1001 шөнийн үлгэр (7)СИНДБАД ДАЛАЙЧИН

Хоёр дахь аялал


Гэвч удалгүй Синдбад гэртээ суусаар залхаж дахин аялалд гарахыг мөрөөдөх болов. Дахиад л тэр ачаа бараа базааж аваад Баср хот руу очиж хүчирхэг том хөлөг онгоц хөлсөлжээ. Хоёр өдрийн турш усан цэргүүд хөлөг онгоцны хонгилыг ачаагаар дүүргэж, гурав дахь өдөр нь ахмад зангуугаа өргөх тушаал буулган аян замдаа гарчээ. Олон арал, хот, улсыг үзэж явсаар эцэст нь маш тунгалаг гол горхитой жимсний мод нь үр жимсээ дааж ядсан сайхан гэгчийн арал дээр иржээ. Синдбад болон түүний замын нөхөд эрэг дээр бууж арлыг сонирхохоор явцгаав. Синдбад нэгэн саглагар алимын модон дор амрахаар суулаа. Удалгүй тэр хоол идмээр болж аян замынхаа үүргэвчнээс шарсан дэгдээхэй, хэд хэдэн бин гаргаж ирэв. Дараа нь амрахаар өвсөн дээр хэвтээд унтаж орхижээ. Нэг сэрж ирвэл нар шингэх дөхөж байлаа. Синдбад үсрэн босоод эрэг рүү гүйв. Гэвч хөлөг онгоц аль хэдийн явчихсан байжээ. Ахмад болон бусад худалдаачид, усан цэргүүд Синдбадыг үгүйлсэнгүй. Хөөрхий Синдбад арал дээр дахиад ганцаар үлдлээ. Тэр гашуунаар уйлж,

-Эхний аялалд явахад золоор надтай сайн хүмүүс таарч Багдадад буцаж ирсэн бол одоо энэ хүний арал дээр хэндээ найдах билээ гэв.

Тийнхүү шөнө болтол эрэг дээр дахиад хөлөг онгоцны бараа харагдах нь уу, үгүй юу гэж зогссоор өөрийн эрхгүй гүн нойронд автав. Өглөө нар гарч байхад сэрж ирээд арлын гүн рүү явав. Хэсэг хугацааны дараа тэр арал дээр үржил шимт модод, цэнгэг уснаас өөр юм байхгүй нэг ч амьтан хүн үгүйд итгэлээ. Түүнд аймшигтай бас уйтгартай санагдав. Насан туршдаа энэ эзгүй арал дээр амьдрах гэж үү? Гэвч тэр өөрийгөө зоригжуулан,

-Уйтгарлаж суух цаг алга, хэрэв намайг ирж аврах хүн байхгүй бол би өөрөө өөрийгөө аврах хэрэгтэй. Цаашаа явж хүмүүс байгаа эсэхийг олж мэдье гэв. Хэдэн өдөр яваад Синдбад модны оройд авирч гараад моддын дунд цухуйж байгаа хүнхгэр дээврийг олж харлаа.

Синдбад тун их баярлаж “Энэ мэдээж хааны ордны дээвэр цухуйж байгаа биз. тийшээ очиж Багдад руу очих арга байгаа эсэхийг олж мэдье” гэж бодлоо. Синдбад модноос хурдан бууж тэр зүг гүйв. Ойртож очоод харвал ямар ч ордон байсангүй, асар том цагаан бөмбөлөг байжээ. Эргэж тойрч хэчнээн яваад ч хаалга цонх болох зүйл олж харсангүй. Бөмбөлөг өөд авирч гарах гэсэн боловч хана нь гөлгөр тул ямар ч арга алга. “Ямар хачин юм бэ! Энэ ямар учиртай бөмбөлөг юм бол?” гэж Синдбад дотроо бодов. Гэнэт харанхуйлаад явчихжээ. Синдбад дээшээ харвал аварга том шувуу нарыг халхлан эргэлдэж байв. Синдбад айж, аль нэг холын арал дээр ангаахайгаа заанаар тэжээдэг Рухх гэгч аварга том шувуу байдаг тухай сонсож байснаа саналаа. Цаашид юу болохыг амьсгаа даран хүлээжээ.

Рухх шувуу агаарт эргэлдэж байснаа өндгөн дээрээ бууж түүнийг далавчаараа бүрхэн унтаж орхилоо. Синдбадыг ер анзаарч харсангүй. Харин Синдбад өндөгний ойролцоо хөдөлгөөнгүй хэвтэж байхдаа “Би эндээс гарах арга оллоо. Гэхдээ шувууг сэрэхээс өмнө амжих хэрэгтэй” гэж бодов. Тэгээд шувууны нам унтсаныг олж мэдэх хүртлээ хүлээн сууж байгаад толгойныхоо ороолтыг тайлж Рухх шувууны хөлөөс уялаа. Тэр огтхон ч хөдөлсөнгүй. Синдбад түүнд өчүүхэн шоргоолж шиг санагдаж байсан болохоор яаж ч хөдлөх билээ. Синдбад шувууны хөлийн дэргэд хэвтэж өөртөө “Маргааш тэр намайг аван нисэж хүмүүс байдаг газар оронд аваачиж магадгүй. Гэвч замдаа унавал тэр дороо үгүй болж энэ хүнгүй арал дээр үхлийг хүлээж сууснаас хамаагүй дээр болно” гэж бодлоо. Үүр цайхын өмнө Рухх шувуу сэрж, далавчаа сүртэйеэ дэвсээр агаарт хөөрлөө. Синдбад айсандаа нүдээ тас аньж шувууны хөлөөс зуурч авлаа. Үүлэн дундуур, үүлэн дээр, үүлэн доогуур удаан нисэхэд Синдбад доош харахаас айж явав. Эцэст нь арайхийж нэг газардав гэнэ. Тэр үед Синдбад Рухх шувуу өөрийг нь анзаараад тоншиж орхих вий гэж үхтлээ айсаар хөлийнх нь уяаг тайлав. Гэвч шувуу Синдбадыг ер анзаарсангүй, харин ямар нэгэн урт бүдүүн юм шүүрч аваад нисэн одохыг манай аялагч харсаар үлдэв. Тэр бол дал модны чинээ аварга том могой байлаа. Синдбад хэсэг зуур амарч байгаад эргэн тойрноо харав. Рухх шувуу түүнийг өргөн гүн хөндийд авчирчээ. Эргэн тойронд нь хана мэт өндөр уулс байна. Гэвч энэ хөндийгөөс гарах боломж ер үзэгдсэнгүй.

-Би нэг зовлонгоос гараад нөгөө зовлонд унажээ. Арал дээр цэнгэг ус, үр жимс басан бол энд ус ч алга, мод ч алга гэж Синдбад хүндээр шүүрс алдан ууртай хэлэв. Тэгээд юу хийхээ мэдэхгүй толгой гудайлган хөндий дундуур явлаа. Энэ үед уулны цаанаас нар мандаж хөндийг нилэнхүйд нь гийгүүлэв. Гэнэт үй олон өнгөөр хөндий гэрэлтээд явчихыг анзаарчээ. Учир нь энд байгаа чулуу болгон нарны гэрэлд цэнхэр, ягаан, шар, ногоон болон туяарч байв. Синдбад нэг чулуу авч хараад энэ бол хамгийн үнэт очир алмаас болохыг мэдэрлээ. Энэ хөндий очир алмаасны хөндий ажээ. Гэнэт эргэн тойронд нь шүр шархийх дуу гарч эхлэв.

Аварга том могойнууд наранд ээхээр чулуун дороос гарч ирэх ажээ. Энэ могойнууд цөм нас гүйцсэн дал мод шиг өргөн, урт байсан юм. Синдбад айсандаа чичирч дагжин зугтах гэсэн боловч түүнд зугтах газар алга. Ойролцоо байгаа бяцхан агуйг олж хараад тийшээ орох гэтэл урдаас нь аварга том могой гарч ирлээ. Синдбад айсаар эргэж зугтав. Тэр хадан цохионд хүрч наалдаад хөдлөлгүй зогслоо. Энэ үед дэргэд нь асар том хэрчим мах унаж ирэхийг харав. Толгой өндийлгөн харвал эргэн тойронд нь хадан цохио, тэнгэрээс өөр юм үзэгдсэнгүй. Дахиад хоёр дахь, гурав дахь хэрчим мах унаж ирэхэд Синдбад энэ хөндий хаана байгааг мэдлээ. Багдадад байхдаа тэр нэгэн аялагчаас очир эрдэнийн хөндий байдаг тухай сонсож байсан юм. “Энэ тэр хөндий болж таарлаа. Хүн орохын аргагүй уулсын цаана байдаг тэр хөндийгөөс үнэт эрдэнэ олж авах аргыг худалдаачид бодож олжээ. Тэд хонь алж махыг нь тэр хөндий рүү шиддэг гэнэ. Очир эрдэнэс маханд наалдаж, харин үд дунд болоход хөндий рүү махчин шувууд үнэрээр нь орж тэдгээр махыг шүүрэн гарч ирнэ. Тэр үед худалдаачид шувуудын махыг булааж аван алмаас эрдэнийг нь түүж авдаг”.

Синдбад энэ яриаг санаад баярлажээ. Түүнд аврагдах боломж байгаа бололтой. Хэдэн том алмаас түүж халаасандаа хийгээд толгойн ороолтоо тайлж нэгэн хэсэг махтай өөрийгөө холбон газар хэвтэв. Удаагүй байтал хөндийд асар том уулын бүргэд орж ирэв. Тэр Синдбадыг махны хамт аван нислээ. Уул даван нэг газар буугаад махаа идэх гэтэл ард нь дуу чимээ гарчээ. Айсан бүргэд олзоо хаян нисэж одов. Синдбад уяагаа тайлан босож ирлээ. Удалгүй модны цаанаас урт сахалтай бүдүүн өвгөн гарч ирэв. Тэр гартаа саваа барьж бүргэдийг айлгахын тулд хоолой мэдэн хашгирч байлаа. Тэр Синдбадыг ч харах сөхөөгүй мах руу ухасхийн очоод эргүүлж тойруулан харав. Тэнд наалдсан нэг ч очир алмаас алга. Түүнийг хараад өвгөн хөсөр унаж гараараа үсээ зулгаан,

-Ямар гээчийн зовлон бэ! Би бүхэл бүтэн шарын махыг хөндий рүү шидсэн. Гэтэл бүргэдүүд бүх махыг авч үүр рүүгээ одоцгоолоо. Арайхийж ганц хэрчим мах авлаа гэтэл энд нэг ч чулуу наалдаагүй байна. Өө ямар гээчийн золгүй явдал вэ хэмээн орь дуу тавив. Тэгснээ хажуудаа байгаа цус, тоос болсон хөл нүцгэн салбархай хувцастай Синдбадыг олж харав. Худалдаачин хашгирхаа больж айсандаа хөшсөн юм шиг болов. Дараа нь тэр саваа модоо далайж,

-Чи хэн бэ, энд яаж ирэв хэмээн асуулаа.

-Надаас айх хэрэггүй ээ, хүндэт худалдаачин минь. Би танд муу юм хийхгүй, би ч бас таны адил худалдаачин хүн байна. Би танд хүссэнээр чинь алмаас эрдэнэ өгье. Харин надад эх орондоо эргэж харихад минь туслаач. Олон гамшиг, аймшигт адал явдлыг туулж явна би гэж Синдбад хэлэв.

-Чамд үнэхээр алмаас эрдэнэ байгаа юм уу, үзүүлээч гэж худалдаачин хэлэв.

Синдбад түүнд эрдэнийн чулуунуудаа үзүүлж хамгийн сайныг нь бэлэглэлээ. Худалдаачин баярлаж удаан хугацааны турш Синдбадад талархал илэрхийлээд бусад худалдаачдаа дуудав. Синдбад тэдэнд өөрийн золгүй явдлын тухай ярьж өглөө. Худалдаачид түүнд баяр хүргээд сайн хувцас өгч дагуулан явцгаав. Тэд тал хөндийг туулж уулсын хавцлаар бууж багагүй хачирхалтай явдлыг үзсээр Синдбадыг төрсөн нутаг нь хүргэж иржээ. Нэгэн арал дээр тэд каркадан гэдэг нэг амьтан харав. Тэр бол үнээ шиг агаад толгой дээрээ ганц бүдүүн эвэртэй, маш хүчтэй, ганц эврээрээ бүдүүн зааныг өргөн явж чадна. Халуун наранд зааны өөх хайлж урсаад каркаданы нүдэнд орж сохолдог гэнэ. Каркадан сохорч газар дээр унах үед Рухх шувуу нисэн ирж тэднийг хамтад нь шүүрээд үүр рүүгээ явдаг ажээ. Тийнхүү хоёр дахь удаагийн хүнд хэцүү аяллаас Синдбад бүрэн бүтэн Багдаддаа эргэж ирлээ. Төрөл төрөгсөд нь түүнийг баяр хөөр болон угтаж, эргэж ирсэнд нь найр хийжээ. Синдбадыг үхсэн байх, эргэж уулзахгүй гэж бодож байсан юмсанж. Синдбад авчирсан алмаас эрдэнээ зарж дахин наймааны ажлаа эрхлэх болов.

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-25 09:55
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ