. Мазендераны султан Эрикийн ордондоо залан авчирч, илбийн ордон барьж өгөхийг хүсжээ. Эрик ч эрхэмсэг султаны хүссэнээр нууц өрөө тасалгаа, хэнд ч үзэгдэлгүй дамжиж болдог хонгил бүхий гайхамшигт ордон босгож өгсөн байна. Хариуд нь султан энэ бүх нууцыг нь мэдэх хүн ганцыг ч үлдээхгүйн тулд Эрик болон түүний туслахуудыг бүгдийг хөнөөх зарлиг гаргаж. Эрикийг хөнөөх тушаал авсан цагдаагийн ахмад түүний гайхалтай ур чадварыг биширч явдаг учраас хөнөөхийн оронд суллаад явуулчихжээ.

Персээс зугтсаныхаа дараа Эрик энэ бүх адал явдлаас залхжээ. Тэр энгийн л байшин барьж, энгийн хүн шиг амьдрахыг хүсэж байв. Дуурийн театрыг барих ажил хүлээж авах үедээ л түүнд энэ театрын зооринд өөрийн гэсэн эзэмшлийг, хэн ч мэдэж чадахгүй нууцлаг орд харшийг, бүх хүний нүднээс далд байж чадах тийм байгууламж барих санаа орж ирсэн байх.

Түүний тухай цорын ганц үнэн түүх гэвэл энэ байна. Хөөрхий, азгүй Эрик! Бид түүнийг өрөвдөх ёстой юу? Үзэн ядах ёстой юу? Тэр бусадтай л адил жирийн амьдралаар амьдрахыг хүссэн. Даанч тэр үзэшгүй муухай төрхтэй учраас үүнийгээ бусдаас нуух, эсвэл баганын цаана нуугдаад хүмүүсээр даажигнан тоглохоос өөр сонголт үлдээгүй ер бусын гоц авьяастан байсан юм! Дэлхийг ч байлдан дагуулж чадах хүчирхэг зүрх сэтгэл түүнд байсан ч зоориндоо л тэр үүрд үлдсэн билээ. Тийм ээ, бид түүнийг өрөвдөх ёстой!

Түүний үйлдсэн муу муухай бүхнийг бурхан өршөөх болтугай!

Дуурийн театраас түүний цогцсыг гаргахад би очиж харсан юм. Нас бараад их удсан хүмүүс бүгд л хатаж хорчийдог болохоор түүний царай надад үзэшгүй муухай харагдаагүй юм. Харин гарт нь гялалзах алтан бөгжийг хараад, түүний оршуулган дээр Кристин Дае ирж өөрөө зүүж өгч дээ хэмээн бодогдсон юм. Кристин амласандаа хүрчээ.

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-05-23 13:04
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ