1001 шөнийн үлгэр (6)СИНДБАД ДАЛАЙЧИН


ЭХНИЙ АЯЛАЛ

Эрт урьдын цагт Багдадад Синдбад гэгч нэгэн худалдаачин суудаг байжээ. Тэр хүн маш их эд баялаг, мөнгө хөрөнгөтэй, усан онгоцнууд нь ээлж дараалан далайгаар аялна. Аяллаас буцаж ирсэн усан онгоцнуудын ахмадууд Синдбадад аялж очсон холын орон, замд таарсан элдэв адал явдлын тухай гайхалтай түүх ярьж өгдөг байлаа.

Синдбад тэдний яриаг сонсож байгаад гэнэт өөрөө аялан явж өөрийн нүдээр тэр олон гайхамшгуудыг олж харахсан гэж хүсжээ. Тэр дороо л холын аянд бэлтгэв. Олон янзын бараа авч хамгийн хурдан, бөх бат хөлөг онгоцыг сонгон замд гарлаа. Түүнтэй хамт бусад худалдаачид ч явав гэнэ. Хөлөг онгоц тэнгисээс тэнгис, эргээс эрэг дамжин олон газар орноор явж бараагаа зарж, бас шинээр худалдан авч байлаа.

Тэгтэл нэг удаа олон хоног эх газрын бараа харалгүй явжээ. Шураг дээр байсан усан цэрэг гэнэт “Эрэг! Эрэг!” хэмээн хашгирч гарав. Ахмад хөлөг онгоцоо эрэг рүү чиглүүлж зангуугаа шидэн нэгэн ногоон арал дээр буужээ. Тэнд үзэгдэж харагдаагүй олон гайхамшигт цэцэг ургаж, сүүдэрт моддынх нь мөчир дээр алаг шувууд дуулалдана гэнэ. Аялагчид эх газар дээр бууж, зарим нь далайн савлагаанаас салах гэж газар тэрийн хэвтэж, зарим нь түүдэг асаан хоол унд базааж,зарим нь хувцас хунараа угаан зарим нь арлаар хэсүүчлэв гэнэ. Синдбад газар орныг сонирхохоор арлын гүн рүү явж байгаад нэг мэдвэл эргээс холдсон байжээ. Гэнэт хөл доорх газар нь хөдлөхөд,

-Амиа аварцгаа! Хурдан хөлөг онгоц дээрээ гарцгаа! Энэ бол арал биш аварга том загас байна гэж хашгирах ахмадын дууг олж сонсов.

Үнэн хэрэгтээ энэ аварга том загас байжээ. Хайрсан дээр нь хөрс бий болж мод бут ургаад ногоон ургамлаар хучигдсан байв. Аялагчид гал түлж эхлэх үед загас халууныг мэдрэн хөдөлсөн нь тэр юмсанж.

-Хурдлаарай, хурдлаарай! Одоохон энэ загас усан доогуур шургах нь байна! хэмээн ахмад хашгирна.

Худалдаачид тогоо шанага, угаалгын тэвшээ тэр чигт нь орхиод сүнс нь зайлах шахан хөлөг онгоц руу гүйлдлээ. Тэд арайхийн хөлөг дээрээ гарч амжтал загасан арал тэнгисийн гүн рүү шургаж асар том давалгаа ард нь үлдэв. Синдбад хөлөг онгоцондоо хүрч чадсангүй. Эргэн тойрноос нь давалгаа бүчин автал тэр сайн сэлдэг тулдаа тэнгисийн гадарга дээр тогтон үлдэж чадлаа. Гэтэл хажуугаар нь худалдаачдын хувцсаа угааж байсан асар том модон тэвш хөвж явав гэнэ.

Синдбад түүнийг гүйцэн барьж аваад дээр нь сууж хөлөөрөө сэлүүрдэх гэж үзэв. Гэвч давалгаа түүнийг баруун зүүнгүй шидэж байсан тул Синдбад хүссэн зүг рүүгээ явж чадсангүй. Энэ үед хөлгийн ахмад дарвуулаа өргөн энэ аймшигт газраас түргэн зуур холдон одов. Синдбад хөлөг онгоцны хойноос харсаар үлджээ. Хөлөг онгоц хараанаас алдуурахад гашуудаж цөхөрсөндөө уйлахаас өөр арга олсонгүй.

Одоо түүн аврагдах найдлага алга. Тэнгисийн давалгаа түүнийг өдөржин шөнөжин дээрээ хөвүүлэв. Нэгэн өглөө Синдбад өндөр эрэгт ойртож яваагаа гэнэт анзаарлаа. Синдбад усан дээгүүр өнгийсөн модны мөчрөөс барьж, сүүлчийн хүчээ шавхан эрэг дээр гарч ирлээ. Хөл доороо хатуу газар байгааг мэдэрмэгц доороо унаад үхсэн юм шиг өдөржин шөнөжин хэвтжээ. Өглөө нь тэр хоол унд эрэхээр арал дээгүүр хэсүүчлэв. Алаг цэцэгст хучигдсан ногоон нуга руу ойртон очвол гэнэт энэ дэлхийд юутай ч эгнэшгүй сайхан аргамаг хүлэг зогсож байгааг олж харлаа. Түүнийг чөдөрлөсөн байх агаад ногоон нугад тайван идээшилнэ. Синдбад морийг алмайран харж зогстол хаанаас ч юм бэ нэг хүн гарч ирээд гараараа занган ямар нэгэн юм хашгирч байлаа. Тэр Синдбад руу ойртон ирээд,

-Чи хэн гэгч вэ? Хаанаас яаж яваад манай энд хүрээд ирэв ээ? гэж асууж байв.

-Өө эрхэм ээ, би харийн хүн байна. Хөлөг онгоцоор аялж явтал хөлөг маань сүйрч би тэвшин дээр амьд үлдсэн юм. Тэнгисийн давалгаа намайг ийш авчирлаа. Энэ сайхан морь хэнийх вэ, яагаад энд ганцаар байгааг надад хэлж өгөөч?

-За тэгвэл би хариулъя. Би бол аль-Михер-жан хааны адуучин байна. Бид олуулаа, хүн болгон ганц ганц агт хариулдаг юм. Өдөржин гадуур хариулаад орой болохоор агтны жүчээ рүү аваачдаг. Манай хаан харийн хүмүүст маш их дуртай. Хамтдаа түүн дээр очъё, тэр чамайг найрсгаар хүлээн авч өршөөл үзүүлэх нь магад гэж тэр хүн хэлэв.

-Баярлалаа эрхэм ээ, таны сайхан сэтгэлийг санаж явах болно гэж Синдбад хэлэв. Адуучин морио мөнгөн хазаараар хазаарлаж, чөдрийг нь аваад хот руу хөтлөн явлаа. Синдбад түүнтэй зэрэгцэн явав. Удалгүй тэд ордонд ирж Синдбад аль-Михер-жан хааны өндөр сэнтий бүхий танхимд хүргэгдэж ирэв. Хаан Синдбадыг найрсгаар хүлээн авч хаанаас хаа хүрч явааг нь асуухад Синдбад өөрт тохиолдсон явдлыг ярьж өглөө. Аль-Михер-жан хаан түүнд өршөөл үзүүлж, усан онгоцны боомтын даргаар томилжээ. Өглөөнөөс орой болтол Синдбад боомтон дээр байж ирсэн бүх хөлөг онгоцнуудыг бүртгэдэг байв. Тэнд удаан ажиллаж өчнөөн олон хөлөг онгоцны ахмадууд болон усан цэргүүдтэй нүүр учирч тэднээс Багдад хот аль зүгт байгааг асуусан боловч тэдний хэн нь ч тэр хотын тухай сонсоогүй гэцгээж байв. Төрөлх хотоо дахин олж үзнэ гэдэг найдвар Синдбадын хувьд алга болж байлаа. Аль-Михер-жан хаан Синдбадыг ихэд үнэлж ойр дотны шадраа болгож түүнтэй төрсөн нутгийнх нь тухай ярилцан эзэмшил нутгаа эргэн явах бүрийд дагуулж явна. Аль-Михер-жан хааны нутагт өчнөөн олон гайхалтай сонин юм үзэж аятай сайхан амьдарч байсан ч төрсөн нутгийнхаа тухай мартсангүй. Цаг ямагт Багдад руу хэрхэн буцах вэ хэмээн боддог байв. Нэгэн удаа Синдбад далайн эрэг дээр гунигт автан зогсож байлаа. Энэ үед боомтон дээр нэгэн хөлөг онгоц ирэв. Олон тооны баян худалдаачдыг хотын иргэд тосон очлоо. Усан цэргүүд авчирсан бараагаа үзэж Синдбад тэдгээрийг тэмдэглэж авав. Үдэш болсон хойно Синдбад хөлгийн ахмадаас,

-Хөлөг онгоцонд тань дахиад өөр бараа үлдсэн үү? гэж асуувал,

-Хөлгийн доод хөндийд хэдэн боодол бараа бий, эзэн нь усанд живчихсэн юм. Бид тэр барааг зарж мөнгийг нь төрөлх Багдад хот, гэр бүлийнхэнд нь аваачиж өгье гэж бодож байна хэмээн ахмад хариулав.

-Барааны эзнийг хэн гэдэг байсан юм бэ гэж Синдбад асуулаа.

-Түүнийг Синдбад гэдэг байсан юм гэж ахмад хариулав.

-Энэ үгийг сонсоод Синбад чангаар дуу алдаж,

-Би тэр Синдбад чинь байна. Аварга загасан арал дээр очоод намайг орхин явснаа санаж байна уу, тэр бараа минийх гэж хашгирлаа.

-Чи намайг хуурах санаатай байна уу? Барааны эзэн үхсэн гэж хэлмэгц түүний дүрд хувирна гэнэ ээ? Синдбад бусад олон худалдаачдыг хамт үхэхийг би нүдээр харсан. Гэтэл чи яаж ингэж ярьж чадаж байна аа? Чамд хүний үнэр алга уу гэж ахмад хашгирав.

-Та миний юу хэлэхийг сонс, тэгээд үнэнийг олж мэдэх болно. Басрт байхад анх би таны хөлөг онгоцыг түрээсэлснийг санаж байна уу? Сюлэман гэгч бичгийн хүн намайг тантай уулзуулж байсан шүү дээ, тэгээд цааш нь Баср хотоос гарснаа хойш юу болсныг ярьж өгчээ. Ахмад болон бусад худалдаачид Синдбадыг таньж, амьд байгаад нь баярлав. Тэгээд бүх барааг нь хүлээлгэн өгчээ. Синдбад бараагаа авч ихэд ашигтайгаар наймаалж чадлаа.

Аль-Михер-жан хаантай мөн наймаа арилжаа хийж Багдадад байдаггүй асар их бараа худалдаж аваад хөлөг онгоцондоо суув. Олон өдөр, олон шөнө хөвсөөр хөлөг онгоц эцэст нь Басрын боомтод ирж зогсов. Тэндээ Синдбад тэр үед Арабууд Багдад гэж нэрлэдэг байсан Мир хотыг чиглэжээ. Багдадад ирээд Синдбад авч ирсэн барааныхаа ихэнх хэсгийг найз нөхөд болон таньдаг хүмүүстээ бэлэглэж, үлдсэнийг нь заржээ. Хэчнээн их зовлон зүдгүүр туулснаа бодоод тэр дахин Багдадаас явахгүй гэж шийдэв. Тийнхүү Синдбад далайчны анхны аялал өндөрлөсөн юм.

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-25 09:54
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ