“Монгол, Орос, Хятадын хамтын ажиллагаанд бодитоор хандах цаг болсон”


Ерөнхийлөгч Х.Бат­тулга БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Түүнийг БНХАУ-ын Гадаад хэр­гийн туслах сайд Кун Сюанью, Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг нар хүлээн авлаа. Тэрээр эхний уулзалтаа Бүгд Найрамдах Беларусь Улсын ерөнхийлөгч Алек­сандр Григорьевич Лукашенкотой хийв. Энэ үеэр хоёр орны төрийн тэргүүн ШХАБ-ын асууд­лаар санал солилцов. Лука­шенко “Монгол Улс их урт хугацаанд ажиглагч байсан, ийм хашир байх нь зөв.

Манай улсын хувьд ажиглагчаар ороод удаагүй байна. Гэхдээ миний бодлоор Монгол Улс ШХАБ-д элслээ гэхэд алдах юм байхгүй. Харин ч эдийн засгийн хувьд авах юм их байгаа” гэлээ. Үүний дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзлаа. Энэ үеэр Путин ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд үнийн хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний үеэр гарын үсэг зурсан нь Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж үзэж байна гээд, Орос-Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалтад оролцлоо. Энэ үеэр “Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буй нь гурван улс хоорондын хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлж байна гэж үздэг. Өнгөрсөн хугацаанд гурван талаас гаргасан хүч чармайлт, санаачилгын дүнд гурван талын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлсэн билээ. Гурван талт хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлсон “Дунд хугацааны замын зураглал” болон хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг тогтсон “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” гэсэн хоёр чухал баримт бичгийг байгуулсан нь том амжилт мөн. Эдгээр чухал баримт бичгийг байгуулснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Одоо тэдгээрийг бодитойгоор хэрэгжүүлэх ажилд илүү анхаарал хандуулах цаг болсон гэж үзэж байна” гэсэн юм.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-11 09:35
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ