1001 шөнийн үлгэр (1)

            ШАХАРИЗАДАГИЙН ҮЛГЭР

    Эртээ урьдын цагт, Арабын хаант улсыг захирдаг агуу их хаан байжээ. Хаан хоёр хүүтэй байв. Нэгийг нь Шахаряар, нөгөөг нь Шах Заман гэдэг байлаа. Хааныг өөд болоход том

хүү Шахаряар нь Багдадын хаан ширээг залгамжилж, бага хүү Шах Заман нь Самаркандыг захирах болов.

Ах дүү хоёр хоёулаа мэргэн ухаантай байсан тул хаант улсуудаа чадварлагаар удирдаж ард иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж байлаа. Тэд улсаа захирах их үйлсдээ дарагдан олон жилийн турш бие биетэйгээ уулзалдсангүй. Шахаряар дүүтэйгээ уулзаж яаж амьдарч байгааг нь харахыг хүсэж байв. Нэгэн өдөр тэр Шах Заманыг Багдадад урьсан захидал хүргүүлэхээр Вазир сайдаа Самарканд руу илгээжээ.

Вазир сайд говь цөлөөр олон хоног явж, олон хотыг дайрч өнгөрсний эцэст Самаркандын хааны ордонд хүрэв. Тэр Шах Замантай уулзаад захидлыг гардуулж, хаан эзнийхээ дүүтэйгээ уулзахыг хүслийг дамжууллаа. Ахынхаа бичсэн халуун дотно үгсийг уншаад Шах Заман туйлын их баярлаж урилгыг дуртайяа хүлээн авчээ.

Шах Заманыг Багдадыг зорих урт холын аяндаа бэлтгэх зуур Вазир сайд хааны эрхэм зочны ёсоор ордонд байрлав.   

Тэднийг яг замдаа гардаг өдөр гайтай үйл явдал тохиолдож, хатан нь ордны нэг түшмэлд хайр сэтгэлтэй болж түүнийг хуурсан болохыг Шах Заман олж мэджээ. Хүчтэй цохилтод орсон хаан бачимдан уурлаж, хатандаа цаазаар авах ял оноосон байна. Шах Заман уг нь хатнаа их хайрладаг байсан тул сэтгэлээр маш их унав. Тэгээд уй гашууд автсаар ахтайгаа уулзахаар Багдадын зүг хөдөллөө.

Шах Заманыг Багдадад ирэхэд Шахаряар элэгсгээр угтаж ах дүү хоёр тэврэлдэн уулзав. Шахаряар Шах Заманы цонхигор царайг үзээд сэтгэл зовниж,

- Чамайг юу шаналгаав ? Яагаад ийм зовлонтой харагдана вэ? гэж дүүгээсээ асуув. Шах Заман хариуд нь:

- Урт холын замд ядраа юм байлгүй. Санаа зоволтгүй ах минь, би зүгээр гэжээ.

Шахаряар түүнийг үгэнд үнэмшсэнгүй. Тэр янз янзаар оролдовч Шах Заманы сэтгэлийг сэргээж чадахгүй байлаа. Нэг өдөр Шахаряар дүүдээ ан хийя гэсэнд Шах Заман хамт явахаас бас л татгалзаж Шахаряар арга буюу бараа бологсдоо дагуулан явжээ. Гэтэл түүнийг эзгүй хойгуур Шах Заман, ахынхаа хатны үнэнч бус байдлыг санамсаргүй олж мэдсэн байна. Шах Заман эхнэртээ хууртсан азгүй хүн зөвхөн би биш юм байна хэмээн бодоод эмэгтэйчүүд бүгд хорон санаатай, хуурамч гэдэгт улам ихээр итгэх болов. Ингээд гуниглахаа больж урьдын явдлаа мартахаар шийджээ.

Шахаряар ангаас буцаж ирээд дүүгийнх нь байдал дээрдсэнийг үзээд баяртай байлаа. Шах Заман түүнд өөртөө тохиолдсон бүх явдлыг ярьж, бас хатных нь ичгүүргүй үйлдлийг илчлэв.

Шахаряар энэ бүхнийг мэдээд хилэгнэн уурлаж хатандаа бас цаазаар авах ял оноожээ. Тэгээд уур хилэн, өшөө хонзондоо автаж,

-Би өдөр бүр нэг бүсгүйтэй гэрлэж маргааш нь түүнийг цаазаар авч байх болно. Ингэснээр миний хатан надад үнэнч бус хандаж чадахгүй хэмээсэн мунхаг зарлиг гаргаж Вазирт хандан,

-Надтай гэрлэсэн бүсгүй нэг өдрийн турш л хатан байх эрхтэй. Тэгээд маргааш нь гэхэд цаазлагдсан байх ёстой гэжээ.

Вазир хааны энэ зарлигийг сонсоод айн цочирдож, өдөрт нэг хүний амийг хорооно гэдэг байж болшгүй нүгэлт хэрэг гэж ятгахыг оролдсон боловч ямар ч тусыг олсонгүй. Ингээд энэ аймшигт даалгаврыг эхлүүлэхээс өөр аргагүй болжээ. Хаан хэлсэн ёсоороо өдөр бүр шинэ хатан авч, маргааш өглөө нь цаазаар аваачдаг байлаа. Хаант улсын ард иргэд айдас хүйдэс дунд амьдрах болсон ч яаж ч чадахгүй байв. Нас бие гүйцсэн охидтой айлууд охидоо нуух, эсвэл өөр тийшээ дүрвэх болов.

Вазир Шахаризад, Динаразад гэдэг хоёр үзэсгэлэнт сайхан охинтой байлаа. Тэр өндөр боловсролтой ухаалаг охиддоо хязгааргүй их хайртай байжээ. Том охин Шахаризад нь гойд цэцэн мэргэн нэгэн байв. Хааны зарлигаас болж эцэг нь хэцүү байдалтай байгааг Вазирын охидууд хоёулаа сайн ойлгож байлаа.

Нэгэн үдэш Вазир гэртээ уруу царайлсаар ирэхэд Шахаризад түүнд хандаж,

-Та миний хүслийг биелүүлж өгөөч гэв.

-Юу хүсээв, хайрт охин минь гэж Вазир асуув.

-Аав аа, та намайг маргааш хаантай гэрлэхийг зөвшөөрнө үү гэж Шахаризад хариу хэлэв.

Үүнийг сонссон Вазир асар ихээр цочирдож,

-Охин минь, чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Хаан хатнаа хорин дөрвөн цагаас илүү амьд явуулдаггүй гэдгийг сонсоогүй гэж үү? Би чамайг хаантай гэрлэхийг яав ч зөвшөөрөхгүй гэв.

Гэсэн хэдий ч Шахаризад,

-Намайг түүнтэй гэрлүүлээч дээ, аав минь. Түүний энэ солиорлыг зогсоохыг оролдохыг минь зөвшөөрөөч. Эмэгтэй хүний талаарх хааны бодлыг өөрчилж чадна гэдэгтээ би итгэлтэй байна. Тэгж чаддаггүй юм гэхэд ядаж л энэ байдлыг нь өөрчлөхийг хичээсэндээ сэтгэл хангалуун үхэх болно гэж эцгээсээ шалсаар байлаа .

Вазир охиндоо бууж өгөхөөс өөр аргагүйд хүрчээ. Шахаризад төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд туслахыг дүү Динаразадаасаа бас гуйж тохиролцов.

Маргааш өглөө нь Шахаризад эцгийгээ дагуулан ордон руу очив. Хаан Шахаризадын гоо үзэсгэлэнгээс хараагаа салгаж чадахгүй байлаа. Орой нь гэрлэх ёслол болж хаан Шахаризадын үзэсгэлэн гоо төдийгүй уран ухаан, ямар ч сэдвээр яриа өрнүүлж чаддаг тал бүрийн мэдлэгийг нь шагшин гайхав. Шинэ хатнаасаа өглөө нь хагацна гэдэг түүнд анх удаа харамсалтай санагдлаа.

Шахаризад хаан хоёр ярилцаж байтал хаалга тогшиж Динаразад орж ирэв. Тэр төлөвлөсөн ёсоороо Шахаризадын дэргэд суугаад,

-Хайрт эгч минь, та шөнө бүр надад үлгэр ярьж өгдөг билээ. Харин өнөөдөр таны үлгэрийг сонсох сүүлчийн шөнө. Ямар нэгэн сонин хачин явдлын тухай өгүүлж энэ тэсвэрлэшгүй урт шөнийг давж өнгөрөөхөд минь туслаач гэв.

Шахаризад хаанаас дүүдээ үлгэр ярьж өгч болох эсэхийг асуусанд угаас үлгэр домогт дуртай хаан дуртайяа зөвшөөрөв. Ингээд тэр үлгэрээ ярьж эхэллээ.

Үлгэр сэтгэл татам сайхан байсан бөгөөд ярих тусам улам бүр сонирхолтой болж байв. Үлгэрт бүрмөсөн автсан Шахаряар үүр цайхыг ч анзаарсангүй. Үйл явдал хамгийн оргил цэгтээ ирэхэд Шахаризад ярихаа зогсоож дүүдээ хандан,

- Хайрт дүү минь, үлгэрээ дуусгаж чадаагүйд эгчийгээ уучлаарай. Уламжлал ёсоор үхэх цаг минь хэдий нь иржээ гэв.

Шахаряар үлгэрийн төгсгөлийг мэдэхийг маш их хүсэж байлаа. Тиймээс,

-Би чиний үхлийг маргааш болтол хойшлуулъя. Өнөө шөнө чи үлгэрээ үргэлжлүүлэн ярьж дуусгаарай гэж хэлээд өргөөг орхин гарчээ.

Харуй бүрий болоход Шахаряар, Шахаризад, Динаразад гурав үлгэрээ дуусгахаар сууцгаав. Үлгэр төгсөх үед цаг эрт байсан тул Динаразад дахин өөр сайхан үлгэр ярьж өгөхийг түүнээс хүслээ. Тэгээд Шахаризад шинэ үлгэр эхэлж, үүр цайтал ярьсан ч бас л төгсгөлд нь хүрсэнгүй. Ийм байдлаар өдөр хоног үргэлжилсээр нэг мэдэхэд мянга нэгэн шөнө өнгөрсөн байлаа. Шахаризад үлгэрээ үргэлж хааны анхаарлыг татахуйц, адал явдлаар дүүрэн байлгасаар, цаазлуулах хугацаагаа өдөр өдрөөр хойшлуулуулсаар байжээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам, Шахаряар Шахаризадын гоо үзэсгэлэн, эелдэг сайхан сэтгэл, оюун ухаанд улам бүр татагдаж, түүнгүйгээр амьдарч чадахгүй болсон байв. Тэр түүнд хайр сэтгэлтэй болжээ. Шахаризадын сэтгэл татах увидас эмэгтэй хүний тухай хааны бодлыг эрс өөрчилж, урьдын их үзэн ядалт, атаа хорслоо бүгдийг мартсан байлаа. Тэр Шахаризадыг өөрийн жинхэнэ хатнаар зарлаж, Шах Заманыг эгчээсээ дутахгүй үзэсгэлэн төгс, уран цэцэн дүү Динаразадтай нь гэрлүүлэв.

Дараа нь Шахаряар үлгэрүүдээ чулуун дээр сийлүүлэн үүрд мөнх хадгалуулсан гэдэг. Энэ үлгэрүүд Арабын шөнө буюу Мянга нэгэн шөнө гэсэн нэрээр олны дунд тархсан ажээ.

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-01 17:21
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ