ДАШТ-2018: Найман настай Педрогийн өнгийн харандаан бүтээл

Д.ЭНХЭЭ

Сан-Паулу хотын найман настай хүү Педро Энрике Блако хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж гаргасан наалт наадаг альбомтой болохыг маш их хүсдэг гэнэ. Тэднийх тарчигдуухан амьдралтай ч ээж нь хүүгийнхээ хүслийг биелүүлжээ. Гэхдээ ээжид нь наалтуудыг худалдаж авах мөнгө хараахан хүрээгүй аж.
Ангийнхаа хөвгүүдийн дунд “цагаан хэрээ” болж үлдэхгүйн тулд Педро хүү хуудас цаас, өнгийн харандаагаар “зэвсэглэж”, ДАШТ-нд оролцохоор Орос улсыг зорьсон бүх хөлбөмбөгчнийг зурахаар шийджээ. Одоо тэрээр Лионель Месси, Криштиану Роналду, бас мэдээж Бразилийн шигшээ багийн гол од Неймар гээд зуу гаруй хөлбөмбөгчний хөрөг зургийн цуглуулгатай болсон байна.
Балчирхан зураачийн аав түүнийг хоёр настайд нь өөд болжээ. Ээж нь супермаркетад кассчнаар ажилладаг, тэднийх чинээлэг бус амьдардаг байна. “Альбомгүй болохоор нь Педрог шоолж инээлдэх байх гэж бодсон. Бусад хүүхдийнх ердийн наадаг альбом бол Педрогийнх өөрийн гараар зурсан зурагтай альбом. Хүү маань зураач болохыг байнга хүсдэг ч нийгэм иймэрхүү зүйлийг үнэлдэггүй юм.”
“Би аваргын цомыг ч бас зурсан, хамгийн хэцүү нь хөлбөмбөгчдийг зурах” хэмээн зураач хүү өгүүлсэн талаар РИА-Новости мэдээлжээ.
Үүнээс гадна Педрогийн цуглуулгад энэхүү тэмцээний бэлгэдэл болох Забиваки болон хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэнгийн зураг бас байдаг ажээ. Сурагчид өөрсдөө хамтарч наалтаар дүүргэдэг “аваргын” том альбомтой учир Педро сургууль дээрээ бүтээлээ туурвидаг. Энэ альбомоос Педро хуулбарлаж зурдаг юм байна.
ДАШТ-нд нийтдээ 736 хөлбөмбөгч оролцож байгаа. Педро бүгдийг нь зурахаа амлажээ.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-07-04 08:43
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ