Б.Лхагвасүрэн " Говь "



      
      Шархтай гөрөөс нь
      Элсээ цустахгүй гэж
      Цусаа долоож эдгэдэг говь
      
      Сайхан бүсгүйчүүд нь
      Эрээ гутаахгүй гэж
      Бүсээ чанга бүсэлдэг говь...
      
      Нар ёроолд нь харваж хүрдэггүй
      Худгийн ус нь
      Ховоо дагжим хүйтэн
      
      Сар тээглэж хонодог цохио
      Газрын хадан эвэр
      Уулсын орой нь халуун
      
      Халуун хүйтэн хоёр
      Орчилдож
      Тогтсон хязгаар
      
      Хатуу нь зөөлөндөө
      Дийлдэж
      Бүрэлдсэн нутаг
      
      Энэ цагийн гандирс
      Нуруун дээр нь өндийнө болохоор
      Зэрэглээ нь хүртэл дэвхэцнэ
      
      Эрт галбын зүүд
      Элгэн дор нь үнэгчилнэ болохоор
      Элс нь үргэлж хөдөлнө
      
      Шинэдийн цагаан сарны
      Мэлмэрээнд уяран
      Шөнөжин дуулж нурна
      
      Мэндийн шар нарны
      Цацраанд асан
      Өдөржин дээшээ дүрэлзэнэ
      
      Бусдад уусамгүй
      Алтан элс
      Нарны үртэс
      
      Буурал газрын
      Хуурай давалгаа
      Далай үлдэц
      
      Өрсөн тоглоомыг минь
      Хоногтоо залгидаг
      Манхан
      
      Өгсөн буянаар нь би
      Насаараа туйлах
      Нутаг
      
      Айлын сувдан бараа
      Малын үнэр нь
      Амин хайр
      
      Аргамжаатай ботго нь
      Тэр чигээрээ
      Морин хуур
      
      Бэлээр нь явж өнгөрөхдөө
      Дөрөө
      Эс мултлахуй
      
      Мөрөөрөө хальсан өвгөдийн
      Яс нь
      Өндөлзөх нь энгэр
      
      Хөхөмдөг цэнхэр зэрэглээ
      Хөөцөлдөн
      Тоглосон цайдам
      
      Хөх тэнгэр газарлан
      Одод
      Асгарсан толгод
      
      Өлзий бус
      Үг нэгийг
      Хэлэхэд
      
      Үр нь
      Хөлсөж
      Шөнөжингөө уйлдаг
      
      Үдээрээ сунатал
      Шуугьсан
      Хөхүүртэй айраг нь
      
      Өнгө нь хөх дааж
      Буруу исэн
      Гөлийдөг
      
      Сэтгэл ёс эмзэгхэн
      Сар нарны саамаар амласан
      Ард түмэн
      
      Цэнхэр дууны шуранхайд
      Манхан нь лугшсан
      Амьд гучин гурван говь
      
      Толгодын нь тоолон хоноод явахад
      Хот үзье гэж бодогдохгүй
      Өтөлж болох
      
      Тооройн шаргал говь
      Миний
      Элсэн өөжин
Нийтлэгч: shine
Нийтлэсэн цаг: 2018-05-24 16:42
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ