1001 шөнийн үлгэр (2)

             АЛАДДИН БА ШИДЭТ ДЭНЛҮҮ

      Персийн нэгэн хотод ядуу оёдолчин Хасан гэгч байжээ. Тэр эхнэртэй, Аладдин гэгч хүүтэй байлаа. Аладдинийг арван нас хүрэх үед эцэг нь,

-Миний хүү над шиг оёдолчин болог гээд түүнд өөрийн ажлыг зааж эхлэв. Гэвч Аладдин юу ч сурахыг хүссэнгүй, эцгийгээ дөнгөж бөгс өндиймөгц гудамжинд гүйн гарч хөвгүүдтэй тоглодог байлаа. Өглөөнөөс үдэш болтол хотын гудамжаар гүйн бор шувуутай хөөцөлдөн бусдын цэцэрлэг рүү орон гэдсээ усан үзэм, тоороор дүүргэдэг байв. Оёдолчин хүүгээ хэчнээн ятгаж, шийтгэж үзсэн боловч тусыг олсонгүй. Удалгүй Хасан хүнд өвчинд нэрвэгдэн өөд болжээ. Эхнэр нь байсан бүхнээ зарж өөрийгөө болон хүүгээ тэжээхийн тулд утас нэхдэг болов. Тийнхүү удаан хугацаа өнгөрчээ. Аладдин арван таван нас хүрлээ. Нэгэн удаа гудамжинд хүүхдүүдтэй тоглож явтал түүн дээр улаан торгон дээлтэй том цагаан чалм ороосон хүн ирэв. Тэр Аладдинийг харж, “Зүйтэй, миний эрж явсан хүүхэд яг мөн байна. Эцэст нь түүнийг оллоо шүү” гэж өөртөө хэлэв. Энэ хүн бол Магриб хотын оршин суугч байсан юм. Тэр хөвгүүдийн нэгийг дуудаж Аладдинийн хэн болон хаана амьдардгийг нь мэдэж авав. Дараа нь Аладдин дээр очиж,

-Ингэхэд чи оёдолчин Хасаны хүү мөн үү гэж асуулаа.

-Тиймээ би мөн, эцэг маань эрт үхсэн гэж Аладдин хариулав. Үнийг сонсоод өнөөх хүн Аладдинийг чанга тэврэн уйлж эхэлжээ.

-Аладдин, би чиний авга ах байна. Холын газар удаан байж хайрт ахынхаа барааг харж чадсангүй. Ийшээ Хасантай уулзахаар ирсэн юм. Гэтэл тэр үхчихжээ. Би чамайг шууд л танилаа. Яагаад гэвэл чи эцэгтэйгээ дэндүү адилхан юм.

Ингэж хэлээд өнөөх хүн Аладдинд хоёр алтан зоос өгч,

-Энэ мөнгийг ээждээ өг, тэгээд авга ах ирсэн болохоор маргааш оройн хоолон дээр ирнэ гэж хэлээрэй. Тэр үүгээр хоол хийх юм аваг гэв. Аладдин тэр дороо л ээж дээрээ гүйж очоод болсон явдлыг ярилаа.

-Чи яаж надаар тоглоом хийж зүрхлэв ээ. Аавд чинь ямар ч ах дүү байгаагүй. Хаанаас гэнэт авга ах гараад ирэв гэж ээж нь уурсав.

-Та яаж намайг авга ахгүй гэж хэлж чадаж байна аа? Тэр надад энэ хоёр алтан зоосыг өгсөн юм. Маргааш манайд оройн хоолон дээр ирнэ гэж хэлсэн гэж Аладдин хашгирав. Маргааш нь үнэхээр Аладдиний эх сайхан хоол бэлдлээ. Аладдин өглөөнөөс хойш гэртээ байж авга ахаа хүлээв. Орой болоход хаалга цохих сонсогджээ. Аладдин үсэрч очин онгойлгов. Өнөөх хүн орж ирэхэд түүний араас толгой дээрээ янз бүрийн амттан тавьсан сагстай зарц нь дагалдав. Өнөө Магриб хүн гэрт орж Аладдиний эхтэй мэндлээд,

-Буян болж хэлж өгөөч, миний ах хоол идэхдээ хаана суудаг байсан бэ гэв.

-Энд суудаг байсан юм гээд Аладдиний эх нэг газрыг заажээ. Магриб хүн дахиад л чанга уйлж эхэллээ. Гэвч удалгүй тайтгарч,

-Намайг хэзээ ч хараагүй болохоор гайхаж байгаа байх. Би эндээс дөчин жилийн өмнө явсан. Энэтхэг, Египет гээд гучин жилийн турш аялжээ. Эцэст нь би төрсөн нутагтаа ирмээр болж “Чамд ах байгаа. Магадгүй тэр ядуу зүдүү амь зуудаг биз. Чи өдий болтол юугаар ч тус болсонгүй. Ахтайгаа очиж уулзаад яаж амьдарч байгааг нь хар” гэж өөртөө хэлсэн юм. Ийнхүү би хол замыг туулан энд ирлээ. Хэдийгээр ах минь үхсэн ч хүү нь үлдсэнд баяртай байна. Тэр аавынхаа ажил үйлсийг үргэлжлүүлэн гэдсээ тэжээх биз гэлээ.

-Уг нь тийм бол сайн сан. Гэвч энэ өөдгүй хүү шиг залхуу хүнийг би өдий болтол харсангүй. Магадгүй чи түүнд эхдээ тусалж бай гэж хэлж ойлгуулж чадах ч юм билүү гэж Аладдиний эх халаглав.

-Сэтгэлээр битгий уна даа. Маргааш Аладдин бид хоёр зах дээр очиж түүнд сайхан хувцас авч өгөөд худалдаачинд шавь оруулъя. Худалдаа хийж сурахаар нь би түүнд лангуу нээж өгвөл тэр лав баян худалдаачин болох биз. Аладдин чи худалдаачин болмоор байна уу гэж магриб хүн хэлэв.

Аладдин баярласандаа час улаан царайтай болоод толгой дохижээ. Магриб хүнийг явсны дараа Аладдин унтахаар хэвтсэн боловч нойр нь хүрсэнгүй. Маргааш өглөөг тэсэн ядан хүлээлээ. Үүр цаймагц үсрэн босоод авга ахаа тосохоор гарч гүйлээ. Магриб хүн удалгүй ирэв. Тэр Аладдинийг дагуулан халуун усны газар руу явжээ. Тэнд Аладдинийг сайтар угааж, үсийг нь засаж, сарнайн үнэрт усаар сүрчив. Ингэсний дараа магриб хүн Аладдинийг зах руу дагуулж ирлээ. Аладдин хамгийн сайхан хувцсыг сонгож авав. Өндөр түрийтэй гутал, улаан малгай, ногоон судалтай шар торгон дээл гээд мөрөөдөлдөө ч өмсөж үзээгүй бүхнээ авчээ. Магриб хүн хүүтэй хамт захыг бүтэн тойроод дараа нь хотын захын ой руу явав. Өдөр дунд болж байлаа, Аладдин өглөөнөөс хойш юу ч идээгүй, тэр өлсөж цангаж байсан боловч энэ тухайгаа хэлэхээс ичжээ. Эцэст нь тэр биеэ барьж чадсангүй,

-Авга ах аа, бид хэзээ өдрийн хоол идэх вэ? Энд ямар ч хоолны газар байдаггүй. Харин та хотоос гарахдаа юу ч аваагүй. Таны гарт хоосон уутнаас өөр юм алга байна шүү дээ гэж зориглон хэлэв.

-Тээр тэнд байгаа өндөр уулыг харж байна уу? Би уг нь тэр уулан дор очиж амраад хооллож ундалъя гэж бодсон юм. Гэсэн ч чи өлсөж байгаа бол эндээ хооллохоос доо гэж өнөөх магриб хүн хэлэв.

-Хаанаас хоол авах юм бэ? гэж Аладдин гайхав.

-Удахгүй чи харна гэж магриб хүн хэлжээ. Тэгээд өндөр өтгөн модны дор сууцгаалаа.

-Ингэхэд чи юу идмээр байна даа гэж өнөөх хүн асуув. Аладдиний эх өдөр болгон нэг л янзын хоол хийдэг билээ. Тэр нь шош чанаж, олсны тостой өгдөг билээ. Тиймээс Аладдин огтхон ч бодсонгүй.

-Надад чанасан шош, тостой өгөөч гэв.

-Чи шарсан дэгдээхэй идмээргүй байна уу гэж магриб хүн асуулаа.

-Идье л дээ гээд Аладдин баярлав.

-Чи бас зөгийн балтай агшаасан будаа идмээргүй байна уу гэж магриб хүн асуув.

-Идмээр байна гэж Аладдин бүр чанга хашгирлаа. - Бүгдийг нь идье, гэхдээ та тэднийг хаанаас авах юм бэ? Авга ах аа.

-Энэ шуудайн дотроос гэж хэлээд магриб хүн уутны амийг дэлгэв. Аладдин сонирхон харвал шуудайнд юу ч байсангүй.

-Шарсан дэгдээхэй хаана байна гэж Аладдин асуулаа.

-Энэ байна гэж магриб хүн хэлэв. Тэгээд шуудай руу гараа оруулж тэндээс шарсан дэгдээхэйтэй таваг гаргаж ирлээ. – Энэ бас зөгийн балтай будаа байна. Чанасан шош, усан үзэм, анар, алим май аваад байгаарай. Магриб хүн шуудайн дотроос амттануудыг ар араас нь гаргаж ирэн тавихад Аладдин нүдээ бүлтийлгэн хөшиж хоцров.

-Сайн идэж ав, энэ шуудайнд бүх төрлийн амттан байдаг юм. Гараа оруулаад л хонины мах авъя, халба авъя гэхэд тэр бүхэн баригдах болно гэж өнөөх хүн Аладдинд хэлжээ

-Ямар гайхалтай юм бэ? Ээж бид хоёр ийм шуудай байдаг ч болоосой гэж Аладдин дуу алдав.

-Хэрэв үгэнд сайн орвол болох л юм. Би чамд үүгээр тогтохгүй олон сайхан зүйл бэлэглэнэ. Одоо харин анарын шүүс уугаад цааш явцгаая.

-Хаашаа тэр вэ? Би маш их ядарч байна. Орой ч болжээ. Гэртээ харих юм биш үү гэж Аладдин хэлэв.

-Үгүй дээ, бид өнөөдрийн дотор тэр ууланд хүрэх ёстой. Харин гэртээ эргэж ирсний хойно би чамд ийм шидэт шуудай бэлэглэнэ гэж өнөөх хүн хэлэв. Аладдин явмааргүй байсан ч шуудайны тухай сонсож хүндээр шүүрс алдаж,

-За тэгвэл явцгаая гэлээ. Магриб хүн Аладдиний гараас хөтлөн уулыг чиглэв. Нар шингэж бүрэнхийлж эхэлжээ. Тэд удтал явсны эцэст уулын бэлд ирлээ. Аладдинд хэтэрхий аймшигтай санагдсан тул золтой л уйлсангүй.

-Хуурай нарийхан мөчир түүгээд ир. Түүдэг асаах хэрэгтэй. Түүдэг асаасныхаа дараа би чамд хэзээ ч хэний ч үзэж байгаагүй тийм гайхалтай зүйл үзүүлье гэж магриб хүн хэлэв.

Аладдин хэзээ ч хэний ч үзэж байгаагүй гайхалтай зүйл үзэхийг хүссэн нь мэдээж, тиймээс тэр дороо л алжаал ядралаа мартан мөчир түүж эхлэв. Түүдгийн гал дүрэлзэх үе, магриб хүн өврөөсөө бяцхан хайрцагтай зүйл гаргаж ирлээ.

- Аладдин минь, би чамайг баян болгож ээж чинь, та хоёрт тус хүргэмээр байна. Миний хэлсэн болгоныг хийгээрэй гэлээ. Тэгээд хайрцгийг онгойлгож түүнээс ямар нэгэн нунтаг чимхэж аваад гал руу цацав. Тэгмэгц тэнгэр өөд чиглэсэн асар том галан багана босож ирэв.

-Аладдин чи анхааралтай сонс! Намайг тарни уншиж дуусахад миний урд газар хагарч чи зэс бүслүүртэй том чулуу гарч ирэхийг үзнэ. Бүслүүрээс нь бариад чулууг хөдөлгөөрэй. Тэр чулууны дор доошоо хөтөлсөн шат бий. Түүгээр буувал нэг хаалга тааралдана. Тэр хаалгыг онгойлгон урагшаа яв. Аймшигт амьтан зөндөө байгаа ч айх хэрэггүй. Чи тэднийг хуруугаараа хатгамагц аймшигт амьтан амь тасран унана. Тэнд гурван өрөө өнгөрч гараад дөрөв дэх өрөөнд настай эмгэн байхыг үзнэ. Эмгэн чамтай элдвийг ярьж чамайг тэврэх гэх вий. Өөртөө хүргэж болохгүй шүү. Тэгвэл чи хар чулуу болон хувирна. Дөрөв дэх өрөөний цаана том цэцэрлэг бий. Цэцэрлэгээр өнгөрч цаад үзүүрт нь байгаа хаалгыг нээ. Тэр хаалганы цаана алт үнэт эрдэнэсээр дүүрэн том өрөө бий. Тэнд байгаа алт эрдэнэсээс хүссэнээрээ ав. Харин надад бол баруун буланд нь өлгөөтэй байгаа зэс дэнлүүг л авч ир. Зэс дэнлүүг авчирч өгсөн үед би чамд шидэт уутаа өгнө. Буцах замд чинь чамайг бүхий л гай гамшгаас энэ бөгж хамгаалах болно.

Ингэж хэлээд шидтэн Аладдинд гялалзсан жижигхэн бөгж зүүж өглөө. Аймшигт амьтдын тухай сонсоод Аладдин ихэд айв.

-Авга ахаа та яагаад өөрөө тийшээ очиж болохгүй гэж? Өөрөө дэнлүүний араас явж харин намайг гэрт минь хариулаач гэж магриб хүнээс гуйлаа.

-Үгүй дээ үгүй, Аладдин чамаас өөр хэн ч тийшээ очиж үнэт эрдэнэсийг авчирч чадахгүй. Газар доор олон зуун жил хадгалагдаж байгаа болохоор тийшээ зөвхөн оёдолчин Хасаны Аладдин нэртэй хүү л очиж чадна. Намайг сайтар сонс. Чамд муу юм огтхон ч болохгүй гэж тэр хүн хэлэв. Аладдин хэчнээн аж байсан ч,

-За яахав би явж дэнлүүг авч ирье, харин надад уут бэлэглэхээ мартуузай гэж хэлэв.

-Бэлэглэнэ ээ, бэлэглэнэ гэж өнөөх магриб хүн хашгирав. Тэгээд гал руу нунтаг зүйлээсээ нэмж хийгээд тарни уншиж эхэллээ. Дуу нь чангаран чангарсаар сүүлчийн үгээ хэлэх үед чих дүлийрэм нүргэлэх чимээ гарч тэдний өмнөх газар ярагдав.

-Тэр чулууг хөдөлгө гэж магриб хүн аймшигтай дуугаар хашгирлаа.

Аладдин хөлийн дэргэд байгаа зэс бүслүүртэй том чулууг олж харлаа. Хоёр гараараа бүслүүрээс нь бариад чулууг хялбархан хөдөлгөв. Тэр чулуун доороос том нүх байжээ. Нүхэн дотор доошоо буусан нарийхан шат байв. Аладдин нүхний ирмэг дээр суугаад шатны эхний гишгүүр дээр хөлөө тавив.

-За хурдан яваач, тэгээд даруй эргэж ир гэж магриб хүн хашгирав.

Аладдин түргэн гэгч доош буулаа. Доошоо буух тусам улам харанхуй болсон ч тэр зогсолтгүй урагшилсаар байв. Шатны доод гишгүүр дээр хүрээд Аладдин том өргөн төмөр хаалга байгааг олж харлаа. Хаалгыг түлхэн орвол бүрэнхий өрөөний голд хачин царайтай хар арьстай хүн барын арьс нөмөрчихсөн зогсож байв. Тэр хар арьст хүн Аладдин руу дайран ирэхэд хүү түүн рүү гараа сунгатал тэр дороо үхэтхийн газар ойчлоо. Аладдинд тун хачирхалтай санагдсан ч цааш явжээ. Хоёр дахь хаалгыг түлхэн орвол аварга том арслан амаа ангайлган зогсож байлаа. Арслан бүх биеэрээ газарт наалдан хярснаа Аладдин руу үсрэв. Арслангийн урд савар хүүгийн толгойд хүрэв үү үгүй юу арслан үхэдхийн газар ойчлоо. Аладдин айсандаа чичирч бүх биеийнх нь хүйтэн хөлс асгарч байсан ч цааш явжээ. Гурав дахь хаалгыг онгойлгон орвол аймшигтай сүрчигнээн сонсогдож өрөөний голд зоосолсон хоёр том могой байлаа. Тэд хэлээ цоролзуулан толгойгоо өргөж Аладдин руу алгуурхан гулсаж ирэв. Гэвч Аладдины гарт хэлээ хүргэмэгц тэдний гялалзсан нүд нь анилдаж газарт амьгүй болон унажээ. Дөрөв дэх хаалганд хүрээд Аладдин болгоомжтой онгойлгов. Хаалгаар толгойгоо шургуулаад өрөөнд жижигхэн эмгэнээс өөр хэн ч алга байгааг харав. Хөлөөсөө толгой хүртлээ алчуураар хулдсан тэр эмгэн Аладдиний өөдөөс ухасхийнэ.

-Эцэст нь арайхийж нэг юм ирэв үү Аладдин хүү минь. Би чамайг энэ харанхуй нүхэн дотор хэчнээн удаан хүлээв дээ гэж хашгирав.

Энэ эмэгтэй өөрийнх нь ээж шиг санагдсанд Аладдин түүн рүү гараа сунгажээ. Түүнийг тэвэрмээр санагдан ухасхийхдээ хэрэв түүнд хүрвэл хар чулуу болж хувирна гэсэн үгийг саналаа. Тэгмэгц гэдрэг үсэрч хаалгыг тасхийтэл хаав. Хэсэг зуур хүлээж байснаа дахин хаалга нээж үзвэл өрөөнд хэн ч байсангүй. Аладдин тэр өрөөн дундуур гарч тав дахь хаалгыг онгойлгов. Түүний өмнө өтгөн саглагар модтой, цэцэгс алагласан сайхан цэцэрлэг байна гэнэ. Моддын мөчир дээр солонгорсон өдтэй бяцхан шувууд уянгалан жиргэж байлаа. Цэцэрлэгийн дээр алтан утаст тор татсан тул шувууд холдон нисэх боломжгүй юм. Гялалзсан бөөрөнхий чулуу бүх замын энгээр хөглөрчээ. Аладдин чулуунаас яаран түүж эхлэв. Бүсэндээ, өвөртөө, малгайндаа гээд авч явж болох бүхий л газраа хийжээ. Учир нь тэр яг ийм чулуугаар хөвгүүдтэй тоглох дуртай билээ. Чулуу Аладдин тун их таалагдсан тул золтой л өнөөх дэнлүүний тухай мартаж орхисонгүй. Эцэст нь чулуу хийх газаргүй болсноо мэдэж сая л ирсэн зорилгоо санан эрдэнэсийн сан руу зүглэв. Энэ бол газар доорх хамгийн сүүлчийн өрөө байсан юм. Уудам гэгчийн тэр өрөөнд үнэт эрдэнэс, алт мөнгө хөглөрч хэвтэнэ. Хүү ийм үнэт эрдэнэсийн талаар ямар ч мэдлэггүй тул тэдгээрийг огтхон ч тоож харсангүй. Зөвхөн шидэт дэнлүүг аван эргэжээ. Шатаар ихэд зүдрэн дээш өгсөж сүүлчийн гишгүүр дээр хөл тавимагц,

-Авга ах аа, миний гараас татаач, бас энэ чулуутай малгайг минь ав. Дараа нь намайг татаж гаргах хэрэгтэй байна гэж хашгирав.

-Эхлээд надад дэнлүүг өг гэж магриб хүн хашгирав.

-Би дэнлүүг авч чадахгүй байна. Надад эндээс гарахад туслаач, дараа нь би түүнийг өгнө гэж Аладдин хариулав.

Гэвч магриб хүн Аладдинд туслахыг хүссэнгүй. Тэр эхлээд дэнлүүг авч дараа нь Аладдинийг газар доор үүрд үлдээе гэж шийдээд байжээ. Учир нь тэр эрдэнэсийн сан руу орох хаалгыг хэн нэг нь мэдэж үлдээсэй гэж хүссэнгүй. Тиймээс Аладдинаас дэнлүүгээ өг хэмээн удаа дараа шаардсан ч Аладдин зөвшөөрсөнгүй. Учир нь тэр хүү харанхуйд чулуугаа хаячихвий гэж ихэд болгоомжилж байсан юм. Аладдин түүнд дэнлүүгээ өгөхгүй байгааг хараад магриб хүн аймшигтай уурлаж,

-Чи муу надад дэнлүүгээ өгөхийг хүсэхгүй байна гэнэ ээ, тэгвэл газар доор үүрд үлдэж өлсөж үхээрэй хэмээн хашгирав.

Тэгээд гал руу өнөө нунтгаасаа хийгээд ямар нэгэн үг хэлтэл Аладдиний дээрх газар эргэж хаагдав.

Энэ магриб хүн бол ердөө ч Аладдиний авга ах байсангүй. Тэр хорон санаат илбэчин, зальтай ховсчин байжээ. Персд газар дор байдаг эрдэнэсийн сан руу зөвхөн Хасан нэрт оёдолчны хүү Аладдин гэгч жаал л орж чадна гэдгийг мэддэг байсан юм. Эрдэнэсийн сангийн хамгийн чухал зүйл бол шидэт дэнлүү билээ. Тэр дэнлүүг гартаа авсан хүн ямар ч хаан атаархахаар эрх хүч, эд баялагтай болдог. Магриб илбэчин Аладдин нэрт хүүг хайж дэвэн дэлхийгээр удаан хэсүүчилжээ. Эцэст нь тэр хүүг олоод шидэт дэнлүүг авхуултал өөдгүй муу жаал өгөхийг хүсдэггүй байна шүү. Хэрэв тэр хүү газар дээр гарч ирвэл хүмүүс дагуулан эргэж ирээд энэ эрдэнэсийн санг эзэмших болно. Тэгснээс үүнийг хэн ч авалгүй үлдэг. Аладдин газар доор үхсэн нь дээр. Магриб хүн буцаад өөрийн ид шидийн Ифриг орон руу явжээ.

Аладдиний дээрх газар хаагдахад хүү чанга дуугаар уйлж,

-Авга ахаа надад туслаач дээ, авга ахаа намайг эндээс гаргаач, эс тэгвэл би үхнэ шүү дээ хэмээн хашгирав.

Гэвч түүнийг сонсох хэн ч байсангүй, өөрийгөө авга ах нь гэж нэрлэсэн тэр хүн бол хууран мэхлэгч, худалч байжээ гэдгийг Аладдин ойлгов. Тэр шатаар доош гүйж өөр гарц байгаа эсэхийг харах гэтэл бүх хаалга алга болж цэцэрлэг рүү гарах боломж хаагджээ. Аладдин шатны гишгүүр дээр суугаад толгойгоо гудайлган уйлж байлаа. Гэтэл тэр хүүг газар руу ороход магриб хүн түүний хуруунд нь зүүж өгсөн бөгжинд духаараа санамсаргүй хүрчихжээ. Гэтэл газар чичирч Аладдиний өмнө аварга том биетэй аймшигт бэрд гарч ирэв. Толгой нь сүмийн хүнхэр орой шиг, хөл нь багана мэт, ам нь агуй мэт юм гэнэ. Нүдэнд нь аянгын дөл цахилж, духан дээр нь аварга том эвэр үзэгдэнэ.

-Чи юу хүсээ вэ? Хүссэн бүхнийг чинь биелүүлье гэж бэрд аянгын дуугаар хүрхрэв.

-Чи хэн бэ? Чи хэн бэ? Намайг өршөөн хэлтрүүлээч, намайг битгий алаач гэж хашгираад Аладдин аймшигт амьтныг харахгүйн тулд гараараа нүүрээ таглав.

-Би бүх бэрдүүдийн тэргүүн Дах Наш байна. Би энэ бөгжний боол учраас зүүсэн хүнд үйлчилдэг юм. Иймд чиний хүссэн бүхнийг биелүүлье эзэнтэн минь гэж тэр бэрд хариуллаа. Аладдин сая л өөрийг нь хамгаалах учиртай тэр бөгжийг санаж,

-Тэгвэл намайг газар дээр гаргаж өгөөч гэв.

Ингэж хэлж амжив уу үгүй юу дөнгөж сая шидтэнтэй хамт ирсэн тэр газартаа эргээд ирчихсэн байжээ. Өдөр дунд болж нар дээр гэрэлтэнэ. Аладдин төрөлх хот руугаа хөл мэдэн гүйв. Гэртээ орвол ээж нь өрөөний голд суугаад гашуудан уйлж байлаа. Тэр хүүгээ үхсэн гэж боджээ. Аладдин гэрийнхээ босгоор алхмагц хэтэрхий их ядарсан, өлссөндөө болоод газар ойчив. Эх нь түүний нүүрийг усаар сүрчин сэрээж,

-Чи хаашаа алга болчихов оо, юу болох нь энэ вэ? Авга ах чинь хаана байна? Яагаад чи ганцаараа эргэж ирэв? Хэмээн асуужээ.

-Тэр бол ямар ч авга ах биш, хорон санаат илбэчин байсан. Юу болсныг танд хэлж өгье, ээж минь эхлээд надад идэх юм өгөөч гэж Аладдин сулхан дуугаар хэлжээ.

Эх нь Аладдинд чанасан шош өгч тэнхрүүлэв. Учир нь тэднийд талх болон өөр идэх юм байсангүй.

-Одоо надад юу болсныг хэлж өгөөч хүү минь гэж эхийгээ хэлэхэд,

-Би газар доор орж тэндээс гайхалтай чулуунууд олсон хэмээн Аладдин яриагаа эхлэв. Тэгээд болсон явдлыг юу ч үлдээлгүй ярьжээ. Дараа нь шош хийж ирсэн таваг руу харж,

-Дахиад идэх юм байхгүй юу ээжээ гэж асуулаа.

-Харамсалтай нь юу ч алга хүү минь, чи өнөө өглөө миний чанасан бүх шошийг идчихсэн. Би чамд санаа зовоод олигтой ажиллаж чадаагүй болохоор бидэнд зах дээр гаргаж зарах утас алга.

-Битгий шанал даа ээж минь, надад газар доороос олж ирсэн дэнлүү байгаа. Тэр хэчнээн хуучин ч гэсэн зарж болох байх гэж Аладдин хэлэв. Хүү дэнлүүгээ гаргаж ээждээ өглөө. Эх нь түүнийг харж байснаа,

-Сайтар цэвэрлэж байгаад зах дээр авч очъё, магадгүй бидэнд оройн хоол олдох ч юм бил үү гэжээ.

Тэгээд савангийн хэлтэрхий, алчуур аван хашаа руу гарав. Гэвч дэнлүүг арчиж эхэлтэл газар чичирч аймшигт бэрд дахин гарч ирлээ. Аладдиний эх аймшигтай дуугаар хашгираад ухаан алдан унажээ. Аладдин эхийнхээ дуугаар гүйн гарч ирэв. Хашаанд эх нь газар хэвтэх ба түүний хажууханд дэнлүү байна. Харин тэдгээрийн хажууд толгой нь харагдахгүй тийм том бэрд зогсож байв. Аладдин дэнлүүг шүүрэн авахад бэрд аянгын дуугаар хүрхэрч,

-Өө дэнлүүг эзэмшигч минь, би таны тушаалаар ирлээ. Хүссэн юмаа тушаана уу гэв. Аладдин бэрдэд дасаж эхлээд байсан тул тэгтлээ их айсангүй. Тэр толгойгоо өргөж бэрдэд сонсогдохын тулд байдаг чадлаараа хашгиран,

-Чи хэн бэ? Чи юу хийж чадах вэ? Гэв.

-Би Маймун Шамхураш байна. Би бол энэ дэнлүү гарт нь байгаа хүнд үг дуугүй захирагддаг юм. Хүссэн зүйлээ тушаана уу. Хот тосгоныг сүйрүүлж, эсвэл ордон барьж юу хүссэнийг чинь гүйцээе, тушаагтун гэж тэр бэрд хэлэв.

Түүнийг ингэж хэлж байхад Аладдиний эх сэржээ. Бэрдийг хараад айсандаа дахин хашгирав. Гэвч Аладдин эхийнхээ амыг гараараа дарж,

-Надад хоёр сайхан шарсан тахиа, бас амттай юм авчирч өгөөд эндээс далд ор, ээж минь чамаас айгаад байна гэв. Бэрд алга болсноо сайхан бүтээлгэтэй ширээ авч ирэв. Түүн дээр идэх уух амттан тавьсан арван хоёр алтан таваг байлаа. Аладдин эхтэйгээ хоёул ширээний ард суугаад идэж эхлэв.

-Ээж минь энэ дэнлүүг сайтар хадгалах хэрэгтэй. Хэнд ч бүү үзүүл, тэр бидэнд аз жаргал, эд баялаг авч ирэх юм байна гэж Аладдин цадсан хойноо хэлэв.

-Хүссэнээрээ л хий, гагцхүү тэр бэрдийг чинь хармааргүй байх юм. Би айгаад байна гэж эх нь хэллээ.

Хэдэн өдрийн дараа Аладдин эхтэйгээ хоёул дахиад л идэх юмгүй болов. Тэр үед Аладдин алтан тавгаа авч зах дээр гараад зуун алтан зоосоор зарж орхижээ. Энэ үеэс хойш Аладдин сар болгон зах дээр гарч алтан тавагнуудыг нэг нэгээр нь зардаг боллоо. Одоо тэр юмсын үнэ цэнийг мэддэг болж түүж ирсэн гялгар чулуунууд нь ямар ч үнэт эрдэнэсээс илүү үнэтэйг мэддэг болов. Нэгэн өглөө Аладдин зах дээр гарч ирвэл хааны зарч талбай дээгүүр давхиж,

-Одоохон лангуугаа хаагаад гэртээ харьцгаа, хэн ч цонхоороо харж болохгүй!Одоо Султаны охин Будур гүнж усанд орохоор явах тул хэн ч түүнийг харах ёсгүй гэж байлаа.

Худалдаачид яаран лангуугаа хааж, хүмүүс түлхэлцсээр талбай дээрээс арилав. Аладдин гүнжийн барааг хармаар санагджээ. Учир нь хот даяар түүн шиг сайхан бүсгүй байхгүй хэмээн ярьцгаадаг байв. Аладдин халуун усны газар руу яаран хүрч хаалганы цаана нуугдаж амжлаа. Гудамж талбай эзгүйрэн хоосров. Удалгүй алтан эмээл хазаартай саарал илжиг унасан хүүхнүүдийн цуваа гарч ирлээ. Тэдний дунд бусдаасаа илүү ганган чамин хувцас өмссөн үгээр хэлшгүй үзэсгэлэн гоо бүсгүй явж байсан нь Султаны охин Будур гүнж юмсанж. Тэр илжигнээсээ бууж Аладдинаас хоёр алхмын зайтай өнгөрч халуун ус руу орлоо. Аладдин хүндээр шүүрс алдсаар гэртээ харьж ирэв. Тэр Будур гүнжийн гоо үзэсгэлэнг мартаж чадсангүй. “Үнэхээр түүн шиг сайхан хүүхэн байхгүй гэж ярьдаг нь үнэн юм. Хэрэв би түүнтэй гэрлэхгүй бол үхсэн ч гомдол алга” гэж дотроо боджээ. Гэртээ ирээд үг дуугаралгүй үдэш болтол хэвтлээ. Ээж нь юу болсныг асуухад хариуд нь зөвхөн гар зангажээ. Гэвч эх эцэс төгсгөлгүй шалсаар юу болсныг хэлүүлж чадав.

-Ээж минь би Будур гүнжтэй гэрлэмээр байна. Одоохон Султан дээр очоод охиноо өгөөч гэж гуйгаад ир л дээ.

-Чи юу хэлнэ вэ? Лав наранд цохиулснаас зайлахгүй. Оёдолчны хүү, Султаны охинтой сууж байсан гэж сонссон юм уу? Оройн хоолоо идээд тайван унт. Маргааш лав ийм хачин юм бодохоо больсон байх биз гэж эмгэн дуу алдав.

-Би хоол идмээргүй байна. Будур гүнжтэй гэрлэхээс өөр ямар ч хүсэл алга. Ээж минь яваач дээ, Султаныд очоод надад охиныг нь гуйгаад ир гэж Аладдин зөрүүдэлсээр байлаа.

-Султаныд очиж тийм юм гуйх дээрээ тулан арай ч галзуурчхаагүй байна гэж Аладдины эх хэлэв. Гэвч Аладдин түүнийг шалсаар эцэст нь зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ.

-За яахав хүү минь би явъя. Гэвч Султаныд гар хоосон очиж болохгүйг чи мэднэ шүү дээ. би түүнд ямар бэлэг аваачиж өгөх юм бэ гэж эх нь хэлэв. Аладдин үсрэн босож ирээд,

-Үүнд битгий санаа зов, алтан тавагнуудын нэгийг миний газар доорх цэцэрлэгээс түүж ирсэн үнэт чулуугаар дүүргээд аваачиж өг. Энэ бол яг Султанд таарах бэлэг болно. Тэр хэчнээн баян ч тийм чулуу үзээгүй нь лавтай гэж хөгжилтэй дуугаар хашгирав.

Аладдин хамгийн том алтан тавгийг гаргаж үнэт чулуугаар дүүргэлээ. Ээж нь түүн рүү хараад өөрийн эрхгүй гараараа нүүрээ даржээ. Учир нь тэр чулууд маш хурц туяа цацруулж байсан юм.

-Ийм бэлэгтэй хүн Султаныд очиход ичих юм алга, гэвч чиний хүсээд байгаа тэр зүйлийг хэл минь эвлүүлж хэлж чадах болов уу даа? Бүх эр зоригоо дайчлан байж ээж нь хичээх болно гэж тэр эмэгтэй хэлэв.

-Тэгж үзээрэй ээж минь, одоо хурдхан яв гэж Аладдин ээжээсээ гуйв.

Аладдиний эх алтан тавгаа торгон алчуураар бүтээгээд Султаны ордон руу явлаа. “Би яаж Султантай тийм юм ярих вэ? Ингэхэд Султаны охинтой сүй тавих хэн юм бэ? Би энгийн нэгэн эмэгтэй, харин нөхөр минь ядуу оёдолчин байсан. Гэтэл энэ хүүхэд агуу их Султаны хүргэн болох гэж хүсээд байдаг! Үгүй дээ би ямар зоригтой байлаа ч ингэж хэлж чадахгүй. Мэдээж Султанд манай үнэт эрдэнэс таалагдах л байх, гэхдээ тэр жирийн эмэгтэйгээс тийм үг сонсохыг хүсэхгүй. Тэр намайг гэрээсээ хөөн гаргавал их юм. Битгий л шоронд хийчхээсэй билээ” гэж тэр эх дотроо бодож явав. Гэсэн хэдий ч Султаны ордон руу явсаар байжээ. Хажуугаар өнгөрч явсан улс ноорхой хувцастай, настай эмэгтэйг гайхан харцгаана.

Эрхэмсэг Султаны эргэн тойронд ийм ядуу хүн явах нь үгүй билээ. Хөвгүүд түүнийг элэглэн шоолж, хашгиралдан гүйлдэж байсан ч эмгэн хэнийг ч анзаарсангүй. Тэр маш ядуу болох нь хэнд ч тодорхой байсан тул ордны хаалгачид түүнийг дотогшоо оруулахыг хүссэнгүй. Гэтэл эмгэн тэдэнд алтан зоос атгуулж амжив. Дараачийн мөчид хааны хашаа руу орлоо. Ордонд үнэт хувцастай сайд түшмэдүүд, эрхэмсэг улс дүүрэн байв. Султан гартаа илд барьсан цэргүүдээр хүрээлүүлэн хүрч ирлээ. Тэр сэнтий дээрээ заларч хүмүүсийн хэрэгтэй танилцаж эхлэв. Хамгийн өндөр боол дэргэд нь зогсоод тогосны өдөөр хийсэн сэвүүрээр алгуурхан сэвнэ. Бүх ажил дууссаны дараа Султан алчуураар дохилоо. Энэ бол “Дууслаа” гэсэн үг юмсанж. Тэгмэгц хар арьст боолууд Султаныг мөрөн дээрээ суулган явж одов. Аладдины эх нэг ч үг хэлж амжилгүй гэртээ харьж ирэв. Маргааш нь бас л ордонд очсон боловч Султанд юу ч хэлж чадсангүй. Дараачийн өдөр ч мөн очжээ. Тийнхүү өдөр болгон ордонд очдог ажилтай болов. Эцэст нь Султан түүнийг анзаарч шадар сайдаасаа,

-Энэ настай эмэгтэй яах гэж ийшээ өдөр болгон ирдэг юм бол? Түүнээс юу хэрэгтэйг нь асуу. Би хүсэлтийг нь биелүүлж өгье гэв. Шадар сайд Аладдиний эх рүү ойртож очоод,

-Хөөе эмгэн минь, ойртоод ир! Чамд ямар нэгэн хүсэлт байвал Султан түүнийг чинь биелүүлж өгье гэж байна хэмээн хашгирав.

Аладдиний эх айсандаа яая гэтэл чичирч байсан тул золтой л алтан тавгаа алдаж орхисонгүй. Шадар сайд түүнийг дагуулан Султаны дэргэд ирэхэд доор мэхийн мэндчилэв.

-Чи яагаад өдөр болгон энд ирээд юу ч хэлэлгүй зогсож байгаад явдаг юм бэ? Чамд юу хэрэгтэй байгааг хэл гэж Султан түнээс асуув. Аладдиний эх дахин нэг удаа бөхийгөөд,

-Эрхэм дээдэс Султан минь, миний хүү Аладдин танд энэ бэлгийг явуулж өөрийн охин Будур гүнжийг эхнэр болгон өгөөч гэж хэлүүлсэн юм гэв.

Тэгээд эмэгтэй алтан тавгаа бүтээсэн алчуураа автал ордон тэр аяараа гэрэлтээд явчих шиг болжээ.

-Хөөе шадар сайд аа, чи хэзээ нэгэн цагт ийм чулуу харж байсан уу гэж Султан асуув.

-Үгүй дээ, эрхэм дээд Султан минь. Харж байсангүй гэж шадар сайд хэлэв.

Султан үнэт эрдэнэст тун дуртай, Аладдиний явуулсан чулуу шиг ийм гайхалтай зүйлийг хэзээ ч харж байсангүй.

-Ийм чулуутай хүн миний охины нөхөр байж чадах болов уу? Чи юу гэж бодож байна, шадар сайд аа? гэж Султан асуув.

Шадар сайд энэ үгийг сонсоод Аладдинд үнэхээр их дургүйцжээ. Учир нь тэр хүүгээ Будур гүнжтэй гэрлүүлэх гэж байсан юм. Султан ч Будур охины хүүтэй нь суулгана гэж амлаж байсан удаатай.

-Өө эрхэмсэг Султан минь. Огт мэдэхгүй тийм хүнтэй гүнжийг гэрлүүлнэ гэж юу байхав дээ. Түүнд энэ чулуунаас өөр юу ч байхгүй юм бил үү хэн мэдлээ. Тэр бидэнд үнэт эрдэнэсээр дүүргэсэн дөчийн ийм таваг, тавгийг барьж явах дөчин үзэсгэлэнт бүсгүй, тэднийг хамгаалах дөчин боол ирүүлэг. Тэгээд түүний баян эсэхийг мэдье гэж шадар сайд хэлэв.

“Хэн ч ингэж чадахгүй гэдгийг би мэдэж байна. Аладдин ингэж чадахгүй болохоор Султан яасан ч охиноо өгөхгүй” гэж харин дотроо тавлан бодож байв.

-Сайхан санаа сэдлээ шадар сайд аа! – гэж Султан хашгираад, Аладдиний эхэд хандаж, - Чи шадар сайдын юу хэлснийг сонсов уу? Хүүдээ очиж дамжуулж хэл. Хэрэв тэр миний охинтой гэрлэхийг хүсэж байгаа бол яг ийм үнэт чулуу бүхий дөчин алтан таваг, дөчин үзэсгэлэнт бүсгүй, дөчин боол илгээнэ биз гэлээ.

Аладдиний эх доор мэхийгээд эргэж харив. Эх нь алтан тавгаа орхичхоод ирснийг хараад Аладдин,

-Ээж минь та өнөөдөр Султантай ярилцжээ. Тэр юу гэж хэлсэн бэ? Гэв.

-Өө хүү минь, энэ өдөр миний амьдралд байгаагүй бол дээр байжээ. Султан юу гэж хэлсэн гээч гээд Аладдинд үг нэг бүрийг дамжуулав.

Харин Аладдин баярласандаа инээд алдаж,

-Ээж минь тайвшир даа, үүн шиг амархан зүйл алга гэв. Тэгээд дэнлүүгээ аван арчиж эхэллээ. Үүнийг харсан эх нь бэрдийг харахгүй гэхдээ галын өрөө рүүгээ гүйв. Бэрд нь тэр дороо гарч ирээд,

-Өө эзэнтэн минь, би таны тушаалаар ирлээ. Юу хүсэхсэн бол, тэр бүхнээ тушаана уу гэв.

-Надад үнэт эрдэнийн чулуу дүүргэсэн дөчин алтан таваг, түүнийг барьж явах дөчин үзэсгэлэнт шивэгчин, түүнийг хамгаалах дөчин боол хэрэгтэй гэж Аладдин хэлэв.

-Бүгдийг гүйцэтгэе эзэнтэн минь, хот тосгодыг нурааж ордон барихыг даалгасан ч гүйцэтгэх болно. Тушаалаа буулгана уу гэж дэнлүүний боол Май-Мун хэлэв.

-Хэрэггүй дээ, зөвхөн миний хүссэнийг л өгөхөд болно гэж Аладдин хэллээ.

Тэгмэгц дэнлүүний боол алга болов. Тун удалгүй гарч ирэхэд түүний араас дөчин үзэсгэлэнт шивэгчин хүүхэн гарч ирлээ. Тэд гартаа үнэт эрдэнэсийн чулуугаар дүүргэсэн алтан таваг барьцгаажээ. Тэдний хажууд дөчин илд барьсан өсгөлүүн биетэй сайхан залуу боолууд дагалдаж явав.

-Таны хүссэн бүхнийг авч ирлээ гээд өнөө бэрд алга болжээ. Аладдиний эх гал зуухнаасаа гарч ирээд үзэсгэлэнт бүсгүйчүүл хийгээд боолуудыг харав. Тэгснээ баяр хөөрт бялхаж толгойгоо дээр өргөөд тэднийг дагуулан Султаны ордон руу явжээ. Энэ гайхалтай цувааг харахаар хүмүүс цугларав. Үзэсгэлэнт шивэгчингүүд хийгээд боолуудыг харсан ордны хамгаалагчид гайхсандаа хөшиж орхижээ. Аладдиний эх тэднийг дагуулж явсаар Султан дээр ирлээ. Тэд цөм Султаны өмнө бөхийж газар үнсээд толгой дээр тавьж ирсэн алтан тавагнуудаа өргөн барив.

-Хөөе, шадар сайд минь, ямар саналтай байна даа? Ийм их баян хүн хүргэн минь байж чадахгүй гэж үү хэмээн Султан асуув.

-Байж чадах байх аа гээд шадар сайд хүндээр шүүрс алдлаа.

-За тэгвэл хүүдээ бэлгийг хүлээж авлаа. Будур гүнжээ өгөхөд бэлэн байна гэж хэл. Тэр өөрөө над дээр ирэг, би түүнтэй танилцмаар байна гэж Султан хэлэв.

Аладдиний эх яаран мэхийгээд гэр өөдөө гүйж одлоо. Тэр салхинаас ч хурдан гүйж ирээд Аладдин хүүдээ,

-Баяр хөөр, баяр хөөр хүү минь, Султан чиний бэлгийг авч охинтойгоо гэрлүүлэхийг зөвшөөрсөн. Тэгэхээр чи гүнжийн нөхөр боллоо. Бүх хүмүүсийн нүдэн дээр тэгж хэлсэн шүү. Иймд одоохон ордон руу оч. Султан чамтай танилцахыг хүсэж байна гэв.

-Одоо тэгвэл Султан дээр очъё. Харин ээж минь холдож бай, би бэрдтэй ярилцъя гэж Аладдин хэлэв.

Аладдин дэнлүүгээ аван арчтал тэр дороо дэнлүүний боол Майн-Мун гарч ирлээ. Аладдин түүнд,

-Одоо надад дөчин найман цагаан шадар хиа ирүүл. Тэд миний бараа бологчид болог. Хорин дөрөв нь миний урд явна, хорин дөрөв нь миний ард явна. Надад бас хамгийн сайхан морь, мянган алтан зоос өг гэж хэлэв.

-Хэлсэн бүхнийг чинь биелүүлье гээд бэрд алга боллоо. Тэр дороо л Аладдиний хүсэл биелжээ. Бэрд бас,

-Өөр юу хүсэх вэ эзэнтэн минь, хот нурааж ордон бариулахыг хүсэхгүй л байна уу? Юу ч хэлсэн би биелүүлэх болно гэв.

-Хэрэггүй дээ, одоохондоо тийм зүйл хэрэг болоогүй байна гэж Аладдин хэлэв. Тэгээд мориндоо мордож Султаных руу явлаа. Захын талбай дундуур гарахдаа Аладдин алтан зоос гаргаж цацлаа. Олон хүмүүс түүний араас хуйлран дагана. Аладдин авч явсан бүх алтан зоосоо цацжээ. Түүнийг ордонд ирэхэд бүх сайд, шадрууд хаалган дээрээ тосож аваад ордонд оруулав. Султан түүний бараанаар сэнтийнээсээ босож ирээд,

-Тавтай морилно уу Аладдин, би чамайг миний охинтой гэрлэхийг хүсэж байгаа гэж сонслоо. Би зөвшөөрч байна, чи хуримын бэлтгэлээ базаасан уу? гэлээ.

-Одоохондоо үгүй дээ, эрхэмсэг Султан минь, би Будур гүнжид зориулан ордон босгож амжаагүй байна гэж Аладдин хэлэв.

-Тэгвэл хурим хэзээ бэлэн болох вэ, ордныг тийм хурдан барихгүй шүү дээ гэж Султан хэлэв.

-Битгий санаа зов доо, эзэнтэн минь. Жаахан хүлээхэд болно гэж Аладдин хэллээ.

-Чи ордноо хаана баримаар байна. Миний цонхоор харагддаг энэ эзгүй газар баривал ямар вэ гэж Султан асуув.

-Таны тааллаар больё гэж Аладдин хариулжээ. Тэгээд Султантай салах ёс гүйцэтгэж дагуулуудын хамт гэртээ харьж ирэв. Гэртээ ирээд дэнлүүгээ гаргаж арчвал Майн-Мун бэрд гарч ирлээ.

-Энэ дэлхийд үзэгдэж харагдаагүй тийм сайхан ордон барьж өг. Үүнийг хийж чадах уу?

-Чадалгүй яах вэ дээ, эзэнтэн минь. Маргааш өглөө ордон бэлэн болсон байх болно гэж бэрд аянгын дуугаар хүнгэнэн өгүүлэв.

Үнэхээр маргааш өглөө нь хааны зааж байсан тэр эзгүй газар сайхан гэгчийн ордон босжээ. Хана нь алтан мөнгөн тоосгоор өрөгдсөн, дээвэр нь очир эрдэнэсээр бүрэгдсэн юм гэнэ. Аладдин бүх өрөөгөөр орж үзээд Майн-Мунд хэлэв,

-За тэгэхээр байна шүү, би нэг зүйл бодож оллоо. Энэ баганыг буулгах хэрэгтэй. Султан биднийг мартчихаж гэж бодог. Харин өөрөө хийх гэж үзээд хийж чадахгүй болохоор би түүнээс хүчирхэг, баян гэдгийг мэдрэх болно.

-Тэгье л дээ гээд бэрд гараараа дохитол багана огт байгаагүй юм шиг алга боллоо.

-Одоо би ийшээ Султаныг дагуулж ирнэ гэж Аладдин хэлэв.

Султан өглөө босоод цонхоор харвал гайхалтай ордон үзэгджээ. Хана нь ч дээвэр нь ч гялалзаж байсан тул жаахан харвал нүд өвдөхөөр юмсанж. Султан шадар сайдаа дуудаж ирүүлээд түүнд ордныг харуулав.

-Шадар сайд аа чи юу гэж бодож байна? Энэ залуу миний охинд таарах нөхөр байгаа биз, ганцхан шөнийн дотор ордон барьсан байна? Гэв.

-Ээ эзэнтэн минь, та энэ Аладдин шидтэн гэдгийг анзаарахгүй байна уу? Таны хаан төрийг булааж авах вий болгоомжтой л байгаарай гэж шадар сайд хашгирав.

-Чи атаархсандаа ингэж хэлж байна гэж Султан түүнд хэлэв.

Энэ үед Аладдин орж ирээд Султанд мэхийн хүндэтгэл үзүүлж очиж ордныг нь харахыг урив. Султан шадар сайдаа дагуулан ордон руу явлаа. Султан тэр ордонг үнэхээр их бахдаж байсан юм. Эцэст нь Аладдин зочдоо дагуулж Майн-Муны багана авч хаясан тэр газар ирлээ. Нэг багана дутуу байгааг шадар сайд анзаармагцаа л,

-Ордон гүйцэд баригдаагүй байна. Нэг багана нь дутуу байна гэж хашгирав.

-Энэ зовлон биш ээ. Би өөрөө энэ баганыг гүйцээгээд барьчихъя. Ерөнхий барилгачинг дууд гэж Султан хэлэв.

-Битгий ингэ Султан минь, бид үүнийг хийж хүч хүрэхгүй. Энэ баганууд ямар өндөр шулуун байгааг харж байна уу. Дээд талд нь үнэт эрдэнэсийн чулуу суулган чимэглэжээ гэж шадар сайд Султанд шивнэв.

-Дуугаа тат шадар сайд аа! Би ийм хүчирхэг султан байж ганц багана барьж чадахгүй гэж үү хэмээн Султан ихэмсгээр хэлэв.

Тэр хотод байсан бүх чулуучдыг дуудаж бүх үнэт эрдэнэсээ гаргаж өгчээ. Гэсэн ч тэд хүрэлцсэнгүй. Үүнийг мэдээд Султан ихэд уурлаж,

-Миний их санг онгойлго, бас бүх албатуудын үнэт чулууг хамж ав хэмээн тушаал буулгав.

Гэвч хэдэн өдрийн дараа барилгачид Султан дээр ирж гаргасан гантиг хавтан болоод эрдэнэсийн чулуу баганын дөрөвний нэгд л хүрэлцэнэ гэдгийг хэллээ. Султан тэдний толгойг авахыг тушаасан боловч баганыг яагаад ч барьж чадсангүй. Энэ тухай мэдсэн Аладдин Султанд,

-Битгий гунихар эрхэм дээдэс минь, багана аль хэдийн баригдсан. Би бүх эрдэнэсийн чулууг эздэд нь буцааж өгсөн гэв.

Тэр үдэш Султан Аладдиний хуримыг тохиолдуулан их найр хийжээ. Аладдин Будур гүнжийн хамт шинэ ордондоо амьдрах болов.

Энэ зуур Магриб хүн Ифриг дахь гэртээ ирээд удаан хугацааны турш гунигт автав. Түүнийг тайтгаруулж байсан цорын ганц зүйл бол “Аладдин нэгэнт газар доор үхсэнээс хойш дэнлүү ч бас тэнд байгаа. Түүнийг Аладдингүйгээр авах арга бий болов уу” гэсэн бодол байлаа. Тэр дэнлүү газрын гүнд бүрэн бүтэн байгаа гэдэгт бүрмөсөн итгэхийн тулд элсэн дээр зурхай зуран мэргэлж үзэв. Гэтэл шидэт дэнлүү тэнд алга гэж гарчээ.

Магриб хүн ихэд айж цааш нь мэргэлж эхэллээ. Аладдин газар доороос эсэн мэнд гарч одоо төрөлх хотдоо амьдарч байгааг тэр мэдэв. Түргэн гэгч нь замд гарч тэнгис далай, өндөр уул, өргөн цөлийг гатлан холын Персийг чиглэв. Тэгж явсаар эцэст нь Аладдиний байдаг хотод ирлээ. Магриб хүн зах дээгүүр явж хүмүүсийн ярилцахыг сонсжээ. Зах дээр яригдаж байсан бүх ярианы сэдэв Аладдин болон түүний шинэ ордны тухай байсан юм. Магриб хүн тэрхүү яриаг сонсож явж байснаа эцэст нь хүйтэн усны худалдаачин дээр ирж,

-Тэр Аладдин гэдэг чинь хэн юм бэ? Түүний тухай л яриад байх юм гэж асуулаа.

-Манай эндхийн хүн биш гэдэг чинь илт байна. Хэрэв тиймгүйсэн бол Аладдинийг яагаад мэдэхгүй байх билээ. Тэр бол энэ ертөнцийн хамгийн баян хүн, түүний ордон бол ер бусын гайхамшиг гэж худалдаачин хариулав. Магриб хүн түүнд алтан зоос өгөөд,

-Энэ зоосыг аваад надад нэг тус болооч. Би холоос ирсэн нь үнэн, гэвч Аладдиний ордныг хармаар санагдаад байна. Намайг тэр ордонд дагуулж очихгүй юу гэв. Хүйтэн усны худалдаачин магриб хүнийг дагуулж Аладдиний ордонд очлоо. Тэр хүн ордонд тойрон явж бүх талаас нь харав. “Ийм ордонд зөвхөн дэнлүүний боол бэрд л барьж чадна. Тэгэхээр дэнлүү энэ ордонд байгаа нь гарцаагүй” гэж бодлоо. Дэнлүүг хэрхэн олж авах вэ гэж удаан бодсоны эцэст нэг арга сэджээ. Тэгээд зэсний дархан дээр очиж,

-Надад зургаан зэс дэнлүү хийж өгөөч, би чамд таван алтан зоос өгье гэв.

-Одоохон таны тушаалаар болъё, үдэш гэхэд ирнэ үү, дэнлүү бэлэн болсон байх болно гэж зэсний дархан хэлэв. Үдэш магриб хүн арван шинэ зэс дэнлүү авлаа. Тэд яг л алтан дэнлүү шиг гялалзах ажээ. Тэрээр хот дундуур явж,

-Хэн хуучин муу дэнлүүг шинээр сольж авах вэ? Хэнд хуучин муу зэс дэнлүү байна вэ? Шинэ болгож аваарай хэмээн хашгирч гарав. Хүмүүс түүнийг даган хуйларч харин хүүхдүүд “Галзуу хүн байна! Галзуу хүн байна” хэмээн түүнийг тойрон хашгиралдаж байлаа. Магриб хүн тэднийг огт анхаарсангүй. Эцэст нь тэр Аладдиний ордонд ирэв. Аладдин анд явсан ордондоо эзгүй байжээ. Зөвхөн түүний эхнэр Будур гүнж л байсан аж. Магриб хүний хашгирахыг дуулаад Будур ямар учиртайг мэдэж ир хэмээн зарцаа явуулав. Зарц нь эргэж ирээд,

-Энэ галзуу хүн бололтой, хуучин дэнлүүг шинээр солино гэж байна гэв. Будур гүнж инээд алдаж,

-Үнэн худлыг нь тэнсэж үзэх хэрэгтэй, манай ордонд ямар нэгэн хуучин дэнлүү байхгүй биз? гэж асуулаа.

-Байгаа хатагтай минь, манай эзэнтэн Аладдиний өрөөнд зэс дэнлүү байхыг харсан. Тун их хуучны эд байна билээ гэж зарц эмэгтэй хариулав.

-Тэр дэнлүүг аваачаад галзууд өгчих. Тэр шинэ дэнлүү өгөх эсэхийг нь харъя гэж Будур тушаав. Зарц хүүхэн гудамжинд гарч Магриб хүнд шидэт дэнлүүг өгөөд оронд нь шинэ зэсэн дэнлүү авчээ. Заль нь амжилттай хэрэгжсэнийг хараад магриб хүн тун их баярлаж дэнлүүг өвөртөө хийв. Дараа нь зах дээр гарч илжгээ зарчхаад яваад өгчээ. Хотын гадна гармагцаа дэнлүүг арчвал Майн-Мун бэрд гарч ирлээ.

-Аладдиний ордонг дотор нь байгаа бүх зүйлийнх нь хамт одоохон Ифригт хүргэ. Намайг ч бас тийш аваач гэж хашгирав.

-Одоохон гүйцэтгэе, нүдээ аниад эргэж харах хооронд тань ордон Ифригт очсон байх болно гэж бэрд хэллээ.

-Хурдалж үзээрэй бэрд минь гэж магриб хүн шавдуулав. Гэвч үгээ хэлж дуусаагүй байхдаа тэр Ифригт өөрийнхөө цэцэрлэгт ордны үүдэнд байгаагаа мэдэрлээ.

Султан маргааш өглөө нь сэрээд харвал ордон алга болсон байх нь тэр. Султан нүдээ дахин дахин арчиж харсан боловч ордон байсангүй. Яахаа мэдэхээ больсон Султан чанга дуугаар уйлж, ёолж эхэллээ. Будур гүнжид ямар нэгэн золгүй явдал тохиолдсоныг тэр ойлгов. Султаны хашгирах дуунаар шадар сайд гүж ирэв.

-Юу болоо вэ эрхэмсэг султан минь? Яагаад та уйлж байна вэ?

-Чи юу ч мэдэхгүй байна гэж үү? Цонхоор хар, ордон хаа байна, миний охин хаа байна?

-Мэдэхгүй дээ эрхэм дээдэс минь гэж айсан шадар сайд дуу алдав.

-Одоохон ийшээ Аладдинийг авч ир, би одоохон түүний толгойг аваад өгье гэж Султан хашгирлаа. Яг энэ үед Аладдин ангаас ирж байсан юм. Султаны зарц нар түүнийг тосон гарч гүйлээ.

-Биднийг уучлаарай Аладдин, Султан чиний гарыг хүлж гинжлээд авч ир гэж тушаасан. Бид түүний үгийг дагахгүй байж чадахгүй гэж тэдний нэг хэлэв.

-Султан яагаад надад уурласан юм бол? Би түүнд ямар ч муу юм хийгээгүй шүү дээ гэж Аладдин хэлэв. Зарц нар дархныг дуудаж тэр Аладдиний хөлд гинж хийв. Аладдинийг тойроод хүмүүс цуглажээ. Хотын оршин суугчид Аладдинийг сайхан сэтгэлийнх нь төлөө хайрладаг билээ. Одоо түүний цаазлагдах гэж байгааг мэдээд бүгд ордон руу гүйлдэв. Аладдинийг Султан дээр авч ирэх үед,

-Миний шадар сайд чамайг хууран мэхлэгч, зальт илбэчин гэж үнэн хэлсэн байна. Чиний ордон, миний охин Будур хаана байна?

-Би мэдэхгүй шүү дээ эрхэм дээдэс минь, би таны өмнө буруу зүйл хийгээгүй гэж Аладдин хэлэв.

-Түүний толгойг авч хая гэж Султан хашгирлаа. Аладдинийг дахин гудамжаар авч явав. Түүний араас цаазлагч дагаж явав. Түүнийг хараад хотын оршин суугчид Султан руу илчээ илгээж “Хэрэв та Аладдинийг өршөөхгүй бол бид таны ордонг эвдлэх болно. Одоохон Аладдинийг сулла, эс тэгвэл муу юм болно шүү”хэмээн сүрдүүлжээ. Султан айж Аладдинийг дуудаад,

-Би чамайг өршөөж байна, яагаад гэвэл хүмүүс чамайг хайрладаг юм байна. Хэрэв чи охиныг минь олж ирэхгүй бол толгойг чинь авах л болно. Чамд дөчин өдрийн хугацаа өгье гэжээ. Аладдин дуртайяа зөвшөөрөөд хотоос гарч явлаа. Хаашаа явж, юу хийхээ мэдсэнгүй. Гунигт автсан тэрээр явж явж нэг том голын эрэг дээр иржээ. Эцэст нь тэр усанд үйж үхье гэж шийдэв. Тэгж бодоод баруун гараа ус руу дүртэл гэнэт хуруунд нь байгаа бөгж харагджээ. Аладдин сая л энэ бөгж ямар учиртайг санаж түүнийг духандаа хүргэтэл өмнө нь Дахнаш бэрд гарч ирэв.

-Бөгжний эзэн минь би таны дуудсан ёсоор ирлээ. Та юу хүсэхсэн бол тушаагтун гэж тэрбэрд хэллээ.

-Чи одоохон миний ордонг хуучин байранд нь буцаан авчир гэж Аладдин хэлэв. Гэтэл бөгжний зарц бэрд толгой гудайлгаад,

-Өө эзэнтэн минь би үүнийг хийж чадахгүй, ордныг шидэт дэнлүүний боол барьсан болохоор тэр л зөөж чадна. Надаас өөр юм хүсээч дээ гэв.

-Хэрэв тийм бол намайг ордон байгаа тэр газарт аваач гэж Аладдин хэллээ.

-Нүдээ аниад дараа нь нээ гэж бэрд хэлэв. Аладдин нүдээ аниад дахин нээлээ. Гэтэл өөрийнхөө ордны өмнөх цэцэрлэгт ирсэн байв. Шатаар дээш гүйж гараад гашуудан уйлж суугаа Будурыг харлаа. Аладдинийг хараад Будур гүнж баярласандаа улам чанга уйлжээ. Гүнж Аладдинд болсон явдлыг ярьж өглөө. Дараа нь,

-Энэ магриб хүн өдөр болгон над дээр ирж өөртэйгөө гэрлэхийг ятгаж байна. Гэвч би хорон санаат магрибын эхнэр болохыг хүсээгүй. Цаг ямагт чамайг санан уйлж суулаа гэв.

-Шидэт дэнлүү хаана байна гэж Аладдин асуулаа.

-Тэр хоромхон зуур ч өөрөөсөө холдуулдаггүй. Байнга өвөртөө хийж явдаг гэж Будур хэлэв.

-Тэгвэл намайг сонс Будур, тэр хүн дахин чам дээр ирэх үед чи эелдэг харьцах хэрэгтэй. Түүнтэй хамт оройн хоол идэж дарс уух үед аяганд нь энэ нойрны эм хийгээрэй. Түүнийг унтах үед би өрөөнд орж шидэт дэнлүүг эргүүлж авна гэж Аладдин хэлэв.

-Тэр удахгүй ирэх ёстой, одоо харин надтай хамт явж харанхуй өрөөнд нуугдаж бай. Түүнийг унтах үед би алгаа ташна. Тэр үед орж ирээрэй гэж Будур хэлэв. Аладдинийг дөнгөж нуугдтал Будурын өрөөнд магриб хүн орж ирлээ. Гүнж түүнийг эелдгээр угтаж,

-Өө эзэнтэн минь, жаахан хүлээгээрэй. Би тантай хамт оройн хоол идэхээр бэлтгэж байна гэв. Магриб хүнийг гарсны дараа Будур сайхан хувцсаа өмсөж идэх уух юм бэлтгэв. Хорон санаат илбэчнийг эргэж ирэх үед Будур түүнд зоог барьж,

-Эзэн минь өнөөдөр миний гуйсан болгоныг биелүүлнэ гэж амлаач гэжээ. Магриб хүн ч дуртай зөвшөөрлөө. Будур түүнийг дайлж эцэст нь дарс өгөв. Түүнийг ялимгүй хөлчүүрхэж эхлэхэд гүнж түүнд,

-Өөрийнхөө цомыг надад өгөөч, бүү түүнээс нэг балгамаар байна. Харин та минийхээс уу гэв. Будур магриб хүний цомтой дарсыг авч дотор нь нойрны эм хийлээ. Магриб хүн тун удалгүй нойронд дарагдан ойчив. Будур алгаа ташлаа. Үүнийг хүлээж суусан Аладдин тэр дороо л өрөөнд гүйн орж ирээд магриб хүний толгойг тас цавчиж орхилоо. Түүний өврөөс шидэт дэнлүүг аван арчтал дотроос нь Майн-Мун гарч ирэв.

-Ордныг хуучин байранд нь аваачиж тавь гэж Аладдин тушаав. Хэдхэн мөчийн дараа ордон Султаны цонхоор харагддаг эзгүй газар сүндэрлэжээ. Султан энэ үед охиноо бодон уйлж суусан юм. Ордныг хараад тэр дороо л гүйж хүрэв. Аладдин эхнэрийн хамт үүдэн дээрээ тосон гарч ирэхэд хаан баярласандаа уйлсаар л байлаа. Султан Аладдиний толгойг авах зарлиг буулгаж байсандаа уучлал гуйж, Аладдин ч эхнэр, эх хоёрын хамт тансаг сайхан ордондоо аз жаргалтай амьдарсан гэдэг.

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-01 17:24
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ