МАХЦ-ийн зургаадугаар морин бригад баруун хилийн хамгаалалтад



Дэлхийн II дайны жилүүдэд БНМАУ-ын Зүүн хилээр милитарист Японы талаас хил зөрчин тагнуул үйлдэх, баруун хилийн зүгээс хасагийн дээрэмчид, Хятадын гоминданы цэргүүд хил даван ирж дээрэм, тонуул хийх, хилийн харуул, энгийн иргэдийг довтлон хөнөөх зэргээр байнгын өдөөн хатгалаг явуулах болж, энэ нь цаашлаад томоохон зэвсэгт мөргөлдөөн, байлдаан болж өргөжих бодит байдал бий болжээ. Тухайн үеийн БНМАУ-ын төр, засаг, цэргийн командлалаас эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч, юуны өмнө МАХЦ-ийн зэвсэг, техникийн хангамжийг сайжруулах, байлдах чадвар, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэн, дайны цагийн байдалд нийцүүлж анги, нэгтгэлүүдийн орон тоо, зохион байгуулалтын бүтцийг өргөтгөн зохион байгуулж, аюул үүсэж болох чиглэлд шинээр анги, нэгтгэлүүдийг байгуулсан юм. Тэдгээрийн нэг нь дайн, байлдаан болж болзошгүй хамгийн эгзэгтэй чиглэл буюу улсын зүүн тал Хэнтийн Өндөрхаанд 1942 оны 5 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан МАХЦ-ийн 6 дугаар морин бригад юм. Бригад нь штаб болон 2 хороо, авто тээврийн салаа, ердийн хэсгийн салаа, тусгай хуягт суман, холбооны тусгай суман, бага даргын сургууль, хөгжмийн салаа, инженерийн салаа, хүн, малын эмнэлэг, штаб хамгаалах тасаг зэрэг жижиг ангиудаас бүрдэж байжээ. БНМАУ-ын Засгийн газраас 1943оны сүүлчээр Хятадын Шинжаан мужаас хөөгдсөн казак иргэдийг хүлээн авч, өөрийн газар нутагтаа амьдрахыг зөшөөрсөн явдал нь бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн өргөжих нэг нөхцөл болжээ. Энэ нь 1944 оны 2 дугаар сарын сүүлчээр Засгийн газраас ард түмэндээ анхааруулсан радио мэдээнд дурдсанаар тод илэрдэг. Тус мэдээнд "1943 оны 12 дугаар сард тус улсын баруун өмнө хязгаараар Шинжаан мужийн Засгаас хөөгдсөн нэлээд тооны Алтайн казакууд гэр бүлийн хамтаар нэвтэрч, тэдгээрийг манай улс Үндсэн хуулийнхаа 88 дугаар зүйлийг баримтлан хүлээн авч газар нутагтаа амьдрахыг зөвшөөрсөн. Гэтэл Шинжааны цэргүүд тэдгээр казакуудыг хөөн ирж тус улсын нутаг дэвсгэрт хэд хэдэн газруудад үймээн самуун дэгдээснийг хариу цохилт өгч буцаав" гэсэн байдаг. Улсын баруун хилд цагийн байдал хүндэрч, зэвсэгт мөргөлдөөнөөс томоохон байлдаан үүсэж болзошгүй байдал бий болсон учир Засгийн газар, Цэргийн командлалаас 6 дугаар морин бригадыг Ховдод шилжүүлэн байрлуулах шийдвэрийг гаргасан байна.
/Тодотгол: Бригадыг марш үйлдүүлэн байрлуулах тухай ямар нэгэн тушаал, шийдвэр байдаггүй бөгөөд БНМАУ-ын Ерөнхий сайд, Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсангаас үүрэг болгосны дагуу маршийг үйлдсэн гэж тухайн үед бригадыг удирдаж байсан ахмад дайчид дурссан байдаг./
ТӨР ЗАСАГ, ЦЭРГИЙН КОМАНДЛАЛААС ӨГСӨН ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛСЭН НЬ
Бригадыг шилжүүлэн байрлуулахтай холбоотойгоор 1944 оны 4 дүгээр сарын эхээр МАХЦ-ийн Жанжин штабын 1 дүгээр хэлтсийн дарга, бригад командлан захирагч
Д.Дамдинхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Өндөрхаанд очиж, 1944 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн өглөөний 4 цагт бригадын бие бүрэлдэхүүнийг түгшүүрийн дохиогоор хөдөлгөн Улаанбаатар хотын зүг марш үйлдүүлжээ. Маршийн 12 дахь хоногт бригадын бие бүрэлдэхүүн Баянзүрхийн гүүрнээс зүүн урагш "Хөлийн модчин" хэмээх газар түр амралт зохион байгуулах үед Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан, Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, Бүх цэргийн жанжны орлогч, Цэргийн Улс төрийн газрын дарга, армийн комиссар Ю.Цэдэнбал, Дотоод явдлын яамны сайд, Улсыг аюулаас хамгаалах I комиссар Б.Шагдаржав, Бүх цэргийн жанжны орлогч, корпус командлан захирагч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй Төр, засгийн удирдах хүмүүс хүрэлцэн очиж, маршийн үйл ажиллагаатай танилцсан байдаг. Энэ үеэр маршал Х.Чойбалсан бригадын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, гоминданыхан хилийн цаана 25-30 километрт Давсан, Түнх, Булган, Чингэл голын бэлчирт цэргийн ангиудыг татан авчирч байрлуулан, Булган гол зэрэг газраар дээрэм тонуул, зэвсэгт халдлага үйлдэж, цэрэглэн довтлох аюул нүүрлэхэд бэлэн болсон, үүнтэй уялдан баруун хил хязгаарт цэргийн томоохон ангийг шилжүүлэн байрлуулах шаардлага гарсан зэрэг маршийн зорилго, бригадын гүйцэтгэх үүргийн талаар тодорхой танилцуулгыг хийсэн байна. Мөн "Баруун хил хязгаарын байдал түгшүүртэй, тайван биш байгаа учраас танай бригадыг Ховд дахь 4 дүгээр морьт хороонд хүч нэмэгдүүлэхээр цэргийн дээд командлал шийдвэрлэв. Энэхүү шийдвэр болбоос нам, засаг, цэргийн командлалаас танай бригадад өгч байгаа байлдааны үүрэг" гээд хүн бүр агт морьдоо хайрлан хамгаалж, хатуу чанд сахилга, өндөр зохион байгуулалт, тэсвэр хатуужилтай явж үүргээ сайн биелүүлэх, замдаа ба очсон хойноо орон нутгийн ардуудтай ялангуяа олон ястны ард түмэнтэй эелдэг харилцаатай байхыг онцгойлон анхааруулж, үүрэг болгосон байдаг.
Бригад "Хөлийн модчин"-оос 1944 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө Ховд аймгийн Үенч сумын зүг хөдөлгөөн үйлдэхэд Улаанбаатар хотын гарнизоноос их бууны дивизион, инженерийн салаа, тээврийн суман гэсэн ангиудаар хүч нэмэгдүүлж, штаб, 31, 32 дугаар морьт хороод, их бууны дивизион, авто тээвэр, хуягт холбоо, сургуулийн суман, хөгжим, эмнэлэг, арын албаны салаа зэрэг анги, салбар бүхий 2000-аад хүний бүрэлдэхүүнтэй болсон байна. Энэхүү марш үйлдсэн тухай тус бригадын штабын даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Д.Жамсрангийн бичсэн "Урт марш, мартагдашгүй өвөл" нэртэй дурдатгалд "Өвс, усны байдлыг харгалзан үзэж 20-60 км аялж, 2 өдөр яваад, 1 өдөр амардаг байв. Бага амралтыг 2 цаг яваад 10-15 минутаар хийдэг, сүүлдээ морьд нь хүртэл дарга нарын командыг андахгүй болж, амрах цагаа мэддэг болчихсон байж билээ. Заг, Байдрагийн голоос эхлэн зарим эцсэн морь, тэмээгээ замд орхисноос болж тасаг, салаагаараа ээлжлэн явган явсан. Морио орхиж байгаа цэргүүд толгойг нь илж уйлаад л ... Цэрэг хүн нормд өгсөн морьтойгоо хугацаат албаа хааж дуустал ижил дасал болж, эзнийхээ гараас талх, боов боорцог иддэг, нэрээр нь дуудахад ирдэг морьд олон байсан. Завхан, Ховдын нутагт сүү, тараг, цай идээгээ бариад тосдог, орхиж байгаа морь, тэмээг маань аваад сайн морь, атан тэмээгээ өгдөг айл олон тааралдаж байсан. Энэ нь ард түмэн цэргээ хүндэлж хайрлаж байдгийн илрэл юм. Бригадын нийт бие бүрэлдэхүүн морьдоо амь мэт хайрлаж, уул өөд өгсөж уруудахдаа морио хөтөлж 600 километр замыг явган туулсан юм. Алтайн нурууны Барлагийн хавцал гэхэд л морьтой 2 хүн зэрэгцэн явж болохгүй нарийхан замтай, эхний цэргүүд бэлд нь хүрч байхад сүүлч нь давааг өгсөж байв. Энэ марш нь цэрэг эрийн тэсвэр, монгол морины шандсыг шалгасан юм даа" гэж бичсэн нь тухайн үйл явдлын бодит дүрслэл болон үлджээ.
Бригад Архангай, "Эгийн даваа", "Байдрагийн гол", "Завхан", "Цагаан-Олом", "Шаргын говь", "Тамчийн даваа" гэсэн маршрутаар өндөр уул, даваа, өргөн тал, элсэн говь, гол ус бүхий 2000 шахам километр газрыг туулан марш үйлдэж, заагдсан район болох Ховд аймгийн Үенч сумын "Улаан үзүүр" хэмээх газар 1944 оны 7 дугаар сарын 2-ны өдөр очиж байрласнаар маршийн ажиллагаа өндөрлөжээ.
Маршийн үед хаврын хахир хатуу үе таарч, хол замд морь, мал эцэж ядрах, үхэж үрэгдэх зэрэг саад бэрхшээл ихээр тохиолдож байсан боловч бригадын бие бүрэлдэхүүн цэргийн сахилгыг чанд сахиж, байлдааны бэлтгэл сургуулийг тасралтгүй явуулан алс холын зайд шилжин байрлах чухал үүргийг амжилттай биелүүлжээ.
БРИГАД БАРУУН ХИЛИЙН ХАМГААЛАЛТАД
Бригадын дараагийн чухал зорилт нь байрласан газраа бэхжих асуудал байв. Дэлхийн дайнаас шалтгаалан улс орны эдийн засаг хүнд байсан тухайн нөхцөлд бригадын бие бүрэлдэхүүн хол газраас барилгын мод татах, түүхий тоосго цохих, зэгс дэрс ашиглах зэргээр өөрсдийн бололцоог ашиглан, идэвхтэй ажилласны үр дүнд өвлөөс урьтан байр сууцтай болж, байлдааны бэлтгэл сургуулийг ямар нэгэн саад бэрхшээлгүй явуулах нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн армийн генерал Б.Доржоор ахлуулсан хээрийн тусгай бүлгийн бүрэлдэхүүнд багтаж, газар орны байдал, дайсны байрлал, хөдөлгөөнийг тагнан турших, хилийн зөрчлийг таслан зогсоох зэрэг байлдааны ажиллагааг явуулж байлаа. Тухайн нөхцөл байдлын талаар БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн дурдатгалдаа "Хаврын тарчиг цагаас эхлэн холын марш үйлдэж, зунжин, намаржин барилга, газар шорооны ажил хийхдээ байлдааны бэлэн байдлыг өчүүхэн ч сулруулаагүй", мөн БНМАУ-ын баатар, армийн генерал Б.Дорж "Хэрэв бригадыг ирүүлээгүй байсан бол нилээд сунжирсан, ширүүн тулалдаанууд болох нь зайлшгүй байсан" гэж дүгнэж, дурссан байдаг.
Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжнаас тус бригадын маршийн үйлдсэн ажиллагааг дүгнэж, 1944 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 91 дугаарын тушаалыг гаргажээ. Уг тушаалд "Энэ нь хувьсгалт цэргийн дотор холын аяны туршлагыг үзүүлсэн хэрэг болжээ. Үүнээс үзвэл Монгол ардын хувьсгалт цэргийн анги, салбарууд нь Бүх цэргийн жанжнаас тавьсан үүргийг биелүүлж, эх орноо батлан хамгаалах их үйл хэргийг ямар ч хүнд цаг үеийн дундуур чадвартай гүйцэтгэж чадах болсныг үзүүлсэн хэрэг болой" гэж дүгнэн, идэвх зүтгэлтэй ажилласан 200 гаруй дарга, байлдагчийг үнэ бүхий зүйлээр урамшуулан шагнажээ. Мөн төр, засгаас үнэлэн Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор комиссар, хошууч Б.Сосорбарам, сургагч, дэд хурандаа Морозов Сергей, Зесович Михайл нарыг "Алтан гадас" одонгоор, бригадын штабын дарга, ахмад Д.Жамсран, хорооны дарга, хошууч Б.Дашпүрэв, хошууч Ц.Дашдорж, улс терийн ажилтан, ахмад Д.Адууч нарын 21 хүнийг "Байлдааны медаль"-иар шагнажээ. Даян дэлхийд энх тайван байдал бий болсонтой холбоотойгоор Цэргийн яамны сайдын 1946 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 192 дугаар тушаалаар бригадыг татан буулгасан юм.
МАХЦ-ийн 6 дугаар морин бригад баруун хязгаарт дайсны томоохон хүчтэй нүүр тулгаран байлдаанд ороогүй ч Ховдын хязгаарт шилжин байрласнаар эх орныхоо баруун хил хязгаарыг батлан хамгаалж, нутгийн ард түмний энх амгалан аж төрөх нөхцлийг хангах үйлсэд жинтэй хувь нэмрийг оруулсан бөгөөд Батлан хамгаалахын сайдын тушаалаар 1997 оноос маршийн үүрэг гүйцэтгэсэн дарга, цэргүүдийг Баруун хилийн тулгаралтад оролцсонд тооцож, ахмад дайчны үнэмлэх, тэтгэлгийг олгосон нь тэдний эх орныхоо төлөө асгаруулсан хөлс хөдөлмөр, өргөсөн тангарагтаа үнэнч байсны илэрхийлэл болжээ.
VI Морин бригадын дарга, дэд хурандаа Д.Самдан
Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгийн эрхлэгч, дэслэгч О.БАТЦЭЦЭГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Нийтлэгч: salhin
Нийтлэсэн цаг: 2018-06-18 22:33
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ