1001 шөнийн үлгэр (10)СИНДБАД ДАЛАЙЧИН

Тав дахь аялал


Хэсэг хугацааны дараа Синдбад Мирхотын хамгийн ганган байшин дахь баян худалдаачны амьдралаасаа уйдаж эхэллээ. Далайн аялалд дурладаг болж салхины исгэрэх, давалгааны хуйлрах чимээг юу юунаас илүү хүсэмжилнэ. Нэгэн удаа тэр ажлаар Базр хот руу явав. Энэ баялаг хөгжилтэй хотыг хараад гэнэт алсын замд гармаар санагдсан тул тэр дороо л бэлтгэлээ базаав. Арван өдрийн дараа Синдбад дүүрэн ачаатай сайхан хөлөг онгоцон дээр суугаад далай дундуур аялж явлаа. Түүнтэй хамт хэд хэдэн худалдаачид явсан ба хамгийн туршлагатай ахмад онгоцыг жолоодож явав. Замд гарсан гурав дахь өдөр тэртээд хадан арал үзэгджээ. Ахмад тийш очихыг тушаасанд удалгүй хөлөг эрэгт ойртон очиход арлын дунд наранд гялалзсан асар том цагаан бөмбөгөр орой бахыг олж харав. Энэ үед Синдбад хөлгийн тавцан дээр унтаж байсан юм.

-Хөөе ахмад аа, хөлөг онгоцоо зогсоогооч гэж Синдбадын нөхөд хашгирав.

Ахмад зангуу буулгахыг тушааж бүх худалдаачид хийгээд усан цэргүүд эрэг дээр гарлаа. Энэ үед Синдбад сэрж ирээд яагаад онгоц зогссоныг олж мэдэхээр өндийв. Гэнэт тэр бүх худалдаачид хийгээд усан цэргүүд асар том цагаан бөмбөлгийн дэргэд зогсоод түүнийг хагалах гэж хичээж байгааг харлаа.

-Битгий тэгж үзээрэй! Бүгд үхэх болно гэж хашгирсаар Синдбад тэдэн рүү гүйв.

Энэ ямар учиртай зүйл болохыг тэр сайн мэднэ. Анхны аяллын үеэр тааралдаж байсан Рухх шувууны өндөгнөөс өөр юу ч биш. Хэрэв Рухх шувуу нисэж ирээд өндгийг нь хэн хагалсныг нь мэдвэл цөм үхэхээс өөр аргагүй болно. Гэвч Синдбадын нөхөд түүний үгийг тоосонгүй, цагаан бөмбөлгийг үргэлжлүүлэн нүдсээр байлаа. Эцэст нь их дуу гарган хагарч ус гарч ирэв. Дараа нь урт хошуу, дараа нь толгой савар үзэгдэж ангаахай гарч ирлээ. Өндгийг хагалсан хагалаагүй тун удахгүй хагарах л байжээ. Усан цэргүүд ангаахайг барьж аваад түүдэг өрдөн шарж идэв. Гагцхүү Синдбад л түүнд ойртсонгүй. Тэр харин нөхдөө тойрон гүйж,

-Хурдан идэж дуусгаарай, одоохон Рухх шувуу ирж та бүхнийг алж орхино гэж байв. Гэтэл агаарт исгэрэх дуу хадлаа. Худалдаачид дээш хараад хөлөг онгоц руугаа гүйлдэв. Тэдний дээр Рухх шувуу эргэлдэж байв. Сарвуунаас нь хоёрын хоёр том могой зүүгджээ. Өндөг нь хагарсныг хараад Рухх шувуу чанга хашгирсанд хүмүүс айсандаа газар унаад толгойгоо элс рүү шургуулжээ. Шувуу авч явсан олзоо газар хаяад агаарт эргэлдэж байснаа нүднээс далд оров. Худалдаачид болоод усан цэргүүд хөлөг онгоцон дээрээ гүйлдэж ирлээ. Далбаагаа бэлдэн аймшигт Рухх шувуунаас аврагдахын тулд аль болох хурдан явахыг хичээцгээв. Аймшигт шувуу үзэгдсэнгүй, хүмүүс тайвширч эхлээд байтал дахин жигүүрийн сүрт чимээ гарав. Рухх шувуу ганцаар эргэж ирсэнгүй. Хоёр дахь нь эрэгчин Рухх байжээ. Хоёр шувуу сарвуундаа бүхэл бүтэн хадан цохио атгасан байв. Синдбадын нөхөд юу хийхээ мэдэхгүй хөлгийн тавцан дээгүүр гүйлдэнэ. Зарим нь тавцан дээр түрүүлгээ харан унаж, зарим нь далбааны ард нуугдаж, харин ахмад хоёр гараа тэнгэр өөд хандуулаад байран дээрээ хөшсөн байв. Гэнэт аймшигт чимээ хадаж тэнгисийн ус цалгив. Нэг шувуу авч явсан хадан цохиогоо шидсэнд тийнхүү цалгижээ. Үүнийг хараад хоёр дахь Рухх сарвуугаа суллалаа. Чулуу яг хөлгийн хошуун дээр унасан юм. Хөлөг онгоц өндийж ирснээ алгуурхан живж эхлэв. Бүх худалдаачид, усан цэргүүд давалгаан дунд шидэгдлээ. Синдбад ч бас давалгаан дотор сэлж явснаа гарт таарсан нэг хавтгай модон дээр гарав. Удалгүй давалгаа намжиж Синдбад бүтэн хоёр өдөр, хоёр шөнийн турш тэнгисийн дээгүүр хөвжээ.

Харин гурав дахь өдөр нь үзэж хараагүй шинэ газар ирэв. Синдбад эрэг дээр гарч хараад тэнгисийн дуудах арал дээр биш Багдадад гэртээ, өөрийн гайхамшигт цэцэрлэгт зогсож байх шиг санагдав. Цэцэг алагласан ногоон зүлгэн дээр тэр зогсож моддын мөчир үр жимсээ дааж ядан бөхийжээ. Бяхцан алаг шувууд агаарт эргэлдэн жиргэнэ. Холгүйхэн мөнгөн хонхны жиргээ мэт горхины хоржигноон хадна. Синдбад хэтэрхий их ядарсан тул хөл дээрээ арайхийн тогтож байв. Горхины уснаас ууж модон дор хэвтээд нэгэн том алим идэх гэж авсан боловч хазаж ч амжилгүй гартаа барьсан чигтээ гүн нойронд дарагдав. Дахиад л нар дээр мандсаны хойно сэрж ирлээ. Бүтэн өдөр, бүтэн шөнийн турш унтсан байв. Одоо л тэр өлсөж байгаагаа мэдрэн жимсний араас орлоо. Багагүй хүч цуглуулж аваад эрэг рүү ирэв. Энэ гайхалтай газрыг сайтар харж авахдаа хаана ирснийг нь хэлж өгөх хүн тааралдах байх гэж найджээ. Синдбад эргийн дагуу удаан явсан боловч нэг ч хүнтэй тааралдсангүй. Эцэст нь тэр жаахан амрахаар шийдэж холгүй байгаа сүүдэрт ойг чиглэв. Гэнэт тэр модон дор урт саарал сахалтай навчин цамц өмссөн бяцхан хүн горхины эрэг дээрх модон дор сууж байгааг харлаа. Тэр бяцхан өвгөн усанд хөлөө дүрэн сууж Синдбад руу гомдолтой харж байв.

-Сайн байна уу өвөө минь, та хэн бэ? Энэ арал ямар учиртай юм бэ? Яагаад энд цор ганцаараа сууж байна вэ хэмээн Синдбад түүнээс асуув. Өвгөн юу ч хэлсэнгүй, харин түүнд “Намайг горхи гаталгаад өгөөч” гэж дохио зангаагаар ойлгуулжээ. Синдбад дотроо “Өвгөнийг горхи гаргаж өглөө гэхэд муу юм болохгүй. Хүнд тус болоход юуны буруу байв гэж. Өвгөн надад хаана байгааг минь хэлж өгөөд Багдад руу очиход минь тусалж чадах хүмүүстэй арлыг зааж өгөх ч юм бил үү” гэж бодлоо. Тэгээд өвгөнийг өрөөсөн мөрөн дээрээ суулгаж горхи гатлав. Нөгөө эрэг дээр очиж Синдбад газар сөхөрч өвгөнд хандан,

-Одоо та бууна уу бид ирчихлээ гэв. Гэтэл өвгөн түүний хүзүүг хөлөөрөө зуурч аваад улам чангалав.

-Хорон санаат өвгөн минь, наанаа тэгж удаан суух уу гэж хашгираад Синдбад өвгөнийг газар шидэх гэсэн боловч чадсангүй. Өвгөн гэнэт чанга дуугаар инээж, Синдбадын хүзүүг улам чанга боомилсонд золтой л бүтээд үхчихсэнгүй.

-Намайг гай дайрлаа, махчнаас зугтаж, могойноос салж, Рухх шувууны савартай дайгдан үхлээс амь мултарч байсан ч энэ хорон санаат өвгөнд хүзүүгээ тавьж өгчихөөд байна. Тэгэхдээ гайгүй дээ чамайг усанд живүүлж орхиё. Орой болтол хүлээж байгаад унтахаар чинь усанд живүүлнэ дээ гэж өөртөө хэлэв.

Гэвч үдэш болсон хойно ч өвгөн Синдбадын мөрөн дээрээс буусангүй. Тэр унтахдаа ч хөлөө чанга хавчсан хэвээр байх ажээ. Синдбад түүнээс сулрах санаатай жаахан хөдөлтөл өвгөн сэрж ирээд Синдбадын эгэм рүү өсгийгөөрөө яая гэтэл цохив. Хөл нь нарийхан боловч ясан үдээр мэт ажээ. Тийнхүү хөөрхий Синдбад бурантагтай тэмээ болж хувирав. Өдрийн турш өвгөний заавраар нэг модноос нөгөө мод руу, нэг горхиноос нөгөө горхи руу гүйх хэрэгтэй болж байв. Хэрэв аяархан явбал өвгөн өсгийгөөрөө хоёр эгэм рүү нь яая гэтэл цохино. Тийнхүү удаан хугацаанд өвгөний унаа болжээ. Сар илүүтэй тэгж явав. Нэг өдөр онцгой халуун нар гарсанд өвгөн Синдбадын мөрөн дээр нам унтаж харин Синдбад модон дор жаахан амрахаар шийдэв. Тэр сүүдэрт газар хайж явсаар ойн цоорхойд гарч ирвэл тэнд хэдэн том хулуу ургасан байжээ. Тэдний зарим нь хатчихсан байв.

Синдбад хулууг хараад тун их баярлаж “Надад яг таарах юм байна. Энэ хорон санаат өвгөнөөс салахад тус болох нь магад” гэж бодлоо. Тэр дороо л хэдэн хулуу тайран авч доторхийг нь ухаж хаяв. Түүн дотор хамгийн том усан үзмүүдээр дүүргэж тавиад навчаар хаажээ. Гурван өдрийн дараа эргэж ирэв. Дөрөв дэх өдөр нь Синдбад дахин хулуутай дарсан дээрээ ирлээ. Энэ үед өвгөн мөн л мөрөн дээр нь унтаж явсан боловч усан үзэмний шүүс дарс болон иссэнд хурц үнэр хамарт нь сэнгэнэн сэрж ирлээ. Энэ л чухам Синдбадад хэрэгтэй байсан юм. Синдбад амтат дарснаас уугаад дороо үсрэн дэвхцэж эхлэв. Синдбад ямар нэгэн амттай юм уусныг мэдсэн өвгөн надад өг хэмээн дохиогоор хэлжээ. Синдбад хулуутай зүйлээ дөхүүлэхэд өвгөн нэг амьсгаагаар ууж орхив. Өмнө нь тэр хэзээ ч дарс ууж үзээгүй болохоор тун их таалагджээ. Өвгөн удалгүй дуулж, инээж, алгаа ташин Синдбадын хацар дундуур алгадав. Эцэст нь өвгөний дуу сулран суларсаар толгойгоо ганзагалан унтаж орхив. Хоёр хөл нь мэдээгүй унжиж байсанд Синдбад түүнийг мөрөн дээрээсээ буулгаж хаялаа. Бүтэн сар гаруйн турш тээж явсан ачаанаасаа салахад ямар урамтай байсан гэх вэ. Синдбад өвгөнийг орхиод бүтэн өдрийн турш арал дээгүүр тэнүүчлэв. Цаашид ч олон өдөр арал дээр үлдэж хөлөг онгоцны бараа харуулдана. Эцэст нь тэр аралд ойртож яваа нэгэн том хөлөг онгоцыг олж харлаа. Баярласандаа хашгиран дуудаж эргийн дагуу гүйж байснаа улам ойртон ирэхэд нь Синдбад ус руу үсрэв. Ахмад түүнийг анзаараад хөлгөө зогсоолоо. Синдбад яг л зэрлэг муур шиг хөлгийн хошуун дээр гарч хэтэрхий их баярласандаа нэг ч үг хэлж чадалгүй ахмадыг бас усан цэргүүдийг ээлжлэн тэвэрч уйлж байлаа. Усан цэргүүд хоорондоо чанга дуугаар ярилцах авч Синдбад яриаг нь ойлгосонгүй. Тэдний дунд арабаар ярьдаг нэг ч хүн алга. Гэсэн ч Синдбад сайтар дайлуулж шинэ хувцас өмсөөд өөрийн гэсэн өрөөнд оржээ. Олон өдөр тэдэнтэй хамт явсаар үл таних нэгэн хотод ирлээ. Тэр болмаш өргөн гудамж, өндөр цагаан байшинтай хот байсан юм. Тал талаас нь өтгөн ойгоор бүрхэгдсэн цавчим уулс хүрээлжээ. Синдбад эрэг дээр гарч хот руу оров. Хотын гудамж талбайд дүүрэн хүмүүс байх ажээ. Тэд хар арьстай, улаан уруултай, цагаан шүдтэй юмсанж. Том талбай дээр хотын төв зах ажиллана. Олон лангуу байх ба янз бүрийн орноос энэтхэг, перс, франк, турк, хятадаас ирсэн худалдаачид бараагаа дэлгэжээ. Синдбад захын дунд зогсоод ийш тийш харж байв. Гэтэл түүний хажуугаар том цагаан ороолтоор толгойгоо ороосон нэгэн хүн өнгөрч зэс эдлэлийн лангууны дэргэд зогсов. Синдбад түүнийг анхааралтай ажиглан “Энэ хүн улаан гудамжинд суудаг миний найз Хажи-Мухамедтай яасан адилхан юм бэ. Түүн рүү очиж хэн болохыг нь асууя” гэж өөртөө хэллээ. Тэр хүн урт нарийхан хоолойтой домбо гаргаж ирээд тэндээс хоёр алтан зоос гаргаж зэсний худалдаачинд өгөөд буцаж явав. Синдбадын дэргэд ирэх үед тар мэхийн хүндэтгэл үзүүлж,

-Эрхэмсэг худалдаачин минь сайн байна уу? Та хаанаас ирснээ надад хэлж өгөөч, золоор Багдадийнх биш биз гэлээ.

-Нутгийн хүн чамд энэ өдрийн мэнд хүргэе. Чамайг Багдадийн хүн байна гэдгийг хараад л таньсан. Энэ хотод ирээд арван жил болохдоо ганц ч удаа арабаар ярихыг сонссонгүй. Манайд очиж Багдадийн тухай, түүний цэцэрлэг талбайн тухай ярьж өгөөч гэв. Худалдаачин Синдбадыг чанга тэврэн цээжиндээ наав. Тэгээд гэртээ дагуулан ирж эхнэрээрээ сайхан хоол бэлдүүлээд үдэш хүртэл Багдадийн тухай ярилцжээ. Синдбадад ч бас төрсөн нутгийнхаа тухай ярилцах сайхан байсан тул энэ хүнээс хэн болохыг нь мөн энэ хот ямар нэртэйг ч асууж амжсангүй. Харин харанхуй болох үед өнөөх хүн Синдбадад хэлэв.

-Өө найз минь, би чиний амийг аварч бас баян болгомоор байна. Миний юу хэлэхийг анхааралтай сонс. Тэгээд хэлсэн болгоныг минь хийгээрэй. Энэ хотыг Харуудын Хот гэдэг юм. Эндхийн хүмүүс зөвхөн өдрөөр энд ирдэг. Үдэш болоход цөм завинд суугаад тэнгист гарцгаана. Учир нь шөнө болмогц ойгоос сармагчингууд хүрч ирээд хүмүүсийг алж талдаг юм. Өглөө сармагчингууд буцан явах тул хүмүүс эргэж ирнэ. Тиймээс одоо харанхуй болохоос өмнө хурдан эндээс явцгаая. Эс тэгвэл сармагчингууд ирээд чамайг алж орхино гэв.

-Баярлалаа нутгийн анд минь, харин надад нэрээ хэлж өгөөч? Би өгөөмөр буянтныхаа хэн болохыг мэдмээр байна гэж Синдбад дуу алдав.

-Намайг хавтгай хамарт Мансур гэдэг. Хурдан явцгаая, эс тэгвэл бид сармагчингийн саварт өртөх болно гэж өнөөх Багдад хүн хэлэв. Мансур, Синдбад хоёр тэнгисийн эрэг рүү явлаа. Гадаа эрэгтэй эмэгтэй хүмүүс дүүрэн байх ажээ. Тэд яарсаар боомт руу ирцгээв. Мансур завиа тайлж аван түүн дээр гарч Синдбадыг хажуудаа суулгаад эргээс жаахан холдов.

-Одоо хотод сармагчингууд орж ирнэ, харж бай!Гэнэт Харуудын Хотыг тойрон байсан уулсыг хөдөлгөөнт гал бүрхэх шиг санагдав. Галууд дээрээс доош бууж ирэхдээ улам улам томорсоор эцэст нь хотод орж ирэхэд урд савартаа бамбар барьсан сармагчингууд болох нь ялгарч харагдав. Сармагчингууд зах дээр бөөгнөрч лангууны ард суугаад наймаа хийж эхэллээ. Нэг хэсэг нь худалдаж, нөгөө хэсэг нь худалдан авч байх юм. Дэн буудлын газар сармагчин тогооч хонины мах шарж, будаа агшаан, талх жигнэнэ. Худалдан авагч болох сармагчингууд хувцас өмсөж үзэн аяга таваг, сав суулга авахдаа хоорондоо хэрэлдэж зодолдоно. Тийнхүү өглөө болтол бужигнав. Тэнгэрт үүрийн туяа тусахад сармагчингууд хотыг орхин гарч, харин оршин суугчид гэр рүүгээ эргэцгээв. Хавтгай хамарт Мансур Синдбадыг гэртээ дагуулж ирэхдээ,

-Би энэ хотод олон жил амьдарч нутгаа их санаж байна. Чамтай хамт Багдаддаа эргэж очихсон. Гэвч тэгэхийн тулд мөнгө хураах хэрэгтэй. Тэгэхээр одоо миний юу хэлэхийг сонс. Энэ хотын эргэн тойронд байгаа уулсын ойд наргил модны самар их байдаг. Эндхийн хүмүүс түүнд ухаангүй дуртай бөгөөд түүний төлөө хэчнээн ч үнэт эрдэнэ өгөхөөс татгалзахгүй. Дал модод хэтэрхий өндөр тул нэг ч хүн тийшээ гарч самрыг авч чаддаггүй юм. Харин би чамд зааж өгье. Маргааш ой руу очиж тэндээс асар баян болчхоод эргэж ирнэ гэв. Маргааш өглөө нь сармагчингууд хотоос явмагц Мансур хоёр том шуудай авч Синдбадыг дагуулан явахдаа,

-Миний араас дагаж, миний юу хийсэн болгоныг давтаарай. Тэгвэл чи маш баян хүн болно шүү гэв.

Синдбад Мансурын араас даган ой руу оржээ. Тэд элбэг хоёр цаг явсны эцэст нэгэн том дал модны төглийн дэргэд ирэв. Тэнд үй олон сармагчингууд байх юм гэнэ. Хүмүүсийн бараанаар тэд модны оройд үсэрч, шүдээ хавиран чанга чанга хашгиралдаж байв. Синдбад айж зугтан одох гэтэл Мансур түүнийг зогсоогоод,

-Чи шуудайгаа нээгээд дотор нь юу байгааг хар гэв. Синдбад шуудайгаа нээж үзвэл өчнөөн олон дугуй гөлгөр чулуунууд байжээ. Мансур ч бас шуудайгаа нээж тэндээс чулуу аваад сармагчингууд руу шидэж эхэллээ. Сармагчингууд улам чанга чанга хашгиралдан чулуунаас бултахын тулд ийш тийш үсэрцгээв. Гэвч хаашаа ч гүйсэн Мансурын чулуу тэднийг гаажтай онож байлаа. Гэтэл сармагчингууд дал модон дээрээс самрыг нь авч түүгээрээ Синдбад, Мансур хоёрыг шидэж эхлэв.

Мансур, Синдбад хоёр модны наагуур цаагуур гүйлдэцгээв. Сармагчингууд тэднийг самраар нүүлгэсээр ганц хоёр нь л байгаа онож байв. Эцэст нь доош буусан самар өдий төдий болоход Синдбад, Мансур хоёр шуудайгаа дүүргэж аваад хотын зүг эргэлээ. Самраа зах дээр гаргаж зараад асар их алт, үнэт эрдэнэс олжээ. Маргааш нь мөн л ой руу очиж тийм аягаар самар түүв. Тийнхүү арван өдрийн турш хоёул самрын наймаа эрхэлжээ. Эцэст нь Мансурын агуулах алтаар дүүрч тэд хөлөг онгоц хөлслөн Багдад руу явахаар шийдэв. Тэд далайн боомт руу очиж хамгийн сайн хөлөг онгоцыг шилж аваад алт үнэт эрдэнэсээ аван замд гарлаа. Энэ удаа замын салхи тааламжтай үлээж ямар ч аюул учруулсангүй. Тэд Баср хотод хүрэлцэн ирж тэмээн жин хөлслөөд үнэт эрдэнэсээ ачсаар Багдадийг зорилоо. Синдбадын эхнэр болон төрөл төрөгсөд баяр хөөр болон угтжээ. Синдбад ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө алт үнэт эрдэнэсээ харамгүй бэлэглэж орон гэртээ тайван суув. Дахиад л урьдын адил худалдаачин нөхөд нь түүн дээр ирж сонин хачныг сонсон шөнө дөл болтол найрладаг байлаа.

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-25 09:57
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Уншилт: 73
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ