1001 шөнийн үлгэр (5)

ВАСИМ ХАН ХҮҮ БА ТҮҮНИЙ МОРЬ

Эрт урьдын цагт Персийн эзэнт гүрэн Мохамед-ал-Хабах хэмээх хүчирхэг Султантай байжээ. Тэрээр ухаалаг, баян чинээлэг, өгөөмөр удирдагч байсан бөгөөд ард иргэдээ эв найрамдалтай, элбэг дэлбэг байлгахын төлөө бүхий л хүчээ дайчилдаг байв.

Хаан Васим хэмээх нэг зоригтой сайн хүү, Амина хэмээх нэгэн үзэсгэлэн төгөлдөр, эелдэг ялдам охинтой байлаа. Хаан охиноо нүдний цөцгий мэт хайрлаж,

- Охин минь, чамтай гэрлэх хүн хамгийн азтай хүн байх болно гэдэг байв.

Эзэнт гүрний олон залуу эрчүүд охиноо гэргий болгон өгөхийг гуйж Султанд бараалхдаг байсан боловч, Султан бүгдэд нь,

-Та нар сайн хүмүүс юм. Гэхдээ миний охин илүү сайхан сэтгэлтэй хүнтэй гэрлэх ёстой гэж татгалзсан хариу өгдөг байлаа.

Нэгэн өдөр зэвүүн царайтай хөгшин бүдүүн эр хотод ирээд, гүнжийн сэтгэлийг өөртөө татаж чадна хэмээн ам гарав. Үүнийг сонссон улсууд нүд, чихэндээ ч үл итгэн:

-Султан охиноо чамтай хэзээ ч гэрлүүлэхгүй гэж шоолон инээцгээлээ. Гэтэл үнэн хэрэгтээ тэр хүн шидтэн байсан бөгөөд,

-Надад гүнжийг үдшийн бүрийгээс өмнө сүйт бүсгүйгээ болгож чадах ид шидийн хүч бий гэж ёжтой инээмсэглэжээ.

Шидтэн Султанд бараалхаж, түүнээс охинтой нь гэрлэх зөвшөөрөл хүсэв. Султан түүний эрээ цээргүй хүсэлтийг сонсоод хилэгнэн уурлаж ,

-Хөөгдөж гарахаасаа өмнө ордноос явагтун. Би охиноо чам шиг этгээдтэй гэрлүүлснээс эзэнт гүрнээ худалдсан нь дээр гэж хашгирав.

Шидтэн хааны үгийг үл тоон, зарцдаа Султанд бэлдсэн бэлгийг авчрахыг даалгав. Удсан ч үгүй шидтний зарц том жижгээрээ яг жинхэнэ морь шиг хэмжээтэй модон морь хөтөлсөөр орж ирэв. Султан болон түүний бараа бологсод, яг амьд мэт урласан модон морийг хараад гайхан биширлээ. Шидтэн:

-Эрхэм дээдэс ээ, та охиноо надтай гэрлүүлбэл би үүнийг танд бэлэг болгон өгье гэлээ.

Султан улам уурсаж,

-Чи намайг охиноо модон мориор солино гэж яаж бодож зүрхлээв! Би энэ модны хэлтэрхийгээр чинь яах юм гэж шидтэн рүү хашгичив.

-Эрхэм дээдэс ээ, би бол шидтэн, энэ энгийн нэгэн модон морь биш. Нисэж чаддаг шидэт морь билээ гэж тэр хариу хэлэв.

Түүний үгэнд үл үнэмшсэн Султан болон түүний бараа бологсод нирхийтэл инээлдэв. Гэсэн хэдий ч шидтэн бууж өгсөнгүй. Тэр модон морь руу дөхөж очоод дээр нь мордож, хөлөө дөрөөнд жийгээд толгойн тушаа газарт нь хүрмэгц морь газраас зөөлөн хөндийрч, хөөрч эхэллээ. Шидтэний шаламгай залах аясаар танхим дотуур хүмүүсийн толгой дээгүүр эргэлдэн нисэх модон морийг хараад хүн бүр мэл гайхаж цэл хөхөрч байлаа. Удалгүй өмнө нь тайван гэгч нь газардан буусан шидтэнг хараад Султан хэлэх үггүй болов.

Шидтэн мориноосоо буугаад Султанд хандаж,

-Эрхэм дээдэс ээ, та намайг өөрөөсөө илүү хүчирхэг гэдгийг одоо харав уу гэв.

Султан шидэт морийг хараад бахдан баярлаж,

-Чи үнэхээр ер бусын хүн байна. Би энэ морины чинь төлөө юу ч хайрлахгүй. Дуртай үнээ хэлэгтүн, хэлсэн үнээр чинь худалдаж авъя гэлээ.

Шидтэний хүсэл тодорхой байлаа. Тэгээд,

-Амина гүнжийг надад гэргий болгон өгвөл би шидэт морио танд бэлэглэе, Эрхэм дээдэс ээ гэв.

Султан огтхон ч эргэлзсэнгүй,

-Хүслээр чинь болог гэхийг сонсоод хааны албатууд бүгд зогтусан гайхацгаав.

Энэ үед залуу гүнж хөшигний цаана нуугдан болсон явдлыг нэгд нэгэнгүй ажиглаж, чагнаж байсан бөгөөд хаан эцгээ ингэж хэлэхийг сонсоод асар ихээр айн балмагдав. Гүнж Султан руу яаран гүйж очоод,

-Хайрт эцэг минь, та охиноо модон морины оронд энэ хорон санаат шидтэнд өгнө гэж үү? хэмээн нулимс асгаруулан хэлэв.

Тэр Султаны бодлыг өөрчлөх гэж янз янзаар гуйж гувшсан хэдий ч модон морийг өөрийн болгохоос өөр юу ч бодохоо больсон Султан,

-Чи үг дуугүй миний тушаалыг дагаж энэ хүнтэй гэрлэ гэж түүн рүү зандрав.

Аав нь юу ч хэлсэн хүлээж авахгүй болсныг ойлгосон гүнж, ах Ханхүү Васим дээрээ аврал эрэн очив.

-Хайрт ах минь, намайг тэр хорон санаат шидтэний сарвуугаас аварч хайрла. Аав маань тэр шидтэнд ховсдогдоод юу ч ойлгохгүй болчихоод байна гэж гүнж ахаасаа гуйлаа.

Төлөвлөгөөнд нь саад учруулж болзошгүйг урьдчилан тааварласан шидтэн, ханхүүг дуудуулан шидэт морийг унаж ид шидийг нь мэдэр гэлээ. Ханхүү Васим ингэх нь модон морины нууцыг тайлах сайхан боломж гэж бодоод морин дээр мордоход шидтэн морины толгойн арын жижиг товчлуурыг дарав.

Морь тэр дороо агаарт хөөрч, шууд онгорхой цонхыг чиглэн нисэв. Энэ удаад шидтэний залсан шиг эргэлдэн ниссэнгүй. Ханхүү сандран,

-Намайг бушуухан буулгадах! гэж шидтэний зүг хашгирав.

Гэтэл шидтэн хариуд нь ёжтой инээмсэглэхээс өөр юу ч хийсэнгүй. Нуруун дээрээ айж балмагдсан ханхүүг суулгасан модон морь цонхоор гадагшаа гаран задгай тэнгэр рүү нисэв. Султан ганц хүүгийнхээ бараа тасрахыг яаж ч чадахгүй ширтсээр хоцорлоо.

-Хүүг минь одоохон эргүүлж авчир! гэж тэр шидтэн рүү бархирав. Шидтэн хариуд нь,

-Одоо нэгэнт хожимдсон. Түүнд морийг яаж залахыг зааж өгөхөөс өмнө нисээд явчихлаа. Ахиж түүнтэй уулзахаасаа өнгөрсөн байх аа даа гэлээ.

Уур хилэн нь багтаж ядсан Султан хамгаалагчдаа дуудаж хорон санаат шидтэнг шоронд хийж, зуун удаа ташуурдаж шийтгэхийг тушаав.

Үүнийг сонссон шидтэн айж сандран амь өршөө хэмээн гуйж гувшин,

-Би танд дахиад өөр шидэт морь бэлэглэе, Эрхэм дээдэс ээ! Хүүтэй байснаас шидэт морьтой байсан нь танд хавьгүй илүү биз дээ гэлээ.

Хар амиа бодсон шуналын сэтгэлээсээ болж хайрт хүүгээ алдсанаа ухаарсан Султан,

-Зуун шидэт морь байлаа ч хүүгийн минь хаана ч хүрэхгүй. Хүүг минь эргэж иртэл чи харанхуй шоронгийн шигдээс болно гэж мэдээрэй гэж шидтэн рүү зандрав.

Ордны хамгаалагчид шидтэнг гинжлэн газрын гүнд байрлах чийгтэй харанхуй шорон руу авч явав. Шидтэний төлөвлөсөн хурим найр болсонгүй. Төсөөлөн мөрөөдсөн хүндэт зочид гийчдийнх нь оронд өлсгөлөн хархнууд л түүнийг хүрээлж байлаа. Ордон уй гашуугаар дүүрчээ.

Султан хүүгээ алдсандаа гашуудаж, Амина гүнж өөрийг нь хар санаат шидтэнээс аврах гэж байгаад сураггүй болсон ахынхаа араас нулимс унагааж байлаа. Тэд сарны гэрэлд одтой тэнгэрийг ширтэн гөлрөвч Ханхүү Васим, модон морь хоёр бүртийх ч бараагүй алга болжээ.

Гэтэл энэ үед ханхүү модон морьтойгоо сарны гэрэлд үүлэн дээгүүр сум шиг хурдалсаар байжээ. Тэсгим хүйтэн салхийг зүсэн дээшлэх тусам хурд нь улам нэмэгдэж байх шиг түүнд санагдав.

Шөнийн тэнгэрт салхи сөрөн нисэхэд сарны бараа улам ойртсоор байв.

-Хөлдөж үхэх минь гарцаагүй боллоо. Амиа аврахын тулд ямар нэг юм хийх хэрэгтэй. Товчлуур дарахад ниссэн юм чинь, доош буулгадаг, хурдыг нь хасдаг товчлуурууд ч бас байж л таараа гэж ханхүү дотроо бодов.

Тэр хоёр хөлөө чанга хавчин, нэг гараараа мориноос тас зуураад, нөгөө гараараа товчлууруудыг хайж эхлэв.

-Бурхан минь, өршөөл энэрэлдээ багтааж хайрла. Товчлуурыг олж, морийг жолоодож сурахад минь туслаач гэж тэрээр амандаа дахин дахин залбирч байлаа.

Морь агаарт сарны зүг хар эрчээрээ давхисаар, ханхүү товчлуурыг хичээнгүйлэн хайсаар байв. Гэнэт морины зүүн чихний ард нэг товчлуур шиг юм байх нь тэмтрэгдэв. Тэр баярласандаа шуудхан дарж орхилоо. Модон морь аажмаар зүүн тийшээ эргэж, доошилж эхлэв.

Гэтэл ханхүүд дахин асуудал тулгарлаа. Асар хурдтай уруудан нисэх морь, урд нь харагдах аварга том хадан уулыг юу юугүй мөргөхөд бэлэн байв. Яг тэр уулыг чиглэн аймшигтай хурдалсаар байжээ. Ханхүү сандран өөр бусад товчлууруудыг хайж эхлэв. Тэгээд морины баруун чихнийх нь ард нэг товчлуур олж дарвал, морь баруун гар тийш эргэн, уулыг яг мөргөдгийн даваан дээр амжиж холдож чадлаа.

Гэсэн хэдий ч газар руу асар хурдтай доошилсоор байв. Ханхүү баруун зүүн тийш эргүүлдэг товчлууруудыг олсон боловч хурдыг нь хасдаг товчлуурыг хайсаар л байлаа. Ой мод, тариалангийн талбай харагдаж эхлэх үед эмээлийн хажууханд нэг товчлуур байхыг олов. Хайсан товчлуур нь мөн байгаасай гэж залбираад ханхүү тэрхүү товчлуурыг дарж орхив. Морины хурд тэр дороо удааширч эхэллээ. Ханхүү сая нэг юм санаа амарч гүнзгий амьсгаа авав. Морь ой модны оройг шүргэн алдан байх тэр мөчид ханхүү жолоог гартаа авчээ.

Ханхүү бага зэрэг амсхийгээд морийг бүрэн жолоодож сурахын тулд бүх товчлууруудыг нь дарж туршиж үзэхээр шийджээ. Тэгээд удалгүй морийг жолоодох бүх аргыг сурч, баруун зүүн тийш эргэх, дээшээ доошоо чиглэн нисэх, хурдан удаан явах зэргийг ядах юмгүй залдаг болов.

Ханхүү Васимд мориор нисэх тун ч хөгжилтэй байлаа. Өдөржин шувуудтай уралдаж, бэлчээрийн үхэр малыг гэнэт үргээж, үүлтэй тэнгэрийн доогуур үзүүртэй модны дээгүүр дүүлэн нисэв. Модон морины жолоог гартаа оруулмагц тийм ч зэрлэг догшин амьтан биш болохыг нь ойлгожээ.

Ханхүү гэртээ харихгүй бол хаан, хатан хоёр сэтгэл зовниж байгаа гэдгийг харуй бүрий болоход сая санав. Тэгээд тээр дор харагдах газар руу хараа бэлчээвэл шөнийн харанхуйд хаана явж байгаа нь мэдэгдэхгүй байлаа.

Ямар ч байсан гэрээсээ алс хол газар ирсэн нь тодорхой болов. Ханхүүгийн санаа зовж эхлэв. Гэтэл алсын тэртээд хэдэн гэрэл анивчин байх нь үзэгдлээ. Ханхүү хоног төөрүүлэх газар сураглахаар морио эргүүлж тэр гэрлүүдийг чиглэн нислээ. Удаж төдөлгүй нэгэн гэрэл гэгээтэй их хотод хүрч ирлээ. Хотын орчин тойрныг ажиглавал хурц гэрэлтүүлэгтэй нэгэн ордон байхыг олж үзээд тэр зүгт морио залав. Ордонд ойртож ирээд аажмаар доошилж, ордны дээвэр дээр буув.

-Энэ шөнө энд амраад, маргааш өглөө гэртээ харих замаа хайж олох нь зөв. Энэ хэн гэгчээр удирдуулсан ямар хот юм бол доо гэж тэр дотроо бодов.

Ханхүү Васим мориноосоо бууж, ордонтой танилцахаар шийдэв. Тэгээд дээвэр дээр урт хонгил руу орсон нэг хаалга байхыг олж харав. Тэгээд хаалгаар орж хонгилоор явсаар хонгилийн нөгөө үзүүрийн хаалганд тулж ирэв. Ханхүү сэм дөхөж зөөлхөн онгойлгон орвол нэгэн өрөө байх ажээ. Өрөөний тэг дунд хээ угалз болсон том орон дээр нэгэн үзэсгэлэнтэй сайхан бүсгүй тайван гэгч нь унтаж байхыг үзээд ханхүү зогтусан ширтэв. Урт хар үс нь торгон дэрийг нь бүрхэж, газар хүртэл унжжээ.

Ханхүү:

-Амьдралдаа харсан хамгийн үзэсгэлэнтэй охин энэ байна гэж бодов.

Бүсгүйг сэрэхэд ханхүү түүнийг ширтсэн хэвээр л байв. Бүсгүй танихгүй хүн өрөөнд нь байхыг үзээд айн балмагдаж,

-Чи хэн бэ? Хаанаас гараад ирэв? Юу хүсээв? гэж дуу алдав. Ханхүү хариуд нь:

-Бүү айж сандрагтун, үзэсгэлэнт бүсгүй минь. Би Персийн Султаны хүү байна. Би төөрч яваад энэ ордонтой таарсан юм. Гэртээ харихын өмнө амрах хэрэгтэй байна. Чи хэн болохоо, намайг хаана байгааг хэлж өгөөч? гэлээ.

-Би бол Индичүүдийн хааны гүнж. Чи Персээс ирсэн бол гэрээсээ асар холдсон байна гэж бүсгүй хэлэв.

Хачирхалтай санагдаж болох ч, Ханхүү Васим, гүнж хоёр бие биедээ анхны харцаар дурлажээ. Тэд хүүрнэн ярилцаж, ханхүү ордонд хэрхэн ирсэн тухайгаа өгүүлэв. Тэр шидтэн, шидэт морь, морийг удирдаж сурах хүртэл ямар аймшигтайгаар ниссэн тухай, гэрээ олохоо болиод эцэст нь ордны барааг олж үзээд дээвэр дээр нь буусан тухай бүгдийг ярив.

Гүнж тэвчээртэй сонссон боловч шидэт морины тухай ярианд нь огт итгэсэнгүй.

-Чи шидэт морины тухай үнэнээсээ яриагүй байлгүй дээ гэж тэр итгэж ядан өгүүлэв.

-Чи намайг дагаад явбал би чамд үзүүлье. Тэгээд маргааш хамтдаа эцгийн минь ордонд очиж гэрлэх зөвшөөрөл гуйя, эрхэм гүнж минь гэж ханхүү түүнд хэлэв.

Гүнж адал явдалд дуртай, зоригтой бүсгүй байлаа. Тэрээр хаан эцэг нь түүнийг хэзээ ч ханхүүтэй хамт ганцааранг нь явуулахгүй гэдгийг мэдэж байсан тул ханхүүд хандаж,

-Чамд шидэт морь үнэхээр байгаа юм бол, бид өнөө шөнөдөө л явахгүй бол болохгүй гэлээ.

Гүнж моринд мордсоныхоо дараа ч ханхүүд нэг л итгэж өгөхгүй байв. Морь аажмаар хөөрч, газраас хөндийрөхөд л тэр сая нэг үнэмшиж гайхах баярлах нь зэрэгцэв. Удалгүй тэд ордонг ардаа орхин нислээ. Ханхүү эмээлийн хажуугийн товчлуурыг даран, сараар баримжаа аван ниссээр маргааш өглөө нь тэнгэрийн хаяанд наран туяарахаас өмнө Персид буцаж ирэв.

Ханхүү Васим эцгийнхээ ордонд эргэж ирсэндээ туйлын баяртай байсан хэдий ч шууд тийшээ очсонгүй. Харин оронд нь хотын захын жижиг тосгонд буув. Тэгээд хэлсэн нь:

-Хайрт гүнж минь, би эхлээд ордон руу очиж гэрийнхэндээ болсон явдлыг ярьж, чиний тухай мэдэгдье. Дараа нь зарцаа явуулж чамайг ордонд залж авчруулах болно. Тэр болтол чи морьтойгоо хамт энд байж байна уу гэсэнд гүнж зөвшөөрөв.

Ингээд ханхүү ордны зүг явав. Султан болон гэрийнхэн нь Ханхүү Васимыг эсэн мэнд эргэн ирсэнд санаа амарч магнай тэнийцгээлээ. Тэр тохиолдсон бүх явдлаа нэгд нэгэнгүй ярив. Султан туйлын их баярлаж, хар санаат шидтэнг шоронгоос суллан тавьж явуулжээ.

Гэвч хорон санаат шидтэн атаа хорслоо тийм амархан мартах хүн биш байлаа. Тэр хотын захын тосгонд үзэсгэлэнт гүнж хүлээж байгаа гэдгийг олж мэдээд түүнийг барих төлөвлөгөө боловсруулав. Ханхүүг зарц нартаа гүнжийг ордонд залж авчрахыг даалгаж байх зуур, хар санаат шидтэн цайзаас сэм гарч явжээ.

Хорон санаат шидтэн тосгонд очоод гүнжийг хайж эхлэв. Тэгээд гүнж, шидэт морь хоёрыг олмогц,

-Ханхүү таныг ордон руу урьж авчир гэж намайг явууллаа. Бушуухан явцгаая. Шидэт морь биднийг тэнд аваачих болно гэж худал хэлэв.

Гэнэн цайлган гүнж юу ч бодолгүй түүний үгэнд шууд итгэж, хорон санаат шидтэний ард морин дээр сундлаад дээш хөөрөв. Ордныг өнгөрөн нисэх мөчид, ханхүү ордны хэрмэн хашаан дотор гүнж рүү сандран даллахыг гүнж олж хараад хэрэг бишидсэнийг гэнэт ухаарчээ.

Тэгээд шидтэнээс ордны дээвэр дээр газардахыг шаардсанд шидтэн морио эргүүлэн алс холын зүг нисч эхлэв. Ханхүүгийн илгээсэн зарц биш болохыг мэдээд гүнж ухаан алдталаа айж байлаа.

-Чи намайг хаашаа авч явна вэ? Хурдхан доош нь буулгаадах! гэж гүнж сандран орилов. Доошоо үсрэх гэж оролдсон боловч газраас хэтэрхий өндөрт нисч байсан тул энэ бодлоо орхижээ.

-Бид өөр улс руу явж байна, гүнжхэн минь. Персийн хаан надад охиноо өгөхөөс татгалзсан. Тийм болохоор би оронд нь чамтай гэрлэх болно гэж шидтэн гүнжид хэлэв.

Гүнж хувь заяандаа гомдож,

-Би ханхүү, эцэг эх, гэр орноо нэг өдрийн дотор бүгдийг алдлаа. Тэд намайг яаж олох билээ гэж мэгшин уйлж гарав.

Тэд нэг шөнө, нэг өдрийн турш нисэв. Нисч нисч эцэст нь холын холд нэгэн шуналтай Султаны нутагт ирэв. Тэр өдөр хаан бараа бологсдынхоо хамт анд явсан байлаа. Тэд ангаас буцах замдаа шидтэн, гүнж хоёртой таарчээ.

Гүнж хэсэг бүлэг хүмүүс ойртон ирэхийг үзээд хамаг чадлаараа,

-Авраарай! Хэн нэгэн надад туслаач! Энэ хорон санаат шидтэн намайг хулгайлчихаад байна! гэж бархирав.

Шидтэн гүнжийг аван бушуухан зугтахыг завдсан боловч хааны цэргүүд тэднийг дорхноо бүслэн авлаа. Султан үзэсгэлэнт бүсгүйг ажиж,

-Эд жирийн хүмүүс биш бололтой. Хөгшин бүдүүн эр, залуу сайхан бүсгүй! Бас энэ модон морь энд юу хийж байгаа билээ? гэв.

Гүнж шидэт морины нууцыг тайлахаас зайлсхийж,

-Модон морь аз авчирдаг юм. Үүнийг бэлэг болгон авна уу, Эрхэм дээдэс ээ. Таны ордонд чимэг болох нь дамжиггүй гэлээ.

Шидтэн модон морины нууцыг задалж, оронд нь өөрийг нь тавьж явуулахыг хүсэхээр ам нээх гэсэн боловч, Султаны цэргүүд тэгэх завдал өгөлгүй түүнийг хүлж шоронд хийж орхижээ.

Султан гүнжийг ордон руугаа аваачиж, модон морийг эрдэнэсийн санд хадгалахыг тушаав. Удсан ч үгүй хаан морины талаар ор тас мартжээ. Гүнж айх аюул ард хоцорч, Султан түүнийг гэртээ буцаж очиход нь тусална гэж бодов.

-Намайг шидтэний хорт сарвуугаас аварсанд гүнээ талархаж байна, Эрхэм дээдэс ээ. Эцэг минь таны сайхан сэтгэлийг шан харамжаар гомдоохгүй гэдэгт итгэлтэй байна гэж тэр хаанд хэлэв.

-Тэгэх нь гарцаагүй, эрхэм гүнжтэн минь. Гэхдээ би чамайг хэрхэх талаар өөр бодолтой байна. Хар санаат шидтэнгээс аварсныхаа төлөө чамайг хатнаа болгох болно гэлээ.

Үүнийг сонссон гүнж сэтгэлээр унаж,

-Надтай гэрлэвэл гэрлэ! Гэхдээ тэгэх юм бол би үхэн үхтлээ уйлах болно гэж мэлмэрэн өгүүлэв.

Хэн ч өмнө нь Султантай ингэж харьцаж байсангүй. Уур хилэн нь багтаж ядсан Султан гүнжийг өрөөнд цоожлоод гэрлэхийг зөвшөөрөхөөс нааш тэндээс гаргахгүй гэв. Гүнж өглөөнөөс орой болтол нулимс унаган, тэндээс хэрхэн гарах вэ хэмээн гүн бодолд дарагдан суудаг боллоо.

Энэ үед ханхүү гүнжийг олно гэдэгтээ итгэсээр байлаа. Хорон санаат шидтэн гүнжийг аван нисэхийг хараад түүнийг олон олтлоо дэлхийн өнцөг булан бүрийг нэгжих болно гэж өөртөө тангараглажээ. Хэдэн сарын турш тэр гүнжийн сургийг гаргахын тулд олон өөр улсаар явлаа. Эцэст нь ядарч туйлдсаар шуналт Султаны нутагт хүрчээ.

Цайз руу явах замдаа нэгэн хоньчинтой таарав. Ханхүү хоньчинг түр саатуулж, асуусан нь:

-Сайхан сэтгэлт ноёнтон минь, би нэгэн хорон санаат шидтэнд хулгайлагдан харийн нутагт хүргэгдсэн гүнжийг хайж явна. Та энэ тухай сонсоогүй биз? гэлээ.

Хоньчин, гүнжийг жигтэй сонин байдлаар Султаны ордонд ирсэн тухай дуулсан байлаа. Тэгээд,

- Олон сарын өмнө хачин жигтэй байдлаар ордонд хүргэгдэн ирсэн нэг гүнж бий. Одоо тэр өвчин тусаад, өдөр шөнөгүй уйлж унжиж байдаг юм гэсэн. Султан түүнтэй гэрлэхийг хүссэн боловч, тэр уйлахаа огт болихгүй байгаа. Чиний эрж байгаа хүн байж магадгүй л юм гэлээ.

Ханхүүгийн сэтгэлд итгэл найдварын оч манасхийж, Султаны ордонг яаран зүглэв. Гэтэл ордонг тойрсон хатуу чанга харуул хамгаалалтыг хараад түүний урам хугарч, хайрт гүнжтэйгээ уулзахын тулд энэ хэрмэн хашаа руу хэрхэн орох билээ хэмээн сэтгэл түгшин бодов.

Хэдэн цагийн турш ордон руу орох арга зам хайн гудамжаар сэлгүүцэн алхав. Эцэст нь толгойд нь нэг мэргэн санаа орж ирлээ. Тэр ордны хэрмэн хашаа руу буцаж очоод хаалгачдад хандан хэлсэн нь:

-Би дэлхий дахинаар хэрэн тэнүүчилж элдэв эм домын талаар андахгүй болсон домч Хаким байна. Би Султаны ордонд өдөр шөнөгүй уйлж унждаг гүнж бий гэж сонслоо. Султанд намайг гүнжийг эмчилж чадна гэж дамжуулж өгнө үү гэлээ.

Хаалгачид Султанд энэ мэдээг дуулгахаар ордон руу яаран гүйв. Мэдээг сонссон Султан ханхүүг шуудхан дуудаж авчуулаад,

-Тэр миний сүйт бүсгүй болох ёстой хүн. Гэхдээ эхлээд би түүний нулимсыг зогсоох хэрэгтэй байна. Гүнжийг эмчилж чадвал шан харамж хайрлахгүй өгнө гэж мэдээрэй гэлээ.

Ханхүү төлөвлөгөө нь бүтэлтэй болсонд баярлан,

-Эрхэм дээдэс ээ, би түүнийг эдгээж чадна. Харин тэгэхийн тулд надад модон морь хэрэгтэй гэлээ.

Султан гүнжийг аврах үедээ эрдэнэсийн санд хадгалуулсан модон морийг санав. Тэгээд бараа бологсоддоо морийг авчирч ханхүүд өгөхийг даалгав. Ханхүү шидэт морийг хараад сэтгэл нь сэргэж, ордны гаднах талбайн төв хэсэгт байрлуулаад, гүнжийг авч ирэхийг Султанаас хүсэв. Султан гүнжийг дуудуулав. Гүнж талбайд хүрч ирмэгц, ханхүү шидэт морь хоёрыг олж хараад баярласан сэтгэлээ нууж ядан байлаа. Ханхүү гүнжид хуруугаараа сэм дохин үг дуугарахгүй байхыг сануулав.

Султан түшмэдийнхээ хамт гүнжийг хэрхэн эмчлэхийг харахаар бүчин зогсоцгоов. Ханхүү:

-Одоо гүнж морин дээр миний ард сундлах ёстой. Удахгүй нулимс унагахаа больж эрүүл саруул болох болно гэлээ.

Султан ханхүү гүнж хоёрыг моринд мордохыг анхааралтай ширтэж байлаа. Ханхүү гараа сунган, морины толгойн ар дахь товчлуурыг дарав. Модон морь тэр дороо дээш хөөрч нисч эхэллээ. Султан болон түүний түшмэд үүнийг хараад мэл гайхав.

-Ямар гээчийн ид шид гээч нь энэ вэ гэж Султан дуу алдав. Гүнжийг анагаах аргын нэг нь гэж тэр боджээ.

Тэгтэл морь улам бүр дээшилсээр, ордны оройтой чацуу болох үед огцом эргэн хөх тэнгэрт дүүлэн нислээ. Султан хууртсан болохоо сая ухаарч, нударгаа зангидан хилэгнэн уурлаж, дороо дэвсэлж байсан ч ханхүү гүнж хоёр хэдийнээ үүлний цаагуур бараа сураггүй алга болсон байлаа.

Ханхүү гүнж хоёр эргэн уулзсандаа маш их баярлаж, Персийн хаант улсын зүг яаран хурдлав. Султаны ордонд буцаж ирээд ханхүү мориныхоо хурдыг хасаж ордны дээвэр дээр зөөлөн газардав. Султан болон түүний гэр бүлийнхэн тэднийг баяр хөөрөөр дүүрэн угтан авлаа.

Ингээд Султан Индичүүдийн хаанд охиных нь тухай мэдэгдэхээр элч илгээв. Ханхүү тэр элчээр охиныг нь зөвшөөрөлгүй авч явсандаа уучлалт гуйж гэрлэх зөвшөөрөл хүссэн захидал явуулжээ. Индийн хаан, хатан хоёр элчийн хамт Персэд хүрэлцэн ирж охиноо энх тунх, аз жаргалтай байхыг үзээд ханхүүг уучилж, хос хоёрт ерөөлийг үг хэлэв. Удалгүй ханхүү, гүнж хоёр хурим найраа хийж, амар сайхандаа жаргасан юм гэдэг.

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-06 17:16
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ