1001 шөнийн үлгэр (3)

АЛИ-БАБА БА ДӨЧИН ДЭЭРЭМЧИН



Эрт цагт Персийн нэгэн хотод Касим, Али-Баба гэдэг ах дүү хоёр байжээ. Эцэг нь өөд болоход үлдээсэн мөнгийг тэд хувааж авав. Касим зах дээр гарч бөс даавуу торго худалдаалдаг болжээ. Тэр бараагаа магтаж худалдан авагчдыг дуудан ирүүлж чаддаг байлаа. Түүний лангуун дээр байнга хүмүүс бөөгнөрөн байна. Касим удалгүй баяжиж багагүй мөнгө хураагаад ерөнхий шүүгчийн охин Патиматай гэрлэв. Али-Баба наймаа хийж чадсангүй. Зейнаб гэгч ядуу бүсгүйтэй гэрлэжээ. Тэд байсан бүхнээ тун ч хурдан үрж дуусгаад нэгэн удаа Зейнаб,

-Али-Баба, удахгүй манайх идэх уух юмгүй болох нь. Ямар нэгэн арга бодохгүй бол бид өлсөж үхэх байх шүү гэв.

-За тэгье, юу хийх ёстойгоо бодож үзье гэж Али-Баба хэллээ.

Тэгээд цэцэрлэг рүү гарч модон дор суугаад бодож эхэллээ. Удаан бодсоны эцэст нэг шийдвэр гаргажээ. Тэр байгаа мөнгөөрөө зах дээр гарч хоёр илжиг, сүх, уяа худалдаж авав. Маргааш өглөө нь өтгөн ой бүрхсэн уул руу гарч өдрийн турш мод бэлтгэжээ. Орой болоход Али-Баба бэлтгэсэн модоо илжгэндээ ачаад эргэж ирэв. Түлээгээ зах дээр гаргаж зараад талх, мах ногоо авчээ. Тэр цагаас хойш Али-Баба өдөр болгон ууланд гарч орой болохоор бэлтгэсэн түлээгээ аван бууж ирдэг боллоо. Түлээгээ зах дээр гаргаж зараад өөртөө болон Зейнабд идэх уух юм авна.

Нэг удаа тэр өндөр модны дор зогсоод хөрөөдөх гэж байтал замаар тэнгэрт тулсан их тоос босжээ. Тоосон үүл сарнихад Али-Баба өөрийг нь чиглээд зэр зэвсэг агссан морьтнууд давхин ирж явааг харав. Морьтнуудын түрүүнд хар сахалтай, өрөөсөн нүдтэй хүн өндөр цагаан морь унан давхиж явлаа. Али-Баба тун ч их айжээ. Хурдхан шиг мод өөд авиран гарч мөчир дунд нь нуугдав. Морьтнууд дөнгөж сая түүний зогсож байсан тэр газар ирж, мориноосоо бууцгаалаа. Өрөөсөн нүдэт бодвол тэдний ахлагч бололтой, хүн болгон эмээлийнхээ араас шуудайтай зүйл буулган мөрөн дээрээ тавиад ахлагчийн юу гэхийг хүлээн зогсов. “Энэ шуудайтай улс ямар учиртай юм бол?Эд лав хулгайч эсвэл дээрэмчин байхаас зайлахгүй” гэж Али-Баба бодов. Али-Баба тэднийг тоолсонд ахлагчийг оруулахгүйгээр яг дөчин хүн байжээ. Ахлагч тэднийг дагуулан өндөр хадан цохио руу очлоо. Цохион дээр өвс бутанд анзаарагдахгүй болсон бяцхан хаалга байна гэнэ. Ахлагч хаалганы өмнө зогсоод чанга дуугаар “Сим сим, хаалгаа нээ” гэж хашгирлаа. Гэнэт цохион дээрх хаалга нээгдэж, ахлагч хүмүүсээ дагуулан тийшээ оров. “Ямар гайхалтай юм бэ! Сим сим гэдэг чинь энгийн нэгэн ургамлын нэр биш үү. Үрээс нь тос шахаж гаргадгийг би мэднэ. Гэтэл яахаараа хаалга онгойлгож өгдөг юм бол?” гэж Али-Баба гайхав.

Али-Баба тэр шидэт хаалга руу ойртож очин хармаар байсан ч дээрэмчдээс ихэд айсан тул модноосоо бууж чадсангүй. Хэсэг хугацааны дараа хаалга дахин нээгдэж, дөчин дээрэмчин гарч ирлээ. Тэдний өмнө өрөөсөн нүдэт ахлагч явна гэнэ. Дээрэмчид эмээлийнхээ араар хоосон шуудайгаа шидэж удалгүй морио унан давхиж одлоо. Модон дээр сууж залхсан Али-Баба бушуухан бууж тэр хадан цохио руу гүйж очив. “Намайг тэгж хэлбэл онгойх нь уу, үгүй юу үзье” гэж дотроо бодоод оролдоод үзэхээр шийджээ. Эр зоригоо хүчлэн байж цээж дүүрэн амсгаа аваад “Сим сим хаалгаа нээ!” гэж байдаг чадлаараа хашгирав. Тэгмэгц өмнө нь байсан хаалга онгойж том гэгчийн агуй руу ордог орц харагджээ. Али-Баба агуй руу ортол хаалга ард нь тасхийн хаагдав. Али-Баба тоглоом ч үгүй айж эхэллээ, гэнэт хаалга онгойхгүй бол яах билээ! Гэвч тэр жаахан цааш яваад гайхсандаа амаа ангайлган зогсов. Асар том бүүдгэр гэрэлтэй өрөөнд хана дагуу тавьсан тавиурууд дээр эрдэнэсийн зүйл өрөөстэй байхын зэрэгцээ өрөөний голд байгаа олон тооны бяцхан жижиг ширээнүүд дээр мөнгөн тагтай алтан саванд хийсэн хоол унд тавьжээ. Хоолны таатай үнэрийг аваад өглөөнөөс хойш юу ч идээгүй яваагаа санав. Нэг ширээ рүү ойртон очиж тагийг сөхөж үзвэл шарсан тахиа, будааны агшаамал, жимсний чанамалтай ороомог гээд зүсэн зүйлийн амттан байсанд өөрийн эрхгүй шүлс нь гоожжээ. Али-Баба шарсан тахиаг шүүрэн авч нүд ирмэх зуур залгиж орхив. Дараа нь бусад амттануудыг ар араас нь залгилаа. Хамгийн сүүлд халва аван үмхэх гэтэл ер орсонгүй. Тэр хангалттай цаджээ.

Жаахан амарч байгаад нөгөө өрөө рүү очиж харав. Тийшээ ороод нүдээ анихаас өөр аргагүй болсон юм. Учир нь дүүрэн алт, үнэт эрдэнэс байсан тул нүд сохлом хурц гэрэл цацаргаж байв. Алтан зоос, мөнгөн гулдмай газарт хөглөрч хэвтэнэ. Үнэт эрдэнэс шигтгэж хийсэн алтан мөнгөн сав булан болгонд овоолоостой байна. Энэтхэг, хятад, сири, египетийн үнэт торгонууд толгой толгойгоороо өрөөний голд хэвтэнэ. Хананд хороо цэрэгт ч хүрэлцэм хурц илд, урт жад байх ажээ. Аль-Бабагийн нүд эрээлжилж, чухам юу авахаа мэдсэнгүй. Эцэст нь тэр сайхан улаан торгон дээл авч нэг алтан тавиур авчээ. Бас халаасандаа алтан зоос дүүргэв. Жаахан тайтгарсны хойно өөртөө “Энэ их мөнгө алт эрдэнэс лав дээрэмчдийн дээрэмдэж олсон зүйл биз. Энэ их баялаг тэднийг биш учраас намайг жаахан алт авлаа гээд муу юм болохгүй” гэж өөрийгөө тайтгаруулан бодов. Тэгээд тэнд байсан хоёр хоосон шуудайг алтан зоосоор дүүргэж үүд рүү чирчээ. Хаалган дээр ирээд,

-Сим сим хаалгаа нээ! гэж хашгирав.

Тэгмэгц хаалга нээгдлээ. Али-Баба агуйгаас гарахад ард нь хаалга хаагдан өргөст мөчир доогуур орж дахин нүдэнд үзэгдэхгүй болов. Али-Бабагийн илжигнүүд нугад идээшилж явсан юм. Али-Баба алттай шуудайгаа хоёр илжгэн дээрээ тэнцүүлэн ачиж, дээр нь түлээ тавиад хотод орж ирлээ. Бүр шөнө дунд эргэж ирсэн тул санаа зовсон Зейнаб түүнийг үүдэн дээрээ хүлээж байлаа.

-Ойд чи яагаад ингэж их удав аа? Би чамайг чононд бариулчхаж ээ гэж бодлоо. Яагаад түлээгээ заралгүй гэртээ аваад ирж байгаа юм бэ гэж тэр асуув.

-Одоохон чи бүгдийг мэдэх болно Зейнаб, энэ шуудайнуудыг гэрт оруулахад туслаач. Хөршүүдэд мэдэгдэхгүйн тулд битгий их шуугиан гаргаарай гэж Али-Баба хэлэв.

Зейнаб үг дуугүй нөхрийнхөө хэлснийг хийж Али-Бабатай хоёул гэртээ орлоо. Зейнаб хаалгаа сайтар хааж гэрэл гаргаад шуудайны амсрыг нээв. Дүүрэн алт байгааг харж хөөрхий бүсгүйн царай айсандаа хувхай цайгаад,

-Чи чинь юу хийчхэв ээ, Али-Баба? Хэн нэгнийг дээрэмдсэн юм уу? гэж хашгирлаа.

-Битгий санаа зов, Зейнаб, би хэнийг ч дээрэмдээгүй, одоохон чамд юу болсныг ярьж өгье гэж Али-Баба хэлэв. Тэгээд дээрэмчид болоод агуйн тухай дэлгэрэнгүй ярьжээ.

-Зейнаб минь, энэ алтыг сайтар нуугаад хэнд ч үг алдаж болохгүй. Тэгвэл биднийг шүүхэд дуудаж Султанд мэдэгдэж бүх алтыг маань хурааж аваад шоронд суулгах болно шүү. Нүх малтаж тийшээ алтаа хийж нууя гэлээ. Тэгээд эхнэртэйгээ хоёул цэцэрлэгт гарч сарны гэрэлд нүх малтан бүх алтаа хийгээд дараа нь эргүүлэн булжээ. Энэ ажлыг хийж дуусаад Али-Баба унтахаар хэвтэв. Зейнаб бас унтахаар хэвтсэн боловч удтал унтаж чадалгүй тонгочиж “Али-Баба хэчнээн алтан зоос авч ирсэн бол? Дөнгөж гэгээ ормогц би бүх алтан зоосыг тоолж үзэх хэрэгтэй юм байна” гэж бодож байлаа. Маргааш өглөө нь Али-Бабаг уул өөд явмагц Зейнаб өнөө нүхэн дээрээ гүйж ирээд алтаа гарган тоолж эхлэв. Гэвч тэр хэтэрхий их байсан тул тоогоо алдаад ер гүйцэт тоолж чадсангүй. Хэчнээн сайн тоолж байвч яаж ийгээд л алдаж орхино. Эцэст нь тэр залхаж “Тэгснээс жин авч ирээд жигнээд үзчихье. Гэвч манайд жин байхгүй, Патимагаас гуйх хэрэгтэй болох нь” гэж өөртөө хэлэв. Касим, Патима хоёр тэдний хөрш байжээ. Зейнаб тэднийх рүү гүйж очлоо. Хаалгаар нь ормогц Патимад,

-Надад нэг тус болж жинлүүрээ зээлээч. Өнөөдөр би чамд буцааж өгье гэлээ.

-Болж байна. Гэвч жинлүүр маань хөршийнд байгаа. Би одоохон очоод аваад ирье. Эндээ хүлээж байгаарай. Хөл чинь бохир болохоор миний шинэхэн дэвсгэрийг халтартуулж орхино шүү гэв. Энэ бүхэн Патимагийн сэдсэн башир арга байжээ. Будаа жигнэдэг жин нь хуучин газраа л байсан юм. Тэр зүгээр л Зейнабт яагаад жин хэрэгтэй болсныг мэдмээр санагдаж сонирхсон хэрэг. Али-Бабагийнд будаа байхаа болиод удаж байгааг тэр мэднэ. Зейнабаас асууя гэсэн боловч хүссэнгүй. Патима тэдний гэрийн хэргийг сонирхож байгааг Зейнаб анзаарахгүй байвал сайн сан. Тиймээс тэр жингийнхээ ёроолд зөгийн бал түрхээд Зейнабт өгөв.

-Май үүнийг аваад яв, гэхдээ нар шингэхээс өмнө авч ирж өгдөг юм шүү. Надад хэрэг болох нь гарцаагүй гэлээ.

-Баярлалаа Патима гээд гэр рүүгээ гүйж одов. Тэр нүхнээс бүх алтаа гаргаж жигнэж үзэхдээ тал тал тийш болгоомжлон харсаар байжээ. Алт нь арван мер (хүндийн нэгж) хагастай болов. Зейнаб Патимад жинлүүрийг буцааж өгөөд гэртээ эргэж харив. Патима жинлүүрээ сайтар эргүүлж тойруулж харвал ёроолд нь жижигхэн дугуй зүйл наалдсан байжээ. Түүнийг авч үзвэл цоо шинэхэн алтан зоос байх нь тэр. Патима нүдэндээ ч итгэсэнгүй алтан зоосыг хуруугаараа эргүүлж дараа нь шүдээрээ хазаж хуурамч эсэхийг нь шалгав. Зоос яахын аргагүй цэвэр алтаар хийгдсэн байлаа.

-Хүүе, энэ чинь ямар гээчийн шоглоом бэ! Зейнаб алтан зоосоо жинлэх хүртлээ баяжлаа гэж үү? Тэд хэн нэгнийг дээрэмдсэнээс зайлахгүй, тэгээд ядуу дүр эсгэцгээж байна. Удахгүй Касим захаас эргэж ирнэ. Түүнд болсон явдлыг ярьж Али-Бабаг гайгүй сайн сүрдүүлэх хэрэгтэй. Али-Баба олсноо ахтайгаа хуваалцах хэрэгтэй шүү дээ гэж Патима хашгирав. Тэгээд өдрийн турш Касимыг хүлээн байж ядлаа. Бүрэнхий болмогц Касим захаас эргэн ирж, Патима түүнд толгойнхоо ороолтыг ч тайлах зав олголгүй,

-Аан гэж бай Касим, надад сонсгох зүйл байна! Чиний дүү Али-Баба ядуугийн дүр эсгэж байна. Тэр биднээс илүү баян болчихож ээ гэж хашгирав.

-Чи чинь юугаа ярина вэ? Надаас илүү баян хүн манай гудамжинд тэр бүү хэл манай хороололд байхгүй. Намайг захын ахлагчаар сонгосон нь тохиолдлын хэрэг биш шүү гэж Касим уурсав.

-Чи надад итгэхгүй байгаа юм биз дээ! Харин чи надад үдэш харьж ирээд мөнгөө яаж тоолдгоо хэлээд өгөөч гэж Патима гомдоллоо.

-Мэдээж тоолдог. Алтан болон мөнгөн зоосыг тус тусад нь ялгаж тоолно. Зуу болоод ирэхээр андуурахгүй тулд хуруугаа гозойлгодог. Харин чи ямар тэнэг юм асуугаад байна вэ? Гэж Касим төвөгшөөнгүй хариулав.

-Тэнэг зүйл асуусан юм биш! – гэж Патима хашгирав. – чи алтан зоосоо арав юм уу зуугаар нь тоолж байхад чиний дүүгийн эхнэр Зейнам жинлүүрээр хэмжиж байна. Худлаа гэвэл үүнийг харахгүй юу.

Патима жинлүүрийн ёроолд наалдаж ирсэн динарыг нөхөртөө харуулав. Касим алтан зоосыг сайтар эргүүлж тойруулж үзээд,

-Хэрэв би Али-Баба хаанаас мөнгөтэй болсныг мэдэж чадахгүй бол Касим биш болог, хүчээр ч байна уу залиар ч байна уу түүнээс авахдаа л авна даа гэлээ. Тэр дороо л дүүгийндээ очжээ. Али-Баба уулнаас эргэж ирээд гэрийнхээ үүдэнд суун амарч байв. Касимыг хараад тун ч их баярлаж,

-Тавтай морил ах минь, манайд та байнга ирэх биш дээ. яагаад энэ орой болсон хойно манайд ирснийг чинь сонирхож болох у?у гэв

-Сайн байна уу дүү минь, би чамд маш их гомдож байна гэж Касим хэлэв.

-Гомдсон гэнэ ээ? Ядуу түлээчин би яаж захын ахлагчийг гомдоож чадах билээ гэж Али-Баба гайхлаа.

-Одоо чи надаас баян болсон, алтан зоосоо жингээр хэмждэг юм биш үү? Чиний эхнэр Зейнабын зээлдэж авсан жинлүүрийн ёроолоос миний эхнэр энэ зоосыг олжээ. Намайг хуурах гэсний хэрэггүй шүү. Би бүхнийг мэдэж байгаа! Чи яагаад надаас нуусан бэ гэвэл хэн нэгнийг дээрэмдсэнээс зайлахгүй. Мэдээж чи хэн нэгнийг дээрэмдсэн биз дээ гэж Касим асуув. Али-Баба, Касим нууцыг нь мэдсэнийг ойлгоод үнэнээ хэлэхээр шийджээ.

-Үгүй дээ ах минь, таныг хуурах гэсэн юм огт биш. Би зүгээр л хулгайч дээрэмчингээс айсан тул хэнд ч хэлээгүй юм гээд Касим агуй болон дээрэмчдийн тухай дэлгэрэнгүй ярьжээ. Эцэст нь тэр ах руугаа гараа сунгаж,

-Ах минь дээ, та бид хоёр нэг эцэг эхийн хүүхдүүд. Миний агуйгаас авчирсан бүхнийг хувааж авъя. Би тийшээ яаж орох, дээрэмчдээс яаж нуугдахыг мэднэ. Миний авчирсан баялгийн тал хувийг ав. Тэр танд насан туршид тань хүрэлцэнэ гэв.

-Талыг нь авахгүй, бүгдийг нь авмаар байна! – гэж хашгираад Касим Али-Бабагийн гарыг түлхэв. – Надад шалавхан тэр агуй руу яаж очихыг хэлээд аль. Эс тэгвэл чамайг эзэн хаанд мэдүүлж толгойг чинь авхуулна.

-Намайг Султанаар сүрдүүлэхийн хэрэггүй биш үү, хэрэв хүсвэл агуй руу яв л даа. Гэхдээ тэндээс бүх алт эрдэнэсийг авч ирнэ гэж санахын ч хэрэггүй. Тэгэхийн тулд бүтэн жилийн турш өдөр шөнөгүй алт мөнгө зөөх болно гэж Али-Баба хэлэв. Тэгээд Касимд агуйг хэрхэн олох талаар дэлгэрэнгүй ярьж өгөөд, “Сим сим хаалгаа нээ” гэсэн үгийг битгий мартаарай гэж дахин дахин сануулжээ.

-За за мартахгүй дээ, энэ чинь олсны нэгэн төрлийн ургамал шүү дээ. Сим сим гэдгийг санаж байна гэж Касим хэллээ. Маргааш өглөө нь Касим арван илжиг эмээллэж аваад илжиг бүртээ хоёр том авдар тэгнэн ойг чиглэжээ. Илжигнүүдээ ойн цоорхойд тавин идээшлүүлж өөрөө хадан цохионы хаалгыг хайж гарлаа. Хаалганы өмнө төдөлгүй очиж,

-Хөөе сим сим хаалгаа нээ! гэж байдаг хүчээрээ хашгирав.

Хаалга онгойжээ. Сим сим дотогшоо ороход ард нь хаалга хаагдав. Сим сим дүүрэн эрдэнэстэй агуйг хараад баярласандаа бараг өөрийн ухаангүй болжээ. Тэр эргэлдэн бүжиж, урагш хойш цовхорч, гарт тааралдсан бүхнийг барьж үзэж байв. Торго дурдан, алт мөнгө, сав суулга, хоол унд гээд бүгдийг барьж үзэн ийш тийш шидэн хананд байгаа илд бамбайг хүртэл оролдон өвөр түрийлгээ түнтийлгэж байлаа. Тийнхүү агуй дундуур бүтэн цаг эргэлдээд юу ч сонгож авч чадсангүй. Эцэст нь тэр “Надад цаг хангалттай их байгаа, эндээс нэг нэгээр нь зөөж гаргаад илжгээ ачаалж, дахин ирэх болно. Эндээс сүүлчийн алтан зоосыг авах хүртлээ өдөр болгон ирэх болно” гэж хатуу шийдэв. Дүүрэн зоостой шуудайгаа чирсээр хаалга руу очлоо. Хаалга хаалттай байжээ. Касим шидэт үгээ хэлэх гэтэл мартчихсан байжээ. Ямар нэгэн ургамлын нэртэй адилхан үг байсандаа.

-Вандуй, хаалгаа онгойлго гэж хашгирав. Хаалга онгойсонгүй. Касим айж жаахан бодож байснаа дахин,

-Буудай, хаалгаа онгойлго гэж хашгирав. Хаалга хөдөлсөн ч үгүй. Касим айсандаа юу ч санаж чадахаа болиод аманд орсон бүх ургамлын нэрийг дурдаж үзлээ. Эцэст нь тэр агуйгаас гарах аргагүй болсноо ойлгожээ. Дүүрэн алттай шуудайн дээрээ суугаад уйлж гарлаа. Энэ үед дээрэмчид баян худалдаачдыг дээрэмдэж зөндөө их алт мөнгө, үнэт эдтэй болоод энэ бүхнээ нуух гэж агуй руу ирэв. Ой дундуур гарч яваад тэнд байгаа илжигнүүдийг харжээ.

-Энэ ямар учиртай илжигнүүд вэ? Бүр авдар тэгнэчхэж! Хэн нэгэн манай нууц агуйг мэдэж биднийг дээрэмдэхээр ирснээс зайлахгүй гэж ахлагч хэлэв. Тэгээд дээрэмчид чимээ гаргалгүй хаалган дээр очиж маш аяархан дуугаар “Сим сим хаалгаа онгойлго” гэж хэл хэмээн тушаажээ. Хаалга онгоймогц дээрэмчид шуудайныхаа цаагуур нуугдах гэж байгаа Касимыг олж харлаа. Ахлагч үсэрч очоод Касимын толгойг ганцхан цавчилтаар тас цавчив. Дээрэмчид Касимын биеийг агуйд орхиж өөрсдөө илжгийг нь олзолж аван алга болцгоолоо. Патима өдөржин цонхныхоо дэргэд суугаад нөхөр нь дүүрэн алттай авдар ачсан илжигнүүдээ хөөн ирэхийг хүлээв. Гэвч цаг хугацаа өнгөрсөөр Касимаас бараа сураггүй. Патима өдөржин хүлээж, шөнөжин хүлээж маргааш өглөө уйлсаар Али-Баба дээр гүйж очлоо. Али-Баба түүнийг тайтгаруулан,

-Санаа бүү зов Патима, би одоохон уул руу очоод Касимд юу тохиолдсоныг олж мэдье гээд илжгээ унан ой руу явжээ. Агуйд ороод ах нь үхчихсэн хэвтэж байгааг олж харлаа. Али-Баба Касимын цогцсыг агуйгаас гаргаж шуудайнд хийгээд гунигт автан гэр рүүгээ явав. “Хөөрхий Касимын шунахай сэтгэл ийм юманд хүргэдэг байжээ! Хэрэв тэр миний мөнгөний талыг аваад сэтгэл ханасан бол өдийд амьд мэнд байхгүй юу” гэж дотроо халаглан бодож явав. Али-Баба, Касимыг хүндэтгэлтэй оршуулаад, чухам яагаад ах нь үхсэнийг хэнд ч хэлсэнгүй. Патима харин оршуулганд оролцсон бүх хүмүүст нөхрийг нь ойд зэрлэг амьтан урчихжээ гэж итгүүлэв. Касимыг оршуулсны дараа Али-Баба Патимад,

-Патима надад байшингаа зарчих, цөм хамтдаа амьдаръя. Тэгвэл би шинэ байшин барих хэрэггүй болно. Чамд ганцаараа амьдрах хэцүү биз дээ гэв.

-Тэгэлгүй яах вэ, Али-Баба миний байшин бол чиний байшин. Надад байгаа бүхэн чинийх. Гагцхүү хамт амьдрахыг зөвшөөрөөч, өөр надад юу ч хэрэггүй гэж Патима хэлэв.

-За тэгвэл болох нь тэр гээд Али-Баба Зейнаб, Патима хоёртой хамт амьдрах болов. Али-Баба дахин хэдэн удаа агуй руу очиж тэндээс зөндөө алт, үнэт сав суулга, хивс авчирчээ. Өдөр болгон тэдний гал зууханд зөвхөн Патима, Зейнаб болон өөрт нь идэх хоол унд төдийгүй идэх юмгүй ядуу хөршүүдэд нь зориулан хоол хийдэг болжээ. Хөршүүд нь түүнд талархсан сэтгэлээ илэрхийлэхэд Али-Баба,

-Маргааш дахиад ирээрэй, надад талархахын хэрэггүй. Би та нарыг ууланд чоно барьсан Касим ахынхаа мөнгөөр дайлж байна. Тэр баян хүн байсан шүү дээ гэдэг байв.

Удалгүй ядуус цөм Али-Бабагийнд ирж хооллодог болсон тул хотын оршин суугчид түүнийг тун ч их хүндэлдэг болжээ. Дээрэмчид дахин агуйдаа эргэж ирэхэд алуулсан хүн алга болсон байжээ.

-Манай агуйд хэн нэгэн хүн ирээд байна! Саяхан бид нэгийг алсан бол нэлээн хэд үлджээ. Хэрэв би тэднийг барихгүй бол Ганц Нүдэт Хасан биш болог. Зоригт дээрэмчид ээ, та бүхний дунд хот руу очиж тэр муу өөдгүй хулгайчийг барьж ирэх зоригтон байна уу? Аймхай сул дорой хүн энэ хэрэгт оролцох гэсний хэрэггүй. Зальжин, овжин хүн л түүнийг барьж ирж чадна хэмээн ахлагч хашгирав.

-Ахлагч минь надаас өөр хэн ч хот руу очиж таны дайсныг барьж ирж чадахгүй. Намайг Сэргэлэн Ахмед гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм шүү. Хэрэв би түүнийг олж ирж чадахгүй бол намайг хүссэнээрээ шийтгэ гэж нэг дээрэмчин хэлэв.

-Зүйтэй Ахмед, би чамд нэг өдрийн хугацаа олгоё. Хэрэв чи манай дайсныг олж ирж чадвал би чамайг өөрийн туслагчаа болгоно. Хэрэв олж ирж чадахгүй бол толгойг чинь авна гэж ахлагч хэлжээ.

-Тайван бай ахлагч минь, үдэш болоогүй байхад л дайсныхаа хаана байгааг мэдэх болно. Өнөө үдэш намайг ойд хүлээгээрэй гэж Ахмед хэлэв. Тэгээд тэр дээрэмчний хувцсаа тайлж цэнхэр торгон дээл, улаан бүслүүртэй гутал өмсөөд хот руу явлаа. Өглөө эрт байсан юмсанж. Захын бүх лангуу хаалттай, тэр хавиар эзгүй байжээ. Зөвхөн нэг настай гуталчин захиалга хүлээн сууж байв. Сэргэлэн Ахмед түүн рүү очиж найрсгаар мэндлээд,

-Сайн байна уу өвөө минь, яагаад ингэж өглөө эрт ажлаа эхэлж байгаа юм бэ? Хэрэв таныг байгаагүй бол зах онгойхыг хүлээх гэж тэвчээр алдрах байлаа гэв.

-Чамд юу хэрэгтэй юм бэ гэж Мустаф нэрт тэр гуталчин өвгөн асуулаа.

-Би энд гаднын хүн, шөнө ийшээ ирж үүр цайтал хүлээж байгаад хотын хаалга онгойхоор орж ирлээ. Энэ хотод миний ах баян худалдаачин байдаг юм. Хол газраас түүнтэй уулзахаар иртэл түүнийг ойгоос үхчихсэн байхад нь олсон гэж сонслоо. Хөөрхий ахынхаа хойноос гашуудан уйлах хамаатан садан бий болов уу, үгүй болов уу мэдэхгүй байна гэв.

-Чиний ах баян худалдаачин байсан гэнэ ээ? Манай энд саяхан нэг худалдаачныг оршуулсан. Би оршуулгад нь очсон. Худалдаачны эхнэр түүнийг чононд бариулчихсан гэж хэлсэн боловч би өөр нэг хүнээс тэр худал, үнэндээ бол худалдаачны дүү ахыгаа ойгоос алагдсан, толгойгүй болчихсон хэвтэж байхад нь олж маш нууцлаг байдлаар гэртээ авчирсан юм гэдгийг сонссон.

Сэргэлэн Ахмед тун их баярлав. Тэр баян худалдаачин бол агуйд алагдсан тэр хүнээс өөр хэн байх билээ.

-Намайг тэдний гэрт аваачиж чадах уу гэж Ахмед гуталчнаас асуув.

-Чадалгүй яах вэ дээ, гэвч би ажлаа яах билээ. Хэн нэгэн хүн надад гутал захиалахаар ирвэл би эзгүй байж болохгүй шүү дээ гэж гуталчин хэлэв.

-Май энэ алтан зоосыг ав. Ахын маань гэрийг зааж өгвөл чамд дахин нэг алтан зоос өгөх болно гэж Ахмед хэллээ.

-Өгөөмөр занд тань баярлалаа. Энэ алтан зоосыг олохын тулд би бүтэн сарын турш гутал уллах хэрэгтэй болно. Одоо явъя гэж баярласан Мустаф хэлээд Ахмедыг дагуулж явсаар Касимын байшинд дагуулж ирлээ.

-Өнөө алагдсан худалдаачны байшин энэ. Одоо энд дүү нь амьдарч байгаа гэж Мустаф хэлэв. “Чухам энэ л надад хэрэгтэй байсан юм” гэж Ахмед олзуурхан бодсоор Мустафад бас нэгэн алтан зоос өгөв. Хотын бүх байшин гадуураа өндөр хашаатай тул танихгүй айлын гэр тогтоож авахад тун хэцүү байжээ. “Энэ байшинг дахиад олж ирэхийн тулд тэмдэглэх хэрэгтэй” гэж Ахмед бодлоо. Тэгээд халааснаасаа шохой гаргаж ирээд хаалган дээр чагт зурав. “Одоо би байшинг мэддэг болсноос хойш маргааш нөхдөө дагуулан эргэж ирнэ. Ахлагчийн туслах боллоо шүү” гэж баярлан бодсоор Ахмед тэндээс явлаа. Ахмедийг дөнгөж явмагц байшингаас Али-Бабагийн зарц хүүхэн Маржана гарч ирэв. Тэр хүүхэн тун зоригтой бас ухаалаг нэгэн юмсанж. Өдрийн хоолонд хэрэглэх талх, мах авч ирэхээр зах руу явах гэж байжээ. Хаалгаар гарч ирээд шохойгоор зурсан тэмдгийг олж харав. “Хэн манай хаалган дээр тэмдэг тавьдаг билээ? Гудамжны жаалууд юм болов уу... үгүй дээ. хэтэрхий өндөр юм. Тэгэхээр бидэнд хорон санаа санасан хүний үйлдэл байна. Тэр манай байшинг сайтар тогтоож авах гэж зориуд тэмдэг тавьжээ. Үүнтэй тэмцэх хэрэгтэй” гэж тэр хүүхэн бодов. Тэгээд байшинд эргэн орж хэсэг шохой авч ирээд гудамжны бүх байшин дээр адилхан тэмдэг тавьжээ. Өнөө залуу дээрэмчин агуйд эргэж ирээд,

-Ахмад аа, миний юу хэлэхийг сонсоно уу! Цөмөөрөө намайг анхаарч бай! Би манай дайсны гэрийг олоод тэмдэг тавьчихсан. Маргааш өглөө та нарт харуулъя гэж хашгирлаа.

-Сайн байна, Сэргэлэн Ахмед. Маргааш өглөө бид тийшээ очих болно. Өвөртөө хурц хутга нууж дайсныхаа гэрт орно гэж ахлагч хэлэв.

-Таны тааллаар болог гэж дээрэмчид хашгираад Ахмедын амжилттай ажилласанд баяр хүргэцгээв. Сэргэлэн Ахмед толгойгоо дээр өргөж,

-Одоо удахгүй би ахмадын туслах болно гэлээ. Шөнийн турш сэтгэл хөөрөн унтаж чадсангүй. Үүр цаймагц үсрэн босож дээрэмчдийг сэрээлээ. Дээрэмчид цагаан чалма ороож өндөр өсгийтэй гутал өмсөөд үнэт бухаар дээлэн дотроо хурц хутга нуун хот руу явцгаалаа. Тэднийг харсан хэн боловч,

-Энэ бухаариуд манай хотыг сонирхохоор ирцгээжээ гэж байв. Хамгийн түрүүнд Ахмед ахлагчийн дэргэд явж байлаа. Хот дундуур удаан явсны эцэст хэрэгтэй гудамжаа олж ирлээ.

-Хараач, энэ нөгөө байшин мөн байна, хаалган дээр нь чагт зурсан юм гэж тэр хэлэв.

-Энд ч бас чагт байна, яг аль байшинд нь манай дайсан байгаа юм бэ гэж өөр нэг дээрэмчин хэлэв.

-Тэгвэл энэ байшин дээр ч бас чагт байна! Үүний цаана ч бас байна.

Тэд тун их гайхжээ. Гудамжны бүх айлууд адилхан тэмдэгтэй байсан тул дайсныхаа гэрийг олсонгүй.

Ахмед ихэд тэвдэн сандарч, харин дээрэмчний ахлагч маш ихээр уурлав. Тэд буцаж агуйдаа ирмэгц хөөрхий түүнийг үхэл рүү нь хялбархан илгээжээ. Сэргэлэн Ахмедийн ахлагчийн туслах болох мөрөөдөл нь ийм зүйлээр өндөрлөв.

Ахлагч маргааш өглөө нь Хожгор Мухаммедыг хот руу явуулжээ. Сэргэлэн Ахмедад юу тохиолдсоныг харсан Хожгор Мухаммед ихэд болгоомжлон, захаар орж хамгийн ховор байдаг улаан өнгөтэй шохой худалдаж авчээ.

Тэгээд өнөөх гуталчин өвгөний дэргэд очиж,

-Өвгөн гуай, миний том ах энэ хотод амьдардаг байсан юм аа. Тэгтэл саяхан золгүй тохиолдлоор нас барсан гэж сонсоод ирлээ. Тэр их баян худалдаачин байсан тул хүмүүс сайн мэдэх байх. Та гэрийг нь зааж өгч тус болохсон болов уу? гэсэнд өвгөн гуталчин

-Мөн өчигдөр өглөөхөн нэг залуу тэр алагдсан худалдаачныг сурч ирсэн билээ. Би тэр залууг ахынх нь гэрийн үүдэнд хүргэж өгсөн дөө. Чи бас нэг дүү нь мөн үү?

-Тэгэлгүй яах вэ? Миний нэг ах надаас түрүүлж энэ золгүй мэдээг сонсоод өчигдөр наашаа гарсан байна билээ. Би ахынхаа араас очихыг юутай их хүснэ вэ? Хөөрхий бэр эгч минь хэцүү байгаа байх даа гэж харамсан гашуудсан өнгөөр ярьсанд,

-Гэхдээ би эндээс явахад хэцүү байна. Чамд газар зааж өгөхөөр явсан хойгуур надад хэн нэгэн гутлаа засуулахаар ирвэл яах билээ?

-Та бүү санаа зов. Би танд одоо нэг алтан зоос өгнө. Тэгээд ахынхыг маань зааж өгсний дараа бас нэгийг нэмэх болно гээд нэг алтан зоос гарган өвгөний гар дээр тавьсанд өвгөн ихэд баярлан,

-Тэр худалдаачин ах чинь юутай буянтай хүн байгаа вэ? Бас түүний дүү нар болох та бүхэн ах шигээ их буянтай хүмүүс юм. Өчигдөр ирсэн дүү чинь надад бас яг л ингэж алтан зоос өгсөн билээ. Би ийм алтан зоос олохыг тулд хичнээн олон хүний гутал засдаг билээ. Ах чинь бурхны оронд төрөх болтугай гээд өвгөн Хожгор Мухаммедийг дагуулан явсаар Касимын байшингийн дэргэд ирээд,

-За үлдсэн нэг алтан зоосоо авьяа даа. Өчигдөрхөн ирсэн ах чинь одоо энэ байшин дотор бэлэвсэрсэн бэр эгчтэй чинь хамт чамайг хүлээж суугаа гэж хэлээд нэг алтан зоос нэмж аваад баярласандаа бушуухан арилаад өгчээ.

Хожгор Мухаммед өнөөх улаан шохойгоороо хаалганых нь баруун дээд буланд чагт тэмдэг сэмхэн тавьчихаад буцав. Яг энэ үеэр Маржана захаас ирж яваад, нэгэн үл таних хүн хаалган дээр нь тэмдэг тавьж байхыг гудамжны булангаас сэм харжээ.

Тэгээд тэр даруй зах руу эргэж гүйгээд хайсаар байж улаан шохой худалдаж авч ирэв гэнэ. Харанхуй болсон хойно гудамжныхаа бүх айлуудын хаалганы дээд буланд улаан шохойгоороо чагт зурчихжээ.

Хожгор Мухаммед агуйдаа буцаж очоод ахлагчдаа хандан,

-За би тэр айлын хаалгыг яагаад ч олж чадахаар тэмдэг тавиад ирлээ. Маргааш бид эд хөрөнгийг минь хулгайлсан тэр муу хулгайчаас хариугаа авах боломжтой боллоо гэж итгэл төгс өгүүлжээ.

Ахлагч түүний үгэнд төдий л итгэлтэй байсангүй. Маргааш өглөө эрт дээрэмчид мөн л зүсээ буруулж, ханцуй дотроо хутгаа нууцгаагаад хот руу сэмхэн орцгоов гэнэ.

Хэрэгтэй гудамжийг олоод Хожгор Мухаммед ахлагчаа дагуулан хамгийн том сайхан хаалганы дэргэд ирж баруун дээд буланд нь тавьсан улаан чагт зааж үзүүлэв.

-Үүнийг харж байна уу? Энэ миний тавьсан тэмдэг гэж тэр хэллээ.

-Тэгвэл энэ хэнийх болж байна? гэж дээрэмчдийн нэг хөрш хаалганы дээр тавьсан яг тийм тэмдгийг заав.

-Наадах чинь бас ямар тэмдэг вэ гэж Мухаммед хашгирлаа.

-Улаан чагт байна. Бүх хаалган дээр ийм тэмдэг тавигджээ. Эсрэг талын хаалганууд дээр ч байна. Чамайг ахмадад тэмдгээ зааж байх зуур би хөрш хаалгануудыг харсан юм гэж нөгөө дээрэмчин хэлэв.

-Тэгэхээр Мухаммед минь чамайг бас л хуурч орхижээ. Чи хэдийгээр сайн дээрэмчин боловч хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Чамд өршөөл алга гэж ахлагч хэлэв.

Тийнхүү Мухаммед Ахмедийн нэгэн адил үхлээ. Дээрэмчдийн бүлэгт одоо дөч биш гучин найман дээрэмчин үлджээ. “Энэ хэцүү ажлыг өөрөө гардан хийх хэрэгтэй юм. Миний хүмүүс хэдийгээр хулгайлж, дээрэмдэж тулалдахдаа сайн боловч заль мэхэнд муу юм” гэж ахлагч бодов. Маргааш өглөө нь дээрэмчдийн ахлагч ганц нүдэт Хасан өөрөө хот руу явжээ. Зах дээр худалдаа наймаа оргил цэгтээ хүрч байлаа. Тэр Мустаф гэгч гуталчин өвгөнийг олоод дэргэд нь сууж,

-Өвөө минь та юунд ингэтлээ гуниглаа вэ? Ажил бага байна уу гэв

-Эртнээс нааш ажилтай байхаа больсон. Хэрэв бурхан надад тусламж хайрлаагүй бол аль эрт өлбөрч үхэх байсан биз. Уржигдар өглөө нэг залуу төрсөн ахаа хайж явна гэсээр над дээр ирсэн юм. Би ахынх нь гэрийг зааж өгсний төлөө хоёр алтан зоос өгч билээ. Өчигдөр бас нэг харийн хүн ирж надаас саяхан нас барсан ахыг нь таних уу гэж асуусан. Хэрэгтэй газар нь хүргэж өгөхөд тэр мөн л хоёр алтан зоос өгсөн юм. Өнөөдөр өдөр дунд болж байхад хэн ч ирсэнгүй. Талийгаачид өөр дүү нар байгаагүй юм байлгүй дээ гэж гуталчин хэлэв. Мустафийн үгийг сонсоод ахлагч гашуунаар уйлж,

-Тантай уулзсан минь ямар их аз вэ, би тэр алагдсан хүний бас нэг дүү нь байна. Би алс холын орноос ирсэн тул дөнгөж өчигдөр л ах маань алагдсаныг мэдлээ. Бид ах дүү тавуул байсан юм. Өөр өөр газар амьдардаг бид ахынхаа үхлийн талаар сонсоод ийшээ ирж байна. Надад тэдний гэрийг зааж өгвөл би дүү нарынхаа нэгэн адил шан харамж өгье гэв.

-За тэгье дээ гэж өвгөн дуртайяа зөвшөөрөв. -Дахиад өөр дүү байхгүй биз?

-Үгүй дээ, бид тавуулаа байсан юм. Одоо дөрвүүл үлдлээ гэж ахлагч хүндээр шүүрс алдан хэлэв.

-Тийм цөөхүүлээ байсан чинь юутай харамсалтай вэ? Явцгаая даа гээд хөгшин Мустаф мөн л хүндээр шүүрс алдав. Тэрээр ахлагчийг дагуулж явсаар Касимын байшингийн гадаа ирж шагналаа аваад буцаж явлаа. Ахмад энэ гудамжны өнцөг булан бүрийг сайтар мэдэж байсан болохоор тэмдэг тавихын хэрэг байсангүй. Тэрээр нөхөд дээрээ иргэж ирээд,

-Дээрэмчид минь би нэг арга оллоо. Хэрэв чадвал бид дайснаа алаад зогсохгүй эндээс авч явсан бүх баялгийг эргүүлэн авах болно. Иймээс миний хэлэхийг сайтар сонсоцгоо гэв. Тэр нэгэн дээрэмчнийг хот руу илгээж хорин сайн илжиг, тос хийдэг хорин тор худалдаж ав хэмээн явуулав. Дээрэмчин тосны торх тэгнэсэн илжгээ авч ирэхэд ахлагч торхон дотор дээрэмчдээ оруулж суулгаад торхны амсрыг навчаар бүтээн амьсгалах жаахан нүх гаргажээ. Үлдсэн хоёр хоосон торхонд чидун жимсний тос хийв. Түүнийгээ бусдад үзүүлэхэд хүмүүс бусад торх ч бас тийм тостой гэж бодох болно. Дээрэмчдийн ахлагч баян худалдаачны хувцас өмсөж илжгээ туусаар хот руу явав. Үдэш болж бүрэнхийлж байлаа. Дээрэмчдийн ахлагч Касимын гэрийн гадаа ирвэл үүдэн дээр хөгжилтэй эелдэг залуу сууж байжээ. Энэ бол Али-Баба байсан юм. Ахлагч түүн рүү очиж мэхийн мэндчилэв.

-Сайн байна уу, хүндэт худалдаачин минь. Би хол газраас ирсэн харийн хүн байна. Би танай энд зарахаар сайн чанарын тос авч ирсэн. Миний илжигнүүд хол замд ядарсан болохоор явахад хэцүү боллоо. Намайг энд ирэхэд зах хаачихжээ. Би хотоор зөндөө явсан боловч ийм олон илжигтэй намайг хонуулах буянтан олдсонгүй. Үүгээр өнгөрч яваад чамайг найрсаг, хөгжилтэй хүн болохыг анзаарч харлаа. Чи намайг нэг шөнө хонуулаач дээ. Би торхнуудаа хашаанд чинь тавьж хоноод маргааш өглөө зах дээр аваачин зарах болно. Дараа нь би төрсөн нутагтаа очиж чиний сайхан сэтгэлийн тухай бүх хүмүүст ярина гэжээ.

-Харийн хүн минь дотогшоо ор доо. Манайд зай хангалттай бий. Илжигнүүдийнхээ эмээлийг авч тэжээл тавьж өг. Дараа нь хамтдаа оройн хоол идье. Хөөе Маржанаа нохойгоо гинжилж уя, тэр манай эрхэм зочныг айлгачих вий гэж Али-Баба хэлэв.

-Танд их баярлалаа хүндэт худалдаачин минь. Миний хүсэлтийг биелүүлсэн шиг таны бүх хүсэл ч биелэх болтугай гэж дээрэмчдийн толгойлогч хэллээ. Тэгээд илжигнүүдээ хашаанд оруулж ачааг нь буулган ханын дагуу эгнүүлэн тавьжээ. Дараа нь торхны дээрээс тонгойн,

-Чимээгүй сууцгаа, хөдөлж болохгүй, шөнө би гарч ирээд та нарыг дагуулж орох болно гэж шивнэв. Дээрэмчид өөр өөрсдийн торхон дотроос мөн л шивнэлдэж,

-Ёсоор болгоё ахлагч аа гэцгээлээ. Ахлагч Али-Бабагийн гэрт орж зочинд зориулан зассан ширээний ард суув. Али-Баба хивс дэвссэн намхан сандал дээр түүнийг хүлээж сууснаа зочныг харж, зарц хүүхэн рүүгээ,

-Хөөе Маржанаа дахин нэг тахиа гаргаж шар. Балтай бин олныг хайр, зочин маань сэтгэл хангалуун үлдэг гэж хашгирав.

-Ёсоор болгоё би энэ бүхнийг өөрийн гараар бэлтгэх болно гэж Маржана хэлэв. Тэр гал зуух руу гүйн орж гурил зуурч бин хайрахаар боллоо. Гэнэт бин хайрах тос дууссаныг үзэв.

-Ээ чааваас, одоо яадаг билээ. Шөнө болсон хойно хаанаас тос авах вэ дээ. Хөршүүд унтсан болохоор хэнээс тос гуйлтай билээ гэж Маржана арга барагдан үглэв. Тэгснээ гэнэт духаа алгадаж,

-Би ямар тэнэг юм бэ, энд цонхон дор дөчин торх тос байхад тосгүй гэж ярьж байдаг. Зочноосоо жаахан тос аваад маргааш өглөө гэгээ ормогц зах дээрээс худалдаж аваад дүүргээд өгчихье гэж өөртөө хэлэв. Тэгээд гэрэл асаан хашаа руу гарлаа. Бүрхэг харанхуй шөнө байсан юм. Нам гүм ноёрхож хааяа илжиг тургилан хазаараа зажлах дуулдана. Маржана дэнлүү бариад торх руу ойртон очив. Түүний очиж харсан хамгийн анхны торх үнэхээр тостой байжээ. Маржана түүнийг онгойлгон тогоондоо тос хийж авав. Гэтэл энэ үед торхон дотор сууж залхсан дээрэмчид хөл гараа тэнийлгэхийн мөн болж байсан тул Маржанагийн хөлийн чимээнээр ахлагчаа иржээ гэж боджээ.

-Арайхийж нэг ирэв үү ахлагчаа, одоохон биднийг эндээс гаргаач, энэ гэрийн эзэнтэй тооцоо дуусгаад явцгаая гэв.

Маржана торхон дотроос гарсан дууг сонсоод айсандаа золтой л муужраад уначихсангүй. Тэр ухаалаг, зоригтой хүүхэн байсан тул ямар учиртай торхнууд болохыг хоромхон зуур ойлгожээ. Али-Бабад үхлийн аюул заналхийлж байна. Тиймээс дуу гарсан торх руу очиж дуугаа намсгаад,

-Удахгүй та нарыг дуудна. Чимээгүй байж үз. Нохойнд үнэр авхуулж орхивзай. Шөнө тэднийг сулладаг юм байна гэснээ өөр нэг тор руу очиж,

-Энд хэн байна гэлээ.

-Би Хасан байна гэх дуу торхон дотроос гарлаа.

-Бэлэн байгаараа Хасан. Удахгүй би чамайг суллана. Тийм маягаар торх бүрээс очиж асуусаар гучин найман торхон дотор дээрэмчид байгааг, зөвхөн хоёр нь тостой болохыг олж мэдэв. Маржана тогоотой тосыг гал дээр тавин буцалгав. Дараа нь хашаа руу гүйж гараад халуун тосыг дээрэмчдийн сууж байсан торх руу хийжээ. Тэр хашгирч ч чадалгүй нам болов. Нэг дайсантай тооцоо дуусгаад Маржана бусдынх нь араас орлоо. Тосоо буцалгаж дээрэмчдэд хувь хүртээх зуураа сайхан улаан өнгөтэй хэдэн бин хайрч, Али-Баба түүний зочин хоёрт оруулж өгөв. Али-Баба дээрэмчдийн ахлагчийг дайлсаар цаадах нь хөдөлж ч чадахгүй болтлоо идэв. Эцэст нь тэр дэрэн дээр хажуулдаж гараа гэдсэн дээрээ тавиад хүндээр амьсгаадаж байлаа. Али-Баба зочноо цадсаныг хараад түүнийг хөгжөөхөөр шийджээ. Тиймээс Маржанаг дуудаж,

-Хөөе Маржана манай зочинд зориулж хамгийн сайхан бүжгээ хийж өг гэв.

-Ёсоор болгоё эзэнтэн минь гэж Маржана мэхийн хэлэв. – Гэхдээ явж бүтээлэг авч ирэхийг зөвшөөрнө үү? Учир нь би бүтээлэгтэй бүжиглэмээр байна.

-Яваад аваад ир гэж Али-Баба хэллээ. Маржана өрөөндөө гүйн орж оёж байсан бүтээлгээ авч ирэхдээ доор нь хурц хутгаа нуун авч ирэв. Дараа нь хүүхэн бүжиглэж гарлаа. Али-Баба дээрэмчний ахлагч хоёр түүн рүү харж сэтгэл ханамжтай толгой дохиж суув. Маржана бүжиглэсээр ахлагч руу улам ойртсоор гэнэт тэр муур шиг үсэрч очоод дээрэмчний зүрхэнд хутгаа дүрж орхилоо. Дээрэмчин чанга хашгирснаа амьсгал хураав. Али-Баба айсандаа чулуу шиг царайтай болжээ. Тэр Маржанаг галзуурчээ гэж бодсон юмсанж.

-Ямар гээчийн гай намайг дайрав аа. Тэнэг хүүхэн чи юу хийснээ мэдэж байна уу? Манайд харийн хүн алагдлаа. Ямар гээчийн гутамшиг шившиг вэ гэж гэрийн эзэн орь дуу тавьлаа. Маржана түүний өмнө өвдөг сөхрөн сууж,

-Миний юу хэлэхийг сонс эзэнтэн минь, дараа нь намайг хүссэнээрээ шийтгээрэй. Хэрэв би буруутай бол намайг алсан ч болно гэж хэллээ.

Тэгээд Али-Бабад дээрэмчдийн тухай ярьжээ. Али-Баба ч тэр бол агуйд ирж Кесимийг алсан дээрэмчид болохыг ойлголоо. Тэгмэгц Маржанаг татаж босгоод,

-Зайнаб одоохон бос, Патимаг сэрээ, бидэнд аймшигт аюул заналхийлжээ. Энэ ухаалаг, зоригт бүсгүй бид бүхнийг аварсан байна гэж хашгирав. Зайнаб, Патима хоёр тэр дороо л үрсэн ирж Маржанаг тэврэв. Али-Баба ч бас түүнийг чанга тэвэрч,

-Чи энэ цагаас хойш зарц байхаа больсон. Одоо бидэнтэй хамт төрсөн дүү шиг амьдар гэв. Тэр цагаас хойш амгалан тайван амьдрал ирсэн гэдэг.

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-06 17:14
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ