Тайгын_зул_цэцэг

Зохиолч: Санжаажавын Оюун

"Утгын чимэг-2017" наадмын тусгай шагнал хүртсэн

Тайгын_зул_цэцэг

/Өгүүлэг/

Өвгөн оточ бурхантай гүнгэрвааныхаа өмнө нам суужээ. Жижиг хүрэн авдар дээрхи зулын гэрэл гүнгэрвааг гэрэлтүүлнэ. Намрын сүүл сарын жихүүвтэр энэ өдөр тайгын царамд гарч эмийн ургамал түүхээр явах гэж буй тул лус савдаг, ерэн есөн тэнгэр бурханд мөргөж, цэцгийн амь гуйж буй нь тэр. Түүний олбогийн хажууд баахан гялгар ууттай бэлэг сэлт хааш яайшхан овоолжээ. Шавилна гээд удаагүй нэгэн юу болсныг бүү мэд учир тоймгүй бэлэг сэлт өгч, та намайг тайгын цэцгэнд явахдаа аваад яваач гэж эх захгүй шалгаасанд өвгөн оточ эвгүйрхээд буй.

Багш мөргөж, залбирлаа дуусгаад эргэхэд залуу домботой цайнаас аягалан өглөө.

-Суусаар л байна уу... Яасан зовлонтой хүний үр гэж ийм цадиггүй байдаг байна аа. Одоо цаг ч дээ хэмээх багшийн үг их л цөхөрсөн янзтай байв.

-За яахав, чи надтай цуг яв. Гэхдээ нэг газар чамайг хоцрооно. Түүнээс цааш миний хойноос явахгүй гэж мэд. Цаадах нь тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав гэж уралдан хэлэв. Багш дахин юм хэлэлгүй ургамал түүхэд хэрэгтэй бүхнийг бэлдээд гэрийн хаяанаас таягархуу мод аваад гарлаа.

-Миний машинаар дөхөөд бууя гэвэл өвгөн би тэгж явж сураагүй юмаа гээд шуудхан алхав. Алхаж явна чинээ санаагүй залуу машинаас хувцсаа хам хум аваад араас нь гүйв. Багш амандаа юм уншин хажууд нь хүн яваа чинээ тоож байгаа янз алга. Нэлээд явсны дараа оточ, өглөөний уншлага дууслаа. Залуу минь чи ямар алба хашиж явсан гээд байлаа, мартчихаж?

-Наймаа маймаахан даа. Олигтой болоогүй. Тань шиг эм барьдаг болчихвол ч харин аятайхан бизнес санагдаад байгаа юм. Та эм барихыг бизнес гэж ер ойлгохгүй л байх шиг байна. Таны үе өнгөрсөөн.

-Эм барьдаг хүний гар цагаан байх учиртай. Чи нэг л буруу газар яваад байна уу даа.

-Би таньд шавь ороод бүгдийг сурна. Надад авьяас бий. Ер нь энэ намраас таны хажууд л байж, заалгая гэж чин сэтгэлээсээ хүсээд байна. Эхлээд эмийн цэцэг таньчихая. Таньд шууд хоёр саяыг өгнө гэж чөлөө завгүй урсгав. Өвгөн эзгүй хээр хоёулахнаа явж байхад амалж байгаа мөнгө үү!!! гэж бодсон ч,

-Чи ч гар татдаггүй бололтой гэвэл залуу ихэд урамшин,

-Таныг яг энэ үеэр маш ховор эмийн цэцгэнд явдаг гэж сонссон л доо. Зул цэцэг гэл үү?

-Чи ер нь хэдэн зул цэцэг байдгийг мэдэх үү?

-Тийм олон байдаг юм уу?

-Эхлээд тэр тухай мэдчихээд явах байсан юм даа. Жаран жил би энэ эрдэмд сураад дуусаагүй л байна. Шавийн ёс жудаг гэж мэдэх үү. Ёс мэдэхгүйгээр шавь гэж байхгүй. Чи өөрөө л намайг багш гээд байгаагаас бус би чамайг шавь гэж хэлээгүй байх аа. Надад хадаг барьж шавилсан шавь нар гэхэд одоо болтол намайг дагаж яваагүй л байна. Хэзээ би хэлнэ. Тэд явна. Ийм байдаг ёстой. Тэгэхээр одоо чи энд үлдэнэ. Би цааш явна гэх үед тэд нэг их модтой уулын энгэрт ирсэн байлаа. Эзгүй ойд ганцаар үлдэхээс эмээсэн залуу

-Энд үү?, би айж байна

-Айхаа давж сур. Чи яагаад намайг ганцаараа явдаг гэж бодож байна? Эмийн цэцэг эмзэгхэн. Хүний мөр, тоос хүргэж болдоггүй юм. Надад тоогдож шавь болбол чинь би нэг өдөр чамайг царамд авч явна аа. Арван жил, үгүйдээ таван жил миний дэргэд зарагдаад тэгээд л сурна даа гэчихээд, хаяад алга болов. Тэр хоёр ихээ хол газар хороосон атал ийм хэдхэн үг солилцжээ.

Өвгөн алхсаар байлаа. Ногооноороо байгаа хэсэг бутан дундуур зориуд гарав. Тэр бутнууд хүн хүрэхээр л өмхий үнэр ханх тавьдаг, мөр буруулах хүн тэр бутан дундуур заавал өнгөрдөг ажээ.

Битүү модтой тайгын дунд модны цоорхойгоор туссан гэрэлд эмийн ургамал харагдавч өвгөн гар хүрэлгүй баруун тийш тэгснээ зүүн тийш мөр буруулан алхаж, навч тасдан амандаа хийж явлаа. Тэгж явахдаа хэдэн шавь нараа бүртгэн бодов. Ингэж их санааширсан нь ер үгүй. Салахгүй дагах энэ нөхрөөс болоод ийн бодоход хүрчээ.

За байз надад энэ ургамлыг нүдлүүлчих үнэнч шавь хэд билээ? Уул хаданд алхаад байх нас биш болж байдаг. Гэтэл би үнэнч шавийн талаар өнөөдөр л бодох гэж. Сүүлийн үед хадаг барьж ирэх хүн олширлоо. Энэ ч сайны ёр биш ээ. Нэг шавь байж болох юм. Тэр эрдмээ зааж өгөөч гэж нэг удаа ам ангайгаагүй ч тан найруулахаас эхлээд их юм сурсан. Өөрөө үхлийн ирмэг дээрээс сэхсэн хүн. Хүний өвчин шаналлыг ойлгоно. Тэрэнтэй л орой үдэш суухаас. Арван жилийн нас ч надад байна аа. Өлхөн сургачихна хэмээн бодоод сэтгэл нь амраад ирэв.

Түүний багш маарамба их эрдэмтэй нэгэн байсан бөгөөд шавийг олох амархан, үнэнчийг олох амаргүй гэдэг үгийг байнга л чихэнд нь уяж, хэвтэрт орохынхоо өмнөхөн л энэ цэцэгт хүрэх замыг заажээ. Чи ч нэг л үнэнч шавьд энэ цэцгээ нүдлүүлдэг юм шүү хэмээн ам тангаргийг нь авч билээ. Гэтэл одоо энэ цэцгийг нүдлэх гэж үхэн хатан тэмцэх болов. Ай хөөрхий, хүний явдлаа гэж... Сууж буй чулууных нь хажууд баавгайн хэдэн хоргол харагдав. Түүж хийгээд нэгийг дундуур нь хугалбал ургамал ханхийгээд л явчихлаа. Одоо буцахад ч таарна гэж өөртөө хэлээд өвгөн эргэж алхлаа.

Оточийг нөгөө бутны дэргэд ирэхэд бодсон ёсоор нь залуу тавгүйрхсэн байдалтай, хаачихаа мэдэхгүй сууж байв. Гэнэт гарч ирсэн оточийг хармагц царай нь хувхай цайлаа. Мөшгөж явсныг нь ингээд мэдчихнэ гэж бодоогүй байжээ. Багшийн нүд хилэнтэйеэ харагдсан ч дуу нь ер бусын эелдгээр,

-Тоогүй. Чиний үнэнчийг би шалгасан юм. Эм барих эрдмийн хүн биш байна. Бэлэг сэлт, мөнгөө аваад буцаарай. Өөрт минь зохилтой бол би гуйгаад л авчихдаг, харин зохилгүй бол орон гэртээ байлгадаггүй юм. Энээхэн дор нэг айлд одоо очно. Намайг урьсан юм.

-Та цэцгээ түүгээ юу?

-Арай болоогүй байна. Баавгайн хэдэн хоргол л түүлээ. Эмийн найрлагад ордог юм. Үнэрт гээд нэг хоргол савны ёроолоос гарган хугалж өгөв.

-За мөр мөрөө хөөе. Хүү минь зөв сэтгэлтэй яваарай. Түүний дараа санасан бүхэн чинь бүтнэ гээд өвгөн оточ, модоо тулсаар явчихав.

Өө, үхсэн, зул цэцгэнд явна л гээд байсан, намайг л шалгах гэж тараасан үг байж. Энэ хөгшинд ингэж чадуулах гэж. Мөнгө худлаа амалж, элдэв дээдийн муу юм хийж явсныг минь мэдчихсэн юм шиг яадаг өгөр вэ. Түй.

Агсагдаж, ядарсан залуу мэддэг муу үг бүхнээ амандаа үглэсээр буцаж явахад тайгын зул цэцгийн эмийн чанар нэгэнт боловсорч гүйцэж байлаа.

2017.11.22

Нийтлэгч: shine
Нийтлэсэн цаг: 2018-06-26 16:47
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ