1001 шөнийн үлгэр (8)СИНДБАД ДАЛАЙЧИН

Гуравдугаар аялал


Хэдэн жилийн турш Синдбад төрөлх хотдоо хаашаа ч явалгүй тайван амьдрав. Найзууд нь, танилууд нь Багдадын худалдаачид үдэш болгон тэднийд цугларч яриа хөөрөө үүсгэнэ. Синдбад Рухх шувууны хөлнөөс зүүгдэн хэрхэн нисэж явснаа, мөн алмаасны хөндийд яаж итгэл алдран зогсож байснаа санахаар нуруу нь хүйт оргих шиг болно. Нэгэн үдэш Синдбадынд найз худалдаачид нь иржээ. Тэд оройн хоол идэж дараа нь гэрийн эзний сонирхолтой яриаг сонсох гэж байтал өрөөнд зарц орж ирээд хаалган дээр нэг хүн ирчхээд үзэж хараагүй жимс заръя гээд байна гэв.

-Түүнийг ийшээ оруулаад ир гэж Синдбад хэллээ.

Зарц гарч яваад жимсний наймаачинг дагуулан орж ирлээ. Тэр бол урт хар сахалтай, үзэж хараагүй хувцас өмссөн бараан царайтай хүн байсан юм. Толгой дээрээ дүүрэн жимстэй сагс тавьжээ. Тэр хүн жимстэй сагсаа Синдбадын өмнө тавьж бүтээлгийг нь авлаа. Синдбад сагс руу хараад гайхсандаа уулга алдав. Түүн дотор байсан жимснүүд хэзээ ч Багдадынхны хараагүй тийм шүүслэг, тийм том байх ажээ. Исгэлүүн, амтлаг нимбэгнүүд, аварга том жүрж, гал шиг улаан тоор, лийр, анар гээд арааны шүлс асгаруулам аттай сайхан харагдана.

-Харийн хүн чи хаанаас ирсэн юм бэ гэж Синдбад асуув.

-Өө ноёнтон минь, би эндээс алс хол байдаг Серендиб арал дээр төрсөн. Бүхий л насаараа далай тэнгисээр аялан явж ийм жимс зарж байна даа гэж тэр хүн хариулав.

-Чи надад Серендиб арлынхаа тухай ярьж өгөөч гэж Синдбад хэлэв.

-Би төрөлх арлаа үгээр илэрхийлэн хэлж чадахгүй. Түүнийг нүдээр үзэх хэрэгтэй, учир нь энэ ертөнцөд түүнээс илүү сайхан арал байхгүй. Эрэг дээр буумагц шувуудын уянгалаг жиргээ сонсогдоно. Мөчир дээр суугаад дуулалдаж байгаа тэр шувуудын өд наранд эрдэнэсийн чулуу мэт гялбадаг юм. Манай тэндхийн цэцгүүд хүртэл алт мэт гэрэлтэж байдаг. Тэдний дунд өөрсдөө уйлж бас инээж чаддаг цэцгүүд бий. Өглөө нар гарахад тэд толгойгоо өргөөд “өглөө! Өглөө!” гэж хашгиралдан инээлддэг. Үдэш нар шингэх үед толгойгоо гудайлган мэгшин уйлцгаадаг юм. Харанхуй болоход эрэг дээр баавгай, барс, арслан, далайн морь гээд олон төрлийн араатан амьтан амандаа гал шиг гэрэлтсэн эрдэнийн чулуу зүүсээр гарч ирнэ. Зуун настаас эхлээд хамгийн ховор нандин ургамал бут манай тэнд ургана. Хөлгийн шураг хийхэд яг таарах яшил, дал мод, хар мод зэрэг халуун хүйтний алнийг ч үл тоон тэнгэр өөд тэмүүлсээр байдаг. Манай арлын эргэн тойронд намуухан дөлгөөн тэнгис бий. Тэнгисийн ёроолд цагаан, ягаан, хар гээд гайхалтай сувд бий. Загасчид ус руу шумбаж сувд түүдэг. Заримдаа тэд бяцхан сармагчингаар сувд эрүүлэх нь ч бий... худалдаачин өөрийнхөө арлын тухай ярьсаар байлаа.

Түүнийг яриагаа дуусгахад Синдбад харамгүй шагнаж гаргав. Худалдаачныг явсны дараа Синдбад орондоо ороод унтах гэсэн ч чадсангүй. Тэр Серендиб арлын тухай худалдаачны ярьсныг санаж далайн зөөлөн давалгаа сонсогдох шиг болж алтны өнгөт цэцэгс, уянгалаг дуут шувууд нүдэнд нь үзэгдэх шиг. Эцэст нь арайхийж унтахад амандаа асар том ягаан сувд зуусан сармагчин зүүдлэгджээ. Өглөө нь дөнгөж сэрмэгцээ орноосоо үсрэн босож,

-Серендиб арал руу нэн даруй явах минь. Өнөөдөр л амжиж аян замдаа бэлдэх хэрэгтэй гэж өөртөө хэлэв. Үнэхээр ч тэр аян замд шуурхайлан бэлдэж хамаатан садангуудтайгаа салах ёс хийгээд далайн эргийн Баср хот руу яаран ирлээ. Сайн хөлөг онгоц олж далайд гарав.

Энэ хөлөг онгоцны ахмад Персээс ирсэн урт сахалтай, Бузург гэдэг нэртэй бүдүүн өвгөн байлаа. Тэр олон жил далайн аялалд гарахдаа нэг ч хөлөг онгоцны сүйрэл үзэж байгаагүй юм. Синдбад ачаа бараагаа Бузургийн хөлөг онгоцонд ачиж зам нийлэв. Түүнтэй хамт Серендиб арал дээр очих гэсэн найз худалдаачид нь ч мөн явжээ. Аян замын салхи үлээж хөлөг онгоц урамтай түргэн урагшилж байв. Эхний хэдэн өдөр бүх юм гайхалтай байлаа. Гэтэл тэнгисийн дээр салхи дэгдэж хөлөг онгоц үйсэн бортого шиг дороо эргэлдэн зүг чигээ алджээ. Ар араасаа хуйлрах асар том давалгаанууд хөлгийн тавцан дээр гарч ирнэ. Синдбад болон түүний найзууд шураг модноос зуурч аврагдах найдваргүй гэж бодон өөр хоорондоо салах ёс хийцгээж байв. Ганцхан Бузург ахмад л тайван байж өөрөө хөлгөө жолоодон чанга дуугаар тушаал буулгана. Түүний эл байдлыг хараад замын нөхөд нь ч тайвшрав. Өдөр дундын алдад салхи намджээ. Тэнгэр цэлмэж, давалгааны эрч сулрав. Гэнэт нам гүм боллоо. Тэгмэгц Бузург ахмад цээжээ нүдэн орилж хашгирч уйлж эхлэв. Толгойныхоо ороолтыг авч шидээд үсээ зулгааж,

-Манай хөлөг онгоц хүчтэй урсгалд орсон байна. Бид яагаад ч эндээс гарч чадахгүй, энэ урсгал биднийг “Сэгсгэрүүдийн орон” гэж нэрлэгддэг тийм газар аваачих болно. Тэнд сармагчинтай төстэй хүмүүс байдаг бөгөөд нэг ч хүн амьд эргэж ирээгүй гэж бий дуулсан юм байна. Тиймээс одоо үхэлдээ бэлдэцгээ. Бидэнд аврал алга гэв.

Ахмадын үгээ дуусгаж амжаагүй байтал тасхийх чимээ гарав. Хөлөг хүчтэй сэгсрэгдсэн ч бүтэн үлдлээ. Урсгал түүнийг хөөж явсаар эрэг дээр авч ирэв. Эргийн дээр олон бяцхан хүмүүс байна. Сахлаг үстэй, шар нүдтэй, майга хөлтэй, урт гартай тэр олон жижиг хүмүүс хөлгийн далбааг урж, олс дээсийг нь таслан мэрж, Синдбад болон түүний нөхөд рүү дайрав. Хамгийн эхний дайрч ирсэн бяцхан хүнийг нэгэн худалдаачин сэлмээрээ хоёр хуваажээ. Гэтэл түүн рүү хэдэн арван сэгсгэрүүд дүүлэн очиж гар хөлөөс нь барьж аваад тэнгис рүү шидэж орхилоо. Түүний араас хоёр, дахь гурав дахь худалдаачныг шидэв.

-Бид энэ муусайн сармагчингуудаас айж суух хэрэг үү гэж хашгираад Синдбад илдээ сугалав. Гэвч ахмад Бузург түүний гараас барьж аваад,

-Ухаантай байж үз Синдбад! Ямар олуулаа байгааг нь харахгүй байна уу? Бид тус бүр арав, бүр зууг ч аллаа гэсэн үлдсэн нь биднийг далай руу шидэж өлхөн чадна. Хөлөг онгоцноосоо буугаад арал руу зугтъя гэж хашгирав.

Синдбад ахмадын үгийг дагаж сэлмээ буцааж хийлээ. Түүнийг эрэг рүү гарахад бусад замын нөхөд нь араас нь дагажээ. Хамгийн сүүлд хөлгийн ахмад тэндээс холдов. Хөлөг онгоцоо сэгсгэрүүдэд өгнө гэдэг даан ч харамсалтай байсан юм. Синдбад болон түүний нөхөд хаашаа гэдгийг үл мэдэн явсаар л байжээ. Тэд өөр хоорондоо намуухан дуугаар ярилцана. Гэнэт хөлгийн ахмад чангаар дуу алдаж,

-Тэр хараач, хараач! Ордон байна хэмээн хашгирав. Синдбад толгой өргөн харвал хар төмөр хаалгатай асар том байшин байжээ.

-Энэ байшинд хүмүүс амьдардаг нь гарцаагүй, хурдхан дотогшоо орж харцгаая.

Аян замынхан тун удалгүй байшингийн хаалгаар орлоо. Синдбад түрүүлэн хашаа руу орж,

-Энд тун саяхан найр хийжээ. Гал дээр өлгөсөн тогоог харж байна уу? Пийшин дэх гал халуунаараа байна. Энд жаахан сууцгаая. Магадгүй гэрийн эзэн гарч ирээд биднийг дуудах ч юм бил үү гэлээ.

Синдбад болон түүний нөхөд тун их өлсөж, ядарч явсан тул арайхийн хөл дээрээ тогтож байжээ. Тэдний зарим нь сандал дээр, зарим нь газар дээр суумагц тун удалгүй нойронд дарагдав. Синдбад хамгийн түрүүнд сэрж ирлээ.

Гэнэт дэгдсэн их шуугиан түүнийг сэрээсэн юм. Хаа нэгтээ зааны сүрэг ойртож явах шиг хүнд хөлийн чимээнд газар чичирч байлаа. Бараг харанхуй болжээ. Синдбад сандлаасаа босож ирээд айсандаа хөшиж орхив. Түүн рүү аварга том хүн ойртож явна. Хамгийн өндөр дал мод шиг тэр аварга хүн тэр чигтээ хар, нүд нь нүүрсний цог шиг улалзаж, ам нь худгийн амсрыг санагдуулна. Зэрлэг бодонгийн соёо шиг хурц шүд зөрөлдөх ажээ. Чих нь мөрөн дээрээ налмайн унжиж, арслангийнх шиг урт хумстай гар нь доор санжигнана. Аварга хүн толгойгоо арай ядан даах мэт дун ч удаан явж байв. Түүнийг хүндээр амьсгалах тоолонд модод найгалзан ганхах ажээ. Өрөөсөн гартаа тэр давирхайт модыг тэр чигээр нь асаасан асар том бамбар барьж явав. Синдбадын нөхөд энэ үед сэрж ирээд айсандаа хагас үхдэл болчихсон хэвтэж байлаа. Аварга хүн ойртож ирээд тэдний дээрээс тонгойв. Хүн нэг бүрийг удаан харж байснаа нэгийг нь чимхэж авлаа. Энэ бол хамгийн том бас тарган ахмад Бузург байсан юм. Синдбад илдээ сугалан аварга биетэн рүү дайрав. Түүний бүх айдас салхинд хийсэн одож гагцхүү Бузургийг хэрхэн аймшигт араатны гараас салгах вэ гэдгээс өөр юу ч бодсонгүй. Гэтэл аварга биетэн түүнийг хөлөөрөө хажуу тийш нь нисгэж орхиод пийшин дэх галаа үлээн асааж Бузург ахмадыг шарж байснаа идэж орхилоо. Идэж дуусаад аварга хүн газар сунайн ойчиж хурхирч эхлэв. Синдбад болон түүний нөхөд сандал дээр суугаад бие биедээ наалдана. Синдбад аварга хүний унтахыг хараад хамгийн түрүүнд босож ирэв.

-Энэ муухай амьтанд хонь шиг идүүлж сууснаас тэнгисийн усанд живсэн бол дээр байж!

-Эндээс шалавхан явж нуугдаж болох газар эрцгээе гэж худалдаачдын нэг хэллээ.

-Хаашаа явах гэж? Хаашаа ч очсон тэр биднийг олно. Тэгснээс түүнийг алж хаячхаад тэнгист гарахаа бодъё. Бидэнтэй хөлөг онгоц таарах ч юм бил үү гэж Синдбад хэллээ.

-Хэрэв хөлөг онгоц таарахгүй бол яах юм бэ гэж бусад худалдаачид асуув.

-Тэгвэл энд байгаа дүнзнүүдийг харж байна уу? Маш урт, өргөн. Эднийг хооронд нь холбож боовол сайн сал болно. Үүнийг унтаж байх зуур дүнзнүүдийг эрэг дээр аваачиж дараа нь буцаж ирээд алах арга тал бодъё гэж Синдбад тэдэнд хэлэв.

-Сайхан төлөвлөгөө байна гээд худалдаачид дүнзнүүдийг эрэг дээр аваачин Дал модны олсоор холбож боов. Өглөө болоход сал бэлэн болж Синдбад нөхдийн хамт аварга биетний хашаанд ирлээ. Тэднийг ирэх үед махчин хашаанд байсангүй. Орой болтол эргэж ирээгүй юм. Харанхуйлж эхлэхэд газар дахин чичрэх шиг санагдав. Аварга биетэн өчигдрийн нэгэн адил Синдбадын нөхөд рүү очин тонгойж байснаа хамгийн бүдүүнийг нь сонгон авлаа. Түүнийг шарж идчихээд унтаад өгчээ.

-Дахиад нэг нөхрөө алдлаа. Гэвч энэ сүүлчийнх байх болно. Тэр дахин хэнийг ч идэхгүй гэж Синдбад хашгирав.

-Чи юу хийх гэж байна даа гэж худалдаачид түүнээс асуулаа.

-Миний юу хийхийг харцгааж бай гээд Синдбад аварга биетний мах шарсан том ховоонд цогтой нүүрс хийж байгаад нүдэн дээр нь асгаж орхив. Махчны нүд толгой руугаа шигдэн орж тэр сохорлоо. Махчин аймшигтай дуу хадаасаар босож ирээд эргэн тойрондоо галзуурсан юм шиг эргэлдэв. Синдбад болон түүний нөхөд түүнээс холдон зайлж далайн эрэг рүү гүйлдэцгээв. Аварга биетэн тэдний араас хашгирсаар гүйж явлаа. Тэр зугтагчдыг хэд дахин гүйцсэн боловч алиныг нь ч барьж чадсангүй. Махчин сэлүүрийн дуу сонсмогц олз нь холдон явж байгааг ойлголоо. Тэгээд урьдынхаасаа илүү чанга хашгирав. Түүний дуунаар дахиад хоёр аварга биетэн гарч ирлээ. Тэд хадан цохиог булга татан хойноос нь нүүлгэв. Хадан цохио усан дунд унахдаа ихээхэн давалгаа үүсгэж сал тэр давалгаан дунд эргэлдэн тогтов. Синдбадын нөхөд цааш явж чадсангүй. Эцэст нь сал хөмрөгдөж ээлж дараалан тэнгисийн гүн рүү орцгоожээ. Синдбад арай залуу хоёр худалдаачны хамт салан дээрээ дахин гарав. Давалгаанд тэд сэлүүрээ алдсан тул салхины чигээр хөвөхөөс өөр арга байсангүй. Удалгүй үүр цайжээ. Нар гарахад норж чичирсэн Синдбадын нөхөд салан дээрээ суугаад гомдол мэдүүлж байв. Синдбад алсын бараа харж байснаа гэнэт,

-Нөхөд минь эр зоригтой байцгаагтун, газар холгүй харагдаж байна. Урсгал биднийг эрэг дээр аваачна. Шувуу эргэлдэж байгааг харж байна уу? Тэдний үүр хаа нэгтэй ойрхон байгаа. Шувууд хэзээ ч эргээс холддоггүй юм гэв. Ахмед, Хасан гэгч хоёр худалдаачин Синдбадын хэлсэн үгэнд зоригжив. Хасан шонхор шиг хурц хараатай тул алс тэртээг ширтэж байснаа,

-Чиний зөв байна Синдбад, тэртээ байгаа арлыг би харж байна. Удалгүй урсгал биднийг тийш аваачна гэлээ. Зовлонд нэрвэгдсэн худалдаачид баярлаж хөлөөрөө сэлүүрдэн урагшилж байв. Гэвч тэд энэ арал дээр юу хүлээж байгааг мэдсэн бол тэгтлээ баярлахгүй л байхсан болов уу. Удалгүй сал эрэгт ойртон ирж Синдбад, Ахмед, Хасан хоёрын хамт хуурай газар дээр хөл тавилаа. Тэд алгуурхан урагшилж замдаа жимс түүж идэн амарч байснаа гэнэт горхины хажууд байгаа өндөр моддыг харав. Модон доорх өтгөн өвс энд хэвтэн амраач гэх шиг... Синдбад тэр модон дор хэвтээд унтаж орхижээ. Чулуу хавирах шиг хачин дуу гарсанд сэрж ирэв. Нүдээ нээмэгц үсрэн бослоо. Өмнө нь халимынх шиг том амаа ангайлгасан аварга могой байв. Могой тайван хэвтэж хааяа нэг шүдээ хавирах аж. Энэ дуу Синдбадыг сэрээсэн байв. Могойн амнаас хүний хөл цухуйн өмссөн гутлаар нь Синдбад Ахмедын хөл болохыг ойлголоо. Ахмед алгуурхан могойн ам руу орон алга болж, могой ч ой руу эргэв. Синдбад эргэн тойрноо харвал цор ганцаараа байх ажээ. “Хасан хаачсан юм бол! Түүнийг ч бас могой идчихлээ гэж үү?” гэж дотроо бодоод,

-Хөөе Хасан, чи хаана байна аа гэж хашгирав.

-Энд байна гэх дуу тэртээ дээрээс гарлаа. Синдбад толгойгоо өргөж хараад өтгөн мөчир дээр үхсэн амьдын зааг болчхоод сууж байгаа Хасаныг харав.

-Наашаа буугаад ир гэж хашгираад Синдбад газар дээрээс хэдэн наргил модны самар хамж аваад дээшээ гарлаа. Мөчир дээр суух нь хамаагүй аюул багатай санагдав. Хасан, Синдбад хоёр олон цаг модон дээр сууж бараг мөч болгон асар том могойнууд гүвэлзэн гарч ирэхийг харж байлаа. Бүрий болоход харин үзлийн амьтад үгүй болов. Эцэст нь Хасан биеэ барьж дийлэлгүй мөчир дээр унтав. Синдбад ч бас нойронд автжээ. Нэг сэрж ирвэл нар дээр хөөрсөн байв. Эргэн тойрноо болгоомжтой харав. Хасан мөчир дээр алга. Харин модон доорх өвсөн дээр өрөөсөн гутал, цагаан толгойн ороолтны тасархай л байв. Хөөрхий Хасанаас үлдсэн юм тэр ажээ. Тийнхүү Синдбад дахиад л орь ганцаараа арал дээр үлдлээ. Хэчнээн удаан хайсан боловч могойноос нуугдах газар олсонгүй.

Ядартлаа явсан Синдбад эцэст нь тэнгисийн эрэг дээр суугаад яаж амьд гарах тухай бодож эхлэв. “Би махчны гараас мултарч гараад могойн аманд орох ёстой гэж үү? Би эрүүл ухаантай хүн байж энэ үзлийн амьтнаас амьд гарч чадахгүй гэж үү?” гэж дотроо бодов. Гэнэт асар том давалгаа эрэг рүү ирэхэд хөлөг онгоцны нэгэн бүдүүн самбар тэнд шидэгджээ. Түүнийг хараад Синдбад аврагдаж болно гэж бодлоо. Самбарыг авч ой руу оров. Түүнийг дал модны олсоор оосорлон модноос уяжээ. Дахиад мод олж баруун зүүн талд нь хашлага болгон тавив. Одоо тэр газар хэвтээд хүлээж байлаа. Удалгүй сүрчигнэх чимээ гарч могой хүний үнэрээр олз руугаа гэтэн ирэв. Модны цаанаас түүний бамбар мэт гялалзах хоёр том нүд зуйван толгой тодхон харагдана. Синдбадад ойртож ирээд тал талаас нь хатгаж гарав. Хаалт хэтэрхий зузаан байсан тул могой дэмий л шүдээ гэмтээжээ. Уурласандаа тэр сүүлээрээ самбар модыг шавхуурдав. Хэчнээн хичээсэн боловч могой олзондоо хүрч чадсангүй.

-Ингээд ч бас нэмэргүй юм байна. Могой илүү хүч гаргавал үүнийг хялбархан үгүй хийнэ. Тэгснээс эндээс зугтъя. Ахмед, Хасан хоёрын адил могойн зууш болсноос усанд живж үхсэн нь дээр гэж Синдбад өөртөө хэлэв.

Тэгээд өөртөө сал хийхээр шийдлээ. Далайн эрэг рүү очиж мод цуглуулж байтал гэнэт хөлгийн далбаа харагджээ. Аян замын салхи түүнийг далайн эрэг рүү авчирлаа. Синдбад цамцаа тайлж дээр өргөөд эрэг дээгүүр гүйв. Цамцаараа даллан хашгирч байгаа түүнийг усан цэргүүд олж анзаараад ахмад нь хөлөг онгоцоо зогсоожээ. Синдбад ус руу үсэрч хэдхэн самардаад хөлөг онгоцонд хүрэв. Далбаа болон усан цэргүүдийн хувцсаар нутгийнх нь хөлөг болохыг мэдлээ. Хөлөг онгоцны ахмад аймшиг могойн арал байдаг гэж олонтоо сонссон ч нүдээр үзэж байсангүй. Усан цэргүүд Синдбадыг хооллож ундлан шинэ хувцас өмсгөв. Тэд цааш хөвж явсаар нэгэн газар иржээ. Ахмад хөлөг онгоцоо зогсооход аялагчид эрэг дээр гарч ачаа бараагаа худалдав. Синдбадад зарах юм юу ч байсангүй. Гунигт автсан тэр хөлөг онгоцон дээр ганцаар үлджээ. Гэтэл ахмад түүнийг дуудаж,

-Би чамд нэг тус болъё, бидэнтэй хамт явж байсан аялагч алга болчихсон юм. Үхсэн амьдыг нь мэдэхгүй, ачаа нь одоо болтол хөлгийн хонгилд байгаа. Түүнийг авч зах дээр гаргаж зар. Хэрэв чи түүнийг зарж чадахгүй бол Багдадад аваачиж хамаатан садангуудад нь аваачиж өгөхөөс гэжээ.

-Үүнийг дуртайяа хийе гэж Синдбад хэлэв. Усан цэргүүд хөлгийн хонгилоос ачаануудыг гаргаж ирэв. Хамгийн сүүлчийн боодлыг гаргаж ирэхэд хөлөг онгоцны бичээч ахмадаас,

-Энэ барааны эзнийг хэн гэж бичих вэ? Гэж асуув.

-Бидэнтай хамт явж байсан Синдад далайчны нэр дээр бич гэх дууг сонсоод Синдбад гайхаж бас баярласандаа хэсэг зуур хэлгүй юм шиг болов. Арай сэхээ орсон хойноо,

-Өө эрхэм ээ, та тэр хүнийг таньдаг гэж үү хэмээн хашгирав.

-Тэр бол Багдад хотын Синдбад нэртэй алдарт худалдаачин байгаа юм.

-Би Синдбад худалдаачин байна. Би алга болоогүй, намайг эрэг дээр унтаж байхад та нар хаяад явчихсан шүү дээ. Энэ миний өнгөрсөн удаагийн аяллын үеэр тохиолдсон зүйл гэж Синдбад хашгирав. Усан цэргүүд Синдбадыг бүчин авлаа. Зарим нь түүнд итгэж, зарим нь түүнийг худалч гэж байв. Гэтэл ахмадын дэргэд нэг худалдаачин ирж,

-Би танд нэг удаа алмаасан уул руу мах шидчихээд хүлээж байтал нэг хүн махтай хамт гарч ирсэн гэж ярьж байсан шүү дээ. Намайг тэгж ярихад чи итгээгүй. Харин тэр үед толгойн ороолтоороо махнаас өөрийгөө уячхаад бүргэдийн саварт дайгдаж ирсэн хүн энэ болохыг би таньж байна. Тэр надад хамгийн сайн алмаас бэлэглэж, өөрийгөө Синдбад худалдаачин гэж байсан юм гэв. Тэгмэгц ахмад Синдбадыг тэврэн авч,

-Тэгвэл өөрийнхөө эд зүйлсийг эргүүлэн ав даа. Одоо чамайг хэн болохыг чинь мэдлээ. Хурдалж үзээрэй, зах хаагдах дөхөж байна шүү гэв. Синдбад ачаагаа ашигтай зарж удалгүй Багдадад энэ хөлгөөрөө эргэн иржээ. Гэртээ эргэж ирэхдээ тэр дахиад хэзээ ч аялалд гарахгүй гэж өөрөө өөртөө ам өгч билээ.

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-25 09:56
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ