1001 шөнийн үлгэр (9)СИНДБАД ДАЛАЙЧИН

Дөрөвдүгээр аялал


Хэсэг хугацааны дараа Синдбад дахиад л харийн оронд очмоор болж эхэллээ. Тэр хамгийн үнэтэй бараануудыг авч Баср хот руу явж тэндээсээ Энэтхэг хүрэх хөлөг онгоцонд суужээ. Аян замд гараад саадгүй явж байтал нэгэн өглөө шуурга дэгдэв. Синдбадын хөлөг онгоц зомгол мэт давалгаан дээр эргэнэ. Ахмад гүехэн газар зангуугаа буулгаж шуурга өнгөрөхийг хүлээе гэв. Гэвч хөлөг онгоц зогсож амжаагүй байтал зангууны гинж тасран эрэг рүү туугдан одлоо. Хөлгийн далбаа урагдаж тавцан дээр ус дүүрч, худалдаачид хийгээд усан цэргүүдийг далайн гүн рүү авч оров. Аз нь хаясан аялагчид яг л чулуу шиг доошилж явлаа. Синдбад болон өөр хэдэн худалдаачид модны тасархай дээр үлдэж чаджээ. Тэд өдөржин, шөнөжин хөвөөд өглөө болоход хадархаг эрэг дээр хүрч ирэв. Дөнгөж амьтай голтой байгаа аялагчид газар сөхрөн унацгаав. Өдөр өнгөрч дараа нь шөнө өнгөрөхөд жаахан сэхээ орлоо. Даарч чичирсэн Синдбад болон түүний нөхөд хүнтэй тааралдаж магадгүй хэмээн эрэг дээгүүр явав. Удтал явсны эцэст тэд алсад ордны цамхаг шиг өндөр зүйл байгааг олж харлаа. Синдбад тун их баярлаж түрүүлэн явлаа. Тийшээ очиход олон хүмүүс бүчин авчээ. Хүмүүс тэднийг авч хаан дээрээ аваачив.

Хаан харин тэдэнд хоол өгөхийг тушаажээ. Тэдний өмнө үзэж хараагүй сайхан хоолтой тавагнууд өрөв. Синдбад болон түүний найз худалдаачид хэзээ ч ийм хоол идэж байсангүй. Синдбадын нөхөд түүн рүү дайрч тавган доторхийг яах ийхийн зуургүй хоослов. Ганцхан Синдбад л идэх уух зүйлд хүрсэнгүй зөвхөн амсах төдий болжээ. Эндхийн хаан хүний махан хүнстэн юмсанж. Энд ирсэн харийн хүмүүсийг энэ хоолоороо дайлдаг гэнэ. Үүнийг идсэн бүхэн эрүүл ухаангүй болж амьтантай адилхан болно. Амьтан шиг болсон харийн хүмүүсийг сайтар тэжээж байгаад алж иддэг ажээ. Хаан өөрөө хүний махыг түүхийгээр нь иддэг гэнэ.

Синдбадын нөхөд тэр хувь тавилангаас зөрсөнгүй. Өдөр болгон тэд авч ирсэн хоолыг идсээр удалгүй таргалж өөрсдийнхөө хэн болохыг ч мартав. Тэд зөвхөн унтах идэх хоёрхон зүйлийг л хийнэ. Тэднийг малчин хариулах бөгөөд яг л гахай шиг туусаар нэг газар авч ирж том тэвшнээс хооллоно. Синдбад тэр хоолонд ер хүрсэнгүй. Нуга руу аваачих үед тэр үндэс малтан идэж, хэрэв олдох бол жимс олж иднэ. Удалгүй турж эцэн арайхийж хөл дээрээ тогтож байлаа. Эцэнхий туранхай, үлбэгэр сул Синдбадыг ордныхон хэрэггүйд тооцон удалгүй түүний тухай мартжээ. Харин Синдбад махчдын гараас хэрхэн гарах вэ гэж бодно. Нэг өглөө бүх хүмүүс унтаж байхад ордны хаалгаар гарч хандсан зүг рүүгээ гүйв. Удалгүй ногоон нугад ирж том чулуун дээр сууж байгаа хүнийг харжээ. Тэр бол Синдбадын нөхөд болох худалдаачдыг тууж ирсэн малчин байлаа. Синбадыг харсан малчин түүний эрүүл ухаантайг мэдэж түүн рүү гараараа занган дуудав. Синбадыг ойртон ирэх үед,

-Энэ нарийхан жимээр яваад бай. Удалгүй зам хоёр салаалахад баруун гар талын замаар орж чадвал чи манай хааны эзэмшлээс холдоно. Хэзээ нэгэн цагт эх орондоо эргэж харихыг хүсье гэв.

Синдбад малчинд талархсанаа хэлээд цааш явлаа. Аль болох хурдан явахыг хичээж удалгүй баруун гар талын замаар оров. Өвсний үндэс, үр жимс түүж идсээр Синдбад энэ замаар долоон өдөр, долоон шөнө явжээ. Найм дахь өдрийн өглөө тэр хэсэг хүмүүс дээр орж ирсэн байлаа. Хүмүүс түүнийг тойрон хүрээлж хаанаас ирсэн хэн болохыг нь асууж шалгааж гарав. Синдбад өөрт тохиолдсон явдлыг ярьж өгсөнд хүмүүс түүнийг хаан дээрээ дагуулж очлоо. Хаан Синдбадад хоол унд өгч, хаанаас хаа хүрч явааг нь сонирхон асуув. Синдбад түүнд болсон явдлыг ярьж өгсөнд хаан ихэд гайхаж,

-Амьдралдаа ч ийм сонин түүх сонссонгүй. Манай оронд тавтай морил харийн хүн минь. Миний хотод үлдэхийг зөвшөөрч байна гэв. Синдбад Тайга-Мус гэгч тэр хааны хотод үлдлээ. Хаан Синдбадыг ихэд дотночлон хаашаа ч явсан дагуулж явна. Нэгэн удаа үдийн хоолны дараа ордныхон гэртээ харьцгаахад Тайга-Мус хаан Синдбадад,

-Өө, Синдбад минь чи миний хувьд хамгийн эрхэм хүн билээ. Би чамаас хэзээ ч салмааргүй байна. Гэвч нэг зүйлийг гуйхгүй бол чадахгүй нь. Биелүүлж чадна гэж надад амлаач гэв.

-Та хүсэлтээ хэлнэ үү? Үргэлж надад сайн хандаж ирсэн болохоор би түүнийг чадлынхаа хэрээр биелүүлэх болно гэж Синдбад хэлэв.

-Тэгвэл манайд бүрмөсөн үлдээч. Би чамд эхнэр авч өгье, чи Багдадад байснаас дутуугүй амьдрах болно гэж хаан хэлэв. Хааны үгийг сонсоод Синдбад ихэд сэтгэлээр унав. Тэр хэзээ нэгэн цагт Багдад руугаа буцна гэж найдсаар байсан юм. Гэтэл тэр одоо тэр найдлагаа орхих хэрэгтэй болж байна. Синдбад яаж хаанд татгалзаж чадах билээ.

-Таныхаар болог хаантан минь, би энд үүрд үлдье гэж түүнийг хэлэхэд хаан тэр дороо л Синдбадыг ерөнхий сайдынхаа охинтой суулгахаар болов.

Тийнхүү хэдэн жил Тайга-Сум хааны дэргэд сууж Синдбад Багдадаа бага багаар мартаж байлаа. Өөрийг нь хайрлаэж хүндэлдэг олон найз нөхөдтэй болжээ. Нэг өглөө эрт Абу-Мансур гэгч нэгэн найз нь хүрч ирэв. Толгойн ороолт нь хажуудаа гарч, хувцас нь урагдаж, гашуунаар уухирдаж байв.

-Чи юу болоо вэ Абу-Мансур? гэж Синдбад асуулаа.

-Өнөө шөнө эхнэр минь үхчихлээ гэж тэр хэлэв. Синдбад тайвшруулах гэсэн боловч Абу-Мансур үсээ зулгаан, хувцсаа урж гашуудан уйлсаар байжээ.

-Өө найз минь, ингэлээ гээд ямар хэрэг байна. Цагаа болохоор чи тайтгарч дахин шинэ амьдралаар амьдрах болно гэж Синдбад хэлэв.

Гэтэл Абу-Мансур өмнөхөөсөө ч илүү уйлж,

-Ердөө цор ганцхан өдөр амьд явах үлдээд байхад шинэ амьдралын тухай чи яаж хэлж чадна вэ? Маргаашнаас цааш чи намайг олж харахгүй гэв.

-Яагаад? Чи чинь эрүүл саруул, залуу хүн шүү дээ. Чамд ямар ч өвчин тусаагүйг би харж байна гэж Синдбад хэлэв.

-Маргааш миний эхнэрийг оршуулахад намайг түүний булшинд хийнэ. Манай оронд хэрэв эмэгтэй хүн үхвэл нөхрийг нь хамт оршуулдаг, эрэгтэй хүн үхвэл эхнэрийг нь хамт оршуулдаг тийм заншил байдаг юм гэж Абу-Мансур хэлжээ.

“Ямар тэнэг заншил вэ, харийн хүн байсан минь яамай, тиймээс намайг амьдаар оршуулахгүй биз” гэж Синдбад бодов. Тэгээд Абу-Мансурийг тайтгаруулахыг хичээнэ. Тийм аймшигт үхлээс чөлөөлөх арга тал байгаа эсэхийг хаанаас асууж өгье гэж амлалаа. Харин Синдбад хаан дээр очиж өөрийнхөө хүсэлтийг хэлэх үед хаан толгойгоо сэгсрээд,

-Юу дуртайгаа хүсэж болно Синдбад, зөвхөн үүнийг л биш шүү. Би өвөг дээдсийн-хээ заншлыг эвдэж чадахгүй. Маргааш чиний найз булшинд орно гэв.

-Өө хаантан минь, хэрэв харийн хүн байсан ч эхнэр нь үхвэл хамт булшинд орох уу гэж Синдбад асуулаа.

-Тиймээ, гэвч битгий санаа зов. Чиний эхнэр залуу хүн болохоор яавч чамаас түрүүлж үхэхгүй гэж хаан хариулав.

Синдбад энэ үгийг сонсоод ихэд сэтгэлээр унажээ. Уйтгар гунигт дарагдсан тэрээр энэ мөчөөс хойш эхнэрт нь үхлийн өвчин тусах вий гэсэн ганц л зүйлийн тухай боддог болов. Хэсэг хугацааны дараа өнөө айдас нь биежжээ. Эхнэр нь хүнд өвчин тусаад хэдэн өдрийн дараа нас барлаа. Хаан болон хотын оршин суугчид заншлын дагуу Синдбадыг тайтгаруулахаар ирэв. Эхнэрт нь хамгийн үнэт эрдэнэсийг нь зүүлгэж дамнуурга дээр тавиад өндөр уулын оройд хүрч ирлээ. Энд гүнзгий нүх ухсан байжээ. Синдбадын эхнэрийн цогцсыг олсоор уян гүнзгий нүх рүү буулгав. Дараа нь Тайга-Мус хаан болон Синдбадын нөхөд түүнтэй салах ёс хийж эхэллээ. Хөөрхий Синдбад үхэх цаг ирснийг ойлголоо.

-Би харийн хүн болохоор танай заншилд захирагдахгүй. Би энэ нүхэн дотор үхмээргүй байна гэж хашгираад зугтах гэсэн боловч түүнийг барьж аваад аймшигт нүх рүү хийж орхилоо.

Түүнд нэг лонх ус, долоон бин өгөөд олсоор хүлэн нүх рүү буулгажээ. Дараа нь нүхний амыг чулуугаар таглан оршуулганд ирсэн улс хот руу буцав. Хөөрхий Синдбад үхсэн хүмүүсийн дунд харанхуйд сууж үлдлээ. Удалгүй нүд нь харанхуйд дасаж хаа нэгтэйгээс сулхан гэрэл орж ирж байгааг харав. Тэнд эрэгтэй эмэгтэй үхсэн хүмүүс дүүрэн байв. Хамгийн сайхан хувцсыг нь өмсөж үнэт эрдэнэс зүүгээд оршуулдаг ажээ. Цөхрөл гуниг Синдбадыг эзэмдэн авав.

“Амьд гарахаасаа өнгөрлөө, энэ булшны нүхнээс хэн ч гарж үзээгүй биз” гэж тэр бодов. Хэдэн цагийн дараа нарны сулхан гэрэл арилж харанхуй нөмрөв. Синдбад өлсөж байгаагаа мэдээд нэг бин идэж жаахан суугаад үхсэн хүмүүсийн дунд унтлаа. Маргааш, нөгөөдрийг ч мөн тийм маягаар өнгөрүүлжээ. Тэр эхлээд идэх юмаа нөөцөлж байснаа гуравдах өдрийн үдэш бүгдийг идэж орхиод үхлээ хүлээхээр шийдэв. Тэгээд шөнийн турш нойргүй хэвтэж төрөлх Багдад хот, найз нөхөд, хамаатан саднаа дурсав. Өглөөгүүр нам унтаж орхижээ. Ямар нэгэн амьтны савар чулуун ханыг самардаж байх шиг сулхан дуунаар тэр сэрж ирэв. Синдбад үрсэн босоод дуу гарсан зүг рүү явлаа. Хажуугаар нь нэг юм гүйн өнгөрөв. “Энэ мэдээж зэрлэг амьтан биз. Хүний үнэрээр айгаад зугтчихлаа. Гэвч яаж ийшээ орж ирсэн юм бол” гэж Синдбад бодов. Синдбад түүний араас ухасхийв. Удалгүй гэрэл үзэгдэж улам улам тодорсоор Синдбад уулын бэлд гадаа гарч ирэх нь тэр. Тэнгисийн давалгаа тэртээ доор сонсогдоно. Синдбадын сэтгэлд найдвар төрж “Энэ газарт усан онгоц ирдэггүй л юм байх даа. Хэзээ нэгэн цагт аврагдаж магадгүй гэсэн бодол тээсээр энд задгай агаарт үхэх нь юутай их жаргал вэ. Үхэгсдээр дүүрэн агуйд үхсэнээс хол дээр” гэж дотроо олзуурхан бодов. Тэгээд агуйн амсрын хажууханд хадан дээр суугаад өглөөний цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалав. Тэр дахиад төрөлх Багдад хот, найз нөхдийнхөө тухай бодож гуниглан байснаа гэнэт духаа алгадан,

-Би яагаад санасангүй вэ? Хэзээ нэгэн цагт Багдадад очвол яагаад ч гар хоосон байхгүй. Энэ агуйд үнэт баялаг дүүрэн бий. Үхэгсдийг хамгийн сайн эдийг нь өмсгөж, хамгийн үнэт зүүлтийг нь зүүлгэн оршуулдаг гэж өөртөө хэлээд агуй руу эргэж оров. Синдбад тэндээс үнэт эрдэнийн зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэргийг хангалттай авчээ. Хэдэн өдрийг өвс, жимс идэн тэнгисийн эрэг дээр өнгөрүүлэв. Эцэст нь алсад хөлгийн далбаа харагджээ. Синдбад цамцаа тайлж саваа модонд уяад дээр өргөн гүйлээ. Шураг дээр сууж байсан ажиглагч түүнийг анзаарч ахмад хөлөг онгоцоо зогсоов. Түүн рүү завь явуулахад Синдбад удалгүй хөлгийн тавцан дээр гарч ирлээ. Түүний ярьсан түүхийг хөлөг онгоцныхон амтархан сонсоод эцэст нь тэд Энэтхэгээс Базр руу явж байгааг ойлголоо. Нэгэн том бадмаараг бэлэгт авсан ахмад дуртайяа Базр хүргэж өгье гэв. Сарын дараа Базрт хүрэлцэн ирж тэндээс Багдадыг чиглэж билээ. Авчирсан үнэт эрдэнэсээ зарж аз жаргалтай, нам гүм амьдралаа эхлэв.

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-25 09:57
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Уншилт: 66
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ