Хөл бөмбөгийн хаалга харагдаж байдаг болохоор бид эвдэрснийг нь мэдээгүй


Энэ сарын 18-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн сурагч хүү хөл бөмбөг тоглож байхдаа амиа алдсан юм. Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэсэг энэ хэргийг шалгаж байна.
Хүү зам дээр биш, гадаа гудманд биш, сургуулийн талбайдаа найз нартайгаа тоглож байгаад, хаалганы хүнд төмөрт цохиулан хорвоог орхисон нь хамгийн харамсалтай.
Учир нь сургууль хүүхдэд хамгийн аюулгүй, ээлтэй орчин байх ёстой. Бид 79 дүгээр дунд сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнээс ярилцлага авахыг хүссэн ч тэрээр зөвшөөрөөгүй тул цөөн асуултад хариулт авлаа.   

-Сургуулийн хөл бөмбөгийн хаалганы нэг хөндлөвч байгаагүйгээс хүнд, төмөр хаалга унасан юм билээ. Хаалгыг хэзээ эвдэлчихсэн юм бэ?
-Бид 2012 онд хөл бөмбөгийн талбайг ашиглалтад оруулсан. Түүнээс хойш хаалга нь хэвээрээ л байсан. Хавар, намар биеийн тамирын хичээлийг гадаа явуулдаг. Энэ хичээлийн жилд дунд ангийн сурагчид зургадугаар сарын 14-нд хичээллэж дууссан. Тэр хүртэл хаалга бүрэн бүтэн байсан. Хичээл амарснаас хойш л хаалганы нэг төмрийг хулгайлжээ. Дөрвөн өдрийн дотор л болсон хэрэг. Хэрэг гарсны дараа би талбайд ирэхэд цагдаа нар аваад явчихсан байсан болохоор би хаалга яг ямар байдалтай байсныг хараагүй.

-Хаалганы төмрийг гагнасан баймаар юм. Тийм амар салгаж авч чадахгүй биз ээ?
-Манай энэ хавьд янз бүрийн амьдралтай хүмүүс бий. Хэн, хэзээ, ямар зорилгоор авч явсныг үнэндээ мэдэхгүй байна. Хаалга харагдаж л байдаг болохоор манай манаач мөн мэдээгүй.

-Хаалганы суурийг цементэлж бэхэлсэн байсан уу?
-Анх 2012 онд байрлуулахдаа бэхэлсэн.

-Ер нь хөл бөмбөгийн хаалга ямар байх ёстойг заасан стандарт байдаг уу?
-Хэмжээний стандарт бий.

-Талийгаач хүүгийн ар гэрээс танай сургуулийн эсрэг гомдол гаргасан уу?
-Үгүй.

-Хөдөөлүүлэх ажил нь хэзээ болох вэ?
-Маргааш болно. Манай багш нар эргэж тойрч байна.

-Та Нийслэлийн боловсролын газрын дарга, БСШУС-ын сайд нартай уулзсан уу?
-Боловсролын газрын даргатай уулзсан.

-Энэ сургуульд хэзээнээс захирлаар ажиллаж байгаа вэ?
-2015 оноос хойш ажиллаж байна. Боловсролын салбарт 20 орчим жил ажиллаж байна.

-Баярлалаа.

Хаалга энд байжээ.

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-22 08:42
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ